Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01261

 

Х банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Хбанкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О, Б.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 33 953 446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.О, хамтран зээлдэгч Б.Д нар нь Х Банкны Орхон салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/161 тоот зээлийн гэрээ, БГ/161 тоот барьцааны гэрээ байгуулан 21 999 800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр 10 айлын нийтийн орон сууц барих зориулалтаар хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Б.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 46.75 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн Hyundai sonata 6 маркын 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн daewoo matiz маркын 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан.

...Зээлдэгч Д.О, Б.Д нар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 813 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Д.О, хамтран зээлдэгч Б.Д нар нь Х банкны Орхон салбараас 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээ, БГ14/683 тоот барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д.О/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж, 24 тоот 247,4 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Д.О, Б.Д нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг өрхийн зээл 860 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд банк шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд зээлдэгч Д.О, Б.Д нартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах. 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 545 786 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8 608 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 975 828 төгрөг нийт хөрөнгө оруулалтын зээл, хүүгийн төлбөр 25 129 993 төгрөг гаргуулах, 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 748 549 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 488 111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 586 793 төгрөг нийт өрхийн зээлийн зээл, хүүгийн төлбөр 8 823 453 төгрөг гаргуулах, нийт 2 зээлийн зээл, хүүгийн төлбөр 33 953 446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 327 720 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжийн хөлс 22 500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 24-нд дуусна. Нийт авсан 21 999 800 төгрөгөөс нийтдээ 18 751 185 төгрөг төлсөн байгаа. Энэ төлсөн мөнгөний 12 273 75 төгрөгийг зээлийн хүүнд аваад 6 454 014 төгрөгийг үндсэн зээлд авсан байна. Энэ нь бидэнд маш их хохиролтой байсан. Банк өөрөө дансанд байгаа мөнгийг аваад ингэж хүүнд авчихдаг байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл энд ямарч байсан нийт төлвөл зохих 39 895 467 төгрөгөөс өмнө төлсөн 18 751 185 төгрөг дээр нэмээд 5 000 000 төгрөг төлнө. Үндсэн мөнгийг нь гэрээний хугацааг сунгаж төлөх саналтай байна. Барьцаа хөрөнгөө хурааж авахыг зөвшөөрөхгүй. Мөн өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл нь 8 823 453 төгрөг байх ёсгүй. Банк зээлийн гэрээний хугацаа дуусахад биднээс итгэмжлэл аваад барьцаа хөрөнгийг зарна гээд гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 8 823 453 төгрөг нэхсэн байна, үүнийг зөвшөөрөхгүй. Ийм их мөнгө үлдсэн байх ёсгүй. Дахин тооцоо хийж үлдэгдэл мөнгийг төлнө. Нийтдээ зээлийн гэрээний хугацаанд 15 777 685 төгрөг төлөх ёстойгоос 10 481 679 төгрөг төлсөн. Одоо 5 296 006 төгрөг төлөх ёстой. Биднээс барьцаа хөрөнгө зарах итгэмжлэл өгөх үед ийм үлдэгдэлтэй байсан. Тэгээд банк одоо төлөлт хийх шаардлагагүй. Бид барьцаа хөрөнгийг чинь 14 000 000 төгрөгөөр зараад энэ зээлийг чинь хаагаад үлдэгдлийг нь хөрөнгө оруулалтын зээл рүү хийе гэж хэлсэн.

Ийм учраас түүнээс хойш ямар нэг мөнгө нэмэгдэх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хбанкны Д.О, Б.Днартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О, Б.Д нараас тус бүр 16 987 973 төгрөг гаргуулан Х банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот 46.75 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот 247,4 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 163 860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Орхон салбар Төв тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.О, Б.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч хугацаанаас өмнө зээл болон барьцааны гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасан байхад шүүх хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлж байгаа нь Иргэний хуулийн 225, 226, 227 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал тус банкны захирал нь барьцааны хөрөнгийг худалдах эрхийг итгэмжлэлээр өөртөө авчихаад бидэнд худалдах эрх өгөлгүй хүлээлгэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасныг зөрчсөн байгааг шүүх анхаараагүй байна.

...Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргааны зарим үйл баримт тодорхой бус, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар талууд мэтгэлцээгүй, шүүх хийвэл зохих эрх зүйн асуудлыг дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай бус   байхад хэргийг хянан шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хбанкны Орхон салбарын Төв тооцооны төв нь хариуцагч Д.О, Б.Д нарт холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21 999 800 төгрөгийн, жилийн 26.4.%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 15 545 786 төгрөг, хүүгийн төлбөрт 8 608 379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 975 828 төгрөг, нийт 25 129 993 төгрөг гаргуулах, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 000 000 төгрөгийн, жилийн 27.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 4 748 549 төгрөг, хүүгийн төлбөрт 3 488 111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 586 793 төгрөг, нийт 8 823 453 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  Нэхэмжлэлийн нийт үнэ 33 953 446 төгрөг байна.

Хариуцагч нар банкнаас зээл авсан болохоо зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч талын тооцооллыг эс зөвшөөрч, зээлийн төлбөрт төлсөн мөнгийг зөвхөн хүүд авч байсан гэж, мөн зээлийн үүрэгт барьцаалсан барьцааны эд хөрөнгийг зарж борлуулах итгэмжлэлийг банкинд өгч, үүрэг дуусгавар болсон байхад түүнээс хойш хүү нэмж бодсон байна гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ\161 дугаартай зээлийн БГ\161 дугаартай барьцааны, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ14\683 дугаартай барьцаат зээлийн, БГ14\683 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. Хариуцагч нар нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр 21 999 800 төгрөгийг, жилийн 26.4.%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг, жилийн 27.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байна.

Эхний зээлийн гэрээний үүрэгт Орхон аймаг Баян-Өндөр сум, Дэнж багийн 33-22 тоот 46,75 мкв хувийн сууц, мөн хаяг дахь 500 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Хюндай Соната 6, Дэу Матис маркийн хоёр автомашин, хөргөгч, хөлдөөгч зэргийг, хоёр дахь гэрээний үүрэгт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ 8б гудамж, 24 тоот, 247,4 мкв хувийн сууц, мөн хаяг дахь 370 мкв талбай бүхий газрыг тус тус барьцаалжээ.

Нэхэмжлэгч Хбанк нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ\161 дугаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардсан тохиолдолд шүүх гэрээ цуцлах үндэслэл байгаа эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх учиртай.

2013 оны зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар нэхэмжлэгч тал хариуцагч нарт 2015-2017 оны хугацаанд таван удаагийн мэдэгдэл өгсөн байх ба 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 640 дүгээр болон 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1247 дугаар “зээл буцаан дуудах” нэртэй мэдэгдэлд банк “зээлийн гэрээний 8.2. дахь хэсэгт заасны дагуу зээлийг хугацаанаас өмнө төлөхийг шаардаж, зээлийн гэрээг цуцлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэж заасан байна. Үүний дараа зээлдэгчид ямар нэг мэдэгдэл хүргүүлэхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  зээлийн төлбөр төлөх мэдэгдэл өгсөн байна.

Нэхэмжлэгч Х банк 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ\161 дугаар гэрээг 2015 онд цуцлах талаар мэдэгдсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг гэрээг цуцлах шаардлага гаргасан нь ойлгомжгүй, үүнтэй холбоотойгоор гэрээний хугацаа хэтрэлт, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг зарж борлуулан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчид итгэмжлэл өгсөн гэх ба нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй тул аль зээлийн үүрэг хэзээ дуусгавар болсон гэж тооцох нь тодорхой бус байна.

Зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөлд зээлдэгч нарын хүлээх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоох, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг эцэслэн дүгнэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00124 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Д-гээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 327 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН