| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2017/0344/Э |
| Дугаар | 2018/ДШМ/30 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2018/ДШМ/30
| 2018 оны 03 сарын 09 өдөр | 2018/ДШМ/30 Зуунмод |
Б.Р-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Р-д холбогдох 201719000198 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч С.Наранбадрахын өмгөөлөгч С.Одгариг нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1962 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг ................оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.Р /РД:Н...........73/
Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс 99-17 УНЭ улсын дугаартай "Мазда Памили" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон тус сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Өндөр хүр" гэх газар орших Өндөрширээт сумаас Эрдэнэсант сум чиглэлийн 5 эгнээтэй, шонгийн мод дагасан шороон замаар замын хөдөлгөөнд оролцож яваад, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас замаас гарч иргэн С.Наранбадрахын 5 ханатай гэрийг дайрч, улмаар 5 настай Н.Одбаяр. 44 настай Ч.Хишигмөнх нарын амь насыг хохироож, иргэн П.Догсомын биед хүнд гэмтэл, 5 настай Н.Одбилэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 433 шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б.Р-г согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаа эдэлж дууссан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Б.Р цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан "Мазда Памили" маркийн 99-17 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг төлүүлэх зорилгоор худалдан борлуулахаар зохих байгууллагад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01179574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хадгалуулахаар зохих байгууллагад тус тус шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-с 1.041.606 /нэг сая дөчин нэгэн мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР77070579 дугаарын регистртэй, Шарнууд овогт Санжидын Наранбадрахад 714.606 /зургаан зуун зургаа/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НР99031201 дугаарын регистртэй, Алаг овгийн Хишигмөнхийн Баасанжаргалд 327.000 /гурван зуун хорин долоон мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шарнууд овгийн Санжидын Наранбадрах, Алаг овгийн Хишигмөнхийн Баасанжаргал нар нь тус бүр сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилдэг ба уг сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дээрх сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа хохирогч Тахилт овгийн Пагвааннайдангийн Догсом нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 433 дугаартай шийтгэх тогтоолоор Бүдээгийн Рэгзэндоржийг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна. Учир нь Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн цагдан хоригдсон 43 хоногийг "эдлэх ялд нь оруулан тооцоогүй" шийдвэрлэсэн байна.
Иймд Б.Р-д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоол өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахын өмгөөлөгч С.Одгариг нь давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 21-ны өдрийн 433-р шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хуулийн 1.3-р зүйлийн 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан бөгөөд Б.Рэгзэндоржийн үйлдсэн гэмт хэргийн шинжид согтуурсан, хоёр хүний амь нас хохирсон бол ял шийтгэлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан байхад шүүх уг зүйл заалтын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.
Б.Р нь өөрийгөө удирдах чадваргүйгээр согтууран, мансуурсан үедээ автомашин жолоодон явж байгаад С.Наранбадрахын гэрийг дайрч хоёр хүний амь насыг хохироож, 1 хүнд хүнд гэмтэл, 1 хүнд хөнгөн гэмтэл учруулсан байхад шүүх түүний үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд зөв дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.Р нь хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан боловч энэ нь хохирогч нарын насан туршдаа эдлэх сэтгэлийн шаналлыг нимгэлэхгүй бөгөөд шүүх хохирогч нарт учирсан энэ хүнд байдлыг үл харгалзан шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Шүүхийн тогтоолд дурьдсанаар "...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн. хохирлын үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлснийг..." хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж авч үзсэн байна. Гэтэл Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан бөгөөд Б.Рэгзэндоржийн хувьд шууд тодорхой байдлаар гэмт хэргийг үйлдсэн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээс энэ асуудал хамаарахгүй бөгөөд хуулийн энэ томьёолол нь нууц далд аргаар гэмт хэрэг үйлдээд түүнийхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа этгээдэд хамаарах учраас энэ байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.
Тэгээд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байгаа бол мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал \согтуугаар автомашин жолоодож айлын гэр дайрсан\, учруулсан хохирол, хор уршиг \хоёр хүний амь нас хохироосон, хоёр хүн гэмтээсэн\-ийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй бөгөөд шүүхийн тогтоолд хохирлын төлбөрийн үлдэгдлийг гаргуулж шийдвэрлэсэн мөртлөө хохирол бүрэн төлөгдсөн мэтээр дүгнэж, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож байгаа нь хуульд нийцээгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн хуулиар \онцгой нөхцөл байдал биш\ тогтоогоогүй байдлаар ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй юм.
Мөн хохирогч нараас гаргасан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжил гэж байгааг юу гэж ойлгох юм бэ, хамгийн эрхэм дотны хүмүүсээ алдчихаад, бие махбодь, эд хөрөнгөөр хохирч сэтгэлийн шаналал эдэлж байхад нь түүнийгээ нотол гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хүн нас барсан, гэмтсэн, хохирол учирсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихоод байхад өөр юу хэрэгтэй юм бэ.
Ийм учраас ял шийтгэлийг шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэж гомдол гаргаж байна.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүгдэгчийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс 99-17 УНЭ улсын дугаартай "Мазда Памили" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон тус сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Өндөр хүр" гэх газар орших Өндөрширээт сумаас Эрдэнэсант сум чиглэлийн 5 эгнээтэй. шонгийн мод дагасан шороон замаар замын хөдөлгөөнд оролцож яваад, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас замаас гарч иргэн С.Наранбадрахын 5 ханатай гэрийг дайрч, улмаар 5 настай Н.Одбаяр. 44 настай Ч.Хишигмөнх нарын амь насыг хохироож, иргэн П.Догсомын биед хүнд гэмтэл, 5 настай Н.Одбилэгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Улсын яллагч “ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 433 дугаартай шийтгэх тогтоолоор Бүдээгийн Рэгзэндоржийг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна. Учир нь Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн цагдан хоригдсон 43 хоногийг "эдлэх ялд нь оруулан тооцоогүй" шийдвэрлэсэн байна. “ гэсэн эсэргүүцэл гаргасан байна.
Шүүгдэгч Б.Рэгзэндоржийг 2017 оны 04 дүгээр сарын 05ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23А дугаартай шүүгчийн захирамжаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 23 цаг 10 минутаас эхлэн сэжигтнээр баривчилжээ/1-р хх-н 140-141х/. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23б дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр /1-р хх-н 144-145х/, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23в дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар /1-р хх-н 148-148х/ цагдан хорьж, 2017 оны 05 сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23г дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ /1-р хх-н 152-153/.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Рэгзэндоржийн баривчлагдсан болон цагдан хоригдсон 43 хоногийг ялтны эдлэх ялд оруулж тооцоогүй нь буруу байх тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 21-ны өдрийн 433-р шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хуулийн 1.3-р зүйлийн 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан бөгөөд Б.Рэгзэндоржийн үйлдсэн гэмт хэргийн шинжид согтуурсан, хоёр хүний амь нас хохирсон бол ял шийтгэлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан байхад шүүх уг зүйл заалтын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.
Б.Р нь өөрийгөө удирдах чадваргүйгээр согтууран, мансуурсан үедээ автомашин жолоодон явж байгаад С.Наранбадрахын гэрийг дайрч хоёр хүний амь насыг хохироож, 1 хүнд хүнд гэмтэл, 1 хүнд хөнгөн гэмтэл учруулсан байхад шүүх түүний үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд зөв дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй бөгөөд шүүхийн тогтоолд хохирлын төлбөрийн үлдэгдлийг гаргуулж шийдвэрлэсэн мөртлөө хохирол бүрэн төлөгдсөн мэтээр дүгнэж, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож байгаа нь хуульд нийцээгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн хуулиар \онцгой нөхцөл байдал биш\ тогтоогоогүй байдлаар ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй юм.
Мөн хохирогч нараас гаргасан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжил гэж байгааг юу гэж ойлгох юм бэ, хамгийн эрхэм дотны хүмүүсээ алдчихаад, бие махбодь, эд хөрөнгөөр хохирч сэтгэлийн шаналал эдэлж байхад нь түүнийгээ нотол гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хүн нас барсан, гэмтсэн. хохирол учирсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихоод байхад өөр юу хэрэгтэй юм бэ.
Ийм учраас ял шийтгэлийг шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэж гомдол гаргаж байна.” гэжээ.
Шүүх шүүгдэгч Б.Р-д ял оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан боловч Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчжээ. Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчийн гаргасан “...хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал \согтуугаар автомашин жолоодож айлын гэр дайрсан\, учруулсан хохирол, хор уршиг \хоёр хүний амь нас хохироосон, хоёр хүн гэмтээсэн\-ийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй..” гэсэн нь үндэслэл бүхий байх тул ял хөнгөдсөн гэсэн гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрах, Х.Баасанжаргал нар нь тус бүр сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилдэг ба уг сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дээрх сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа, хохирогч Тахилт овгийн Пагвааннайдангийн Догсом нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт дараахь өөрчлөлтүүд оруулсугай. Үүнд:
а. 2-р заалтын “2 /хоёр/” гэснийг “3 /гурав/” гэж,
б. 3-р заалтын 2 /хоёр/” гэснийг “3 /гурав/”гэж,
в. 4-р заалтын 2 /хоёр/” гэснийг “3 /гурав/”гэж,
г. 5-р заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Р-н цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранбадрахад 715.000 төгрөг, Х.Баасанжаргалд 337.000 төгрөгийг төлсөн тухай 3 хуудас баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгснийг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ