Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1532

 

Ш.Р-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Р-н нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т  холбогдох

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Р нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0073 дугаар бүхий 4260 м.кв газрыг контор, гражийн зориулалтаар 5.6 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ. Уг газрыг нэхэмжлэгч нь 2004 онд “М” ХХК-д зээлсэн 100.000 ам долларын зээлийнхээ өрөнд тооцож авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 дугаар тогтоолоор миний эзэмшлийн газрыг өөр хуулийн этгээд болох “М” ХХК-ийн өр төлбөрт хураан авч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь “М” ХХК-тай хамааралгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй. Хариуцагч, гуравдагч этгээдээс “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын суурийн хэмжээгээр тооцсон гэж байгаа ч дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд газар гэж ялгаж зааглаагүйгээр бүхэлд нь дурдсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоол, уг тогтоолын дагуу явуулж буй ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас хувьцааны төлбөрт 1.764.852 ам.долларыг гаргуулж “С И Л” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж 8 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэгдсэн гражийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 150/166 тоот хураах тогтоолоор хураасан. Төлбөр авагч “С И Л” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж 8 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай барилгыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1.919.900.000 төгрөгийн 70 хувиар тооцон 1.343.930.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулахад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар нийт 4 удаа түтгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу төлбөр төлөгчийн битүүмжилж, хураагдсан хөрөнгөд ажиллагааг явуулсан. Гэтэл битүүмжилж, хураасан хөрөнгийг төлбөр төлөгч “М” ХХК дур мэдэн бусдад шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Ш.Р-н эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “С И Л” ХХК-ийн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Үндэсний Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаартай Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр төлөгч  “М” ХХК-аас 1.764.052 ам.долларыг албадан гаргуулж төлбөр авагч Кипр Улсын “С И Л” компанид олгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцагч байгууллагаас явуулж байгаа билээ. Гэтэл “Б..” ХХК-иас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх 342 дугаартай тогтоолд 827.69 мкв талбайтай конторын барилга, 144 м.кв гараажийн барилга буюу 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн атлаа, дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээнд 4.260 мкв газрын эзэмших эрхийн үнэлгээг хамтад нь зааж бүгд 2.480.100.000 төгрөгийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн. Мөн төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тодорхойлохдоо төлбөр төлөгчийн эзэмшиж байгаа төрийн өмчлөлийн газрыг үнэлгээнд оруулсан явдалд дүгнэлт хийвэл зохино гэж заасан. Дээрх шийдвэрийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрыг оролцуулалгүйгээр буюу төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох 827.69 мкв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, 144 мкв талбайтай конторын зориулалттай гражийн барилгуудад дахин үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг манай зүгээс гаргасан. Уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэхийг хүссэн боловч, хуульд заасан хугацаанд ирүүлээгүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Мөнх-Оргил трейд" ХХК-ийн хийсэн үнэлгээг тус албанаас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид хүргүүлсэн байдаг. Шинжээч 827.69 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1.451.600.000 төгрөгөөр, 1 давхар 144 мкв талбайтай барилга, 8 машины багтаамжтай гражийг 94.700.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн хөрөнгийг үнэлэхдээ ..эдгээр барилга обьект нь нийт 4.260 мкв талбай бүхий эзэмшил газар дээр байрлах бөгөөд үүнээс нийт барилгажсан талбай нь 762 мкв, чөлөөтэй талбай нь 3.498 мкв байна. Барилгажсан талбайн 410,7 мкв нь “М” ХХК-ийн оффис үйлчилгээний болон гражийн барилгуудынх, 351,3 м.кв нь өөр этгээдийн барилгын доорх талбай болно гэж дүгнэн зөвхөн үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх суурийн хэмжээг тооцон үнэлсэн байдаг. Иргэний хуульд зааснаар газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй тул хамт үнэлж, 410,7 мкв бүхий газрыг 373.600.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл төлбөр авагч “М” ХХК дээрх үнэлгээнд гомдол гаргаж, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 001/ХТ2017/01487 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Төлбөр төлөгчийн зүгээс урьд үнэлгээтэй холбоотой гомдол мөн гаргаж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Р-н эзэмших эрхийн гэрчилгээтэй 4260 м.кв талбай бүхий газрыг үнэлж, дуудлага худалдаанд оруулаагүй бөгөөд уг газрыг бүхэлд нь үнэлсэнтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс уг алдаагаа залруулж, зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, тухайн хөрөнгүүдийн суурийн хэмжээгээр газрын хамт үнэлснийг мөн л гурван шатны шүүхээр шийдвэрлэж, үнэлгээг хэвээр үлдээсэн болно. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсон байх бөгөөд уг маргааны зүйл болох газрыг бүхэлд нь үнэлж, дуудлага худалдаанд оруулсан асуудлыг шүүхээр шийдвэрлэсний дараа буюу Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 342 дугаартай тогтоол гарсны дараа төлбөр төлөгч “М” ХХК-иас шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэний дараа ажиллагааны журмаар битүүмжлэгдэж, хураагдсан газрыг өөр этгээдэд төлбөр төлөгч дур мэдэн бусдад шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, хураагдсан газрын эзэмшигч ямар журмаар, хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхой бус боловч уг газрыг бүхэлд үнэлсэн, дуудлага худалдаанд оруулсантай холбоотой маргааныг 3 шатны шүүхээр удаа дараа эцэслэн шийдвэрлэсэн атал, эзэмших эрхийн гэрчилгээгээ өөр этгээдэд шилжүүлэн дахин нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн зүгээс удаашруулах, төлбөр төлөхөөс зайлхийх зорилгоор удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Арбитрын шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй манай үйлчлүүлэгч Кипр Улсын “С И Л” компанийг хохироосоор байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.3-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 дугаар тогтоолоор газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2018/03228 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсгийн "Нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай" 3/8 дугаар тогтоолыг биелүүлэх цаг хугацаанд тухайн тогтоолд дурдсан Нийслэлийн Сухбаатар дүүргийн 1-р хороо, элчингийн гудамд байрлах 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000515266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4.260 мкв газрыг эзэмшиж байсан Монгол улсын иргэн Ш.Р-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Энэхүү хууль зөрчсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 7-р зүйлд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад нийцээгүй байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01091 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Р нь хариуцагч НШШГГ  холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас 1.764.052 ам долларыг гаргуулж Кипр улсын С И Л компанид олгохоор шийдвэрлэжээ. /хх 52-76/

Хариуцагч байгууллага дээрх арбитрын шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаартай “Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай” захирамж, 431 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 8/2 тоот хаягт байршилтай, 144 мкв талбайтай гаражийн барилга, 827.69 мкв талбайтай конторын зориулалттай 3 давхар барилга, газрыг тус тус 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10/150 дугаар тогтоолоор битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 150/166 дугаар тогтоолоор хураажээ. /хх 50-51, 77-83/

“Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг Улсын Дээд Шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолоор хянан  шийдвэрлэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгохдоо “....хариуцагч байгууллага дээрх арбитрийн шийдвэрийг биелүүлэхээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах, битүүмжлэх тогтоол гаргахдаа “М” ХХК-ийн эзэмшлийн 4.260 м.кв 054665 тоот эзэмших эрхийн гэрчилгээг хураасан, битүүмжилсэн талаар тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тогтоолд газар дурдагдаагүй хэрнээ үнэлгээнд газрыг бүхэлд нь хамруулсан, газар төрийн өмч тул Газрын тухай хуульд нийцээгүй талаар дүгнэсэн. /хх-ийн 157-159/

Нэхэмжлэгч Ш.Р нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0073 дугаар бүхий 4 260 м.кв газрыг контор, гаражийн зориулалтаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000515266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хх- 8,9,11,12/

Гэтэл хариуцагч байгууллага дээрх тогтоол гарснаас хойш тухайн газар төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа эсэхийг нягтлах, улмаар битүүмжлэх, хураах зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллаар ажиллагааг гүйцэтгэхгүйгээр гуравдагч этгээдэд шилжсэн хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ    хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч уг оффис үйлчилгээний барилга, гаражийн барилга, эдгээр барилгуудын доорхи 410.7 м.кв эзэмшил газрын үнийг 1.919.900.000 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа хуульд нийцсэн болохыг дүгнэсэн. /хх-ийн 41-43/

Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй, хэргийн оролцогч биш этгээдийн хувьд маргах эрхтэй болохыг зөв дүгнэж, Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Р-н нэхэмжлэлийн шаардлагаас газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.3 дах хэсэгт нийцсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй төлбөр төлөгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, гаражийн барилгын хувьд анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.