Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2018/01091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух Ш.Р /Регистрийн дугаар: /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... байрлах, НШШГГт холбогдох,

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоолыг  хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ш.Р миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0073 дугаар бүхий 4260 мкв газрыг контор, гражийн зориулалтаар 5.6 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ. Уг газрыг нэхэмжлэгч нь 2004 онд “М” ХХК-д зээлсэн 100.000 ам долларын зээлийнхээ өрөнд тооцож авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 дугаар тогтоолоор миний эзэмшлийн газрыг өөр хуулийн этгээд болох “М” ХХК-ийн өр төлбөрт хураан авч 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь “М” ХХК-тай хамааралгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй. Хариуцагч, гуравдагч этгээдээс “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын суурийн хэмжээгээр тооцсон гэж байгаа ч дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд “газар” гэж ялгаж зааглаагүйгээр бүхэлд нь дурдсан байна.

 Иймд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/8 тоот тогтоол, уг тогтоолын дагуу явуулж буй ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас хувцааны төлбөрт 1.764.852 ам долларыг гаргуулж “СИЛ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж 8 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэгдсэн гражийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 150/166 тоот хураах тогтоолоор хураасан. Төлбөр авагч “СИЛ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, НҮБ-ын гудамж 8 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай барилгыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1.919.900.000 төгрөгийн 70 хувиар тооцон 1.343.930.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулахад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар нийт 4 удаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу төлбөр төлөгчийн битүүмжилж, хураагдсан хөрөнгөд ажиллагааг явуулсан. Гэтэл битүүмжилж, хураасан хөрөнгийг төлбөр төлөгч “М” ХХК дур мэдэн бусдад шилжүүлсэн байна.  Нэхэмжлэгч Ш.Ргийн эзэмшлийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндэсний Арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаартай “Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу төлбөр төлөгч “М” ХХК-аас 1.764.052 ам.долларыг албадан гаргуулж төлбөр авагч Кипр Улсын “Смайнекс Инвестмент Лимитед” компанид олгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус албанаас явуулж байгаа билээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч “М” ХХК-ийн нэр дээрх Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 08-2 тоот хаягт байрлах, 827.69 мкв талбайтай, 15613 тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах, конторын зориулалттай барилгын хойд талд байршилтай 144 мкв талбайтай 000178408 тоот өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий гражийн барилга, 054665 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 4260 мкв газар эзэмших эрх зэрэг эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Гэтэл “Батс” ХХК-иас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх 342 дугаартай тогтоолд “827.69 мкв талбайтай конторын барилга, 144 мкв гараажийн барилга буюу 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн нэрлэсэн атлаа, дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээнд 4.260 мкв газрын эзэмших эрхийн үнэлгээг хамтад нь зааж бүгд 2.480.100.000 төгрөгийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн. Мөн төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тодорхойлохдоо төлбөр төлөгчийн эзэмшиж байгаа төрийн өмчлөлийн газрыг үнэлгээнд оруулсан явдалд дүгнэлт хийвэл зохино гэж заасан. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч “М” ХХК-ийн газар эзэмших эрх бүхий 4.260 мкв газар эзэмших эрхийг бүхэлд нь үнэлж, дуудлага худалдаанд оруулсан, өмчлөгч болох төрд мэдэгдэгдээгүй буюу Газрын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр дуудлага худалдаанд оруулах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газрыг оролцуулалгүйгээр буюу төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох 827.69 мкв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга,  144 мкв талбайтай конторын зориулалттай гражийн барилгуудад дахин үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг манай зүгээс гаргасан. Уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэхийг хүссэн боловч, хуульд заасан хугацаанд ирүүлээгүй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дугаартай  “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-г шинжээчээр томилсон. “Мөнх-Оргил трейд" ХХК-ийн хийсэн үнэлгээг тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3/19999 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид хүргүүлсэн байдаг.

Шинжээч 827.69 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1.451.600.000 төгрөгөөр, 1 давхар 144 мкв талбайтай барилга, 8 машины багтаамжтай гражийг 94.700.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.  Мөн хөрөнгий үнэлэхдээ “..эдгээр барилга обьект нь нийт 4260 мкв талбай бүхий эзэмшил газар дээр байрлах бөгөөд үүнээс нийт барилгажсан талбай нь 762.0 мкв, чөлөөтэй талбай нь 3498.0 мкв байна. Барилгажсан талбайн 410.7 мкв нь “М” ХХК-ийн оффис үйлчилгээний болон гражийн барилгуудынх, 351.3 м.кв нь өөр этгээдийн барилгын доорх талбай болно.” гэж дүгнэн зөвхөн үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх суурийн хэмжээг тооцон үнэлсэн байдаг.  Иргэний хуульд зааснаар газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй тул хамт үнэлж, 410.7 мкв бүхий газрыг 373.600.000 төгрөгөөр үнэлсэн.

Гэтэл төлбөр авагч “М” ХХК дээрх үнэлгээнд гомдол гаргаж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 001/ХТ2017/01487 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Нэгэнт үнэлгээ хүчин төгөлдөр тул дахин хүсэлт гаргаснаар уг үнэлгээний дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн зүгээс урьд үнэлгээтэй холбоотой гомдол мөн гаргаж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Ргийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 4260 м.кв талбай бүхий газрыг үнэлж, дуудлага худалдаанд оруулаагүй бөгөөд уг газрыг бүхэлд нь үнэлсэнтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс уг алдаагаа залруулж, зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, тухайн хөрөнгүүдийн суурийн хэмжээгээр газрын хамт үнэлснийг мөн л гурван шатны шүүхээр шийдвэрлэж, үнэлгээг хэвээр үлдээсэн болно.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсон байх бөгөөд уг маргааны зүйл болох газрыг бүхэлд нь үнэлж, дуудлага худалдаанд оруулсан асуудлыг шүүхээр шийдвэрлэсний дараа буюу Монгол Улсын дээд шүүхийн 2014 оны 342 дугаартай тогтоол гарсны дараа төлбөр төлөгч “М” ХХК-иас шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэний дараа ажиллагааны журмаар битүүмжлэгдэж, хураагдсан газрыг өөр этгээдэд төлбөр төлөгч дур мэдэн бусдад шилжүүлсэн байна.  Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу газрыг бүхэлд бус зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр тооцон үнэлгээний дүнд оруулсан үнэлгээг төлбөр төлөгчийн зүгээс үнэлгээнд гомдол гаргаж 3 шатны шүүхээр 2 удаа хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт маргаагүй этгээд болох Ш.Ргийн нэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой байна. Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, хураагдсан газрын эзэмшигч ямар журмаар, хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхой бус боловч уг газрыг бүхэлд үнэлсэн, дуудлага худалдаанд оруулсантай холбоотой маргааныг 3 шатны шүүхээр удаа дараа эцэслэн шийдвэрлэсэн атал, эзэмших эрхийн гэрчилгээгээ өөр этгээдэд шилжүүлэн дахин нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн зүгээс удаашруулах, төлбөр төлөхөөс зайлхийх зорилгоор удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Арбитрын шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй манай үйлчлүүлэгч Кипр Улсын “Смайнекс Инвестмент Лимитед” компанийг хохироосоор байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.Ргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат нь НШШГГт холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх тогтоолоор хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тул уг ажиллагааг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас 1.764.052 ам долларыг гаргуулж Кипр улсын СИЛ компанид олгохоор шийдвэрлэжээ. /хх 52-76/

Тус газар арбитрын шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4447 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 8/2 тоот хаягт байршилтай, 144 мкв талбайтай гаражийн барилга, 827.69 мкв талбайтай конторын зориулалттай 3 давхар барилга, газрыг тус тус 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10/150 дугаар тогтоолоор битүүмжилж, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 150/166 дугаар тогтоолоор хураажээ. /хх 50-51, 77-83/

Хэрэгт авагдсан баримтаар тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01397 дугаар шийдвэрээр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх41-43/

Дээрх шийдвэрт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч уг оффис үйлчилгээний барилга, гаражийн барилга, эдгээр барилгуудын доорхи 410.7 мкв эзэмшил газрын үнийг 1.919.900.000 төгрөгөөр үнэлсэн, дээрх ажиллагаа хуульд нийцсэн болохыг дүгнэсэн байна. 

Уг шийдвэрт гомдол гаргаснаар Улсын дээд шүүхээр хянагдаж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлаж, энэ талаар зохигчид маргаагүй болно.

Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоолоор “Батс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. /хх 157-159/

Уг тогтоолд дээрх арбитрийн шийдвэрийг биелүүлэхээр эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолд “М” ХХК-ийн эзэмшлийн 4.260 мкв 054665 тоот эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг хураасан, битүүмжилсэн талаар тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тогтоолд газар дурдагдаагүй хэрнээ үнэлгээнд газрыг бүхэлд нь хамруулсан, газар төрийн өмч тул 4.260 мкв газар эзэмших эрхийг бүхэлд нь дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй үндэслэлээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлохгүй гэж тайлбарлан мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж маргаж байх боловч тухайн хэргийн оролцогч биш этгээдийн хувьд маргах эрх нээлттэй тул шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч байгууллага 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/8 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, гаражийн барилга, газар гэж нийт 3 хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. /хх-46/

Нэхэмжлэгч Ш.Р нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0073 дугаар бүхий 4.260 мкв газрыг контор, гаражийн зориулалтаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000515266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хх- 8,9,11,12/

Зохигчид нэхэмжлэгчийн эзэмшиж буй 4.260 мкв газарт “М” ХХК-ийн өмчлөлийн битүүмжлэгдсэн гаражийн болон албан конторын барилга байршиж байгаа, шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсан 4.260 мкв газар мөн гэдэгт маргаагүй болно.

Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 342 дугаар тогтоолд хариуцагч байгууллага ажиллагааг явуулахдаа дээрх маргаан бүхий 4.260 мкв газрыг хураагаагүй, битүүмжлээгүй тухай дурдсаар байтал  уг тогтоол гарснаас хойш тухайн газар төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа эсэхийг нягтлах, улмаар битүүмжлэх, хураах зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллаар ажиллагааг гүйцэтгэхгүйгээр гуравдагч этгээдэд шилжсэн хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 63 дугаар зүйлийн 63.1-д нийцээгүй байна.

Хариуцагч уг гаражийн барилга, албан конторын зориулалттай барилгаас газрыг салгаж үл болох тул барилгын суурийн хэмжээгээр тооцон 410.7 мкв хэсгийг газар дээрх барилгатай хамт дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч 3/8 дугаар тогтоолд энэ тухай салгагдаж тусгагдаагүйгээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаанд оруулж болох хөрөнгө, салгаж үл болох бүрдэл хэсэгт “газар” хамаарахгүй.

Харин нэхэмжлэгч уг тогтоолын дагуух ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардаж байх боловч бусад хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй төлбөр төлөгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, гаражийн барилгын хувьд анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч Ш.Ргийн эрх ашгийг хөндөөгүй байна. Иймд тогтоолоор явуулж буй ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэн шүүх “газар”-тай холбоотой хэсгийг хүчингүй болгож, үлдэх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.3-д зааснаар НШШГГ-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 3/8 дугаар тогтоолоор газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925, Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2018/03228 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ