Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2016/02030/и |
Дугаар | 001/ХТ2018/01877 |
Огноо | 2018-12-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/01877
Ц.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дүгээр магадлалтай,
Ц.Сгийн нэхэмжлэлтэй
“Ш” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 300 000 ам.доллар буюу 1 313 381 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ц.С гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Мөнгөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Сгийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 300 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт баригдаж буй 17,4х18 м.кв суурьтай, 9 давхар, 2 цамхаг бүхий Ариг бүрд орон сууцны барилгыг санхүүжүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Хууль болон гэрээний дагуу Ц.С, “Ш” ХХК-ийн захирал Г.Галтмаа нар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол нарны замын 103-1 байрны 66 тоот 91.3 м.кв талбай бүхий орон сууц болон мөн байрны 42 тоотын 110.73 м.кв талбайтай орон сууцыг 300 000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан. Зээлийн гэрээг нийтдээ 5 удаа дүгнэн, акт үйлдэж, үлдэгдэл өр төлбөр, хүү болон цаашид авах арга хэмжээ, баталгааг тооцоолж, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 04 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ дүгнэсэн актаар талууд зээлийн үүргийг 496 525 ам.доллар гэж тооцсон. Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгч Ц.Сд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг доорх байдлаар төлж барагдуулахаа мэдэгдсэн. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 65 000 м.доллар, 06 дугаар сарын 01-ний өдөр 100 000 ам.доллар төлж зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгахаар амалсан боловч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 65 000 ам.долларыг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлсөн. Талууд гэрээний үүргийг 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Г.Галтмаа өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Г.Галтмаа өөрийнхөө зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 56 000 ам.долларыг “Ш” ХХК-ийн зээлээс хасч тооцсон, мөн “Ш” солюшнс ХХК-ийн зээлдэн авсан 25 000 ам.доллар, түүнд ногдох хүү бүрэн төлөгдөж хаагдсан тухай мэдэгдлийг өгсөн. Гэтэл энэ төлбөрийг “Ш” ХХК-ийн өр зээлтэй холбогдуулан тооцож байгаа нь ойлгомжгүй байна. 2013 оны 9 сарын 13-ны өдрөөс хойш 4-5 удаа “Ш” ХХК-тай зээлийн гэрээг дүгнэсэн. 2016 оны 03 дугаар сарын байдлаар зээлийн нийт үнийн дүн 496 525 ам.долларыг “Ш” ХХК 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж зээл төлөх хуваарь ирүүлсэн. Гэрээний үүрэгт үндсэн зээл 300 000 ам.доллар буюу 735 600 000 төгрөг, хүүд 235 637 000 ам.доллар буюу 577 781 924 төгрөг, нийт 535 637 000 ам.доллар буюу 1 313 381 924 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам.доллар авсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 130 000 ам.доллар авсан гэжээ. Гэтэл үүнээс 70 000 ам.долларыг 100 000 ам.доллар болгож зассан баримт буюу 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50 000 ам.долларыг “Ш” ХХК хүлээн аваагүй. Хэргийн 25 дугаар хуудсанд байгаа 2013 оны 09 дүгээр сарын 13-ны 130 000 ам.долларын баримтад “Ш” ХХК гарын үсэг зурсан боловч тухайн баримт дээрх мөнгөн дүнг нэлээд хэдэн удаа зассан учраас хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ц.Сгээс 300 000 ам.доллар хүлээн авсан нь нотлогдохгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан нь энэ хууль, гэрээний 4.1, 5.2-т заасныг баримтлан хүү нэхэмжлэх эрхээ алдсан. Зээлийн гэрээ дүгнэсэн акт нь зээлийн гэрээний хугацаа сунгасан баримт биш. Ц.С нь айлган сүрдүүлэх байдлаар Г.Галтмаа, Б.Мөнгөн нараар зээлийн гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээ дүгнэсэн акт буюу хавтаст хэргийн 9, 12-т авагдсан баримтуудад Г.Галтмаа гарын үсэг зураагүй. “Ш” ХХК нь зээлийн хүүгээ 300 000 ам.доллараар бодож төлсөн. 25 000 ам.долларын баримт нь “Ш” солюшнс ХХК-ийн баримт бөгөөд төлбөрийг нэг удаа л бэлнээр бусад мөнгийг дансаар явуулсан. Г.Галтмаа нь хариуцагчаас авсан 90 000 ам.долларын зээлийг 6 сарын хүү 2 700 ам.долларын хамт төлж барагдуулсан. “Ш” XXK 300 000 ам.доллар авсан нь тогтоогдохгүй, 130 000 ам.доллар, 50 000 ам.доллар авсан гэж үзвэл 5 000 ам.долларыг Ц.С хүүнд суутгасан. Тиймээс бид хүүг бүрэн төлж барагдуулсан. “Ш” ХХК 210 000 ам.долларын зээл авсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг будилуулж байгаад 90 000 ам.долларын баримтад гарын үсэг зуруулсан. Тиймээс нэхэмжлэгч талд 117 000 ам.доллар төлөх ёстой гэж үзэж байна. Г.Галтмаа нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдийн гэрээ дүгнэсэн актуудад гарын үсэг зурсан. Бусад актуудад Г.Галтмаа гарын үсэг зураагүй. “Ш” ХХК-аас төлсөн баримт нь “Ш” ХХК нэг удаа 300 000 ам.доллар авч, 6 сарын хүү төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 13, 2013 оны 11 дүгээр сарын 13, 2013 оны 12 дугаар сарын 13, 2014 оны 2 дугаар сарын 27, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус бүр 7 500 ам.доллар, 2014 оны 04 сарын 15-ны өдрийн 10 200 ам.доллар, /үүний 2700 нөгөө гэрээнд, энэ зээлийн төлбөрт 7500 ам.долларыг/, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5 190 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 7 659 ам.доллар, 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 336 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 100 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Ш” ХХК-аас 101 112.12 ам доллар, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 65 000 ам.доллар тус тус төлсөн учир одоо 58 902 ам.долларыг төлнө бусад хэсгийг төлөх үндэслэлгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Галтмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Галтмаа нь 2013 оны 10 сарын 14-ний өдөр 90 000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлдэн авч үндсэн зээл, хүүд 106 200 доллар төлсөн. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа сунгасан гэж үзээд мөнгийг зээлийн хүүнд шингээсэн. Барьцаа хөрөнгө болох Г.Галтмаагийн өмчлөлийн 110 м.кв талбай бүхий орон сууц, сэлбэгийн дэлгүүр нь зээлдэгч Ц.Сгийн барьцаанд байгаа. 65 000 ам.долларыг төлж, барьцааны орон сууцыг чөлөөлсөн. Гэрээний хугацааг хуулийн дагуу нэг ч удаа сунгаагүй, гэрээ дүгнэсэн акт нь гэрээ сунгасан баримт бичиг биш гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ш” солюшнс ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт, зээл, зээлийн хүүг Б.Мөнгөн өөрийн хүсэлтээр гаргасны дагуу хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг байсан гэж тайлбарлаж байна. хэрэгт авагдсан баримтаар зээлийн үлдэгдэл тооцсон баримтыг Ц.С өөрөө бичээд миний цахим шуудангийн хаяг руу явуулсан байдаг. “Ш” солюшнс ХХК-тай холбоотой 25 000 ам.долларын зээлийн асуудлын тухайд н.Баторгил нь цацагт хяруулын бизнес эрхлэх зорилгоор Ц.Сгээс мөнгө зээлэх гэж байгаа тул баталгаа гаргаад өгөөч гэсэн. Гэтэл баталгаа биш зээлийн гэрээ байсан. 2015 оны 02 сарын 17-ны өдөр гэрээ хийгдэж, мөн өдөр мөнгө шилжиж орж ирсэн. 2015 оны 02 сарын 18-ны өдөр би “Ш” солюшнс ХХК-ийн данснаас 25 000 долларыг зээл гэсэн утгатай н.Баторгилын данс руу шилжүүлсэн. Тухайн үед н.Бат-Оргил нь хуулийн зөвлөх байсан. Өмнө нь энэ асуудлаар шүүх хуралдааны шатанд шүүгч эвлэрэх үү гэхэд би эвлэрэхгүй гэсэн байхад шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Уг захирамжийг би хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш” ХХК-аас 379 822 ам.доллар буюу 936 477 729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 216 722 ам.доллар буюу /үүнээс 155 815 ам.долларыг х 2465,57 төгрөгөөр = 384 172 790 төгрөг/, /60 907 ам.долларыг х 2423,16 төгрөгөөр = 147 587 406 төгрөг/, /384 172 790+147 587 406/ нийт 531 760 196 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 6 759 676 + 895 838=7 655 514 төгрөгөөс 7 510 355 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 145 159 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Ш” ХХК-аас 7 510 355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00920 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 379 822 ам.доллар буюу 936 477 729 төгрөг гэснийг 167 150 ам.доллар буюу 412 120 025 төгрөг гэж, 216 722 ам.доллар буюу 531 760 196 төгрөг гэснийг 429 394 ам.доллар буюу 1 058 700 964 төгрөг гэж өөрчилж, 2 дахь заалтын 7 510 355 төгрөг гаргуулан гэснийг 2 218 550 төгрөг гаргуулан гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 840 338 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.С хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгч нь хариуцагч ““Ш”” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Анхан шатны шүүх талуудаас гаргасан хүсэлтүүдийг хангаж, нотлох баримтуудад үзлэг хийх, нотлох баримтыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээ удаа дараалан авч, зохигчийн ирүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, үнэлснээр хэргийн үйл баримтыг мэтгэлцээний үр дүнд үнэн зөв тогтоож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 379 822 ам.доллар буюу 936 477 729 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан “...зээлийн гэрээ дүгнэсэн акт” гэх нотлох баримтуудын талаар дутуу, үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хэргийн 8 дугаар талд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн “иргэн Ц.С, ““Ш”" ХХК-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ дүгнэсэн акт” гэх баримт авагдсан байх ба үүгээр 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан гэж үзэх үндэслэлтэй, уг баримт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл байна. Иргэний хуулийн 72.1 дахь хэсэгт хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан байх боловч талууд мөн хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эрхийн хүрээнд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээг 6 сараар сунгахаар тохиролцсоныг буруутгах үндэслэлгүй. Харин 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн зээлийн гэрээ дүгнэсэн актыг гэрээний хугацаа сунгасан гэж үзэхгүй. Шүүх зээлийн гэрээний хугацаа 2 удаа сунгагдсан гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ дүгнэсэн актад гэрээний хугацааг 6 сараар 2 удаа сунгасан гэж заасан байх боловч уг баримтад зурагдсан гарын үсгийг Г.Галтмаагийн гарын үсэг мөн гэж үзэхэд эргэлзээтэй, нэхэмжлэгч нь уг баримтад хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй” гэжээ “Зээлдүүлэгч болон Зээлдэгч нар 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 12.4 дэх хэсэгт “Гэрээний нэмэлт, өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, Талууд гарын үсэг зурсан тохиолдолд хүчинтэй. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй, салшгүй хэсэг байна., 12.5 дахь хэсэгт "Гэрээтэй холбоотой бүхий л мэдэгдэл, санал, зөвлөгөө, хүсэлтийг Талууд харилцан бичгээр дараах албан ёсны хаягаар илгээнэ., 12.5.1 дэх хэсэгт “Зээлдэгчид хүргэх бол: утас: 991122858 95959195 факс: 310869 Г.Галтмаа mungun.batbaatar@gmail; 12.5.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгчид хүргэх бол: [email protected] утас: 99114501,” гэж тус тус зааж харилцан тохиролцсон байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 195.1, 196.1.2., мөн хуулийн 41.1, 41.2., мөн хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлцэл хийж гэрээний нөхцөлөө харилцан тохирч хугацаа сунгасан байдаг. Энэ баримт бичигт /хэлцэлд/ заасны дагуу зээлийн үндсэн гэрээг 2 удаа /2014 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарын 14 хүртэл, мөн оны 9 дүгээр сарын 14-нөөс 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл/ нийтдээ 12 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон. Энэ талаар “Иргэн Ц.С “Ш” ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн актын” 1-т “Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр Зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан” 4-т “Зээлийн гэрээний 8.2 заалтын дагуу зээлдэгчийг хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад туслах үүднээс дараах зүйлийг талууд тохиролцов.” 4.1-т “Зээлийн гэрээг дахин 6 сараар сунгах” гэж талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг дахин сунгасан байдаг. Мөн түүнчлэн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “...зээлийн гэрээ дүгнэсэн акт”-ны 1-д: “Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг 6 сараар 2 удаа сунгасан...” гэж баталгаажуулаад, энэ актын 4-т “Зээлийн гэрээний 8.2 заалтын дагуу зээлдэгчийг хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад туслах үүднээс дараах зүйлийг талууд тохиролцов.”, 4.2-т “...Зээлийн үлдэгдлийн гэрээг дахин 6 сараар сунгах” гэж тохиролцоод дахин 2014 оны 9 сарын 13 ны өдөр хүртэл 6 сараар сунгасан байдаг. Дээрх “зээлийн гэрээ дүгнэсэн акт” гэх /2014.10.08-ны мөн 2015.02.17-ны өдрүүдээр огноолсон/ нотлох баримтууд хэлцэлд тавигдах хуулийн шаардлагыг бүрэн хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болохыг анхан шатны шүүхээс нотлон тогтоож, шийдвэрийнхээ үндэслэл болгосон байтал давж заалдах шатны шүүх “эргэлзээтэй” гэж дүгнэсэн ч үүнийгээ нотлоогүй болно. Хариуцагч нь ИХШХШТХ-ийн 6.3-т заасан “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.5-д заасан “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 6.6-д заасан “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэсэн заалтууд болон ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн хэргийн оролцогчийн үүрэг гэх 25.2 дахь хэсгийн 25.2.1 болон 25.2.2-т заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн үүргүүдээ хариуцагч тал үл биелүүлж, нотолж чадаагүй байхад нэхэмжлэгч “нотлох үүрэгтэй” хэмээн дүгнэж буй нь илэрхий нэг талыг барьж, хууль буруу тайлбарлаж хийсэн дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бид зохих баримтаар нотолсон. Харин татгалзаж буйгаа нотлох үүрэг нь хуулийн дагуу хариуцагчид ногдох учиртай. Энэ асуудлаар анхан шатны шүүхээс “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж туйлын оновчтой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байдаг. Үүгээр давж заалдах шатны шүүхээс хийсэн “эргэлзээтэй” гэх дүгнэлт нь няцаагдана. 2. Шүүх магадлалдаа “Нэхэмжлэгч Ц.С нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Галтмаатай 90 00 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ““Ш” солюшнс” ХХК-тай 25 000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр тус тус тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон” байна гэжээ. Ингэж дүгнэсний дараа гуравдагч этгээд ““Ш” солюшнс” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнгөн “...компанийн хуулийн зөвлөх Т.Бат-Оргилд баталгаа гаргах зорилгоор Ц.Стэй зээлийн гэрээ байгуулсан боловч 25 000 ам.долларыг Т.Бат-Оргил “...25 000 ам.долларыг авсан” гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт ““Ш” солюшнс” ХХК-ийн зээлийн төлбөртэй хамааралтай баримт авагдаагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна” гэж мөн дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ц.Сгээс Г.Галтмаа иргэнийхээ хувьд 90 000 ам.доллар, түүний төрсөн хүү болох Б.Мөнгөний захирлаар нь ажиллаж, ээж Г.Галтмаатай хамт хувьцааг нь эзэмшдэг ““Ш” солюшнс” ХХК нь 25 000 ам.долларыг тус тус зээлийн гэрээ байгуулан авч, төлбөрийг “Ш” ХХК хариуцахаар тохиролцсон байдаг. Эдгээр гэрээний үүргээ зээлдэгч нар нь бүрэн гүйцэтгэж зээлийн гэрээнүүд нь дуусгавар болсон талаарх зохих баримтууд хэрэгт авагдсан байтал шүүх бүрэлдэхүүн эдгээр баримтуудын талаар илт буруу, худал дүгнэлт хийж хариуцагчийн гомдлыг хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд: а) Иргэн Ц.С, Г.Галтмаа нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ дүгнэсэн актад 3.1-т “Зээлдэгч Г.Галтмаа нь зээлийн үндсэн төлбөр 90 000 /ерэн мянган/ ам.долларыг 2015 оны 6 сарын 16-ны өдөр төлж барагдуулсан.”, 3.2-т “Зээлдэгч Г.Галтмаа зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 56 017 ам.долларыг 2015 оны 7 сарын 03-ны өдөр төлж барагдуулсан.”, 3.3-т “Г.Галтмаа нь 3.1-д хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 90 000 ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдуулсан тул зээлдүүлэгч зээлдэгчийн 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс хойших зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөв.” гэж харилцан тохиролцож өөрсдийн гарын үсгээ зурж, баталгаажуулсныг хариуцагчийн хуулийн зөвлөх Т.Бат-Оргил гэрчлэн давхар баталгаажуулсан байдаг. /хх-ийн 116-р тал/ б) 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ““Ш” солюшнс” ХХК-ийн авсан 25 000 ам.долларыг зээлдэгч “Ш” солюшнс ХХК-ийн зүгээс 2015 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл сунгах хүсэлтээ бичгээр ирүүлж улмаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар зээлдүүлэгч Ц.Сгийн ирүүлсэн цахим шуудангийн мэдээлэл /хх-ийн 105 дугаар талд/ авагдсан бөгөөд энэ мэдээлэлд: tserendavga sodkhuu [email protected], To: Mungun Batbaatar mungun.batbaatar @gmail.com, Tue, Jul 21, 2015 at 133PM, “Ш” солюшнс ХХК-ийн захирал Б.Мөнгөн танаа Танай 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр авсан 25 000 ам.долларын зээлийн төлбөр болон зээлийн хүү 3.125 ам.доллар нийт 28.125 ам.долларын төлбөрийг 2015 оны 7 сарын 3- ны өдөр хийгдсэн төлбөрөөс суутган тооцсон болохыг үүгээр мэдэгдэж байна. Үүгээр “Ш” солюшнс ХХК зээлийн аливаа төлбөр тооцоогүй болно. Хүндэтгэсэн, Зээлдүүлэгч Ц.С” гэж бичигджээ. /хх-ийн 105-р тал/ Магадлалд “...иргэн Г.Галтмаа, нэхэмжлэгч Ц.С нарын хооронд байгуулагдсан 90 000 ам.долларын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.” гэж дүгнэлт хийсэн атлаа гэрээний үүргийг гүйцэтгэсэн тухай 2015 оны 7 сарын 21-ний өдрийн баримтуудыг /хх-ийн 116-р тал, “Ш” солюшнс ХХК-ний зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай цахим мэдээллийг /хх-ийн 105-р тал/ тус тус огт үнэлэлгүйгээр дүгнэлт хийж, шийдвэр гаргасан байна. Энэ үйлдлээрээ давж заалдах шатны шүүх /хэргийг бүхэлд нь хянах/ хуулийн шаардлагыг давхар, ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт нэгэнт авагдсан, нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа үйл баримт байтал энэ талаар дутуу, буруу дүгнэлт хийж, холбогдох баримтууд байхгүй мэтээр дүгнэсэн нь илэрхий хуулийг буруу хэрэглэсэн алдаа боллоо. Энэхүү буруу дүгнэлтдээ тулгуурлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнг тооцсон тул үндсэн зээл, хүүгийн талаарх тооцоолол нь илт буруу, үлэмж хэмжээгээр багасган тооцогдсон нь хариуцагч талд илт ашигтайгаар шийдсэн болно. 3 Шүүхээс магадлалын “хянавал” хэсгийн дүгнэлтүүд нэгэнт хууль зүйн үндэслэлгүй учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ямар хэмжээгээр хангах, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар хийсэн дүгнэлт, тооцоолол буруу, дутуу болсон байна. Үүний тулд дараах нөхцөл байдлуудыг харгалзан зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. А) “Зээлдэгч ““Ш”” ХХК нь гэрээний 5.1-т, “Зээлдэгч зээлийн хүүг сар болгон Зээлдэгчийн ...дансанд бэлнээр төлнө”, 5.2-т “Зээлдэгч зээлийн хүүг сар болгон Зээлдэгчийн ...дансанд бэлнээр төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд төлөх ёстой хүүний төлбөрт сарын 2.5 хувийн хүү тооцно.”, 6.2.6-д “Зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөх үүрэгтэй” гэснийг тус тус биелүүлээгүй болон зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, Иргэн Ц.С, “Ш” ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой /хх-ийн 8 дугаар тал/, мөн Иргэн Ц.С, “Ш” ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт 2015 оны 2 сарын 17-ны өдөр гэсэн огноотой /хх-ийн 9-10 дугаар тал/ болон 2015 оны 4 сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, 2016 оны 4 сарын 07- ны өдрийн тус тус огноотой иргэн Ц.С, “Ш” ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн актуудаар нэхэмжлэлийн төлбөр тооцооны үлдэгдэл, үнэн зөв, бодит үйл баримт нэгэнт тогтоогддог ба гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй талаар хариуцагч тал маргадаггүй, эсэргүүцдэггүй болно. Дээрх баримтаар зээлдэгч ““Ш”” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.1, 6.2.6, дахь хэсэгт заасан үүргийн дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ нь 6 сарын хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан. Иргэн Ц.С “Ш” ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ дүгнэсэн акт 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн огноотой баримтын 1 дэх заалтаар талууд “Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан”, 2 дахь заалтад “Зээлдэгч 2014 оны 9 сарын 12-ны өдөр хүртэл зээлийн хүүд 90 000 ам.доллар төлөх ёстойгоос 2014 оны 9 сарын 12-ны өдрийн байдлаар 50 349 ам.долларын зээлийн хүү төлж зээлдүүлэгчид 39 315 ам.долларын үндсэн хүү, 5047 ам.долларын нэмэгдүүлсэн хүүгийн нийт 44 362 ам.долларын өглөгтэй байна”, мөн актын 4-р зүйлд “Зээлийн гэрээний 8.2 заалтын дагуу Зээлдэгчийг хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад туслах үүднээс дараах зүйлийг талууд тохиролцов.”, 4.1-р зүйлд “Зээлийн гэрээг дахин 6 сараар сунгах”, 4.2-р зүйлд “зээлдэгч зээлийн хүүгийн хуримтлагдсан төлбөрийг зээлийн гэрээг сунгасан хугацаанд зохих хуваарийн дагуу төлөх” гэж тус тус тохиролцсон байна. Мөн хэргийн 9-10 дугаар талд авагдсан. Иргэн Ц.С “Ш” ХХК-ийн хооронд 2013 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ дүгнэсэн акт гэсэн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн огноотой баримтын 1 дэх заалтаар “Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг 6 сараар 2 удаа сунгасан”, “2 дугаар заалтад “Зээлдэгч 2015 оны 2 сарын 16-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүд 127 500 ам.доллар төлөх ёстойгоос 2015 оны 2 сарын 16-ны өдрийн байдлаар 60 349 ам.долларын хүү төлж зээлдүүлэгчид 67 151 ам.долларын үндсэн хүү, 12 671 ам.долларын нэмэгдүүлсэн хүү, нийт 79 822 ам.долларын хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 379 822 ам.долларын өглөгтэй байна” гэж тус тус харилцан тохиролцож, анх хийсэн үндсэн зээлийн гэрээг 6 сараар удаа дараалан сунгаж, төлөх ёстой төлбөрийг үлдэгдлийг харилцан тохиролцон нэгтгэн тогтоон тооцож, зээлийн гэрээг дүгнэж, талууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн ““Ш”” ХХК- ийн ажилтан Т.Бат-Оргил нарын гарын үсэг зурж, баталгаажуулсан энэхүү бичгийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу зөв зүйтэй үнэлж, талуудын маргааныг шийдвэрлэсэн нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтдээ “Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 300 000 ам.доллар, зээлийн хүүд 90 000 ам.доллар нийт 390 000 ам.доллар төлөх үүрэг хүлээснээс баримтаар 222 850 ам.доллар төлсөн байх тул хариуцагчаас 167 150 ам.доллар буюу 412 120 025 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв” гэж бичсэн байдаг. Энэ дүгнэлт нь гэрээний хугацааг ганцхан удаа 6 сараар сунгасан гэж мөн төлөгдсөн төлбөрөөс харилцан тохиролцон дээр дурдсан Г.Галтмаа болон “Ш” Солюшнс ХХК-ийн авсан нийт 115 000 ам долларын зээлийг төлж барагдуулсныг хүчингүй гэж үзэн илэрхий үндэслэлгүй, өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлтээр зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг санаатайгаар буруу тооцон, зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэхэд чиглэгдсэн үйлдэл гэж үзэж байна. Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь хуульд нийцүүлэн харьцуулан үзэж дүгнэсний дараа үнэлэх ажиллагаа явагдах ёстой гэж ойлгож байгаа юм. Үүний үндсэн дээр зээлийн гэрээ дүгнэсэн актуудыг, зээлийн үндсэн гэрээний нөхцөлүүдтэй уялдуулж, зээл, хүүгийн үлдэгдлийг цаг хугацаагаар нь тооцож, тодорхойлж, актад тусгасан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаараагүй, энэ талаар ямар ч дүгнэлт хийж, үнэлэлт өгсөнгүй. Нөгөө талаас гэрээний талууд эдгээр акт, түүний утга агуулга, бичигдсэн тоо хэмжээний талаар маргадаггүй бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа тухайлбал 2017 оны 1 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн 17/1 тоот тайлбартаа “Ш” ХХК-ийн хариуцах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг 369 467 ам доллар байгаа тухай үүнийгээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүгээр талууд хоорондоо зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдлийн үнийн дүнгийн талаар хүчин төгөлдөр хэлцэл хийсэн болохоо өөрсдөө болон ““Ш”” ХХК-ийн хуулийн зөвлөх Т.Бат-Оргилоор давхар гэрчлүүлэн баталгаажуулсан байдаг юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэн шударгаар үнэлсний дагуу хэргийн үйл баримтыг үнэнээр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаагүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шударга иргэн миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, буруу шийдвэр гаргалаа гэж үзэж буй тул Дээд шүүхээс хууль ёсны, шударга хамгаалалт хүсэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “Ш” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 596 544 ам.доллар буюу 1 470 480 960 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 117 000 ам.долларыг төлнө, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 379 822 ам.доллар буюу 936 477 729 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 167 150 ам.доллар буюу 412 120 025 төгрөгийг гаргуулахаар багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.
Зохигчид нь 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам.долларыг, сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохирч, Ц.С нь 2013 оны 09 дүгээр сарын 13, 20, 27-ны өдрүүдэд мөнгийг хэсэгчлэн шилжүүлж нийт 300 000 ам.долларыг “Ш” ХХК-д хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлжээ. Хариуцагч нь 210 000 ам.доллар хүлээж авсан гэж маргасан боловч 300 000 ам.долларыг авсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагч “Ш” ХХК нь зээлийн мөнгийг хүлээн авсан тул гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу буцааж өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх талууд зээлийн гэрээг 6 сараар 2 удаа сунгасан гэж дүгнэж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хоёр талын гарын үсэг бүхий баримтад үндсэн зээл 300 000 ам.доллар, үндсэн хүү 67 151 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 12 671 ам.доллар нийт 379 822 ам.долларыг төлөхөөр харилцан тохирсныг үндэслэн, нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна уг тооцоог талууд маргасан байхад дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш тул нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүү 12 671 ам.долларыг гэрээний үүрэг гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчжээ. Дээрх баримтад үндсэн зээл 300 000 ам.доллар, хүү 67 151 ам.доллар гэж тусгасан боловч зээлдэгчийн зүгээс төлөлт хийсэн баримтуудаа гаргаж, тооцоо үндэслэлгүй болохыг маргасан байхад шүүх хэрэгт байгаа баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг үнэлэх ажиллагаа бүрэн хийгээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй тул шүүх маргааны зүйлийн талаар бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх ёстой байна.
Давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоож, хэрэгт байгаа баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зээлийн гэрээг 2 удаа сунгасан талаарх анхан шатны шүүхийн үндэслэлтэй дүгнэлтийг буруутгаж, гэрээг 1 удаа сунгасан гэж үзэж, үүргийг тодорхойлсон нь алдаатай болсныг хяналтын шатны шүүх залруулах боломжтой байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 300 000 ам.долларыг зээлдүүлснээс гадна “Ш” ХХК-ийн захирал, иргэн Г.Галтмаад 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 90 000 ам.долларыг, сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, “Ш” солюшн ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 25 000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 329 050 төгрөгийг төлсөн гэж, үүнээс иргэн Г.Галтмаа, “Ш” солюшн ХХК-ийн төлбөр төлөгдөж, гэрээ дуусгавар болсон, 300 000 ам.долларын зээлийн хүүд 150 000 ам.доллар төлсөн, үндсэн зээлээ төлөөгүй учир хугацааг сунгаад 596 544 ам.доллар болсон гэсэн бол хариуцагч нь нийт 329 050 ам.долларыг нэхэмжлэгчид төлснөөс зээл 90 000 ам.доллар, хүү 16 200 ам.доллар нь иргэн Г.Галтмаагийн зээлд төлөгдөж хасагдах тул 222 850 ам.долларыг 300 000 ам долларын зээлд төлсөн, үлдэх 117 000 ам.долларыг төлөх ёстой, “Ш” солюшн ХХКомпани зээл аваагүй тул хариуцахгүй гэж маргасан байна.
Үүнээс үзэхэд зохигчид нь хариуцагчийн төлсөн мөнгө 329 050 ам.долларыг маргаагүй, харин уг төлбөрөөс иргэн Г.Галтмаа, “Ш” солюшн ХХК-ийн зээл төлөгдсөн эсэх, уг төлбөрөөс хэдэн ам.доллар нь 300 000 ам.долларын зээлийн үүрэгт тооцогдсон эсэх асуудал маргааны зүйл болжээ.
“Ш” ХХК-иас 2013 оны 10 сарын 14-ний өдөр 2500 ам.доллар, 2013 оны 11 сарын 14-ний өдөр 2700 ам.доллар, 2013 оны 12 сарын 13, 2013 оны 02 сарын 27, 2014 оны 03 сарын 12, 2014 оны 4 сарын 15-ны өдөр тус тус 10 200 ам.доллар, 2014 оны 08 сарын 10-ны өдөр 5 186 ам.доллар, 2014 оны 07 сарын 24-ний өдөр 7659 ам.доллар, 2014 оны 08 сарын 07-ны өдөр 336 ам.доллар, 2014 оны 10 сарын 16-ны өдөр 10 000 ам.доллар, 2016 оны 05 сарын 12-ны өдөр 65 000 ам.доллар, 2016 оны 07 сарын 03-ны өдөр 101 112 ам.доллар, 2013 оны 10 сарын 14-ний өдөр 6253 ам.доллар, 2013 оны 11 сарын 14-ний өдөр 3758 ам. доллар, иргэн Г.Галтмаагаас 2015 оны 08 сарын 16-ны өдөр 90 000 ам.долларыг нэхэмжлэгч Ц.Сд шилжүүлсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргажээ.
“Ш” ХХК-иас хийсэн төлөлтийг өөр этгээд буюу иргэн Г.Галтмаа, “Ш” солюшн ХХК-ийн зээлийн төлөлт гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл муутай байна. Хариуцагч “Ш” ХХК нь төлсөн мөнгөнөөс 16 200 ам.доллар нь иргэн Г.Галтмаагийн зээлийн 6 сарын хүүд тооцож, хасахыг зөвшөөрч, Г.Галтмаа нь өөрөө 2015 оны 08 сарын 16-ны өдөр 90 000 ам.долларыг төлсөн тул Г.Галтмаатай байгуулсан гэрээ дуусгавар болжээ.
Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ.
Иймд хариуцагчийн төлсөн нийт 329 050 ам.доллараас зээл 90 000 ам.доллар, хүү 16 200 ам.доллар нь Г.Галтмаагийн зээлийн үүрэгт тооцогдсоныг, хасвал хариуцагч нь 222 850 ам.долларыг буцааж төлсөн, давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болох 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ нь 6 сарын хугацаатай бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн гэрээнд /хх8-9/ “Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан талаар дурдаад гэрээний 4.1-д Зээлийн гэрээг дахин 6 сараар сунгах” гэж тохирсон байх тул гэрээг 2015 оны 03 сарын 13 хүртэл хугацаанд сунгагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд тооцоо нийлсэн агуулгатай 2013 оны 09 дүгээр сарын 13, 2014 оны 10 сарын 08, 2014 оны 10 сарын 09, 2015 оны 07 сарын 21, 2015 оны 02 сарын 17, 2015 оны 10 сарын 05, 10 сарын 07-ны өдрийн акт /хх-8, 9,10/ хэрэгт байх боловч 2015 оны 02 сарын 17-ны өдрөөс бусад актад гэрээг сунгасан агуулга байхгүйгээс гадна тооцоог хэрхэн гаргасан нь тодорхой бус байв.
Гэрээний дагуу зээлдэгч “Ш” ХХК нь үндсэн зээл 300 000 ам.доллар, 1 жил 6 сарын хүү 135 000 ам.доллар нийт 435 000 ам.долларыг буцааж төлөх үүрэгтэй ба төлсөн 222 850 төгрөгийг хасвал хариуцагч нь 212 150 ам.доллар буюу 522 949 750 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...167 150 ам.доллар буюу 412 120 025...төгрөг гэснийг,... 212 150 ам.доллар буюу 522 949 750 төгрөг гэж, ...429 394 ам.доллар буюу 1 058 700 964...гэснийг 384 394 ам.доллар буюу 947 531 210...гэж, ...2 218 550...гэснийг ...2 772 698 гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 779 739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА