Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01789

 

“Х Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэр,

Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00062 дугаар магадлалтай,

“Х Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

БӨАБС-ын ЭМТд холбогдох

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн БӨАБС-ын ЭМТийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн тус төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Дын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн БӨАБС-ын  төвд үйл ажиллагаа явуулдаг “Х Г”ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр БӨАБС-ын ЭМТийн дарга н.Айынгүлтэй  БӨАБС-ын ЭМТийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх тухай" гэрээ хийсэн. Уг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ыг хүртэл буюу 3 жилийн хугацаатай байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус гэрээгээр компани нь БӨАБС-ын ЭМТийн байрны халаалтад хэрэглэгддэг нүүрс, түлээ, дулааны материалыг нийлүүлэх, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн компани нь БӨАБС-ын ЭМТийн уурын зуухны барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, газрын хамт 3 жилийн хугацаатайгаар түрээсээр эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. Түрээслэгчийн талаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээсэлсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь нь сэргээн засварлах, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллаж ирсэн. Гэтэл БӨАБС-ын ЭМТийн даргаар ажиллаж буй Г.Д нь манай компанид огт мэдэгдэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ахниет гэдэг компанитай гэрээ байгуулж тус компанийг хохироосон үйлдэл гаргаж байна. Энэхүү хууль бус асуудлыг БӨАБС-ын ЭМТийн дарга Г.Дт танилцуулахад тэрээр хүлээн авахгүй байна. Гэрээний Тавдугаар зүйлийн 5.1. Гэрээний үйлчлэх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулав. 5.1.2. Гэрээний заасан хугацааны эцэст хоёр тал хамтран уг гэрээг дүгнэн, гэрээнд заасан ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн нөхцөлд гэрээгээ сунган ажиллуулна. 5.3. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба гэрээг дүгнэх, сунгах эсэх асуудалд аливаа этгээд хөндлөнгөөр оролцохыг хориглоно". гэж тус тус заасан. БӨАБС-ын ЭМТийн дарга Г.Д нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн манай компанитай байгуулсан гэрээг ямар ч шалтгаангүй цуцлан хувийн хэвшлийн өөр компанитай гэрээ хийсэн асуудалд гомдолтой байна. Тухайн гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй. Тухайлбал Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.1.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна. Иймд Баян-Өлгий аймгийн БӨАБС-ын ЭМТийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болох талаар шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. БӨАБС-ын ЭМТ урьд нь бага оврын уурын зуухаар дулаан эрчим хүчээр хангагдаж байсан үед “Х Г”ХХК-тай гэрээ байгуулж, Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын 1-р хавсралтын 2 дахь хэсэгт зааснаар халаалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 377 тоот тогтоолын 7 дахь заалтаар Орон нутгийн 2018 оны төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр тусгайлсан үүрэг өгч, уг тогтоолын 7.3 дахь заалтад: Орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, ... сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр төлбөр үүсгэхгүй, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг үүрэг болгосон. Урьд нь сумын төсөвт байгууллагууд тус тусдаа бага оврын зуухаар ажилладаг байсан бөгөөд одоо нэгдсэн халаалтад холбогдсон. Сумын Засаг даргаас сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн нэгдсэн халаалтад холбох талаар захирамж гарсан. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 337 дугаар тогтоолын 7.3-д заасныг үндэслэж БӨАБС-ын  Засаг даргын Тамгын газар болон бүх төсөвт байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож уг үйл ажиллагааг тендер сонгон шалгаруулалтын үр дүнгээр Ахниет ХХК нь гүйцэтгэж байна. Иймд БӨАБС-ын ЭМТ нь Төвлөрсөн халаалтад холбогдсон учраас БӨАБС-ын ЭМТ болон “Х Г”ХХК-ны хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 01 тоот гэрээг цуцалсан болно. Гэхдээ зөвхөн ганцхан манай байгууллага биш бүх байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдсон. Нэхэмжлэгч тал гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилээр байгуулсан байхад хугацаанаас өмнө цуцалсан гэж маргажээ. Гэтэл Засгийн газрын 2017 оны 337-р тогтоолоор төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосон, БӨАБС-ын  бүх төсөвт байгууллагууд нь төвлөрсөн халаалтад 2018 оны 01 дүгээр сараас эхэлж холбогдсон, нэхэмжлэгч “Х Г”ХХК-ны дулаан эрчим хүчээр хангах чиг үүрэг нь дуусгавар болсон байгаа тул хугацаанаас өмнө гэрээг цуцалсан юм. Бидний хугацаанаас өмнө гэрээ цуцалсан явдалд хууль зөрчөөгүй болно. Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах боломжийг заасан ба БӨАБС-ын ЭМТ нь нэгэнт төвлөрсөн халаалтад холбогдсон, эрчим хүч, дулаанаар хангах талаар дэвшилт технологи нэвтэрсэн тул гэрээг цуцалсан юм. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар ... гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах үндэслэл болсон юм. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх 01 тоот гэрээний 5.1-д зааснаар гэрээний үйлчлэх хугацааг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 жилээр тогтоосон нь гэрээ байгуулах үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.5-д заасан: ... Талууд гэрээг жил бүр дүгнэж цаашид сунгах, цуцлах, эсэхийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээг нэг жилээр байгуулж, жил бүр дүгнэж, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Иймд Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолын үндсэн дээр байгуулсан Зарим ажил, үйлчилгээ гүйцэтгэх 01 тоот гэрээ нь мөн тогтоолын 3.5-д заасныг зөрчиж байгуулсан тул Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар илт хууль бус эрхийн акт болно. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар цуцлах үндэслэлтэй юм. ”Х Г”ХХК нь нэхэмжлэлд: Хоёр талын гэрээний 5.3-р заалтад гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй байсныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д: Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрснөө тодорхойлно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө Захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. БӨАБС-ын ЭМТ болон “Х Г”ХХК-ны байгуулсан Зарим ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь хэсгийн 5.1-р заалтад Төсвийн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална гэж заасан. Хууль тогтоомжийн эдгээр заалтаар захиалагч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байх хуулийн заалттай. Хуулийн дээрх заалтуудыг гэрээний 5.3 дахь заалт зөрчсөн тул энэ заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д заасан хууль зөрчсөн хэлцэл болно. Хоёр талын гэрээний 5.3-д заасан нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж заасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар Захиргааны гэрээ илт хууль бус гэж үзэж байна. Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн БӨАБС-ын ЭМТ болон “Х Г”ХХК-ны хооронд байгуулсан 01 тоот гэрээний хавсралт-2-д захиалагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм. БӨАБС-ын ЭМТ нь аж ахуйн эд хариуцагч, тогооч зэрэг орон тоотой ажиллаж байх тул “Х Г”ХХК-нд хоол, хүнс бэлтгүүлж, төсвөөс мөнгө гаргаж буй нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч “Х Г”ХХК-ийн нэхэмжлэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн БӨАБС-ын ЭМТийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөрт тооцож, Баян-Өлгий аймгийн БӨАБС-ын ЭМТийн даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ”Х Г”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн БӨАБС-ын ЭМТийн санхүүгээс 140400 төгрөгийг гаргуулан “Х Г”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00062 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Д хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. БӨАБС-ын  “Хатуугийн гол” ХХК-ний захирал Ж.Алтынгүлийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий БӨАБС-ын  ЭМТ-ийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр тооцуулах тухай” нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. БӨАБС-ын  “Хатуугийн гол” ХХК-ний “БӨАБС-ын  ЭМТ-ийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр тооцуулах” нэхэмжлэлийг эс зөвшөөрөхгүй үндэслэлийн талаар: 1. БӨАБС-ын ЭМТ нь урьд “бага оврын уурын зуух”-аар дулаан эрчим хүчээр хангагдаж байсан үед “Хатуугийн гол” ХХК-тай гэрээ байгуулж, Засгийн газрын 2003 оны 11-р сарын 10-ны өдрийн 233-р тушаал 1-р хавсралтын 4.2 дахь хэрэгт зааснаар “Халаалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын 377 тоот тогтоолын 7 дахь заалтаар “Орон нутгийн 2018 оны төсвийг хэрэгжүүлэх” чиглэлээр тусгайлсан үүрэг өгч, уг тогтоолын 7.3 дахь заалтад: “Орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбогдох сумдын сургууль цэцэрлэг эмнэлэг, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр төлбөр үүсгэхгүй, батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх”-ийг үүрэг болгосон. Засгийн газрын 2017.12.13-ны өдрийн “2018 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй” холбоотой 377-р зүйлийн 7.3-д заасныг үндэслэж БӨАБС-ын  ЗДТГ болон бүх төсөвт байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож уг үйл ажиллагааг “Тендер сонгон шалгаруулалт”-аар “Ахниет” ХХК нь гүйцэтгэж байна. Иймд БӨАБС-ын ЭМТ нь “Төвлөрсөн халаалтад” холбогдсон учраас БӨАБС-ын ЭМТ болон “Хатуугийн гол” ХХК-ний хооронд 2017 оны 01-р сарын 02-нд байгуулагдсан 01 тоот гэрээг цуцалсан болно. 2. Нэхэмжлэгч тал гэрээг 2017.01.02-ны өдрөөс 2020.01.02-ыг хүртэл 3 жилээр байгуулсан байхад “Хугацаанаас өмнө цуцалсан” гэж маргажээ. Гэтэл Засгийн газрын 2017 оны 377-р тогтоолоор “Төвлөрсөн халаалтад холбохыг үүрэг болгосон”, БӨАБС-ын  бүх төсөвт байгууллагууд нь “Төвлөрсөн халаалтад” 2018 оны 1-р сараас эхэлж холбогдсон нэхэмжлэгч “Хатуугийн гол” ХХК-ний “Дулаан эрчим хүчээр хангах” чиг үүрэг нь дуусгавар болсон байгаа тул хугацаанаас өмнө гэрээг цуцалсан юм. Бидний хугацаанаас өмнө гэрээ цуцалсан явдалд хууль зөрчөөгүй болно. Учир нь Иргэний хуулийн 221-р зүйлд “Хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах” боломжийг заасан ба БӨАБС-ын  ЭМТ нь нэгэнт “Төвлөрсөн халаалтад” холбогдсон эрчим хүч, дулаанаар хангах талаар “дэвшилт технологи” нэвтэрсэн тул гэрээг цуцалсан юм. Энэ нь Иргэний хуулийн 221-р зүйлийн 221.1-д зааснаар “...гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах” үндэслэл болсон юм. 3. Талууд 2017.01.02-ны өдрийн “Зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх” 01 тоот гэрээний 5.1-д зааснаар Гэрээний үйлчлэх хугацааг 2017.01.02-ны өдрөөс 2020.01.02-ны өдөр хүртэл 3 жилээр тогтоосон нь Гэрээ байгуулах үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233-р тогтоолын хавсралтын гурав дахь хэсгийн 3.5-д заасан “Талууд гэрээг жил бүр дүгнэж цаашид сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээг нэг жилээр байгуулж, жил бүр дүгнэж, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх ёстой байсан юм. Иймд Засгийн газрын 2003 оны 11-р сарын 10-ны өдрийн 233-р тогтоолын үндсэн дээр байгуулсан “Зарим ажил үйлчилгээ гүйцэтгэх” 01 тоот гэрээ нь мөн тогтоолын 3.5-д заасныг зөрчиж байгуулсан тул Захиргааны Ерөнхий хуулийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар “Илт хууль бус” эрхийн акт болно. Иймд захиргааны Ерөнхий хуулийн 56-р зүйлийн 56.3-д зааснаар цуцлах үндэслэлтэй юм. 4. “Х Г”ХХК нь нэхэмжлээд: “Хоёр талын Гэрээний 5.3-р заалтад Гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрхгүй” байсныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д “Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлоно” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 355-р зүйлийн 355.2-д: “Ажил гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан. БӨАБС-ын  ЭМТ болон “Хатуугийн гол” ХХК-ний байгуулсан “Зарим ажил үйлчилгээ гүйцэтгэх” гэрээний үндэслэл болсон Засгийн газрын 2003 оны 233-р Тогтоолын хавсралтын “Тав” дахь хэсгийн 5.1-р заалтад “Төсвийн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална” гэж заасан. Хууль тогтоомжийн эдгээр заалтаар “Захиалагч гэрээг нэг талын санаачлагаар цуцлах эрхтэй” байх хуулийн заалттай Хуулийн дээрхи заалтуудыг Гэрээний 5.3 дахь заалт зөрчсөн тул энэ заалт нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан “Хууль зөрчсөн хэлцэл” болно. Хоёр талын гэрээний 5.3-д заасан “Нэг талын санаачлагаар цуцлах эрхгүй” гэж заасан нь Захиргааны ерөнхий 55-р зүйлийн 55.1.1-д заасан “Захиргааны гэрээ илт бус” гэж үзэж байна. 5. “3арим ажил үйлчилгээг гүйцэтгэх” тухай 2017.01.02-ны өдрийн БӨАБС-ын  ЭМТ болон “Хатуугийн гол” ХХК-ний хооронд байгуулсан 01 тоот гэрээний Хавсралт 2-д “Захиалагч” тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул гэрээний салшгүй хэсэг үзэх боломжгүй юм. /Хавсралтад зөвхөн ажил гүйцэтгэгч Ж.Алтангүл гарын үсэг зурсан байна/ 6. БӨАБС-ын  ЭМТ нь аж ахуйд эд хариуцагч, тогооч зэрэг орон тоотой ажиллаж байх тул “Хатуугийн гол” ХХК-д хоол хүнс бэлтгүүлж, төсвөөс мөнгө гаргаж буй нь Төсвийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00062 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн БӨАБС-ын ЭМТд холбогдох нэхэмжлэгч “Х Г”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээг цуцласан нэг талын шийдвэрийг буруу гэж үзсэн агуулгатай байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасан тул надтай гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

Гэрээний нэг тал болох БӨАБС-ын ЭМТ гэрээг цуцлахдаа гэрээг цуцлах үндэслэл, журмыг зөрчсөн талаар хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэж, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ 3 жилийн хугацаатай байх ба гэрээг цаашид жил бүр дүгнэх, үүргээ биелүүлсэн эсэх, гэрээний хугацаанд гэрээг цуцлах үндэслэл үүссэн эсэх асуудалд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болно.

“Х Г”ХХК нь гэрээний дагуу тусЭМТийн байрны халаалтад хэрэглэдэг нүүрс, түлээ болон хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх, засвар үйлчилгээг тус төвийн санхүүжилтээр олгосон зардалд багтааж ажиллах үүрэг хүлээсэн ба гэрээний 1.3-д зааснаар талууд хийх ажил, төсвийг хавсралтаар тохиролцох ёстой байна. Хэрэв сумын төсөвт байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдож, үүнтэй холбоотой ажлыг гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон бол энэ нь гэрээг бүхэлд нь цуцлах үндэслэл биш, харин зарим ажлыг гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон нөхцөл байдал юм. 

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00216 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00062 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА