Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 854

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00854

 

 

“БХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “БХ” ХХК, С.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ж-д холбогдох,

 

Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 6 009 350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ууганбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Намуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С нь 2016 оны 3 дугаар сарын дундуур иргэн Ч.Ж-тай ачигч автомашин 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, төлбөрийг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Ч.Ж- өөрийн эзэмшлийн автомашиныг шилжүүлж өгөхдөө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, моторын эд анги маш сайн, тосолгоо, 6 дугуйг солих байх гэж хэлсэн.

С.С автомашиныг хүлээж аваад гэрээний дагуу үнийг төлөхдөө өөрийн “БХ” ХХК-ийн харилцах данснаас 1 100 000 төгрөгийг худалдагчийн данс руу “Хас транс” ХХК-ийн захирал н.Мандахбаяр гэдэг хүнд 500 000 төгрөгийг Ч.Ж-гийн өмнөөс тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 1 600 000 төгрөг төлсөн.

Автомашиныг хүлээж аваад зайлшгүй шаардлагатай засвар үйлчилгээ буюу 6 дугуйг 210 000 төгрөгөөр, 1 ширхэг маякны гэрлийг 40 000 төгрөг, урд, хойд камер 90 000 төгрөгөөр авч, тавьсан. Ингээд чирэгч автомашиныг ашиглах явцад моторын эд анги эвдэрсэн.

Моторын эвдрэлийн тухай Ч.Ж-д хэлж, гэрээг цуцлах санал тавихад хариуцагч моторын үнийг тооцоод, мотор аваад тавьчих энэ үнийг машин зарж буй нийт үнээс хасч тооцно гэж хэлсэн учир 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1 850 000 төгрөгөөр шинэ мотор авч тавьсан.

Гэтэл Ч.Ж- гэрээнээс татгалзаж байна гэж хэлээд Баянзүрх дүүрэгт байрлалтай ТЭЦ-4 журмын хашаанаас худалдан авагчид мэдэгдэхгүй уг автомашиныг буцаан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Тиймээс автомашинд төлсөн 1 600 000 төгрөг, автомашины сэлбэгт төлсөн 2 190 000 төгрөг нийт 3 790 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Олох ёстой орлого, алдагдал гэж үндэслэж байгаа боловч олох ёстой орлогоо хариуцагч нотлоогүй. 1 800 000 төгрөг авдаг байсан, өгдөг байсан гэж яригдаж байгаа боловч нотлох баримт байхгүй байна. Талууд машины үнийг 12 000 000 төгрөгөөр тохиролцоогүй, 10 000 000 төгрөгөөр, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хэлсэнчлэн сар бүр 2 000 000 төгрөг гэж тохиролцоогүй. С.С автомашиныг худалдаж авах үед моторын эд анги эвдрэлтэй, доголдолтой гэдгийг мэдэх боломжгүй байсан. Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ж- миний бие 2015 онд ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор Хас банкны зээлээр ачигч автомашин худалдан авсан бөгөөд үйл ажиллагааны орлогоороо авсан зээлээ төлж барагдуулж хэвийн ажиллаж байсан.

2016 оны 03 дугаар сард С.С нь ачигч автомашины төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд автомашиныг ашиглах явцад гарах аливаа эвдрэл гэмтлийг худалдан авагч этгээд бүрэн хариуцах, автомашины өмнөх эзэмшилд төлөх ёстой 500 000 төгрөг болон Хас банкны зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөгийг 2016 онд багтаан төлж барагдуулсан тохиолдолд шилжүүлэн өгөхөөр худалдах санал тавихад С.С хүлээн зөвшөөрч, 2016 оны 03 дугаар сард бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай автомашиныг тэрээр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сар хүртэл нийт 7 сарын хугацаанд уг автомашиныг ашиглаж, ашиг олсон.

Энэ хугацаанд С.С нь банкны зээлийн төлбөр төлөхөд зориулж 2 удаагийн шилжүүлгээр нийт 1 100 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, энэ мөнгийг нь тухай бүр банкны төлбөрт шууд шилжүүлсэн ба бусад хугацааны төлбөрийг миний бие өөрөө төлж барагдуулсан. С.Сийн хариуцлагагүй байдлын улмаас банкны зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй удааширч байгаа нь муу зээлдэгчийн жагсаалтад орох эрсдэлтэй болж байгааг банкны ажилтан надад удаа дараа сануулж байсныг би тухай бүрт нь С.Сэд хэлж байсан боловч төлбөрөө төлөөгүй.

Миний бие автомашиныг бусдад ашиглуулж, шилжүүлэх тохиролцоо хийхдээ ямар нэгэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй огт харилцан тохиролцоогүй тул “БХ” ХХК нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Ачигч машиныг авахдаа сайтар нягтлан шалгасны үндсэн дээр бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатайгаар хүлээн авч явсан тул тухайн хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засварласан зардлыг төлөх үндэслэлгүй.

Миний бие С.Сээс автомашинаар 7 сарын хугацаанд олох боломжтой байсан ашиг болох 7 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1 100 000 төгрөгийг хасаад үлдэгдэл болох 5 900 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 350 төгрөгийг нэмээд нийт 6 009 350 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 8 дугаар сараас С.С гэдэг хүнтэй холбоо тасраад олдохоо больсон. 2016 оны 10 дугаар сард ТЭЦ-4 журмын хашаанд автомашин байж байхаар нь би жолоочоо авчраад 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аваад явсан.

Худалдагч тал гэрээнээс татгалзсан үндэслэл бол гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т тус тус зааснаар Шавь овогт Чойжилсүрэнгийн Жавхлан /РД:ЧТ82081472/-аас 1 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Сэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 190 000 төгрөгийг, “БХ” /РД:599503/-ний 3 190 000 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагчийн 6 009 350 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 40 550 төгрөгийг хариуцагч Ч.Ж-гаас гаргуулж нэхэмжлэгч С.Сэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 590 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 109 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэгч С.С нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх автомашиныг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд автомашиныг худалдаж авахад болон авснаас хойш бүрэн бүтэн байдалтай нь холбоотой гомдлын шаардлага гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй нь үндэслэлтэй байх боловч шүүгч Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг дараах зөрчиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаагүйд гомдолтой байна.

Хариуцагч Ч.Ж- 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч С.Сийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасан. Хэдийгээр шүүх хариуцагчийн дээрхи хүсэлтийг хангах эсэх нь эргэлзээтэй боловч мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг шүүгч зөрчиж хариуцагчийн хүсэлтийг хангах эсэх тухай захирамжийг бичгээр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасантайгаа холбогдуулж нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь 109500115388 тоот дансыг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг шүүгч мөн л хангасан эсэх тухай захирамжийг бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй байна. Шүүгчийн дээрх удаа дараагийн хууль зөрчсөн эс үйлдэхүй нь хариуцагчийн хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд үүнээс үзэхэд шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, шийдвэрээ урьдчилан гаргасан гэж үзэж болохоор байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Их Тээвэр” ХХК-ийн захирал И.Мягмаржавыг тус компаний тамга, тэмдэг бүхий 4/25, 8/22 тоот албан бичгийг хүчин төгөлдөр эсэхийг нотлуулах зорилготой гэрчээр асуух үед тэрээр өөрийн компаний тамга, тэмдэгийг хуурамчаар ашигласан болохыг хэлж, тайлбараа нотлох зорилготой 81-10 УНД улсын дугаартай ачлагын автомашинаар ачиж ирсэн автомашинуудын бүртгэлийн хар дэвтрийг үзүүлсэн байдаг. Уг хар дэвтэр нь нэхэмжлэгч С.Сийг дээрхи автомашиныг ашиглаж хичнээн төгрөгийн ашиг олсон болохыг нотолж болох чухал ач холбогдолтой баримт байсан. Уг дэвтрийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох чухал ач холбогдолтой болохыг түүний өмгөөлөгч шүүх хуралдааны явцад шүүгчид хэлсэн боловч шүүгч “Одоо би наадхыг чинь яаж хараад, шүүгээд сууж байдаг юм” гэж хэлээд хүлээн аваагүйд маш их гомдолтой байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, хар дэвтэр болон нэхэмжлэгч С.Сийн “Их Тээвэр” ХХК-тай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллах гэрээ”-г нэхэмжлэгчээс гаргуулан түүнийг 7 сарын хугацаанд хэдий хэмжээний ашиг олсон болохыг тогтоох бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүгч өөрт хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “БХ” ХХК болон С.С нар нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3 790 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч олох байсан орлого 6 009 350 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Ч.Ж-, С.С нарын хооронд 2016 оны 03 дугаар сард ачигч автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тогтоосон. Түүнчлэн нэхэмжлэгч “БХ” ХХК нь уг гэрээний оролцогч биш тул анхан шатны шүүх уг компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч Ч.Ж- 2016 оны 10 дугаар сард автомашиныг буцаан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин автомашины үнэ, төлбөр төлөх хугацаа, төлсөн төлбөрийн хэмжээ болон эд хөрөнгийн доголдлыг арилгахтай холбоотой үйл баримтын талаар талууд маргажээ.

 

Хариуцагч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 10 дугаар сард автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшлээс буцаан авснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх бөгөөд талуудын хэн аль нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С.С нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 1 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэнд хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй байна.

 

Автомашин доголдолтой байсан учраас нэхэмжлэгч засан сайжруулалт хийж, сэлбэгт 2 190 000 төгрөгийн зардал гарсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өгсөн “Их тээвэр” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/25, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/22 тоот албан бичгүүд нь гэрч И.Мягмаржавын “Манай албан тоот биш байна, н.Батзаяа гэдэг хүн гарын үсэг зурж, тамга дарах эрхтэй хүн биш, энэ тоотыг манайх явуулаагүй, энэ тоотыг ямар нэгэн байдлаар хуурамчаар хийсэн байна” гэх мэдүүлгээр үгүйсгэгдсэн байх тул эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэхгүй, энэ талаарх анхан шатны шүүх зөв болжээ. /хх 53-54 дэх тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь автомашиныг шилжүүлэн авснаас хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргасан талаар баримтгүй байх тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэлбэгний үнэ 2 190 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт зааснаар 2016 оны 03 сараас 7 сар хүртэлх худалдсан автомашинаа эзэмшиж, ашиглаж чадаагүйн улмаас учирсан хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь 7 000 000 төгрөгийн орлого олох байсан нь талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

 Хариуцагчаас нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх захирамжаар шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Шүүх хуралдаанд биечлэнд оролцох эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх юм. Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн дансыг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/13038 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь гэрч И.Мягмаржаваас С.С автомашиныг ямар хугацаанд ажиллуулж байсныг асуухад бүртгэлийн дэвтэрт байдаг талаар мэдүүлсэн бөгөөд хариуцагч талаас уг дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаагүй ба уг дэвтрийг нотлох баримтаар судлуулах талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 136 700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА