Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01878

 

“Г”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01748 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1768 дугаар магадлалтай,

“Г”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

С.Б, Г.Бнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29 608 226.15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Бийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантөмөр, Б.Мөнхзул нар гаргасан тайлбартаа: Иргэн С.Б, С.Г.Бнар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/004/17 тоот зээлийн гэрээг байгуулж 25.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлсэн. Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Бт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хуваарийг удаа дараа зөрчин хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй зэрэг байдал нь бидний ажилд хүндрэл учруулж компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоолсноор нийт төлбөр 29.608.226.15 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар хариуцагч биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С.Б миний Хаан банкны 5030540342 дугаар данс руу зээлийн 25.000.000 төгрөг орсон. Г.Б...би үйл ажиллагааныхаа санхүүжилтийг өөрөө зохицуулж, хяналт тавина гэж хэлээд зээлийн мөнгийг өөрийн Хаан банкны 5021203910 тоот данс руу шилжүүлэхийг шаардсан тул би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 25.000.000 төгрөгийг Г.Бийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх зээлийн хүүнд 967.000 төгрөгийг Г.Бтөлөөд түүнээс хойш зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй. 25.000.000 төгрөгийг аваад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй сураггүй алга болсон. Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. 2017 оны 6 дугаар сарын 06, 15-ны өдрүүдэд би хүүнд 2.055.326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 494.676 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан, би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн мөнгөөр худалдан авсан гэх Г.Бийн Приус20 маркийн 22-67 УНЧ улсын дугаартай О.Батнямын нэр дээр байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй суудлын автомашиныг зарж 8.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Бтэй хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж, “Г”ББСБ ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 21 472 890 төгрөг, зээлийн хүүд 2 055 326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 494 676 төгрөг, нийт 24 022 830 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20217 дугаар захирамжаар хариуцагч Г.Бийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг буцаасан. Би янз бүрийн шугамаар Г.Бийг олох гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч эрэн сурвалжлуулах өргөдөл өгч, тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн 00261 дугаартай шийдвэрээр Г.Бийг эрэн сурвалжлах ажиллагаа Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр явагдаж, Г.Бийг одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна. Хэдийгээр бид хоёр хамтран зээл авсан боловч зээлийн мөнгийг бүгдийг нь Г.Бавсан, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, өөр зүйлд зарцуулсан Г.Бхариуцах ёстой гэж үзэж байна. Би 25 000 000 төгрөгөөс нэг ч төгрөгийг өөртөө аваагүй. Ийм учраас зээлийн төлбөрийг хариуцвал хоёулаа л хариуцах ёстой. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 500 000 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01748 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г”ББСБ ХХК нь хариуцагч Г.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Бөөс 26 785 721 төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч “Г”ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 822 505.15 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бшүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бөөс 291 879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г”ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1768 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч хариуцагч С.Бийн төлсөн 291 879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ИХШХШ тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ““Г”ББСБ” ХХК нь хариуцагч Г.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Г.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би айлд үрчлэгдсэн эгч Г.Бийн санал болгосноор хамтран ажиллахаар болж 2017 оны 01 сарын 20-ны өдөр “Интерьерийн шинэ технологийн студи” байгуулж, барилгын дотор заслын зураг төсөл хийхээр тохиролцсон. Үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн эх үүсвэр байхгүй байсан учир банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар болсон. Г.Бөөрийн танил н.Энхзол гэдэг хүнээр “Г”ББСБ-ын эрх бүхий хүнтэй яриулсан зээл авахаар боллоо, барьцаа хөрөнгө хэрэгтэй, чи аав, ээжтэй ярилцаад орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүлчих, тэгвэл барьцаанд тавьж зээл авахад амархан бүтнэ гэсэн. 2017 оны 01 сарын 24-ний өдөр Баянгол дүүрэг 5-р хороо 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 3-р байр 5 тоот хаягтай 18 м.кв талбай бүхий нэг өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010042-рт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000525786 дугаар гэрчилгээтэй 4 хүний өмчлөлийн/ ээж Н.Бадамгарав, аав Г.Сүхбаатар, эгч С.Ариунтуяа, С.Б /орон сууцыг бэлэглэлийн гэрээ хийж миний нэр дээр шилжүүлээд 2017 оны 01 сарын 30-ны өдөр бид зээл авахаар болж, хамтран бизнес хийж байгаа тул зээлийн зорилгоо тодорхойлж, хоёулаа хүсэлтээ гаргаж, зээлийн ЗГ004/17 дугаар гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хийж, хамтран зээл авч байгаа тул хоёулаа гарын үсэг зурсан. 2017 оны 01 сарын 31-ний өдөр С.Б миний Хаан банкны 5030540342 дугаар данс руу зээлийн 25 000 000 төгрөг орсон Г.Бби үйл ажиллагааныхаа санхүүжилтийг өөрөө зохицуулж, хяналт тавина гээд зээлийн мөнгийг өөрийн Хаан банкны 5021203910 тоот данс руу шилжүүлэхийг шаардсан тул би 2017 оны 02 сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөгийг Г.Бийн данс руу шилжүүлсэн. Г.Бнь зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт зааснаар эхний сарын мөнгийг төлөөд алга болсон. Би янз бүрийн шугамаар Г.Бийг олох гэсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байсан тул 2018 оны 01 сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч эрэн сурвалжлуулах өргөдөл өгч, тус шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн шүүгчийн 00261 дугаартай шийдвэрээр Г.Бийг эрэн сурвалжлах ажиллагаа Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр явагдаж байгаа тухайгаа шүүхэд өгсөн хариу тайлбартаа бичиж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь Г.Бийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагаасаа ямар үндэслэлээр татгалзаж байгаа, түүнийг хариуцагчаас чөлөөлөх ямар хууль зүйн үндэслэл байгаагаа тодорхойлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авсан. ИХШХШ тухай хуулийн 26.3-д хариуцагчийг тодорхойлохдоо: “нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ” гэсэн байна. Зээлийн мөнгийг Г.Бавсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн, Г.Бнь мөнгийг авч явснаар хамтран ажиллахаар тохирсон үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь намайг үүргээ биелүүлэхэд саад учирсан байдлыг нотолсоор байтал шүүх эдгээр нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ИХШХШ тухай хуулийн 106 дугаар зүйл хэрэг хэлэлцэж эхлэх, мөн зүйлийн 106.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ.” гэсэн хуулийн заалтыг баримталж хариуцагч Г.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн зохих заалтыг баримтлаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэр нь илт хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн байхад шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч “Г”ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Г.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 29 608 226.15 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн хангуулах хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагч Г.Бт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хариуцагч С.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийг Г.Бавсан тул хариуцахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох “Г”ББСБ ХХК нөгөө талаас С.Б, Г.Бнарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талуудын эрх, үүрэг, хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээ, барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар хоёр шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, хариуцагчаас 26 785 721 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 242 дугаар зүйлийн 242.3, 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

“Г”ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг зээлдэгч С.Бийн дансанд шилжүүлж, үүргээ биелүүлжээ. Хариуцагч нар 25 000 000 төгрөгийг гэрээний дагуу 6 сарын хугацаагаар ашигласан боловч үндсэн зээл, сарын 4 хувийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогджээ.

С.Б, Г.Бнар нь зээлийн үүргийг хамтран гүйцэтгэхээр зээлдүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болох “Г”ББСБ нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байдаг тул зээлийн үүргийг С.Бөөс шаардсан нь хууль зөрчихгүй юм. С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хамтран зээлдэгч Г.Бийн Хаан банкин дахь 5021203910 тоот дансанд 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх боловч зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан гэж үзэх тул зээл төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин хариуцагч С.Б нь Г.Бээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хариуцагч Г.Бт холбогдох нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1768 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/01748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 106 дугаар зүйлийн 106.5” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 879  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА