Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 142/2017/00894/И |
Дугаар | 001/ХТ2018/01284 |
Огноо | 2018-09-28 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2018/01284
Д.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Ж.Ганчимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1980 онд Эт орж ажилласан. Эрдэнэт сувилал цогцолборт яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 07 цагт ажилдаа явж, өглөөнийхөө урьдчилан сэргийлэх үзлэг үзэж ажилд гарган 08 цаг 20 минутанд үзлэг дуусан өрөөндөө ирээд байтал 09 цагт РМЗ цех дээр дуудлага гарсан. Тэгээд дуудлагаар очиж яаралтай тусламж үзүүлэн 2 дахь шат ЭСА-ийн чих хамар хоолойн эмч Энхбатад өвчтөнийг хүлээлгэн өгсөн.
Тэгээд ажилдаа эргээд явж байтал машинд /кабинд/ бие муудан зүрх судасны эм уусан арайхын ажилдаа очсон, ирээд байтал таныг согтуу, архи уусан байна гэж дуудлага өгсөн шалгая гэсэн. Тэгэхээр нь би юун архи зүрхний эм уугаад хэвтэж байна гэсэн.
Би шалгуулаагүй. Тэгээд намайг төв цагдаагийн газар авчран хүчээр үлээлгэсэн. Үлээлгэсэн цаасаа үзүүлээгүй, гарын үсэг зур ч гээгүй. Дараа нь шууд РМЗ-2 цагдаагийн 2-р постон дээр авчран нэг хуудас дээр гарын үсэг зур гэсэн. Би зурахгүй гэсэн. Энэ чинь миний үлээлгэсэн хуудас биш гэсэн. Бие хямраад зүрх өвдөөд байхаар нь хурдан салъя гэж бодоод зурчихсан. Миний цусыг аваад шууд шүүх эмнэлэгт өг гэсэн. Цагдаа дуугараагүй. Маргааш нь ерөнхий эмч Ж.Ганчимэгт үнэн учир байдлаа хэлсэн ч ойлгоогүй. Архи уусан гэж тайлбараа бичиж өг гэсэн. Намайг дарамтлан байж тайлбар бичүүлсэн. Би бие муутай даралт ихтэй. Зүрх судасны өвчтэй байнгын зүрхний эм ууж явдаг хүн. Зүрхний дусаалга уухаар /спиртлэг үнэртэй/ спирт үнэртээд байдаг тал бий. Миний бие ажилдаа эрүүл очсон бөгөөд бүх үзлэгээ хийсэн. ЭСА чих хамар хоолойн эмч Энхбатад хүргэсэн зэрэг манай бүх эмч, жолооч нар мэдэх бөгөөд батлаад өгнө. Сувилалын хяналтын камерт ч бичигдсэн байгаа байх. Намайг дарангуйлан ямар ч үндэслэлгүй ажлаас халсанд маш их гомдолтой байна. Би үйлдвэртээ 30 гаруй жил ажилласан. Намайг ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Х нь “Э” ХХК-ийн Эрдэнэт сувиллын цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчээр ажиллаж байсан бөгөөд тус түргэн тусламжийн хэсэг нь компанийн ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, гэнэтийн аваар осол, өвчин, бэртэл гэмтлийн үед ажилтанд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, амь насыг нь аврах чиг үүрэгтэй ажилладаг үйлдвэрийн онцгой объект юм.
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмчийн орлогч Л.Машбат, тасгийн эрхлэгч Ц.Батаа нарыг тус хэсэг дээр очиход Д.Х эмч ажлын байран дээрээ согтуу унтаж байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Гэрээт цагдаагийн хэсэгт мэдэгдэж, согтолтын зэрэг тогтоож, сорилт хийлгэхэд 1.11 хувийн согтолттой гарсан байна. Мөн Д.Х өөрөө согтуу байснаа хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тайлбар бичиж өгснөөс гадна энэ тухайгаа Эрдэнэт сувиллын цогцолборын удирдлагын багийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өргөтгөсөн хуралд оролцохдоо мэдүүлсэн байна.
Д.Х нь хөдөлмөрийн гэрээний 4.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/756 дугаар тушаалаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иймд Д.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын “Э” ХХК-ийн Эрдэнэт сувилал цогцолборын түргэн тусламжийн жижүүрийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Х нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий байж чадсангүй. Учир нь хэрэгт авагдсан гол нотлох баримт болох миний согтолтын зэргийг тогтоосон гэх драйгер үлээлгэсэн цаас нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаагүй 1.11 гэх тооноос өөрөөр уншигдах бичвэргүй, 2 ч хүний гараар бичигдсэн гар бичмэлтэй баримт байсан. Энэхүү цаасыг үндэслэн ажлаас халсанд ажилчин миний хувьд их гомдолтой байгаа. Анхан шатны шүүх дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж чадсангүй. Энэхүү драйгерийн цаасан дээр согтолтын зэргээс гадна тухайн өдрийн он, cap заавал хамт гарах ёстой байдаг. Шүүх хуралдаан дээр хийсэн туршилтын үед ч цаасан дээр он, cap, өдөр гарч ирж байсан. Гэтэл 2017 оны 05 сарын 10-ны өдрийн драйгер үлээлгэсэн цаасан дээр яагаад он, cap, өдөр байсангүй, мөн тэр өдөр миний үлээсэн цаас гэдгийг яаж тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн согтолтын зэрэг тогтоосон акт дээр драйгер үлээсэн этгээд заавал гарын үсэг зурсан байх шаардлага байдаг ба энэ актан дээр миний гарын үсэг байдаггүй надад мэдэгдэлгүй энэхүү актыг үйлдсэн байдаг. Энэхүү актан дээр тавигдсан цаг минут бас зөрөөтэй байдаг.
Дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Эрдэнэт сувилал цогцолборын яаралтай тусламжийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч “Э” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, Д.Х нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч Д.Х нь “Э” ХХК-ийн Эрдэнэт сувилал цогцолборын яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлын цагаар архи уусан, ажлын байранд согтуу байсан тул ажил олгогч түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан байна. “Э” ХХК нь Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б\756 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Хүрэл-Очирыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний 4.3. дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11. дэх заалтыг баримтлан Эрдэнэт сувилал цогцолборын яаралтай тусламжийн тасгийн их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Д.Х нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх ба нэхэмжлэгч тал эдгээр баримтыг үгүйсгэж чадаагүй, зөрчил гаргаагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хоёр шатны шүүхийн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00133 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН