Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01844

 

Ш.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1532 дугаар магадлалтай,

Ш.Ргийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хурцбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Р нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0073 дугаар бүхий 4260 м.кв газрыг контор, гражийн зориулалтаар 5.6 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ. Уг газрыг нэхэмжлэгч нь 2004 онд “М”ХХК-д зээлсэн 100.000 ам долларын зээлийнхээ өрөнд тооцож авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 дугаар тогтоолоор миний эзэмшлийн газрыг өөр хуулийн этгээд болох “М”ХХК-ийн өр төлбөрт хураан авч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь “М”ХХК-тай хамааралгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй. Хариуцагч, гуравдагч этгээдээс “М”ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын суурийн хэмжээгээр тооцсон гэж байгаа ч дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд газар гэж ялгаж зааглаагүйгээр бүхэлд нь дурдсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоол, уг тогтоолын дагуу явуулж буй ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М”ХХК-аас хувьцааны төлбөрт 1.764.852 ам.долларыг гаргуулж “С И Л”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “М”ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж 8 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн гаражийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 150/166 тоот хураах тогтоолоор хураасан. Төлбөр авагч “С И Л”ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж 8 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай барилгыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1.919.900.000 төгрөгийн 70 хувиар тооцон 1.343.930.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулахад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар нийт 4 удаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу төлбөр төлөгчийн битүүмжилж, хураагдсан хөрөнгөд ажиллагааг явуулсан. Гэтэл битүүмжилж, хураасан хөрөнгийг төлбөр төлөгч “М”ХХК дур мэдэн бусдад шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Ш.Ргийн эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “С И Л”ХХК-ийн төлөөлөгч Э.Билэгсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Үндэсний Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаартай Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр төлөгч ”М”ХХК-аас 1.764.052 ам.долларыг албадан гаргуулж төлбөр авагч Кипр Улсын Смайнекс Инвестмент Лимитед компанид олгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцагч байгууллагаас явуулж байгаа билээ. Гэтэл Батс ХХК-иас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх 342 дугаартай тогтоолд 827.69 мкв талбайтай конторын барилга, 144 м.кв гаражийн барилга буюу 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн атлаа, дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээнд 4.260 мкв газрын эзэмших эрхийн үнэлгээг хамтад нь зааж бүгд 2.480.100.000 төгрөгийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн. Мөн төлбөр төлөгч “М”ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тодорхойлохдоо төлбөр төлөгчийн эзэмшиж байгаа төрийн өмчлөлийн газрыг үнэлгээнд оруулсан явдалд дүгнэлт хийвэл зохино гэж заасан. Дээрх шийдвэрийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрыг оролцуулалгүйгээр буюу төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох 827.69 мкв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, 144 мкв талбайтай конторын зориулалттай гаражийн барилгуудад дахин үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг манай зүгээс гаргасан. Уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэхийг хүссэн боловч, хуульд заасан хугацаанд ирүүлээгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Мөнх-Оргил трейд" ХХК-ийн хийсэн үнэлгээг тус албанаас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид хүргүүлсэн байдаг. Шинжээч 827.69 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1.451.600.000 төгрөгөөр, 1 давхар 144 мкв талбайтай барилга, 8 машины багтаамжтай гаражийг 94.700.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн хөрөнгийг үнэлэхдээ ..эдгээр барилга обьект нь нийт 4.260 мкв талбай бүхий эзэмшил газар дээр байрлах бөгөөд үүнээс нийт барилгажсан талбай нь 762 мкв, чөлөөтэй талбай нь 3.498 мкв байна. Барилгажсан талбайн 410,7 мкв нь “М”ХХК-ийн оффис үйлчилгээний болон гаражийн барилгуудынх, 351,3 м.кв нь өөр этгээдийн барилгын доорх талбай болно гэж дүгнэн зөвхөн үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх суурийн хэмжээг тооцон үнэлсэн байдаг. Иргэний хуульд зааснаар газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй тул хамт үнэлж, 410,7 мкв бүхий газрыг 373.600.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл төлбөр авагч “М”ХХК дээрх үнэлгээнд гомдол гаргаж, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 001/ХТ2017/01487 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Төлбөр төлөгчийн зүгээс урьд үнэлгээтэй холбоотой гомдол мөн гаргаж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Ргийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 4260 м.кв талбай бүхий газрыг үнэлж, дуудлага худалдаанд оруулаагүй бөгөөд уг газрыг бүхэлд нь үнэлсэнтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс уг алдаагаа залруулж, зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, тухайн хөрөнгүүдийн суурийн хэмжээгээр газрын хамт үнэлснийг мөн л гурван шатны шүүхээр шийдвэрлэж, үнэлгээг хэвээр үлдээсэн болно. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсон байх бөгөөд уг маргааны зүйл болох газрыг бүхэлд нь үнэлж, дуудлага худалдаанд оруулсан асуудлыг шүүхээр шийдвэрлэсний дараа буюу Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 342 дугаартай тогтоол гарсны дараа төлбөр төлөгч “М”ХХК-иас шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэний дараа ажиллагааны журмаар битүүмжлэгдэж, хураагдсан газрыг өөр этгээдэд төлбөр төлөгч дур мэдэн бусдад шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, хураагдсан газрын эзэмшигч ямар журмаар, хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхой бус боловч уг газрыг бүхэлд үнэлсэн, дуудлага худалдаанд оруулсантай холбоотой маргааныг 3 шатны шүүхээр удаа дараа эцэслэн шийдвэрлэсэн атал, эзэмших эрхийн гэрчилгээгээ өөр этгээдэд шилжүүлэн дахин нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн зүгээс удаашруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Арбитрын шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй манай үйлчлүүлэгч Кипр Улсын Смайнекс Инвестмент Лимитед компанийг хохироосоор байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.3-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 дугаар тогтоолоор газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000дугаарт бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2018/03228 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1532 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Ргийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдолыг гаргаж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “Нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү- 2203006219 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 3/8 дугаар тогтоолыг биелүүлэх цаг хугацаанд тухайн тогтоолд дурдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн1-р хороо, элчингийн гудамжид байрлах 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000515266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4260мкв газрыг эзэмшиж байсан Монгол улсын иргэн Ш.Ргийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Энэхүү хууль зөрчсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 7-р зүйлд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад нийцээгүй байна. Тиймээс шийдвэр, магадлал зэрэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Р нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

НШШГГ урьд нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 12 тоот  тогтоолыг гаргасан боловч  гуравдагч этгээд гомдол гаргаж, тогтоолыг Улсын Дээд Шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 3/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргасан байна. Уг тогтоолд өмчлөгч Ш.Р гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолын зарим хэсгийг буюу ...газрыг дуудлага худалдаанд оруулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон нь газар, уг газар  дээр баригдсан эд хөрөнгийг салгаж үзсэн агуулгатай болсон, дуудлага худалдаагаар эд хөрөнгийг борлуулах зорилго хэрэгжих боломжгүйд хүргэсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, зайлшгүй хийх эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М”ХХК-аас 1 764 052 ам долларыг гаргуулж Кипр улсын “С И Л”компанид олгохоор шийдвэрлэсэн ба Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаар шүүгчийн захирамж, 431 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 10/150 дугаар тогтоол, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгийг хураасан тухай 150/166 дугаар тогтоолд төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 8/2 тоот хаягт байрлах 144 мкв талбайтай гаражийн барилга, 827.69 мкв талбайтай конторын зориулалттай 3 давхар барилга, газрыг битүүмжилж, хураасан талаар тусгажээ. /хх 50-51, 77-83/

Ш.Р нь хариуцагч байгууллагаас битүүмжилж, хураасан  дээрх эд хөрөнгөөс 4260м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч, уг газрыг контор, гаражийн зориулалтаар эзэмших эрхтэй болох нь  2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000515266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдсон  байна. /хх- 8,9,11,12/ Хариуцагч байгууллага нь битүүмжилж хураасан шийдвэрийг эрх бүхий байгууллагад мэдэгдсэн эсэх нь тодорхой бус байх ба  Ш.Р нь эзэмших эрхийг өөртөө олж авсан, хууль ёсны эзэмшигч болсон нь тогтоогджээ.

Улсын Дээд Шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолд “...хариуцагч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах, битүүмжлэх тогтоол гаргахдаа “М”ХХК-ийн эзэмшлийн 4.260 м.кв 054665 тоот эзэмших эрхийн гэрчилгээг хураасан, битүүмжилсэн талаар тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тогтоолд газар дурдагдаагүй хэрнээ үнэлгээнд газрыг бүхэлд нь хамруулсан, газар төрийн өмч тул Газрын тухай хуульд нийцээгүй...” талаар дүгнэсэн байна. /хх-ийн 157-159/

Үүнээс хойш НШШГГ ...4.260м2 газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг дахин явуулсан нь тогтоогдоогүйгээс гадна 4260м2 газрын 762м2 газар дээр барилга баригдсан, 406м2 газар нь барилгажсан, 360м2 газар дээр өөр этгээдийн өмчлөлийн барилга байдаг, 349м2 газар нь чөлөөтэй байгаа үйл баримт тогтоогдсон байхад энэ талаар тодруулж, төлбөр гаргуулах эд хөрөнгийн хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй, 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уг газрын хууль ёсны эзэмшигч нь Ш.Р болсон байхад түүнээс үнийн санал авах, албадан дуудлага худалдааны талаар мэдэгдсэн эсэх нь тодорхой бус, эдгээр ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байх тул 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу боловч үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ажиллагаа 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан, хуулийн 53, 54, 55, 63, 65 дугаар зүйлд заасан дарааллын дагуу ажиллагаа хийгдэж, дуудлага худалдааг явуулах ёстой байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “М”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч уг оффис үйлчилгээний барилга, гаражийн барилга, эдгээр барилгуудын доорхи 410.7 м.кв эзэмшил газрын үнийг 1.919.900.000 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа хуульд нийцсэн болохыг дүгнэсэн боловч /хх- 41-43/  энэ нь шийдвэр гүйцэтгэлийн алдаатай ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1532 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дүгээр  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.              

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА