Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 45

 

Д.Одончимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул,

Хохирогч Д.Энхбилэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр магадлалтай 201614000349 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Баянхайрхан овогт Дүгэрийн Одончимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Одончимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Одончимэгээс 290.850 /хоёр зуун ерэн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Д.Энхбилэгт олгож, хохирогч Д.Энхбилэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Д.Одончимэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хохирогч Д.Эрдэнэбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих заалтыг хэрэглээгүй, Д.Одончимэгийн хохирсон байдал болон бусад байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна. Бид хохирогч Д.Эрдэнэбилэгийн үйлдлийн улмаас Д.Одончимэгийн бие махбодид гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох хүсэлтийг цагдаа, прокурорт тус тус өргөдөл, гомдол гаргасан ба хэрэг шүүхэд шилжсэн шалтгаанаар хэргийг дахин шалгаагүй. Энэ талаар шалгах шаардлагатай бөгөөд хангалттай нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Мөн шүүх Д.Энхбилэгт цохиулж гэмтэл авсан гэх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж шалгуулах эрхтэй болно гэж дүгнэж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй дэндүү хийсвэр дүгнэлт юм. Түүнчлэн шүүгдэгч Д.Одончимэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн хуудсаа ирүүлж, давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасаар байхад түүний хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг хийж байгаа нь хохирогчийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бүдүүлэг алдаа юм. Д.Энхбилэгийн үйлдлийн улмаас хохирсон Д.Одончимэгийн бие махбодид гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул хяналтын шатны шүүх хуралдаанд: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6, 8, 16 дугаар зүйлүүдэд заасан зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “Д.Одончимэгт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Энэ хэрэг 2016 оны 06 сарын 24-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Одончимэг нь 2016 оны 06 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” соёлын ордонд Д.Энхбилэгтэй хувийн шинжтэй асуудлаар маргалдан, улмаар түүний толгойд цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүйн дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Харин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан Д.Одончимэгийн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд хяналтын шатны шүүхээр хэрэг хянагдах явцад уг хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр Д.Одончимэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Д.Одончимэгт холбогдох 201614000349 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Д.Одончимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН