Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01796

 

“С М Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01314 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1465 дугаар магадлалтай,

“С М Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Дт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 97 353 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч А.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д нь “С М Г”ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай компани А.Дт бөөний үнээр зээлээр шатахуун олгосон. Гэтэл А.Д гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Манай компанийн зүгээс А.Дийг төлбөр болон алданги төлөхийг удаа дараа шаардаж байсан. Манай компанид төлөх шатахууны төлбөр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 65 023 400 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алданги 32 511 700 төгрөг, нийт 97 535 100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 645 626 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Манайхаас нийлүүлсэн шатахууныг Ж.Баатарбямба авсан гэж хариуцагч мэдүүлж байх боловч манайхаас авсан шатахууныг хариуцагч хэрхэн зарцуулсныг бидэнд мэдэх зүйл байхгүй. А.Д компанитай гэрээ байгуулсан. Алданги авах талаар гэрээнд тодорхой заасан. Гэрээ хуулийн шаардлага хангасан. Хариуцагч манайхаас шатахуун авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд А.Дээс зээлийн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “С М Г”ХХК дээр Ж.Баатарбямбын хүсэлтээр түүнд итгэж очсон. “С М Г”ХХК-ийн ажилтан байрны ордер таны нэр дээр учраас зээлийн гэрээг таны нэр дээр байгуулна. Гэрээнд гарын үсэг зурчих гэж хэлсэн. 65 000 000 төгрөгийн шатахууныг Ж.Баатарбямба авч зарцуулсан. Би тэр мөнгөнөөс 100 төгрөг ч аваагүй. Би Ж.Баатарбямбын компанид ажиллаж байсан болохоор түүнд итгэж гэрээ байгуулсан нь миний буруу болсон. Ж.Баатарбямба төлбөрийг 100 хувь төлнө гэж хэлдэг гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн102/ШШ2018/01314 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. дэх заалтыг баримтлан хариуцагч А.Дээс 97 535 100 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэгч “С М Г”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1465 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01314дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 626 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил хяналтын гомдолдоо: Нэхэмжпэгч “С М Г”ХХК-ийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл, хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт хариуцагч А.Дээс шаардсан байдаг. Шүүхийн шийдвэрт: Сод Монгол ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу шатахууныг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй” магадлалд ““С М Г”ХХК 2017 оны 09 сарын 18-ны өдрийн гэрээний дагуу шатахууныг хариуцагч А.Дт 2017 оны 09 сарын 19, 21-ний өдрүүдэд өгсөн гэх тайлбарынхаа үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан” гэж талуудын хооронд хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болохыг дүгнэсэн байна. Иргэний хуулийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сод Монгол ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу шатахууныг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй” гэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 211 2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн” бол үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор зохицуулсан. Хариуцагчийн зүгээс “Ж.Баатарбямба нь: Ах нь чиний байрыг барьцаанд тавьж Сод Монголоос шатахуун авч, Дорнод аймагт зарчихаад”, “Ж.Баатарбямба нь гэрээний дагуу шатахууныг борлуулж төлбөрийг төлөх ёстой” /хх-36/ зэргээр тайлбарласан нь үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах этгээдийг заасан бөгөөд эд зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж авахгүй түүнийг хүлээж авах этгээд нь Ж.Баатарбямба гэдгийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн худалдан авагч нь худалдагчтай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж тухайн эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар хэрхэн захиран зарцуулах нь худалдан авагчийн эрхийн асуудал болж байгаа бөгөөд худалдагчийн зүгээс биед байдлын болон эрхийн доголдолгүй эд зүйлийг хүлээлгэн өгч хариу төлбөр авах эрх үүснэ. Худалдан авагч өөрөө хүлээж авах, бусдад шилжүүлэх нь түүний эрхийн хүрээнд явагдах харилцаа бөгөөд үүнээс шалтгаалж худалдагчийн эрх зөрчигдөх ёсгүй ба иргэний эрх зүйн үндсэн шинж болох хамгаалалтын зарчимд харшилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийн тайлбараар шатахууныг түүний өмнөөс хүлээн авах эрхтэй этгээд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 65 000 000 төгрөгний шатахууныг авч хэрэглэсэн нь үнэн болно” /хх-36/ гэсэн хүлээн авсан болох үйл баримт тогтоогдсон атал хүлээлгэж өгөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Худалдагчийн хувьд 2017 оны 09 сарын 18-ны өдрийн гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг болох биед байдлын болон эрхийн доголдолгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж байгаа үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн учраас өөрийн агуулахаас шатахууныг гаргаж өгсөн ба тус гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч нь А.Д буюу худалдан авагч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанчлан зохигчийн буюу хариуцагчийн тайлбар нь нотлох баримт байх ба түүнийг үнэлж шүүх шийдвэрээ гаргах ёстой байсан. Түүнчлэн үүргийн эрх зүйн харилцаа нь харьцангуй шинжийг агуулж байдаг бөгөөд зөвхөн үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгчийн хооронд тухайн харилцаа үүсэж дуусгавар болдог ба энэ хүрээнд үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь зүй ёсны хэрэг байна. Иймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч “С М Г”ХХК нь хариуцагч А.Дт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 97 535 100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шатахууныг аваагүй, Ж.Баатарбямба авсан гэж маргажээ.

Хоёр шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 211, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу хууль зүйн дүгнэлт хийж, “С М Г”ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

“С М Г”ХХК, А.Д нарын хооронд худалдах-худалдан авах болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, хоёр гэрээ хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэдий ч нэхэмжлэгч нь 65 023 400 төгрөгийн шатахууныг гэрээний тал буюу худалдан авагч А.Дт хүлээлгэн өгснөө нотлоогүй тул шатахууны үнэ, алдангийг шаардах эрхгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүйгээс гадна худалдан авагчийн заасан этгээдэд өгснөө нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байв.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд гэрээний үүргийн талаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх өөр баримт байхгүй тул “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01314 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1465 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА