Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01221

 

“Б ” ХХК, иргэн С  нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00239 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 854 дүгээр магадлалтай,

                                                                                   

            “Б ” ХХК,  иргэн С  нарын нэхэмжлэлтэй,

             Ч д холбогдох

           Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3,790,000 төгрөг гаргуулах тухай үнсэн нэхэмжлэлтэй,

            6,009,350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: С  нь 2016 оны 3 сарын дундуур иргэн Ч тай ачигч автомашин 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, төлбөрийг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Ч  өөрийн эзэмшлийн автомашиныг шилжүүлж өгөхдөө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, моторын эд анги маш сайн, тосолгоо, 6 дугуйг солих байх гэж хэлсэн. С  автомашиныг хүлээж аваад гэрээний дагуу үнийг төлөхдөө өөрийн “Б ” ХХК-ийн харилцах данснаас 1,100,000 төгрөгийг худалдагчийн данс руу “Хас транс” ХХК-ийн захирал н.Мандахбаяр гэдэг хүнд 500,000 төгрөгийг Ч гийн өмнөөс тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 1,600,000 төгрөг төлсөн. Автомашиныг хүлээж аваад зайлшгүй шаардлагатай засвар үйлчилгээ буюу 6 дугуйг 210,000 төгрөгөөр, 1 ширхэг маякны гэрлийг 40,000 төгрөг, урд, хойд камер 90,000 төгрөгөөр авч тавьсан. Ингээд чирэгч автомашиныг ашиглах явцад моторын эд анги эвдэрсэн. Моторын эвдрэлийн тухай Ч д хэлж, гэрээг цуцлах санал тавихад хариуцагч “моторын үнийг тооцоод, мотор аваад тавьчих энэ үнийг машин зарж буй нийт үнээс хасч тооцно” гэж хэлсэн учир 2016 оны 09 сарын 05-ны өдөр 1,850,000 төгрөгөөр шинэ мотор авч тавьсан. Гэтэл Ч  гэрээнээс татгалзаж байна гэж хэлээд Баянзүрх дүүрэгт байрлалтай ТЭЦ-4 журмын хашаанаас худалдан авагчид мэдэгдэхгүй уг автомашиныг буцаан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Тиймээс автомашинд төлсөн 1,600,000 төгрөг, автомашины сэлбэгт төлсөн 2,190,000 төгрөг, нийт 3,790,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.     

Сөрөг нэхэмжлэлийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Олох ёстой орлого, алдагдал гэж үндэслэж байгаа боловч олох ёстой орлогоо хариуцагч нотлоогүй. 1,800,000 төгрөг авдаг байсан, өгдөг байсан гэж яригдаж байгаа боловч нотлох баримт байхгүй байна. Талууд машины үнийг 12,000,000 төгрөгөөр тохиролцоогүй, 10,000,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хэлсэнчлэн сар бүр 2,000,000 төгрөг гэж тохиролцоогүй. С  автомашиныг худалдаж авах үед моторын эд анги эвдрэлтэй, доголдолтой гэдгийг мэдэх боломжгүй байсан. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Миний бие 2015 онд ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор Хас банкны зээлээр ачигч автомашин худалдан авсан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо авсан зээлээ төлж барагдуулж хэвийн ажиллаж байсан. 2016 оны 3 сард С  нь ачигч автомашины төлбөрийн уян хатан нөхцлөөр худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд автомашиныг ашиглах явцад гарах аливаа эвдрэл гэмтлийг худалдан авагч бүрэн хариуцах, автомашины өмнөх эзэмшилд төлөх ёстой 500,000 төгрөг болон Хас банкны зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2016 онд багтаан төлж барагдуулсан тохиолдолд шилжүүлэн өгөхөөр худалдах санал тавихад С  хүлээн зөвшөөрч, 2016 оны 3 сард бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай автомашиныг тэрээр хүлээн авч, 2016 оны 10 сар хүртэл нийт 7 сарын хугацаанд уг автомашиныг ашиглаж, ашиг олсон. Энэ хугацаанд С  нь банкны зээлийн төлбөр төлөхөд зориулж 2 удаагийн шилжүүлгээр нийт 1,100,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, энэ мөнгийг нь тухай бүр банкны төлбөрт шууд шилжүүлсэн ба бусад хугацааны төлбөрийг миний бие өөрөө төлж барагдуулсан. С ийн хариуцлагагүй байдлын улмаас банкны зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй удааширч байгаа нь муу зээлдэгчийн жагсаалтад орох эрсдэлтэй болж байгааг банкны ажилтан надад удаа дараа сануулж байсныг би тухай бүрт нь С эд хэлж байсан боловч төлбөрөө төлөөгүй. Миний бие автомашиныг бусдад ашиглуулж, шилжүүлэх тохиролцоо хийхдээ ямар нэгэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй огт харилцан тохиролцоогүй тул “Б ” ХХК нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Ачигч машиныг авахдаа сайтар нягтлан шалгасны үндсэн дээр бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатайгаар хүлээн авч явсан тул тухайн хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засварласан зардлыг төлөх үндэслэлгүй. Миний бие С ээс автомашинаар 7 сарын хугацаанд олох боломжтой байсан ашиг болох 7,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,100,000 төгрөгийг хасаад үлдэгдэл болох 5,900,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,350 төгрөгийг нэмээд нийт 6,009,350 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 8 сараас С  гэдэг хүнтэй холбоо тасраад олдохоо больсон. 2016 оны 10 сард ТЭЦ-4 журмын хашаанд автомашин байж байхаар нь би жолоочоо авчраад 2016 оны 10 сарын 02-ны өдөр аваад явсан. Худалдагч тал гэрээнээс татгалзсан үндэслэл бол гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т тус тус зааснаар Шавь овогт Чойжилсүрэнгийн Жавхлан /РД:ЧТ82081472/-аас 1,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,190,000 төгрөгийг, “Б ” ХХК-/РД:599503/ ний 3,190,000 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагчийн 6,009,350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 40,550 төгрөгийг хариуцагч Ч гаас гаргуулж нэхэмжлэгч С эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,590 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 109,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 854 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.26-ны өдрийн 00239 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.06-ны өдрийн 854 тоот магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Ч  нь 2016.03.20-ны өдөр нэхэмжлэгч С ийн хүсэлтээр, түүнд өөрийн 81-10 УНД улсын дугаартай ачлагын автомашиныг 12,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, автомашиныхаа урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөг аваад үлдсэн 12,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгөөр цувуулж авахаар харилцан тохиролцож автомашинаа нэхэмжлэгч С ийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч С  нь хариуцагчийн автомашиныг 2016 оны 10 сар хүртэл бүтэн 7 сарын турш “Их Тээвэр” ХХК-тай хамтран, автомашин ачихад ашиглаж, үр шимийг нь хүртчихээд хариуцагчид төлөх ёстой 12,000,000 төгрөгөөс ердөө 1,100,000 төгрөгийг л төлж үлдэх хэсгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ч  арга буюу өөрийн автомашиныг буцаан авсан бөгөөд нэхэмжлэгч С  нь түүнд төлсөн 1,600,000 төгрөг, автомашинд зарцуулсан гэх 2,190,000 төгрөг, нийт 3,790,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэр хуульд нийцсэн байх боловч хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийн автомашиныг 7 сарын хугацаанд нэхэмжлэгч С эд ашиглуулсан тул 7 сарын хугацаанд олох ёстой байсан орлого гэж үзэн 5,900,000 төгрөгийг шаардсан байдаг. Учир нь хариуцагч дээрх автомашиныг худалдан авсан даруйдаа “Их Тээвэр” ХХК-ийн захирал И.Мягмаржав гэх хүнд сарын 1,000,000 төгрөгний хөлстэйгөөр түрээслүүлж байсан байна. Иймд сар бүр олох ёстой байсан орлогоо 1,000,000 төгрөг гэж тооцон, нийт 7,000,000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн өгсөн 1,100,000 төгрөгийг хасч үлдэх 5,900,000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Гэтэл шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь дараах үндэслэлээр няцаагдах юм. Үүнд:

1. 2018.01.24-ний өдөр хариуцагч Ч  нэхэмжлэгч С ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүгч шийдвэрлээгүй буюу хүсэлтийг хангасан эсэх тухай шийдвэрлэсэн захирамжийг бичгээр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2. “Их тээвэр” ХХК-ийн захирал И.Мягмаржав гэх хүн хариуцагч Ч гийн автомашиныг сарын 1,000,000 төгрөг төлж ашиглаж байсан бөгөөд 2 сар ашигласны төлбөрт 1,800,000 төгрөг төлсөн. Одоо 200,000 төгрөг төлөх дутуу байгаа хэмээн 2018.01.26-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох чухал ач холбогдолтой баримт байсан. Гэтэл шүүх гэрчийн дээрх мэдүүлгийг үнэлээгүй бөгөөд энэ тухай шийдвэр, магадлалд огт дурьдаагүй тул нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

3. Дээрх шүүх хуралдаан дээр гэрч И.Мягмаржав нь нэхэмжлэгч С ийн 7 сарын хугацаанд 81-10 УНД улсын дугаартай ачлагын автомашиныг ашиглаж, ашиг орлого олж байсан болохыг нотлох чухал ач холбогдолтой баримт болох байгууллагын хар дэвтрийг авч ирсэн байсныг хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад онцолж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ач холбогдолтой болохыг дурьдсаар байтал шүүгч уг дэвтрийг “Одоо би наадахыг чинь яаж хараад, шүүгээд сууж байдаг юм” гэж хэлээд ойшоогоогүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38.9 дэх хэсэгт заасан шүүгчид хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьд болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн “Их тээвэр” ХХК-тай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажил, үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллах гэрээ”-г авч ирж нотлох баримтаар өгснийг шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж буцаан өгч, хэрэгт хавсаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч С  нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин бусдын өмч, хөрөнгийг 7 сарын хугацаанд ашиглаж, үр шимийг нь хүртэж үндэслэлгүй хөрөнгөжсөн байхад шүүх ийнхүү хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байх тул шүүхийн шийдвэр, магадлалийг хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Б ” ХХК болон иргэн С  нь хариуцагч Ч д холбогдуулан автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3,790,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээр олох байсан орлого 6,009,350 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

2016 оны 3 дугаар сард Ч , С  нарын хооронд ачигч автомашиныг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн талаар талууд маргаагүй, талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.  

Хэрэгт авагдсан баримтаар “Б ” ХХК-ийг дээрх гэрээний оролцогч гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх уг компанийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Худалдагч тал болох Ч  нь 2016 оны 10 дугаар сард автомашиныг нэхэмжлэгчээс буцаан авсан нь тогтоогдсон, талууд энэ тухайд маргаагүй, харин автомашины үнэ, төлбөр төлөх хугацаа, төлсөн төлбөрийн хэмжээ болон эд хөрөнгийн доголдлыг арилгахтай холбоотой үйл баримтын талаар маргасан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч автомашинаа нэхэмжлэгчийн эзэмшлээс буцаан авснаар түүнийг гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байх тул талуудын хэн аль нь гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй буюу нэхэмжлэгч С  нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 1,600,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан учраас  засан  сайжруулалт хийж, сэлбэгт 2,190,000 төгрөгийн зардал гаргасан гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор анхан шатны шүүхэд “Их тээвэр” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/25, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/22 тоот албан бичгүүдийг ирүүлсэн байна. Энэ албан бичгүүд нь гэрч И.Мягмаржавын шүүхэд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байх тул эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Түүнчлэн нэхэмжлэгч нь автомашиныг шилжүүлэн авснаас хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргасан талаар баримтгүй байх тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс сэлбэгний үнэ 2,190,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 2016 оны 3 сараас 7 сар хүртэлх хугацаанд автомашинаа эзэмшиж, ашиглаж чадаагүйн улмаас учирсан хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв, гэвч хариуцагч нь 7,000,000 төгрөгийн орлого олох байсан гэсэн сөрөг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс шүүхийг нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй. Түүнчлэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлтэй ижил байна. 

Давж заалдах шатны шүүх “...хариуцагчаас нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх захирамжаар шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, ...дэвтрийг нотлох баримтаар судлуулах талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй...” гэж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлийг магадлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00239 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 854 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

          2. Хариуцагч Ч гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,700 /нэг зуун гучин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН