Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00239

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/00239

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б Х” ХХК нэхэмжлэлтэй,

 

            Нэхэмжлэгч: С.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Ж-д холбогдох,

 

Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3 790 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 6 009 350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Ч.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганхуяг, гэрч И.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б Х ХХК болон нэхэмжлэгч С.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.С нь 2016 оны 3 дугаар сарын дундуур иргэн Ч.Жтай ачигч автомашин 10.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, төлбөрийг  1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Уг автомашины нийт үнийн дүнг Ч.Ж өөрийн эзэмшлийн автомашиныг шилжүүлж өгөхдөө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, моторын эд анги маш сайн, тосолгоо, 6 дугуйг солих байх гэж хэлсэн. С.С автомашиныг хүлээж аваад гэрээний дагуу үнийг төлөхдөө өөрийн “Б Х” ХХК-ийн харилцах данснаас 1.100.000 төгрөгийг худалдагчийн данс руу шилжүүлсэн, “Хас транс” ХХК-ийн захирал н.Мандахбаяр гэдэг хүнд 500.000 төгрөгийг Ч.Жгийн өмнөөс шилжүүлсэн бөгөөд нийт 1.600.000 төгрөг төлсөн. Машиныг хүлээж аваад зайлшгүй шаардлагатай засвар үйлчилгээ буюу 6 дугуйг 210 000 төгрөгөөр, 1 ширхэг маякны гэрлийг 40 000 төгрөг, урд, хойд камер 90 000 төгрөгөөр авч ашигласан. Ингээд чирэгч автомашиныг ашиглах явцад моторын эд анги эвдрэлтэйн улмаас эвдэрсэн. Моторны эвдрэлийн тухай хариуцагч Ч.Жд хэлж, гэрээг цуцлах санал тавихад хариуцагч моторны үнийг тооцоод, мотор аваад тавьчих энэ үнийг машин зарж буй нийт үнээс хасч тооцно гэж хэлсэн учир 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 850 000 төгрөгөөр шинэ мотор авч тавьсан. Гэтэл Ч.Ж гэрээнээс татгалзаж байна гэж хэлээд Баянзүрх дүүрэгт байрлалтай ТЭЦ-4 журмын хашаанаас худалдан авагчид мэдэгдэхгүй уг автомашиныг буцаан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Тиймээс автомашинд төлсөн 1 600 000 төгрөг, автомашины сэлбэгт төлсөн 2 190 000 төгрөг нийт 3.790.000 төгрөгийг шаардаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ж миний бие 2015 онд ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор Хас банкны зээлээр авто-ачигч машин худалдан авсан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо авсан зээлээ төлж барагдуулж хэвийн ажиллаж байсан. 2016 оны 03 дугаар сард Отгонбаатарын хүсэлтээр С.С гэдэг хүнтэй анх удаа уулзсан бөгөөд С.С нь ачигч машины төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд автомашиныг ашиглах явцад гарах аливаа эвдрэл гэмтлийг худалдан авагч этгээд бүрэн хариуцах, машины өмнөх эзэмшилд төлөх ёстой 500 000 төгрөг болон Хас банкны зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг 2016 онд багтаан төлж барагдуулсан тохиолдолд шилжүүлэн өгөхөөр худалдах санал тавьсан бөгөөд иргэн С.С хүлээн зөвшөөрч 2016 оны 03 дугаар сард бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай машин хүлээн авч, 2016 оны 10 дугаар сар хүртэл нийт 7 сарын хугацаанд уг автомашиныг ашиглаж, ашиг олсон. Энэ хугацаанд иргэн С.С нь банкны зээлийн төлбөр төлөхөд зориулж 2 удаагийн шилжүүлгээр нийт 1 100 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, энэ мөнгийг нь тухай бүр банкны төлбөрт шууд шилжүүлсэн ба бусад хугацааны төлбөрийг миний бие өөрөө төлж барагдуулсан. С.Сийн  хариуцлагагүй байдлын улмаас банкны зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй удааширч байгаа нь муу зээлдэгчийн жагсаалтад орох эрсдэлтэй болж байгааг банкны ажилтан надад удаа дараа сануулж байсныг би тухай бүрт нь С.Сэд хэлж байсан бөгөөд тэрээр ирэх долоо хоногт өгнө, автобусны орлого орохоор бөөнд нь өгнө, машин ачсан мөнгө орохоор өгье гэх зэргээр хойшлуулсаар 2016 оны 08 сараас утсаа авахаа больж сураггүй алга болсон. Миний бие ачигч машиныг бусдад ашиглуулж, шилжүүлэх тохиролцоо хийхдээ ямар нэгэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй огт харилцан тохиролцоогүй тул Б Х ХХК нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн бусдын бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгслийг худалдан авна гэж авч явж 7 сар гаруй хугацаанд ашиглаад, тохиролцсон төлбөрөө төлөлгүйгээр ор сураггүй алга болсон нь С.С анхнаасаа намайг хууран мэхэлж ачигч машиныг ашиглах зорилготой байсан гэж үзэхэд хүргэж байна. Ачигч машиныг авахдаа сайтар нягтлан шалгасны үндсэн дээр бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатайгаар хүлээн авч явсан бөгөөд үүнээс хойш гарсан алдаа, эвдрэл гэмтлийг С.С өөрөө бүрэн хариуцна эж харилцан тохиролцсон тул тухайн хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засварласан зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Ж шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие иргэн С.Сээс ачигч машинаар 7 сарын хугацаанд олох боломжтой байсан ашиг болох 7 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа  1 100 000 төгрөгийг хасаад үлдэгдэл болох 5 900 000 төгрөгийг гаргуулан авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч машины үнийг төлөх хэлцлээ биелүүлэхгүй, 4 дүгээр сард 300.000 төгрөг шилжүүлээд, 7 дугаар сард 1.100.000 төгрөг миний данс руу хийсэн. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд нэхэмжлэгчид миний машин байсан. Анх зээлээр автомашин худалдахдаа миний өмнөөс банкны зээлийг барагдуулна гэж тохиролцсон боловч банкны төлбөрт 4 786 750 төгрөгийг би өөрөө төлсөн. 2016 оны 8 дугаар сараас н.Сүх гэдэг хүнтэй холбоо тасраад олдохоо больсон. 2016 оны 10 дугаар сард ТЭЦ-4 журмын хашаанд байж байхаар нь би жолоочоо авчраад 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аваад явсан. Хүний машиныг аваад 7 сар ашигласан байж моторгүй, дугуйгүй машин авчихсан юм шиг нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласаны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устгагдаж, гэмтэх эрсдэл худалдан авагчид шилжинэ. Тэгэхээр энэ гэмтлийн асуудал бол н.Сүхд шилжсэн байна. Худалдагч тал гэрээнээс татгалзсан үндэслэл бол гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Олох ёстой орлого, алдагдал гэж үндэслэж байгаа боловч олох ёстой орлогоо хариуцагч өөрөө нотлох ёстой. 1 800 000 төгрөг авдаг байсан, өгдөг байсан гэж яригдаж байгаа боловч нотлох баримт байхгүй байна. Талууд машины үнийг 12 000 000 төгрөгөөр тохиролцоогүй, 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хэлсэнчлэн сар бүр 2 000 000 төгрөг гэж тохиролцоогүй. С.С автомашиныг худалдаж авах үед моторны эд анги эвдрэлтэй, доголдолтой гэдгийг мэдэх боломжгүй байсан. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б Х” ХХК, С.С нар автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт хариуцагч Ч.Жгаас 3 790 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Ч.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд  “Б Х” ХХК-ний захирал С.Сэд холбогдуулж олох байсан орлого хэмээн 5 900 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.С, хариуцагч Ч.Ж нар 2016 оны 3 дугаар сард Хьюндай либро маркын УНД 81-10 улсын дугаартай автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцжээ. 

 

Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээний хүчин төгөлдөр байдал, эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн, худалдагч тал гэрээнээс татгалзаж автомашиныг буцаан авсан, машины үнэд худалдан авагч  1 100 000 төгрөгийг дансаар төлсөн, 500 000 төгрөгийг хариуцагч Ч.Жгийн бусдад өгөх өрийг нэхэмжлэгч С.С хариуцан төлж, автомашины төлбөрөөс суутгахаар тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдох ба эдгээр үйл баримтад талууд маргаангүй байна.

 

Харин худалдан авагчид шилжүүлсэн автомашин биет байдлын доголдолтой буюу зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан эсэх, төлбөр төлөх хугацаа, гэрээнээс татгалзах болсон үндэслэл  зэрэг үйл баримтын талаар талууд маргаантай байна.

 

Зохигч автомашины үнийг 6 сар эсхүл 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон гэж зөрүүтэй тайлбарлаж, хэн алиных нь тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх, 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд худалдан авагч тал худалдагчид төлвөл зохих 10 000 000 төгрөгөөс 1 600 000 төгрөг буюу 16 хувийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй үйл баримтыг харгалзан үзээд худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдагч тал гэрээнээс татгалзаж, автомашиныг Ч.Жгийн эзэмшлээс буцаан авсан байна  гэж дүгнэлээ.

Нэгэнт худалдагч тал автомашиныг буцаан авснаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсанаа гэрээний нөгөө талд мэдэгдсэн гэж үзэх ба гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, мөн хуулийн 205.7-д зааснаар энэ үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой тул автомашины урьдчилгаа төлбөрт худалдан авагч С.Сээс төлсөн 1 600 000 төгрөгийг хариуцагч Ч.Жгаас гаргуулахаар нэхэмжлэгч С.С шаардах эрхтэй.

Худалдах худалдан авах гэрээ нэхэмжлэгч С.С, хариуцагч Ч.Ж нарын хооронд байгуулагдсан тухайд зохигч маргахгүй, Б Х ХХК уг гэрээний оролцогч биш байх тул Б Х ХХК-ний  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б Х ХХК-нийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь С.С болох нь тогтоогдож байх тул Б Х ХХК-ний данснаас шилжүүлсэн 1 100 000 төгрөгийг гэрээний гүйцэтгэлийг буцаах байдлаар С.Сэд олгохоор шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзсэн болохыг тайлбарлаж байна.   

Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох сэлбэгний үнэ 2 190 000 төгрөгийг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч талын өөрийнх нь буруутайн улмаас худалдагч гэрээнээс татгалзсан байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т нэг тал гэрээнээс татгалзсан явадлд нөгөө тал нь буруугүй бол гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй байхаар зохицуулсан тул сэлбэгийн үнэ 2 190 000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэл ажил гүйцэтгэх боломжгүй доголдолтой байсан болохыг нотлохоор Их тээвэр ХХК-ний 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/25 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/22 дугаар “техникийн бүрэн бус байдлаа шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулсан агуулга бүхий албан бичгүүдийг хэрэгт ирүүлсэн боловч шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Их тээвэр ХХК-ний захирал И.Мягмаржав тухайн албан бичгийг эрх бүхий этгээд бичээгүй, хуурамч баримт хэмээн үгүйсгэсэн. Иймд нэг талаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэх, нөгөө талаас нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан тул эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Ч.Ж 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын хугацаанд худалдсан автомашинаа өөрөө эзэмшиж ашиглаж байсан бол 7 000 000 төгрөгийн орлого олох байсан гээд үүнээс худалдан авагч талын төлсөн 1 100 000 төгрөгийг суутгаад үлдэх 5 900 000 төгрөгийг худалдан авагч талаас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан боловч худалдагч тал 7 000 000 төгрөгийн орлогыг олох байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ч.Жгаас автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 1 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сэд олгохоор, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2 190 000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн заримыг хангасан тул улсын тэмэдэгтийн хураамжийг зохигчдод хуваан хариуцуулах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т тус тус зааснаар Ч.Ж-ээс 1 600 000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Сэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 190 000 /хоёр сая нэг зуун ерэн мянган/ төгрөгийг, “Б Х” /РД:599503/-ний 3 190 000 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагчийн 6 009 350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 40 550 төгрөгийг хариуцагч Ч.Жгаас гаргуулж нэхэмжлэгч С.Сэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 590 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 109 350 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ