Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01336

 

“ОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “ОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.А-д холбогдох,

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 24 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батнайрамдал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус ББСБ нь Т.А-г зээлээ төлөөгүй улмаас шүүхэд хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг Т.А бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 102/ШШ2014/03587 дугаартай, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар Т.А-гаас 130 255 215 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 Т.А нь дээрх захирамжид дурдсан төлбөрийг төлөөгүй тул зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 65 дугаар байрны 95 тоот, Ү-2205018986 дугаартай орон сууц, М.Э-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон /18140/ Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхар, 10 тоот хаягт байрлах авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, 12 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 24 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот 30мкв 3 өрөө орон сууцаар төлбөр барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Хилчин хорооллын 2 үл хөдлөх хөрөнгийг 1 сарын хугацаатай итгэмжлэл авч зээлийн гэрээ байгуулсан. Бид нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрсөн ч гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөнө гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

М.Э-гийн өмчлөлийн байр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. М.Э өөрийн байр, гарааш зэргийг барьцаалж зээл авахыг зөвшөөрч итгэмжлэл хийлгэж өгсөн. Тухайн үед 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай итгэмжлэл хийсэн. Гэтэл М.Э нь Т.А-д итгэмжлэл өгснөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. М.Э-гийн тухайд 1 сарын хугацаанд байр барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн болохоос үүнээс хойш үүсэх үр дагаврыг хүлээхийг зөвшөөрсөн итгэмжлэл хийгдээгүй, итгэмжлэлийн хугацаа сунгагдаагүй. М.Э-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө орон сууц, гарааш зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс М.Э-гийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-гаас 24 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож, 126 405 215 төгрөгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотын 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Э-гийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотын 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Э-гийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотын 15 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Т.А-гаас хохиролд 24 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож, Т.А нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжийн дагуу 129 851 610 төгрөгийг “О ББСБ” ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын өмчлөлийн Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод оршин байрлах 40.1 м.кв талбайтай орон сууц, М.Э-гийн өмчлөлийн Ү-2201025265 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоотод оршин байрлах 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Э-гийн өмчлөлийн Ү-2201026366 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны зоорийн давхрын 10 тоотод оршин байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.4, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Зохигчдын байгуулсан хөрөнгө барьцаалах гэрээ бол үндсэн гэрээ болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний үүргийг үүргийн гүйцэтгэлийн хангах барьцаа хөрөнгөөр биш тухайн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээс гаргуулах шүүхийн шийдвэр гарч, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайлбал зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжийг албадан биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа өнөөдөр явагдаж байгаа бөгөөд энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой түдгэлзэх үндэслэл байхгүй тул энэхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шийдвэр хэрэгжих үү, үгүй юу гэдэг ойлгомжгүй асуудал үүснэ.

...Барьцаа бол гэрээ байгуулж буй талууд үндсэн гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ашигладаг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд үндсэн гэрээнийхээ үүргийг заавал тэдгээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргаараа хангуулна гэж шаардах шаардлагагүй, өөрийн хүсэл зориг сонголтоор хэрэгжүүлдэг. Ийм учраас нэхэмжлэгч зээлийн гэрээний асуудлаа шүүхээр өмнө нь шийдвэрлүүлэхдээ өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагчаас өөрөөс нь гаргуулна гэж асуудлаа шийдвэрлүүлсэн. Нэгэнт хүсэл зоригоо илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн тохиолдолд тухайн асуудлаараа дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж болдоггүй хуулийн зохицуулалтаар ч давхар батлагдана. ...2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай шүүгчийн захирамжид заасан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт гаргуулах 129 851 610 төгрөг бол барьцаа хөрөнгөөс гаргуулах үүргийн хэмжээ биш бөгөөд барьцаа хөрөнгөөс гаргуулах зээлийн гэрээний үүргийн хэмжээг зээлийн гэрээ, барьцааны гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч байж тодорхойлно. Шүүх зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 129 851 610 төгрөгийг ирээдүйд барьцаа хөрөнгөөс гаргуулах төлбөр гэсэн агуулга зорилгоор шийдвэрлээгүй. Нөгөө талаас барьцаа хөрөнгөөс гаргуулах үүрэг, үүргийн хэмжээ мөн байсан бол барьцаалуулагч М.Э-гийн эрх ашиг хөндөгдөх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байсан.

Шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг ханга гэдэг шийдвэрийг гаргасан байх бөгөөд энэ зүйлийн агуулга нь үндсэн гэрээ болох зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхийг зохицуулсан. Тэрнээс шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхийг зохицуулаагүй.

Мөн Хөрөнгө барьцаалах гэрээнд “...Т.Ань 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус ББСБ-тай байгуулсан 13/2110 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан зүйлийг барьцаалж байна...” гэж гэрээний зорилгоо тодорхой зохицуулснаас үзэхэд, барьцаа хөрөнгөөс гаргуулах ямар ч агуулгагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн 126 405 215 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардах эрхгүй юм.

...Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг нь хэтрүүлээд, үүрэг гүйцэтгүүлэгч тэрхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахгүй гэдэг шийдвэр гарснаар нэхэмжлэгчийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “ОББСБ” ХХК нь хариуцагч Т.А-д холбогдуулан шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар батлагдсан зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 24 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон М.Э шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч Т.А нь нэхэмжлэгч “ОББСБ” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан 50 000 ам.долларын зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир банк бус санхүүгийн байгууллага зээлдэгчээс 129 851 610 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамжаар хариуцагчийн хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 “ОББСБ” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлээ зөвхөн төлбөр гаргуулах агуулгаар тодорхойлж, барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурдсан боловч нэхэмжлэлийн тусгайлсан шаардлага болгоогүй гэж үзэхээр байна. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамждаа хариуцагчийн зөвхөн төлбөр хүлээн зөвшөөрсөн асуудлыг тусгажээ.

Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэх боломжтой боловч зарим барьцаа хөрөнгийн өмчлөгч барьцааны талаар маргасан, түүнчлэн нэхэмжлэгч “ОББСБ” ХХК барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулахыг хүссэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасан шаардлагад нийцнэ.

Зохигч нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 50 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байх ба гэрээний агуулга болон хэлбэр нь хууль зөрчөөгүй, тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр байна. Дээрх гэрээний зүйл буюу барьцааны зүйлд тусгагдсан гурван үл хөдлөх эд хөрөнгийн нэг нь буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоот орон сууц нь Т.Амарсанаа, Д.Сарангэрэл, Ж.Тамир нарын, харин Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байрны 51 тоот орон сууц, мөн хаягт байрлах автозогсоол нь М.Э-гийн өмчлөлийн эд хөрөнгө байна.

Гуравдагч этгээд М.Э 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Т.Амарсанаагийн зээлийн үүрэгт барьцаалах эрхийг олгосон байна. Тухайн итгэмжлэл 1 сарын хугацаатай олгогдсон байх нь барьцааны гэрээ байгуулах үйл баримттай холбоотой болохоос бус барьцааны үйлчлэлийн хугацааг тодорхойлохгүй юм.

Давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр барьцааны гэрээнд тусгагдсан бүх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн итгэмжлэлийн агуулга, хугацааг тодорхойлсон 64 дүгээр зүйлийн 64.1., 64.2., 64.5., барьцааны гэрээний хэлбэр, агуулгыг тогтоосон 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН