Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 844

 

    2020        10          30                                  2020/ШЦТ/844

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч нар К.Бауиржан, Б.Дамба, Б.Жаргалсайхан,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есөн Өөлд овогт Б.М, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах тус тус дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Б, Урианхай овогт Э.Б, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бавуу овогт Т.О нарт холбогдох эрүүгийн 1711 00764 0241 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Штайн коул” ХХК-д ажилладаг, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 40а дугаар байр, 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Есөн Өөлд овогт Б.М,

 2. Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Оросын холбооны улс, Эрхүү хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 58б байр, 18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Урианхай овогт Э.Б,

3. Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 29 дүгээр байр 28 тоотод оршин суух хаягтай боловч Дархан-Уул аймаг 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхантын 8 дугаар байр 7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Бавуу овогт Т.О,

4. Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, бэр, ач нарын хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 19 дүгээр байр 18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт О.Б,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Есөн Өөлд овогт Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, яллагдагч Боржигон овогт О.Б, Урианхай овогт Э.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, яллагдагч Бавуу овогт Т.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Оийг Б.М, Э.Б, О.Б нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайван” төвийн 501 тоотод иргэн Ц.Баярсайханд банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.

 Учир нь шүүгдэгч Т.Оийг тус гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилж зохион байгуулсан гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх буюу шүүгдэгч, гэрч нарын доорх мэдүүлгээр :

Хохирогч О.Нэргүйн “...Б.М, О.Б, Э.Б гэх хүмүүст банкны баталгаанд түр байршуулсан 68,500,000 төгрөгийн 17,000,000 төгрөг нь миний мөнгө байгаа юм. Энэ мөнгө Баярсайхан бид хоёрын дундын данс болох Хаан банкны 5030449997 дугаарын дансанд байдаг...”, “...Зарыг би тавьсан зарын дагуу Б.М гэж эмэгтэй надтай ярьж байсан...” гэх /3хх-ийн 51-52х/, “...Тэгтэл Б.М гээд байгаа эмэгтэй байсан. Түүн дээр одоо нэрийг нь мэдэх болсон Э.Б орж ирээд бор цаастай бичиг баримт өгч байсан. Б.М гээд байгаа эмэгтэй нь би Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм. Зээл батлагдсан батлагдаагүй хамаагүй 2 цагийн дараа гаргаж өгнө. Голомт банканд таньдаг хүн байгаа гэж хэлж байсан. О.Б нь Б.Мыг мөнгө авах үед хамт явж байсан гарын үсэн зурж байсан хамтдаа л зээл авч байгаа хүн шиг байсан. Албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй. Хоёрхон цагийн дотор байршуулах мөнгө байсан тул гэрээ хийгдээгүй бөгөөд харин гар бичвэрээр мөнгө авсан, өгсөн талаар баримт үйлдсэн байдаг...” гэх /1хх-ийн 50-51х/, хохирогч Ц.Баярсайханы “...2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Б.М гэх хүн утсаар холбогдож зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Дээрх мөнгийг танайхаар байршуулаад орой нь буцаагаад өгье, би зээлийн гэрээгээ бариад очъё гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд өмнөх өдөр утсаар ярьсан Б.М гэдэг хүн О.Б гэгчийг дагуулаад хоёулаа манай ажил дээр ирж уулзсан юм. Ингээд Б.Мын бичиг баримтыг нь шалгаж үзэхэд хаан банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан зээлийн үлдэгдэлтэй гэрээг харуулсан. Уг гэрээг О.Б цүнхнээсээ гаргаж ирээд буцаагаад авсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсан дээр О.Б, Б.М нарын иргэний үнэмлэх, цээж зураг болон хаан банкны зээлийн гэрээ зургийг баримтжуулж авсан. Мөн мөнгө хүлээн авсан акт үйлдүүлсэн. Тэгээд манай ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Тайваны төвийн 501 тоотод бэлнээр Б.М, О.Б нарт 68,500,000 төгрөгийг өгсөн. Ингээд мөнгөө өгөхөд О.Б нь би зээлээ хөөцөлдөнө гэж хэлээд гараад явчихсан. Б.М бид хоёр ажлаас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шаргын Голомт банкны салбар дээр очиж Б.Мын дансанд 68,500,000 төгрөгийг байршуулсан. Тухайн үед би Б.Мтай Баатарыг хамт үлдээгээд явсан. Мөнгө өгч дуусаад Баатарын хамтаар Б.М нь манай ажил дээр ирээд орой мөнгийг гаргаж өгнө хүлээгээд сууж байя гэж хэлсэн. Би өөрөө байж байгаа учраас мөнгө данснаас гарна гэж байхгүй гэж хэлсэн. Ингээд орой 18 цаг болсон тул би Б.Маас одоо мөнгөө эргүүлэн авъя гэж хэлэхэд болоогүй байна хүүхдийн 100-д байрлах Голомт банк орой болтол ажиллана тэндээс мөнгөө авъя гээд хүлээлгэж байгаад Баатар, Б.М бид гурав хүүхдийн 100-д байрлах Голомт банкин дээр очоод Б.Мын данснаас мөнгөө авах гэтэл зээл хөөцөлдөж байгаа манай найз байгаа юм. Би тэр хүнтэйгээ зөвшилцөж байгаад мөнгөө гаргаж өгмөөр байна гээд хүлээлгэсэн. Удалгүй нөгөө яриад байгаа хүн болох Э.Б гэх эмэгтэй ирсэн. Э.Б ирэхээр нь би мөнгөө авъя гэтэл Б.М, Э.Б нар мөнгөө хонуулчхаач асуудал байхгүй гээд шалаад байсан. Тэгэхээр нь би хонуулна гэж ярилцаагүй тодорхой цаг хугацаатай мөнгө байршуулсан. Тийм болохоор одоо мөнгөө авна гэж хэлсэн. Гэтэл Э.Б нь би хойшоо нөхөр лүүгээ мөнгө шилжүүлье гэж хэлээд зугтаад явчихсан. Тэгээд Б.М үлдэхээр нь Голомт банк луу дагуулж ороод Б.Мын дансанд байршуулсан 68,500,000 төгрөгийг авах гэтэл банкны теллер мөнгө чинь байхгүй байна гэсэн. Яагаад мөнгө байхгүй байна гээд Б.М асуусан гэтэл банкны ажилтан “та өөр хүнд итгэмжлэл хийж өгсөн байна. Уг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна” гэж хэлсэн. Б.М нь О.Бгийн хамтаар ирж мөнгийг авахдаа уг зээлийн гэрээг О.Б харуулж тэгээд бид банкнаас гараад Б.Мыг чи яасан муухай луйварчин бэ? гэж хэлээд Э.Бийг дууд энэ хүн л авсан байна гэдгийг хэлээд цагдаад хандсан. Анх надаас мөнгө авахаар ирэхдээ О.Б байсан мөн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Ер нь хамт ирж зээл авсан байгаа юм. Тийм болохоор үйл явдлыг энэ гурван хүн анхнаасаа төлөвлөж зохион байгуулалттай хийсэн гэж бодож байна...” гэх /1хх-ийн 26-27х/, “...Б.Мтай хамт 8 шарга төвийн 2-р давхарт байрлах Голомт банкин дээр очиж түүний дансанд 69,000,000 төгрөгийг хийгээд эргээд хамт манай ажил дээр ирсэн. Б.Мтай хамт явж байсан хүүхэн мөнгө данс руу хийхийг харчхаад яваад өгсөн. Ингээд 15-18 цаг хүртэл Б.М манай ажил дээр надтай хамт байсан. Энэ хугацаанд хүнтэй утсаар яриад банкны хурал болж байна. Бүтэж байна гээд л байхаар нь би үнэхээр тийм юм болж байгаа юм байна л гэж бодсон. Гэтэл 18 цаг 10 минутын үед Б.М утсаар ярьж байснаа “банкны эдийн засагч нь ярьж байна, хурлаар зээл батлагдсан байна” гэж надад хэлэхээр нь би түүнд “за тэгвэл хоёулаа эргэж гараад данснаас чинь миний мөнгийг эргүүлээд авъя” гээд хамт гарсан. Найман шаргын Голомт банк хаасан байсан учир хүүхдийн 100-ийн 24 цаг ажилладаг Голомт банкин дээр очсон. Банк руу явах замдаа Б.М “чи мөнгөө хонуулчхаач, манай найз одоо ирнэ, хэдүүлээ ярилцъя” гээд л гуйгаад байсан. Харин би түүнд зөвшөөрөөгүй, мөнгөө авна гэдгээ хэлсэн. 18 цаг 4 минутын үед Б.Мын найз нь болох Баярмаа /Э.Б/ гэх эмэгтэй ирснээ “мөнгөө хонуулчхаж болохгүй юм уу” гээд л бас гуйгаад эхэлсэн. Тэр 2 ээлжлээд банкны эдийн засагч руу ярьж байна гээд байн байн утсаа барьж аваад, тэгснээ сүлжээ болохгүй байна гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. Бид 3 хэсэг ярилцаж байгаад би тэдэнд “ерөөсөө хурдан орж мөнгөө авъя” гээд банк руу орсон. Банк руу орох үед Баярмаа /Э.Б/ “Би Хаан банк руу орж хүн лүү мөнгө шилжүүлчхээд ирье” гээд явчихсан. Б.М бид 2 банкин дээр оочирлож байгаад теллер дээр очиход теллер эмэгтэй Б.Мд “таны дансанд мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Б.М гайхаж байгаа царай гаргаад “ямар сонин юм бэ, яагаад байхгүй болчихдог юм бэ” гэхэд теллер эмэгтэй “таны данс дахь мөнгийг хүн авчихсан байна, таны хийж өгсөн итгэмжлэл энэ байна” гээд итгэмжлэлийн хуулбар гаргаж ирж үзүүлсэн. Гэтэл Б.М нь Баярмаа /Э.Б/ гэх найздаа Голомт банкныхаа данснаас 70,000,000 төгрөг авах итгэмжлэл өөрийн гараар хийж өгөөд нотариатаар батлуулчихсан байсан. Тэгснээ “энэ миний гарын үсэг биш байна, ямар сонин юм бэ” гэж мэлзсэн. 69,000,000 төгрөгийг Баярмаа /Э.Б/ гэдэг найз нь авчхаад “Б.Маас мөнгө авах ёстой байсан. Би түүнийгээ л авсан. Надад хамаагүй” гэж яриад байна...” гэх /1хх-ийн 28-30х/, “...О.Б нь Б.Мтай манай ажил дээр ирж уулзахдаа зээлийн гэрээ бариад Голомт банк дээр манай хамаатны хүн ажилладаг, зээл хөөцөлдөж байгаа юм. Б.Мын Хаан банкнаас зээл авсан гэрээ нь энэ байна гэж хуулбар хувь гэрээг үзүүлсэн уг гэрээг өөрийнхөө цүнхнээс гаргаж ирж үзүүлээд буцаагаад цүнхлээд аваад гарсан байдаг. Тухайн зээлийн гэрээг харуулаад үлдэгдэл нь ийм байгаа юм гээд гэрээгээ харуулж байсан. Тэгээд “би эндээс гараад Голомт банкныхаа эдийн засагчтай уулзана. Б.Маа чи мөнгөө байршуулж байгаарай тэгээд болчихно” гээд гарсан. Тэгэхдээ мөнгө авсан нь үнэн гээд гарын үсэг хүртэл зурчхаад явсан. Тухайн үед О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан.  О.Б нь бид хоёрын зургийг ав би худлаа ярьдаггүй гэх мэтээр бүх зүйлээ л хүлээн зөвшөөрч яриа өрнүүлж байсан...” гэх /1хх-ийн 228х/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ц.Баярсайхантай тухайн үед уулзахаас өмнө утсаар ярихад ямар зээл хаах гэж байгаа талаар асуугаад байхаар нь Хаан банкны 150,000,000 төгрөгийн зээл хаах гэж байгаа юм гээд хэлчихсэн юм. Тэгж хэлсэндээ тохируулаад Хаан банкнаас зээл авсан хүний зээлийн гэрээний хуулбарыг аваад тэрний дагуу 150,000,000 төгрөгийн зээлтэй бөгөөд зээл төлөгдсөөр байгаад 68,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн утгатай зээлийн гэрээг хийсэн. Би Хаан банканд зээлгүй. Уг гэрээг гэрийн компьютероор засаж байгаад хийсэн. Ц.Баярсайханд үзүүлчхээд ураад хаячихсан юм. Ц.Баярсайханд анх хэлж байсан шигээ зүйлд зарцуулаагүй. Т.Оийн Э.Баас зээлсэн мөнгийг төлчихсөн юм...” гэх /1хх-ийн 60-61х/, “...Тэгэхээр нь Ц.Баярсайхан гэдэг хүнтэй холбогдоод 68,500,000 төгрөгийг зээлээд улмаар Э.Баад итгэмжлэл хийж өгөөд миний данснаас 68,500,000 төгрөгийг авч зээлийн үлдэгдэлгүй болж улмаар Э.Баас Т.Оийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чөлөөлж авсан...” гэх /1хх-ийн 33-34х/, “...

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд Б.М нь 70,000,000 төгрөг хүртэл төгрөгийг өөрийн голомт банкны данснаас авах итгэмжлэлийг надад хийж өгсөн юм. Уг итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт үнэн зөвийг гэрчлүүлсэн юм. Тэр үед Б.М нь би өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлж чиний төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл удалгүй Б.М нь миний данснаас 69,000,000 төгрөгийг аваарай. Харин барьцаа гэрчилгээнүүдийг өгөөрэй гэсний дагуу Б.Мд үнэхээр зээл авна гэдэгт итгэл төрөхгүй байсан тул өөрийн хамаатны эгч О.Бг явуулж Б.Мтай уулзуулсан юм. Тэгээд О.Б нь Б.Мыг дагаж яваад харчхаад үнэхээр зээл авах гэж байгаа юм байна. Чиний мөнгийг төлөх гэж байгаа юм шиг байна гэж хэлээд эгч нь явлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би тайвшраад мөнгө аваарай гэхээр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100-ийн Голомт банкин дээр очиж 50,400,000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн голомт банкны 1605128271 дугаарын дансанд шилжүүлж авч улмаар миний хувьд хохиролгүй болсон юм. Харин Б.М нь надаас гэрчилгээнүүдийн эх хувийг авахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 орчимд уулзахад Б.М нь үл таних хоёр залуутай хамт явж байхаар нь гэрчилгээнүүдийг гардуулан өгсөн. Би бодохдоо миний зээлийг энэ хүмүүсээс авч чөлөөлсөн юм байна гэж бодчихоод явчихсан. Би Баярсайханаас авсан гэдгийг мэдээгүй. Харин нэг газраас миний зээлийг чөлөөлөхөөр хүүтэй зээлж байгаа гэдгийг бол ойлгосон. Энэ мөнгийг Т.О, Б.М хоёр төлөх ёстой байсан. Өөрсдөө хариуцаж мөнгийг зээлсэн ба энэ хоёр хүн хамаатнууд байгаа юм...” гэх /1хх-ийн 38-39х/,          “...Б.М нь надаас барьцааны гурван төрлийн гэрчилгээг авъя гэхээр нь би “Т.О та хоёроос мөнгө аваагүй болохоор би өгөхгүй” гэж хэлсэн. Тэгвэл би чамд миний данснаас мөнгө авах итгэмжлэл хийж өгье. Тэр үед мөнгөө аваад дуудсан цагт барьцааны гэрчилгээнүүдийг авчирч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу Б.М нь өөрийнхөө Голомт банкны данснаас 70,000,000 төгрөг хүртэл хэмжээний мөнгийг гаргаж авах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тэгээд тэр өдрөө над руу залгаж мөнгөө аваарай дансанд мөнгө орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Голомт банканд очиж итгэмжлэлийн дагуу 69,000,000 төгрөгийг авсан. Түүнээс би уг асуудлыг санаачлан Баярсайханаас Б.Маар дамжуулан мөнгө авхуулсан зүйл байхгүй. Би Баярсайхан гэдэг хүнийг гэрчилгээ авчирч өгөх гээд Голомт банкны гадна талд л харсан. Түүнээс тэр хүнийг би таньж мэдэхгүй...”, "...Одоогоор миний хүсэлт гэвэл анх Т.О надаас 50,400,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээр авсан байдаг. Энэ үедээ надад 1 сарын хугацаатай Б.Мын нэр дээр Дархан уул аймагт байрлалтай 70 хувийн гүйцэтгэлтэй объектыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл энэ итгэмжлэлийн хугацаа дуусчихсан байгаад байна. Одоо энэ итгэмжлэлийн хугацааг дахиад сунгаад өгвөл би Ц.Баярсайхан гэж хүний 68,500,000 төгрөгийг өгөөд энэ асуудлыг шийдүүлмээр байна. Яагаад ингээд байна вэ гэхээр би дараа нь Т.Оээс мөнгөө баталгаатай авах л санааны үүднээс итгэмжлэл авмаар байна гээд байгаа юм. Байдал эсрэгээр эргэвэл би юу ч үгүй хоосон хоцрох дээрээ тулчхаж магадгүй..." гэх /1хх-ийн 40-41х/,       “...Тэгэхээр нь би мөнгөө төлж байж гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.М тэгвэл би чамд интернэт банкны нууц кодоо хэлье, чи кодоор нэвтэрч ороод мөнгөө авчаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж авч чадахгүй гэдгийг хэлсэн. Тэгвэл би өөрийнхөө дансанд дээр итгэмжлэл хийж өгье гэж хэлээд 70,000,000 хүртэл төгрөгийн итгэмжлэл хийж өгсөн байдаг. Анх Б.М, Т.О нар надаас мөнгө авахдаа Т.О дансаар 40,000,000 төгрөг, Б.М нь нийт 10,400,000 төгрөгийг тус тус авсан байдаг. Тийм болохоор би Б.Маас зээлсэн мөнгөө буцаан авсан байдаг. Б.М хэлэхдээ Т.О бид хоёр чиний мөнгийг төлж байна гэдгийг хэлж байсан. Б.М нь өглөө 11 цагийн орчимд над дээр ирж уулзчихаад явсан байдаг. Тэгээд би О.Б эгчтэй утсаар холбогдоод Б.М надад зээлээ төлөх гэж байна та хамт яваад үнэн худлыг нь мэдээд өгөөч гэж хэлээд Б.М руу О.Б эгчийг явуулсан. Б.Мын яриад байгаа үнэн худал эсэхийг л шалгуулахаар хамт явуулсан түүнээс уг хэрэгт ямар ч хамааралгүй хүн байгаа юм. Би уг зээлийн гэрээний талаар мэдэхгүй байна. Б.Мтай очиж уулзахад Баярсайхан гэх хүнийг заагаад энэ хүн зээлд зуучилдаг, үнийн дүнгийн 5 хувийг авдаг талаар хэлж байсан. Тэгэхээр нь би Баярсайханаас ямар банканд хэр хэмжээний зээлд зуучилж чадах талаар асуусан. Эхлээд О.Б нь над руу залгаад Б.М чиний өрийг төлөх юм шиг байна гэж хэлчхээд явлаа гэж хэлсэн байдаг. Тэрний дараа Б.М нь залгаад миний данснаас зээлээ аваарай гэж хэлсний дагуу мөнгийг очиж авсан. Би Ц.Баярсайханыг таньж мэдэхгүй хүн байгаа юм. Гомдол гаргах үед л энэ хүнийг зүс мэддэг болсон...” гэх /1хх-ийн 63-64х/,

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь охин Э.Б над руу залгаад та хаана явж байна гэхээр нь би хотын төвд явж байна гэхэд Э.Б “Би Зайсан руу хүүхдээ авах гээд завгүй явж байна. Та манай найз Б.Мтай уулзах хэрэгтэй байна. Зээл авах гэж байгаа юм. Үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд Урт цагааны орчимд Б.Мтай уулзсан. Бид хоёр урт цагааны Хаан банкны 5 давхарт гарахад 1 залуу байсан. Тэгээд нэлээн их хэмжээний мөнгө тоолоод Б.Мд өгөөд байсан. Тэгээд намайг тэр өрөөнд байхад тэр залуу надаар гарын үсэг зуруулсан. Мөн зураг дарж иргэний үнэмлэхийг канондож авсан. Тэгээд Б.Мд танай нөхөртэй чинь ярина гэж хэлж байсан. Ингээд би тэр газраас гараад Э.Баатай ярьж Б.М зээл авч байгаа нь үнэн юм байна гэдгийг хэлсэн. Өөр зүйл болоогүй юм. Би Э.Бтай бол ах дүү төрөл садангийн холбоотой. Харин Б.Мыг өмнө харж байсан ч сайн таньж мэдэхгүй...” гэх /1хх-ийн 46х/, “...Иргэний үнэмлэхээ өгчих гэж хэлсэн. Тэгээд би өгсөн, дараа нь гарын үсэг зурж өгсөн байдаг. Ер нь энэ хоёрын зээлийн асуудлыг гэрчилж л хамт байсан юм...” гэх /1хх-ийн 47х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Бичлэгийг цааш явуулахад Баярсайхан, Б.М, О.Б нар нь шар өнгийн хаалгыг нээн дотогш өрөөнд орох ба О.Б нь Баярсайханы гартаа барьж байсан эд зүйлсийг аваад өрөөнд байх сандал дээр байршуулж байв..” гэх тэмдэглэл /1хх-ийн 21х/, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдохгүй  байна гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Дээрх 150.000,000 төгрөгийн хуурамч гэрээг Т.О хэрхэн яаж компьютер дээр хийх аргыг зааж өгсөн. Урьд нь тэрээр энэ аргаар өөрийн банк дахь дансны хуулгыг засварлаж зээл авч байсан гэж хэлж байсан. Ингээд Т.Оийн зааж өгсний дагуу хуурамч гэрээг өөрийн гараар хийсэн. Хохирогч Баярсайханы мэдүүлгээр би түүний хажууд байхад над руу банкны эдийн засагч мэтээр ярьсан хүн бол Т.О байсан юм гэж мэдүүлсэн боловч шүүгдэгчийн дээрх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайван” төвийн 501 тоотод иргэн Ц.Баярсайханд банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сард анхны шүүх хуралд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар намайг дарамталж гэрт маань ирж хүүхдүүдийг айлгаж байгаа талаар мөрдөгч болон хяналт тавьж байсан прокурорт хэлж байсан. Би эх болон бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Тайван байхын тулд би хохирогч Баярсайхан болон Нэргүй нарын хүссэнээр мэдүүлэг өгсөн. Надад хохирогч нар дарамт үзүүлэхгүй бол хэргийн талаар үнэнийг хэлнэ гэдгийг хэлж байсан. Эхний шүүх хуралдаанаар миний мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байсан. Гэтэл нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн тэр мэдүүлгүүдийг яллах дүгнэлтэд нотлох баримтаар орж байгааг гайхаж байна. Тухайн үед миний биед хөнгөн гэмтэл учирч Баярсайхан, Нэргүй нар намайг чирч, айлгасан. Би өөрөө 102 дугаарт дуудлага өгч цагдаагийн байгууллагад хандсаны улмаас энэ хэрэг илэрсэн. Тухайн үед би яллагдагчаар татагдсан ч гэрч, хохирогчийг хамгаалаад бусад хүмүүсийг анхаарахгүй байна. Би хохирогч нарын үйлдэлд гомдолтой байна. Хохирогч нар бодит болсон үйлдлийн талаар ярьдаггүй. Нэргүй болон Баярсайхан нар Сүхбаатар дүүрэгт шалгагдаж байсан миний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хаалгах гэж намайг дарамталсан. Сүүлдээ би очоод гомдолгүй гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сард болсон давж заалдах шатны шүүх хуралд өгсөн мэдүүлэгт 15,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрөө авмаар байна гэж хэлж байсан. Шүүгч болон прокурор, хохирогч нарт анхааруулсны дүнд манай гэрийн хаалгыг балбахаа больсон. 2018 онд би өмгөөлөгчтэй нэг л мэдүүлэг өгсөн. Хохирогч гэхээсээ илүүтэйгээр хүүтэй мөнгө авчхаад ямар нэгэн маргаан, үл ойлголцол байхаар хэдэн мөнгө хүүлэгч нар ингэж дураараа дургиж байгаа хоёр хохирогчид гомдолтой байна. 15,000,000 төгрөгийн хүү үнэхээр хүү юу? Давж заалдах шатны шүүгч асууж байсан. Энэ зээлийн гэрээ байсан юм уу гэсэн чинь тийм ээ, би хүүгээ авмаар байна аа гээд л хохирогч хэлж байсан. Явсаар байгаад хүүгээ авсан. 190,000 төгрөгийн хүүг би Нэргүй болон Баярсайхан нарт төлсөн. 68,500,000 төгрөгийн 3 хоногийн хүү, тодорхой хугацааны алданги гэж 2.000.000 төгрөг нэхсэн. Би төлсөн. Миний хувьд би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Бүх шатны шүүх прокурор мөрдөн байцаалтад хэлдэг. Би бол зүгээр л зуучилсан хүн болохоос би эндээс нэг ч төгрөг аваагүй. Би анх хохирол төлбөр барагдуулахад 23,000,000 төгрөг төлсөн. Шүүхийн шатанд 10,000,000 төгрөг Т.О надад буцааж өгсөн. Би 13,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй байж төлсөн. Дээрээс нь миний дансанд байсан 690,000 төгрөг маань бас байхгүй болсон. Би ингээд мөнгө төлөөд л яваад байгаа...” гэх.

            Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнөх хоёр удаагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд яг хэвээрээ байгаа. Нэмж хэлэхэд хохирогч гэх Нэргүй, Баярсайхан нар нь Б.Мтай гэрээ байгуулсан. Тэрнийхээ дагуу хүүтэй мөнгө зээлээд хүүгээ авахын тулд бид дөрвийг энэ хэрэгт ямар ч утгагүйгээр оролцуулаад яваад байгаа юм шиг харагдаад байна. Ер нь Нэргүй бол надад удаа дараа “...Э.Биа чи Б.М, Т.О хоёроос мөнгөө авахдаа хүү, алданги, гарсан зардалтай нь буцааж авсан байхад яагаад бид нар нэг ч төгрөгийн хүү авахгүй гэж. Ямар ч байсан бид нар хүүгийнхээ мөнгийг авч байж сална аа...” гэдэг байдлаар шүүх хуралдаанд ч ордог, хувийн байдлаар ч гэсэн надад байнга хэлдэг байсан. Хараад байхад Баярсайхан, Нэргүй, Б.М, Т.О нарын хооронд зээлийн гэрээ байсан. Тэрнийхээ дагуу хүүн дээр маргалдаж байгаа учраас нэг иймэрхүү байдал үүсгэчхээд бид нар бүгдээрээ өдийг хүртэл энэ олон жил шүүх цагдаагийн хаалга гээд яваад байгаа юм шиг байна. Хохирогч нар хүүгийнхээ мөнгийг авсан болоод хохиролгүй гэсэн бичиг хийж өгөх шиг болно лээ...” гэх.

            Шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өнөөдөр би өөрийнхөө огт мэдэхгүй 69,000,000 төгрөгийн асуудалд хийгээгүй хэргээ зохион байгуулсан гээд зогсож байна. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон явдлыг 09 дүгээр сарын 25-ны өдөр чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад Дарханаас дуудагдаж ирэхдээ мөрдөн байцаагчаас нь анх сонсож байсан юм. 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.М бусдаас 59,000,000 төгрөг авсан талаар мэдэх үү тэгж байсан. Би одоо миний мэдүүлэг ч байгаа. Би огт мэдэхгүй ээ, одоо л сонсож байна гэдгээ хэлж байсан. Тэгээд мөрдөн байцаагч нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Биас зээлсэн 50,000,000 төгрөгөө төлж барагдуулсан уу гэж асууж байсан. Тухайн үед би 50,000,000 төгрөг төлөхийн тулд Дарханы Голомт банкнаас зээл хөөцөлдөж байсан. 250,000,000 төгрөг миний барилгад зарцуулагдах байсан дээр нэмээд би 300,000,000 төгрөгийн зээл 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Голомт банканд материал бүрдүүлж өгөөд Дархан руу явж байх хооронд 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг цагдаа дуудаад ийм асуудал үүссэн тухай анх сонссон. 2017 оны 10 дугаар сарын дундуур дахин дуудаад дахиж мэдүүлэг авч байх үед 69,000,000 төгрөгтэй холбоотой 2 хохирогчийг харж байсан. 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн прокуророос намайг дуудаад огт мэдэхгүй асуудал дээр буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баярсайхан, Нэргүй гэх хүмүүсээс 69,000,000 төгрөг залилж авсан үйлдлийг намайг санаачилсан, зохион байгуулсан хохирогч нарыг таньдаг, тэдэнд үгсэн тохиролцсон, цуг сургуульд сурч байсан, хаан банкны 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Мтай банкны эдийн засагч байдлаар утсаар ярьсан гэх мэт ор үндэслэлгүй зүйлийг ярьж дурдсан байдалтай тийм мэдэгдэл надад танилцуулж байсан. Би энийг огт мэдэхгүй, ерөөсөө тархи оюун санаанд байхгүй юмыг ингэж дурдаад энэ мэдүүлгийг танилцуулсан учраас би үнэхээр хүлээн зөвшөөрөөгүй. Одоо сонсож байхад Б.Мын айдаст автаж өгсөн мэдүүлэгт л болсон юм байна гэж би ойлгож байна. Б.М олон янзаар мэдүүлэг өгсөн байсан. Тэр мэдүүлэг дотор нь намайг ингэж буруутгасан. Тэр мэдүүлэг дээр л үндэслээд яллах дүгнэлт биччихсэн байсан. Одоо тэр яллах дүгнэлт дээр яриад байгаа энэ нөхцөлийн хэлээд байгаа. Яг үнэхээр үнэн. Намайг буруутгасан саяын үйлдлүүдийг тэр яллах дүгнэлт дээр бүгдийг нь биччихсэн байдаг. 2018 оны 05 дугаар сард Б.Мыг өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан учраас дахин буцаагаад дахиж энэ мэдүүлгийг нь өгье гэхэд Б.М дахиж мэдүүлэг өгсөн байсан. Түүн дээр энэ саяын намайг буруутгаад байгаа мэдээллүүдийг дахиж ерөөсөө дурдаагүй байхад дахиж тэр яллах дүгнэлт дээрээ энэ өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгээр дахиж бичээд л намайг дахиад л тэрүүгээр нь буруутгачихсан. Би хуулийн мэргэжилтэй биш болохоор сайн мэдэхгүй боловч энэ яллах дүгнэлт нь үнэхээр эрх зүйн чадамжтай юм уу, хүнийг ингэж буруутгаж болдог юм уу. Үүнээс хойш надаас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан. 09 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийг би санаачлаагүй, би энэ хүмүүсийг сайн танихгүй, Нэргүй Баярсайхан гэдэг хүмүүстэй би цуг сурч байгаагүй. Хаан банкны гэрээ гэж юу яриад байгааг би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 99198119 гэсэн дугаартай өөрийнхөө утасны жагсаалтыг тухайн үед баримт болгож өгсөн. Одоо хавтаст хэрэгт байгаа. Би Б.Мтай 09 дүгээр сарын 07-ноос хойш холбогдоогүй. Нэргүй Баярсайхан гэдэг хүмүүсийг танихгүй учраас тэд нартай нэг ч холбогдож байгаагүй. Нотлох баримтаа өгчхөөд байхад миний нотлох баримтыг одоо хүртэл үнэлдэггүй, эдийн засагч байдлаар ярьсан, захиалсан гээд л яриад байдаг. Би Дарханд зав чөлөөгүй банкны зээл хөөцөлдөөд явж байсан. Надад тухайн үед дутуу баригдчихсан барилга байсан. Энэ барилгад үнэхээр 250,000,000 төгрөгийн зээл шаардлагатай байсан тул би зээл хөөцөлдөж байсан. Би Б.М, Э.Бь хоёрт түрхэн хүлээж байгаарай, би энд ингээд банкны зээл хөөцөлдөөд явж байна гэдгээ 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хэлээд, ойлгуулаад явж байсан. Дарханы Голомт банкнаас зээлийн хариуг 2017 оны 10 дугаар сарын сүүлээр өгсөн. Зээл маань бүтэх боломжгүй болсон учраас би Э.Бд хугацаагаа сунгая зээлийнхээ гэрээг шинэчлээд хийчхэж болох уу гэсэн санал тавихад Э.Бь надад чиний мөнгө төлөгдчихсөн. Баярсайханд төл гэдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.М анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэг дээр хэлсэн мэдүүлэг нь байдаг. “...2017 оны 09 дүгээр сарын үед ах Сайханбаяр над руу ярьж энэ хүмүүсээс очоод авчих гэсний дагуу би очиж авсан...” гэж мөрдөн байцаалтынхаа үед өгч байсан мэдүүлгүүдээ буцааж няцаасан байдаг. Гэтэл яллах дүгнэлт дээр байгаа буюу нөгөө өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй өгсөн мэдүүлэг дээр үндэслээд нотлох баримтыг маань огт үнэлэхгүйгээр намайг гэм буруутайд тооцоод яллаад хорьчихсон. Хоёр хохирогчийн 461 дүгээр хорих ангид хоригдож байхад бичсэн Баярсайхан хохирогчийн гомдолд уг хэрэгт оролцоогүй Т.От яг адил ял оногдуулчихлаа. Нэргүйн хүсэлтэд ямар ч нотлох баримтгүйгээр 2 жилийн ялыг Б.Мын мэдүүлгээр өгчихлөө гэж бичсэн байдаг. Сайханбаяр гэдэг хүнд би 50,000,000 төгрөг өгсөн. Би энэ 50,000,000 төгрөгөөс ч нэг төгрөг аваагүй байж өөрөөсөө гаргаж өгсөн. Би нэг талаасаа бол уул нь хохирогч баймаар хүн. Сайханбаяр гэрчээр нэг удаа мэдүүлэг өгсөн байдаг юм. Тэр мэдүүлэгт Э.Бьд төлөх ёстой 50,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа, банкны зээл судлуулж байгаа бүтэхээр нь тодорхой хүүгийн хамт төлнө өө гэж мэдүүлсэн байдаг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч “...зээл бүтэх гэж байна аа, зээлийн эдийн засагчтай ярьж байна гэж Б.М хэнтэй ярьсан бэ...” гэсэн асуултад яллах дүгнэлтийг үйлдсэн прокурор Агар өөрөө “Э.Бьтай утсаар ярьсан” гээд хариулчхаад байгаа хэрнэ эдийн засагч байдлаар утсаар Т.О ярьсан гээд намайг яллаад байдаг. Энэ бүхэнд тодорхой дүгнэлт хийлгүйгээр надад яллах дүгнэлт үйлдээд 2 шатны шүүх үндэслэлгүйгээр намайг шийтгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болсон Нийслэлийн давж заалдах шатны хэлэлцүүлгийн үед хохирогч Нэргүй тайлбартаа ямар ч хамааралгүй Т.Оийг шийтгээд байна гэдгийг хэлсээр л байсан. Эцэстээ би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буюу Нэргүй Баярсайхан хоёроос авсан мөнгөнөөс 1 сарын өмнө огт хамааралгүй өдөр би Б.Маар зуучлаад Э.Биас авсан 50,400,000 төгрөгийг би төлсөн. Энэ мөнгийг би удаан удаан хугацаанд төлсөн. Яагаад гэвэл миний хөөцөлдөж байсан зээл маань бүтэхгүй гэсэн хариу өгсөн учраас би бусад хөрөнгө оруулагчтай нийлж байгаад 250,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт аваад олсон ашиг орлогоосоо би Э.Бьд төлөх ёстой мөнгөө төлсөн. Түүнээс биш би Нэргүй Баярсайхан нараас мөнгө авч төлсөн асуудлыг үнэхээр мэдэхгүй. 50,000,000 төгрөг, 69,000,000 төгрөгийн асуудал 2 өөр өдөр болсон 2 тусдаа үйлдэл. Энийг тусад нь авч үзээд шалгаад шийдэж өгнө үү. Б.М бид хоёрын хэн нь үнэн хэлээд, хэн нь худлаа хэлээд байгааг мөрдөн байцаалтад нэмэлтээр буцааж нүүрэлдүүлээч. Миний хэлж байгаа үг болгон үнэн, нотлох баримттай, гэрчтэй. Би 50,400,000 төгрөгийг авснаасаа хойш эргэн төлөхгүй удаасан миний буруу. Би энийг ойлгож байгаа. Энэ удаасан процессын үед надад маш их дарамт ирж байсан. Эдгээр дарамтын дор би өнөөдөр шүүгдэгч болоод зогсож байна...” гэх.

            Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнөх мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх.

             Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Миний авга ах Сайханбаярын эхнэр Т.О нь миний найз Э.Баас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр банкнаас зээл бүтэхээр өгнө гэж 50,400,000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Би тэдний хооронд зуучилж өгсөн юм. Анх 2 хоногийн хугацаатай мөнгийг зээлж авсан боловч Т.О эгчийн банкны зээл нь бүтээгүй учир Э.Баас авсан мөнгөө төлж чадаагүй, хүүгээ ч өгөөгүй. Э.Б надаас өдөр бүр мөнгөө нэхээд байсан. Мөнгөний хүү өссөөр өнөөдрийн байдлаар 68,500,000 төгрөг болчихсон. Би өчигдөр үнэгүй.мн сайтаас “банкны зээл чөлөөлж барьцаагүй зээл олгоно” гэсэн зарын дагуу өнөөдөр холбоо барих утсаар нь холбогдож урт цагааны урд байрлалтай Тайваны төвийн 5 давхарт зээл олгогчтой ирж уулзсан. Зээл чөлөөлөх шаардлагатай учир 69,000,000 төгрөг авна гэж хэлээд хоногийн 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Зээлийн гэрээ байгуулагдаагүй, цаасан дээр мөнгө өгч авсан тухай баримт үйлдсэн. Надтай хамт Э.Баатай хамт ажилладаг О.Б гэдэг эгч хамт явсан ба мөнгө зээлж авахаар болсны дараа яваад өгсөн. Ингээд зээлдүүлэгчтэй хамт 8 шаргын дотор байрладаг Голомт банк дээр очиж өөрийн 3155103344 дугаарын дансанд 68,500,000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 500,000 төгрөг дээр би 190,000 нэмээд хоногийн хүү гэж зээлдүүлэгчид өгсөн. Тухайн үед Т.О эгч над дээр үл хөдлөхийн гэрчилгээгээ аваад ирэх ёстой байсан боловч ирээгүй. Би түүнийг ирмэгц мөнгө зээлдүүлэгчтэй зээлийн гэрээг нь өөрийнх нь нэр дээр хийлгүүлж хооронд нь уулзуулаад явна гэсэн бодолтой байсан юм. Гэтэл Т.О эгч, ах хоёр хэн хэн нь утсаа аваагүй. Би Т.О эгчийг хүлээгээд зээл өгсөн хүний ажил дээр 18 цаг хүртэл суусан. Зээлдүүлэгч залуу орой болмогц нэг хүнтэй утсаар яриад "би ерөөсөө хоногоор зээл өгөхөө болилоо, мөнгөө буцааж авмаар байна” гэсэн. Ингээд би түүнтэй хамт хүүхдийн 100-д байрлах Голомт банкны салбарт очоод данснаасаа мөнгө авах гэсэн боловч мөнгө байхгүй болсон байсан. Манай найз Э.Баа миний өөрт нь хийж өгсөн итгэмжлэлээр 68,500,000 төгрөгийг авчихсан байсан...” гэв /1хх-ийн 31-32х/,

             Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин мэдүүлэхдээ: “...Манай ах Сайханбаярын эхнэр Т.О нь “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагад 250,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаад мөнгөний шаардлага гарч надад хэлсэн учир би Э.Бааг Т.Отэй танилцуулж зуучилж өгсөн юм. Улмаар Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Баагаас 50,400,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 2 хоногийн хугацаатай зээлсэн юм. Энэ зээл авсан мөнгөөрөө өөрийн нэр дээр байх компанийн өрийг барагдуулсан. Гэтэл Т.О нь дээрх зээлийг төлөөгүй өдийг хүрчихсэн. Энэ хооронд Э.Баа нь надаас мөнгийг нэхэж удаа дараа шаарддаг байсан. Тэгэхээр нь Ц.Баярсайхан гэдэг хүнтэй холбогдоод 68,500,000 төгрөгийг зээлээд улмаар Э.Баад итгэмжлэл хийж өгөөд миний данснаас 68,500,000 төгрөгийг авч зээлийн үлдэгдэлгүй болж улмаар Э.Баас Т.Оийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чөлөөлж авсан...” гэх /1хх-ийн 33-34х/,

            Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Дээрх 150.000,000 төгрөгийн хуурамч гэрээг Т.О хэрхэн яаж компьютер дээр хийх аргыг зааж өгсөн. Урьд нь тэрээр энэ аргаар өөрийн банк дахь дансны хуулгыг засварлаж зээл авч байсан гэж хэлж байсан. Ингээд Т.Оийн зааж өгсний дагуу хуурамч гэрээг өөрийн гараар хийсэн. Хохирогч Баярсайханы мэдүүлгээр би түүний хажууд байхад над руу банкны эдийн засагч мэтээр ярьсан хүн бол Т.О байсан юм. Би Т.Оийг хохирол төлбөрийг барагдуулна гэж итгэж байсан учир урьд өмнөх мэдүүлэг дээр энэ талаар хэлээгүй. Энэ нөхцөл байдлыг анх санаачилсан хүн бол Т.О байгаа юм. Тухайн өдөр буюу Баярсайхантай уулзахаас өмнөх өдөр нь Т.О нь Нэргүй Баярсайхан хоёртой утсаар яриад тохирчихсон байсан. Тэрний дагуу би маргааш нь очиж уулзсан. Гэхдээ Баярсайхан, Нэргүй хоёр бол Т.Отэй ярьсан гэдгээ мэдээгүй байсан юм байна лээ. Тэр үедээ Т.О нь Баярсайханыг надтай хамт санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байсан залуу гэж ойлгуулж байсан.Тэгээд өөрөө “үнэгүй.мн” дээр зар тавьсан байна тэрийг олж харлаа чи очоорой би яриад тохирсон гэж байсан. Энэ үйл явдлыг миний ах О.Сайханбаяр, О.Амартуяа нар гэрчилнэ. Хохирол төлбөрийг Т.Оээр төлүүлмээр байна төлөхгүй байгаад гомдолтой байна...” гэх /2хх-ийн 76-77х/,

            Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: “...Ц.Баярсайхантай тухайн үед уулзахаас өмнө утсаар ярихад ямар зээл хаах гэж байгаа талаар асуугаад байхаар нь Хаан банкны 150,000,000 төгрөгийн зээл хаах гэж байгаа юм гээд хэлчихсэн юм. Тэгж хэлсэндээ тохируулаад Хаан банкнаас зээл авсан хүний зээлийн гэрээний хуулбарыг аваад тэрний дагуу 150,000,000 төгрөгийн зээлтэй бөгөөд зээл төлөгдсөөр байгаад 68,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн утгатай зээлийн гэрээг хийсэн. Би Хаан банканд зээлгүй. Уг гэрээг гэрийн компьютероор засаж байгаад хийсэн. Ц.Баярсайханд үзүүлчхээд ураад хаячихсан юм. Ц.Баярсайханд анх хэлж байсан шигээ зүйлд зарцуулаагүй. Т.Оийн Э.Баас зээлсэн мөнгийг төлчихсөн юм...” гэх /1хх-ийн 60-61х/,

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Б.М бид хоёр багын нэг нэгийгээ мэддэг танилууд байгаа юм. Тэгэхдээ тийм айхтар найз нөхдийн харилцаа бол байхгүй. Миний хувьд хувиараа өдрийн болон хоног, сараар хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлдэг ажил эрхэлдэг юм. Намайг ийм төрлийн ажил эрхэлж байгаа гэдгийг Б.М мэддэг юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.М нь өөрийнхөө бэр эгч гэж танилцуулсан Т.О гэх эмэгтэйг дагуулж ирээд чамаас 46,000,000 төгрөг зээлж зээлээ хаагаад 3-4 хонуулаад хүүтэй буцаагаад өгнө гэж хэлсэн юм. Ингээд эхний ээлжид 46,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж аваад хэд хоногийн дараа нэмж 4,400,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд Т.Оийн нэр дээрх бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Б.М итгэмжлэлээр авч өр төлбөр барагдахгүй болсон тохиолдолд надад дээрх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож надад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээнүүдийг эх хувиар хадгалуулж нийт 50,400,000 төгрөгийг Т.От зээлүүлсэн юм. Тэгснээ мөнгө төгрөг өгөхгүй алга болсон. Гэтэл уг итгэмжлэлийн 1 сарын хугацаа нь дууссан тул миний хувьд ямар нэгэн төлбөрөө барагдуулан авахад хэцүү эрсдэлтэй байдалд орсон тул Б.Мтай уулзаж мөнгө авах талаар удаа дараа шаардахад Б.М нь мөнгийг чинь удахгүй төлнө зээл гарах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Мтай нийт мөнгөний асуудлаа бодож тооцоолоход надад 69,000,000 төгрөгийг төлөх төлбөр гарсан. Тэгэхэд Б.М нь 70,000,000 төгрөг хүртэл төгрөгийг өөрийн голомт банкны данснаас авах итгэмжлэлийг надад хийж өгсөн юм. Уг итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт үнэн зөвийг гэрчлүүлсэн юм. Тэр үед Б.М нь би өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлж чиний төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл удалгүй Б.М нь миний данснаас 69,000,000 төгрөгийг аваарай. Харин барьцаа гэрчилгээнүүдийг өгөөрэй гэсний дагуу Б.Мд үнэхээр зээл авна гэдэгт итгэл төрөхгүй байсан тул өөрийн хамаатны эгч О.Бг явуулж Б.Мтай уулзуулсан юм. Тэгээд О.Б нь Б.Мыг дагаж яваад харчхаад үнэхээр зээл авах гэж байгаа юм байна. Чиний мөнгийг төлөх гэж байгаа юм шиг байна гэж хэлээд эгч нь явлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би тайвшраад мөнгө аваарай гэхээр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хүүхдийн 100-ийн Голомт банкин дээр очиж 50,400,000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн голомт банкны 1605128271 дугаарын дансанд шилжүүлж авч улмаар миний хувьд хохиролгүй болсон юм. Харин Б.М нь надаас гэрчилгээнүүдийн эх хувийг авахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 орчимд уулзахад Б.М нь үл таних хоёр залуутай хамт явж байхаар нь гэрчилгээнүүдийг гардуулан өгсөн. Би бодохдоо миний зээлийг энэ хүмүүсээс авч чөлөөлсөн юм байна гэж бодчихоод явчихсан. Би Баярсайханаас авсан гэдгийг мэдээгүй. Харин нэг газраас миний зээлийг чөлөөлөхөөр хүүтэй зээлж байгаа гэдгийг бол ойлгосон. Энэ мөнгийг Т.О, Б.М хоёр төлөх ёстой байсан. Өөрсдөө хариуцаж мөнгийг зээлсэн ба энэ хоёр хүн хамаатнууд байгаа юм...” гэх /1хх-ийн 38-39х/,

            Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин мэдүүлэхдээ: “...Б.М нь надаас барьцааны гурван төрлийн гэрчилгээг авъя гэхээр нь би “Т.О та хоёроос мөнгө аваагүй болохоор би өгөхгүй” гэж хэлсэн. Тэгвэл би чамд миний данснаас мөнгө авах итгэмжлэл хийж өгье. Тэр үед мөнгөө аваад дуудсан цагт барьцааны гэрчилгээнүүдийг авчирч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу Б.М нь өөрийнхөө Голомт банкны данснаас 70,000,000 төгрөг хүртэл хэмжээний мөнгийг гаргаж авах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тэгээд тэр өдрөө над руу залгаж мөнгөө аваарай дансанд мөнгө орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Голомт банканд очиж итгэмжлэлийн дагуу 69,000,000 төгрөгийг авсан. Түүнээс би уг асуудлыг санаачлан Баярсайханаас Б.Маар дамжуулан мөнгө авхуулсан зүйл байхгүй. Би Баярсайхан гэдэг хүнийг гэрчилгээ авчирч өгөх гээд Голомт банкны гадна талд л харсан. Түүнээс тэр хүнийг би таньж мэдэхгүй...”, "...Одоогоор миний хүсэлт гэвэл анх Т.О надаас 50,400,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээр авсан байдаг. Энэ үедээ надад 1 сарын хугацаатай Б.Мын нэр дээр Дархан уул аймагт байрлалтай 70 хувийн гүйцэтгэлтэй объектыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Гэтэл энэ итгэмжлэлийн хугацаа дуусчихсан байгаад байна. Одоо энэ итгэмжлэлийн хугацааг дахиад сунгаад өгвөл би Ц.Баярсайхан гэж хүний 68,500,000 төгрөгийг өгөөд энэ асуудлыг шийдүүлмээр байна. Яагаад ингээд байна вэ гэхээр би дараа нь Т.Оээс мөнгөө баталгаатай авах л санааны үүднээс итгэмжлэл авмаар байна гээд байгаа юм. Байдал эсрэгээр эргэвэл би юу ч үгүй хоосон хоцрох дээрээ тулчхаж магадгүй..." гэх /1хх-ийн 40-41х/,

            Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгэхээр нь би мөнгөө төлж байж гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.М тэгвэл би чамд интернэт банкны нууц кодоо хэлье, чи кодоор нэвтэрч ороод мөнгөө авчаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж авч чадахгүй гэдгийг хэлсэн. Тэгвэл би өөрийнхөө дансанд дээр итгэмжлэл хийж өгье гэж хэлээд 70,000,000 хүртэл төгрөгийн итгэмжлэл хийж өгсөн байдаг. Анх Б.М, Т.О нар надаас мөнгө авахдаа Т.О дансаар 40,000,000 төгрөг, Б.М нь нийт 10,400,000 төгрөгийг тус тус авсан байдаг. Тийм болохоор би Б.Маас зээлсэн мөнгөө буцаан авсан байдаг. Б.М хэлэхдээ Т.О бид хоёр чиний мөнгийг төлж байна гэдгийг хэлж байсан. Б.М нь өглөө 11 цагийн орчимд над дээр ирж уулзчихаад явсан байдаг. Тэгээд би О.Б эгчтэй утсаар холбогдоод Б.М надад зээлээ төлөх гэж байна та хамт яваад үнэн худлыг нь мэдээд өгөөч гэж хэлээд Б.М руу О.Б эгчийг явуулсан. Б.Мын яриад байгаа үнэн худал эсэхийг л шалгуулахаар хамт явуулсан түүнээс уг хэрэгт ямар ч хамааралгүй хүн байгаа юм. Би уг зээлийн гэрээний талаар мэдэхгүй байна. Б.Мтай очиж уулзахад Баярсайхан гэх хүнийг заагаад энэ хүн зээлд зуучилдаг, үнийн дүнгийн 5 хувийг авдаг талаар хэлж байсан. Тэгэхээр нь би Баярсайханаас ямар банканд хэр хэмжээний зээлд зуучилж чадах талаар асуусан. Эхлээд О.Б нь над руу залгаад Б.М чиний өрийг төлөх юм шиг байна гэж хэлчхээд явлаа гэж хэлсэн байдаг. Тэрний дараа Б.М нь залгаад миний данснаас зээлээ аваарай гэж хэлсний дагуу мөнгийг очиж авсан. Би Ц.Баярсайханыг таньж мэдэхгүй хүн байгаа юм. Гомдол гаргах үед л энэ хүнийг зүс мэддэг болсон...” гэх /1хх-ийн 63-64х/,

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхрийн эгчийнх нь охин Э.Б над руу залгаад та хаана явж байна гэхээр нь би хотын төвд явж байна гэхэд Э.Б “Би Зайсан руу хүүхдээ авах гээд завгүй явж байна. Та манай найз Б.Мтай уулзах хэрэгтэй байна. Зээл авах гэж байгаа юм. Үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд Урт цагааны орчимд Б.Мтай уулзсан. Бид хоёр урт цагааны Хаан банкны 5 давхарт гарахад 1 залуу байсан. Тэгээд нэлээн их хэмжээний мөнгө тоолоод Б.Мд өгөөд байсан. Тэгээд намайг тэр өрөөнд байхад тэр залуу надаар гарын үсэг зуруулсан. Мөн зураг дарж иргэний үнэмлэхийг канондож авсан. Тэгээд Б.Мд танай нөхөртэй чинь ярина гэж хэлж байсан. Ингээд би тэр газраас гараад Э.Баатай ярьж Б.М зээл авч байгаа нь үнэн юм байна гэдгийг хэлсэн. Өөр зүйл болоогүй юм. Би Э.Бтай бол ах дүү төрөл садангийн холбоотой. Харин Б.Мыг өмнө харж байсан ч сайн таньж мэдэхгүй...” гэх /1хх-ийн 46х/,

            Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Б.Мын хамтаар Ц.Баярсайхан гэх хүний ажил дээр очсон боловч ямар нэгэн гэрээ хэлцэл бол харуулаагүй. Надад гэрээний талаар мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үедээ би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Би учрыг нь мэдээгүй. Иргэний үнэмлэхээ өгчих гэж хэлсэн. Тэгээд би өгсөн, дараа нь гарын үсэг зурж өгсөн байдаг. Ер нь энэ хоёрын зээлийн асуудлыг гэрчилж л хамт байсан юм...” гэв /1хх-ийн 47х/,

Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөнгөний хэрэг гарсан тул Б.Мын хамтаар Э.Б гэж хүнээс нийт 50,400,000 төгрөгийг өдрийн хүүтэйгээр зээл авсан юм. Би Дархан-Уул аймагт хувиараа барилгын бизнес эрхэлдэг юм. Энэ ажлаас болоод хамтран амьдрагч О.Сайханбаяр нь хүнд их хэмжээний өртэй болсон юм. Тэгээд уг өрийг дарахын тулд Э.Баас мөнгө зээлсэн. Би Э.Бийг танихгүй бөгөөд Б.Маар дамжуулан танилцаж байсан. Би мөнгийг зээлсэн. Уг мөнгийг миний бие төлж барагдуулах ёстой байсан. Яг хугацаа тодорхой заасан зүйл байхгүй. Урьд өдөр нь банк бус санхүүгийн байгууллагад зээл авах хүсэлт гаргахад боломжтой талаар хариу хэлж байсан. Тэгэхээр нь уг мөнгийг Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсны дараа төлнө гэж бодсон юм. Гэтэл зээлийн материалыг үзээд зээл олгохгүй гэсэн тул Э.Бд мөнгийг төлж чадаагүй бөгөөд өөр банкнуудаар явахад ихэнх банкнууд шалгалт орсон, зээл хаасан гэх хариунууд өгч байсан. Ингээд Э.Баас авсан зээлийг төлж чадахгүй явсан. Э.Баас зээлээр авсан 50,400,000 төгрөг болон түүнтэй холбоотой хүүг би төлнө...” гэх /1хх-ийн 44-45х/,

            Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: ”...Би Баярсайхан гэдэг хүнээс 69,000,000 төгрөг авсан асуудлыг мэдэхгүй. Б.Мд эсвэл Э.Бд тэндээс мөнгө ав гэж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Э.Баас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 50,400,000 төгрөг авсан нь үнэн. Тэрийгээ төлөх нь үнэн. Нэгдүгээрт 69,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Баярсайхан гэдэг хүнийг ч танихгүй. Тэр хүнээс 69,000,000 төгрөг авах талаар миний бодолд ч байгаагүй. Б.Мд ч энэ талаар хэлээгүй. Уг 69,000,000 төгрөгийн залилангийн хэрэг надад хамааралгүй. Хоёрдугаарт 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Биас 50,400,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг Э.Бд би төлж барагдуулах үүрэгтэй, энэ үүргээ ч би биелүүлнэ. Гуравдугаарт Э.Б Баярсайхан гэх хүнээс мөнгө авчхаад үрэгдүүлчихсэн ч юм уу, яасан юм мөнгөө буцааж төлж чадахгүй байна гэж ойлгож байна. Хэрэв тэрийгээ төлж чадахгүй байгаа бол Баярсайхан болон Э.Б хоёрын аль алиных нь зөвшөөрөлтэйгөөр Баярсайханд эсвэл Э.Бд төлөх эсвэл Баярсайхантай шинээр өөрийн барьцаа хөрөнгө тавьж байгаад зээлийн гэрээг шинээр үүсгэх бололцоо миний хувьд байгаа юм. Ерөнхийдөө Э.Бд өгөх ёстой 50,400,000 төгрөгийг Баярсайханд өгөхийг Э.Б зөвшөөрвөл би Баярсайханд мөнгийг төлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээ байгуулах боломжтой...” гэх /2хх-ийн 67х/,

О.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Баярсайхан гэдэг хүн миний багын найз байгаа юм аа. Бид 2 хамтарч банкны баталгаа гаргаж дансны хуулга гаргах ажлын хийдэг. Б.М, О.Б, Э.Б гэх хүмүүст банкны баталгаанд түр байршуулсан 68,500,000 төгрөгийн 17,000,000 төгрөг нь миний мөнгө байгаа юм. Энэ мөнгө Баярсайхан бид хоёрын дундын данс болох Хаан банкны 5030449997 дугаарын дансанд байдаг. Одоо би хохирогчоор тооцогдон 17,000,000 төгрөгөө гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Зарыг би тавьсан зарын дагуу Б.М гэж эмэгтэй надтай ярьж байсан...” гэв /3хх-ийн 51-52х/,

О.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Миний бие найз Ц.Баярсайханы хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шаргын орчимд иргэдэд банкны тодорхойлолт, дансны хуулга зэргийг гаргаж өгөх ажлыг хувиараа хийдэг юм. Тэгээд “үнэгүй.мн” сайт дээр утасны “дансны хуулга, тодорхойлолт гаргана” гэсэн зарыг байршуулж утасны дугаараа үлдээсэн байхад 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 99002092 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад Голомт банкны дансанд 69,000,000 төгрөгийг байршуулаад 2 цаг болгоод буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь иргэний үнэмлэх бичиг баримтаа аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Урт цагаан корпусын 501 тоотод ирж уулзаарай гэхэд тэр өдрөө ирээгүй. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө эмэгтэй дахин залгаад би удахгүй очлоо гэж байсан. Ингээд би тэр өдрөө Баянчандмань руу явчихсан. Харин тэр эмэгтэйд манай хүмүүс байгаа та өөрөө очоод уулзаарай гэж хэлсэн. Намайг Баянчандмань дээр явж байхад Баярсайхан залгаад нөгөө 99002092 дугаараас залгаж ирсэн эмэгтэй мөнгийг 1 хонуулчих гээд байна яах вэ? гэхээр нь “хэрэггүй, мөнгөө ав” гэж хэлсэн. Тэгээд би Баянчандманиас орой 19 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд шууд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэгтэл Б.М гээд байгаа эмэгтэй байсан. Түүн дээр одоо нэрийг нь мэдэх болсон Э.Б орж ирээд бор цаастай бичиг баримт өгч байсан. Б.М гээд байгаа эмэгтэй нь би Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм. Зээл батлагдсан батлагдаагүй хамаагүй 2 цагийн дараа гаргаж өгнө. Голомт банканд таньдаг хүн байгаа гэж хэлж байсан. О.Б нь Б.Мыг мөнгө авах үед хамт явж байсан гарын үсэн зурж байсан хамтдаа л зээл авч байгаа хүн шиг байсан. Албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй. Хоёрхон цагийн дотор байршуулах мөнгө байсан тул гэрээ хийгдээгүй бөгөөд харин гар бичвэрээр мөнгө авсан, өгсөн талаар баримт үйлдсэн байдаг...” гэх /1хх-ийн 50-51х/,

Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Б.М гэх хүн утсаар холбогдож зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Дээрх мөнгийг танайхаар байршуулаад орой нь буцаагаад өгье, би зээлийн гэрээгээ бариад очъё гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд өмнөх өдөр утсаар ярьсан Б.М гэдэг хүн О.Б гэгчийг дагуулаад хоёулаа манай ажил дээр ирж уулзсан юм. Ингээд Б.Мын бичиг баримтыг нь шалгаж үзэхэд хаан банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан зээлийн үлдэгдэлтэй гэрээг харуулсан. Уг гэрээг О.Б цүнхнээсээ гаргаж ирээд буцаагаад авсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсан дээр О.Б, Б.М нарын иргэний үнэмлэх, цээж зураг болон хаан банкны зээлийн гэрээ зургийг баримтжуулж авсан. Мөн мөнгө хүлээн авсан акт үйлдүүлсэн. Тэгээд манай ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Тайваны төвийн 501 тоотод бэлнээр Б.М, О.Б нарт 68,500,000 төгрөгийг өгсөн. Ингээд мөнгөө өгөхөд О.Б нь би зээлээ хөөцөлдөнө гэж хэлээд гараад явчихсан. Б.М бид хоёр ажлаас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шаргын Голомт банкны салбар дээр очиж Б.Мын дансанд 68,500,000 төгрөгийг байршуулсан. Тухайн үед би Б.Мтай Баатарыг хамт үлдээгээд явсан. Мөнгө өгч дуусаад Баатарын хамтаар Б.М нь манай ажил дээр ирээд орой мөнгийг гаргаж өгнө хүлээгээд сууж байя гэж хэлсэн. Би өөрөө байж байгаа учраас мөнгө данснаас гарна гэж байхгүй гэж хэлсэн. Ингээд орой 18 цаг болсон тул би Б.Маас одоо мөнгөө эргүүлэн авъя гэж хэлэхэд болоогүй байна хүүхдийн 100-д байрлах Голомт банк орой болтол ажиллана тэндээс мөнгөө авъя гээд хүлээлгэж байгаад Баатар, Б.М бид гурав хүүхдийн 100-д байрлах Голомт банкин дээр очоод Б.Мын данснаас мөнгөө авах гэтэл зээл хөөцөлдөж байгаа манай найз байгаа юм. Би тэр хүнтэйгээ зөвшилцөж байгаад мөнгөө гаргаж өгмөөр байна гээд хүлээлгэсэн. Удалгүй нөгөө яриад байгаа хүн болох Э.Б гэх эмэгтэй ирсэн. Э.Б ирэхээр нь би мөнгөө авъя гэтэл Б.М, Э.Б нар мөнгөө хонуулчхаач асуудал байхгүй гээд шалаад байсан. Тэгэхээр нь би хонуулна гэж ярилцаагүй тодорхой цаг хугацаатай мөнгө байршуулсан. Тийм болохоор одоо мөнгөө авна гэж хэлсэн. Гэтэл Э.Б нь би хойшоо нөхөр лүүгээ мөнгө шилжүүлье гэж хэлээд зугтаад явчихсан. Тэгээд Б.М үлдэхээр нь Голомт банк луу дагуулж ороод Б.Мын дансанд байршуулсан 68,500,000 төгрөгийг авах гэтэл банкны теллер мөнгө чинь байхгүй байна гэсэн. Яагаад мөнгө байхгүй байна гээд Б.М асуусан гэтэл банкны ажилтан “та өөр хүнд итгэмжлэл хийж өгсөн байна. Уг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна” гэж хэлсэн. Б.М нь О.Бгийн хамтаар ирж мөнгийг авахдаа уг зээлийн гэрээг О.Б харуулж тэгээд бид банкнаас гараад Б.Мыг чи яасан муухай луйварчин бэ? гэж хэлээд Э.Бийг дууд энэ хүн л авсан байна гэдгийг хэлээд цагдаад хандсан. Анх надаас мөнгө авахаар ирэхдээ О.Б байсан мөн мөнгө авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Ер нь хамт ирж зээл авсан байгаа юм. Тийм болохоор үйл явдлыг энэ гурван хүн анхнаасаа төлөвлөж зохион байгуулалттай хийсэн гэж бодож байна...” гэх /1хх-ийн 26-27х/,

Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Б.Мтай хамт 8 шарга төвийн 2-р давхарт байрлах Голомт банкин дээр очиж түүний дансанд 69,000,000 төгрөгийг хийгээд эргээд хамт манай ажил дээр ирсэн. Б.Мтай хамт явж байсан хүүхэн мөнгө данс руу хийхийг харчхаад яваад өгсөн. Ингээд 15-18 цаг хүртэл Б.М манай ажил дээр надтай хамт байсан. Энэ хугацаанд хүнтэй утсаар яриад банкны хурал болж байна. Бүтэж байна гээд л байхаар нь би үнэхээр тийм юм болж байгаа юм байна л гэж бодсон. Гэтэл 18 цаг 10 минутын үед Б.М утсаар ярьж байснаа “банкны эдийн засагч нь ярьж байна, хурлаар зээл батлагдсан байна” гэж надад хэлэхээр нь би түүнд “за тэгвэл хоёулаа эргэж гараад данснаас чинь миний мөнгийг эргүүлээд авъя” гээд хамт гарсан. Найман шаргын Голомт банк хаасан байсан учир хүүхдийн 100-ийн 24 цаг ажилладаг Голомт банкин дээр очсон. Банк руу явах замдаа Б.М “чи мөнгөө хонуулчхаач, манай найз одоо ирнэ, хэдүүлээ ярилцъя” гээд л гуйгаад байсан. Харин би түүнд зөвшөөрөөгүй, мөнгөө авна гэдгээ хэлсэн. 18 цаг 4 минутын үед Б.Мын найз нь болох Баярмаа /Э.Б/ гэх эмэгтэй ирснээ “мөнгөө хонуулчхаж болохгүй юм уу” гээд л бас гуйгаад эхэлсэн. Тэр 2 ээлжлээд банкны эдийн засагч руу ярьж байна гээд байн байн утсаа барьж аваад, тэгснээ сүлжээ болохгүй байна гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. Бид 3 хэсэг ярилцаж байгаад би тэдэнд “ерөөсөө хурдан орж мөнгөө авъя” гээд банк руу орсон. Банк руу орох үед Баярмаа /Э.Б/ “Би Хаан банк руу орж хүн лүү мөнгө шилжүүлчхээд ирье” гээд явчихсан. Б.М бид 2 банкин дээр оочирлож байгаад теллер дээр очиход теллер эмэгтэй Б.Мд “таны дансанд мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Б.М гайхаж байгаа царай гаргаад “ямар сонин юм бэ, яагаад байхгүй болчихдог юм бэ” гэхэд теллер эмэгтэй “таны данс дахь мөнгийг хүн авчихсан байна, таны хийж өгсөн итгэмжлэл энэ байна” гээд итгэмжлэлийн хуулбар гаргаж ирж үзүүлсэн. Гэтэл Б.М нь Баярмаа /Э.Б/ гэх найздаа Голомт банкныхаа данснаас 70,000,000 төгрөг авах итгэмжлэл өөрийн гараар хийж өгөөд нотариатаар батлуулчихсан байсан. Тэгснээ “энэ миний гарын үсэг биш байна, ямар сонин юм бэ” гэж мэлзсэн. 69,000,000 төгрөгийг Баярмаа /Э.Б/ гэдэг найз нь авчхаад “Б.Маас мөнгө авах ёстой байсан. Би түүнийгээ л авсан. Надад хамаагүй” гэж яриад байна...” гэх /1хх-ийн 28-30х/,

             Ц.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...О.Б нь Б.Мтай манай ажил дээр ирж уулзахдаа зээлийн гэрээ бариад Голомт банк дээр манай хамаатны хүн ажилладаг, зээл хөөцөлдөж байгаа юм. Б.Мын Хаан банкнаас зээл авсан гэрээ нь энэ байна гэж хуулбар хувь гэрээг үзүүлсэн уг гэрээг өөрийнхөө цүнхнээс гаргаж ирж үзүүлээд буцаагаад цүнхлээд аваад гарсан байдаг. Тухайн зээлийн гэрээг харуулаад үлдэгдэл нь ийм байгаа юм гээд гэрээгээ харуулж байсан. Тэгээд “би эндээс гараад Голомт банкныхаа эдийн засагчтай уулзана. Б.Маа чи мөнгөө байршуулж байгаарай тэгээд болчихно” гээд гарсан. Тэгэхдээ мөнгө авсан нь үнэн гээд гарын үсэг хүртэл зурчхаад явсан. Тухайн үед О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан.  О.Б нь бид хоёрын зургийг ав би худлаа ярьдаггүй гэх мэтээр бүх зүйлээ л хүлээн зөвшөөрч яриа өрнүүлж байсан...” гэх /1хх-ийн 228х/,

            Гэрч В.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.../Б.Мыг/ би энэ хүнийг танихгүй юм байна. Би 2016 оны 08 дугаар сарын 17-нд Цамбагарав тооцооны төвд захирлаар ажиллаж байсан бөгөөд уг гэрээг харахад Богд ар тооцооны төвд байгуулсан харагдаж байна миний бие Богд ар тооцооны төвд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ирсэн тул тус гэрээг байгуулах боломжгүй юм. Тийм болохоор зээлийн гэрээ байгуулж байсан нь худал байна...” гэх /1хх-ийн 52х/,

            Гэрч Ц.Сэмбээчамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.../Б.Мыг/ би энэ хүнийг танихгүй юм байна. Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүүхэд асрах чөлөөтэй ажилгүй байсан юм. Тийм болохоор энэ цаг хугацаанд ийм төрлийн гэрээ хэлцэл байгуулаагүй юм. Би энэ гэрээний талаар мэдэхгүй байна...” гэх /1хх-ийн 53х/,

            Гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Баярсайхан гар утсаар авсан шүүгдэгч Б.Мын үзүүлсэн гэх Хаан банкны зээлийн хуурамч гэрээ, шүүгдэгч О.Б, Б.М нарын гэрэл зураг болон иргэний үнэмлэхийн зураг, 69,000,000 төгрөгийг хүлээн авсан баримтын хуулбар /1хх-ийн 178-188х/,

            Гэрч Б.Баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг гадуур явж байхад ах Баярсайхан залгаад ажил гарчихлаа гээд дуудсан юм. Ингээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найман шаргын Голомт банк дээр очиход Баярсайхан ах үүдэн дээр намайг хүлээж байсан. Харин одоо нэрийг нь мэдэх болсон Б.М нь кассан дээр сууж мөнгө тоолж байгаа харагдаж байсан. Тэгээд намайг Баярсайхан нь Б.М гээд байгаа хүн дээр дагуулж очоод энэ хүний дансанд мөнгө хийж байгаа юм. Дуусахаар нь дансыг нь шалгаад манай ажил дээр дагуулаад ирээрэй гэж хэлчхээд өөрөө ажил руугаа явсан. Тэгэхээр нь би Б.Маас ямар учиртай мөнгө болох талаар тодруулахад зээлийн үлдэгдэл байршуулаад хурлаар оруулж байгаа. 18 цагийн орчимд эргүүлээд мөнгийг нь өгөх талаар хэлж байсан. Ямар дансанд хийж байгааг нь тодруулахад миний өөрийн Голомт банкны дансанд байршуулж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд банкнаас гарахад надад мөнгө орсон талаар баримтаа харуулсан. Тэр баримт дээр 68,500,000 төгрөгийн орлого орсон талаар мэдээлэл байсан. Бид хоёр уг банкнаас гараад дэлгүүрээс ундаа авчхаад Баярсайхан ахын ажил дээр очсон. Тэгээд ахын ажлын өрөөнд сууж байхад Б.М утсаар яриад удахгүй хурлаар орох гэж байна удахгүй болчих байх гэж байснаа 18 цаг өнгөрч байхад хурлаар ороод хариу гарчихлаа, голомт банк руу очоод байршуулсан мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгж байснаа манай хамтран зээлдэгч маань мөнгөө 1 хоног хонуулчих гээд байна гэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар хэлсэн. Тэгснээ манай хамтран зээлдэгч ирж байна намайг худлаа яриад байна гэж бодоод байх шиг байна. Хүүхдийн 100-ын голомт банк дээр очоод уулзъя гээд Баярсайхан ах Б.М бид гурав хамт явсан. Ингээд хүүхдийн 100 дээр очиж Б.Мын яриад байгаа хүнийг хүлээсэн. Удалгүй 10-15 минутын дараа Э.Б гэж хүн ирээд Баярсайхан ахтай уулзаад энэ мөнгийг хонуулчхаач бид хүнээр зээл гаргуулж байгаа юм гэж хэлэхэд Баярсайхан ах хонуулж болохгүй талаар удаа дараа хэлсэн. Ингээд Б.М нь Голомт банкнаас мөнгөө эргүүлэн авахаар болж банк руу орж мөнгөө авах гэтэл таны данснаас итгэмжлэлээр мөнгө гарсан байна ямар хүн авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж хэлсэн...” гэх /1хх-ийн 48-49х/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-23х/,

            Шүүгдэгч Б.Мын Голомт банк дахь 3155103344 дугаартай дансанд хохирогч Ц.Баярсайханаас авсан мөнгө болох 68,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1хх-ийн 35х/,

             Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Энхжаргалын баталсан “Данс захиран зарцуулах” итгэмжлэл /1хх-ийн 233х/,

            Шүүгдэгч Э.Б нь “Данс захиран зарцуулах” итгэмжлэлээр яллагдагч Б.Мын данснаас 69,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухай Голомт банкны дансны хуулга /1хх-ийн 37х/,            

             Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Бичлэгийг цааш явуулахад Баярсайхан, Б.М, О.Б нар нь шар өнгийн хаалгыг нээн дотогш өрөөнд орох ба О.Б нь Баярсайханы гартаа барьж байсан эд зүйлсийг аваад өрөөнд байх сандал дээр байршуулж байв..” гэх тэмдэглэл /1хх-ийн 21х/,

            Шүүгдэгч Ц.Т.О нь яллагдагч Э.Баас 50,400,000 төгрөгийг зээлсэнтэй холбоотой материалууд /1хх-ийн 146-152х/,

            Гэрч О.Сайханбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б.Мын авга ах байгаа юм. 2017 оны 08 дугаар сард дүү Б.Маар дамжуулан Э.Б гэдэг хүнтэй манай эхнэр Т.О танилцсан юм. Улмаар түүнээс 50,400,000 төгрөгийг өдрийн хүүтэй нөхцөлөөр зээлсэн байдаг. Энэ мөнгийг Т.О бид хоёр барилгын ажилд зарцуулсан юм. Энэ хугацаанд 250,000,000 төгрөгийн бизнесийн зээл авах зорилгоор Улаанбаатар хотод байх Голомт банканд материалаа бүрдүүлж өгөөд 1 сар гаруй болоход бизнес нь Дархан-Уул аймагт харьяалагдах тул харьяаллын дагуу Дархан-Уул аймагт хандсаны дараа манай төв дээр ирэх болно гэж мэдэгдсэн. Э.Б гэж хүн мөнгө зээлсэн цагаас хойш манай эхнэр Т.О болон Б.М нарыг удаа дараа дарамталж байнга мөнгөө нэхдэг байсан шалтгаанаас болж Б.М зээлийг төлсөн байх. Бид хоёр бизнесийн зээл гарчихвал мөнгийг нь төлөх талаар хэлж байсан. Зээл гарвал зохих хэмжээний төлбөрийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43х/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

            Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гүйцэтгэсэн үүргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод иргэн Ц.Баярсайханд банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр оролцсон,

шүүгдэгч Э.Б, О.Б нарыг тус гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.Б, О.Б гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанарыг харгалзан, гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 111 хоног, шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 106 хоног, шүүгдэгч О.Бгийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцон хасаж, торгох ялын биелүүлэх хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 Хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын хохирол төлбөрөө бүрэн авсан зэрэг мэдүүлгээр хохирлоо барагдуулсан нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бавуу овогт Т.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Өөлд овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Урианхай овогт Э.Б, Боржигон овогт О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68,500,000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Өөлд овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр, шүүгдэгч Боржигон овогт О.Б, Урианхай овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 111 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /1,665,000/ хасаж 13,335,000 төгрөгөөр, шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 106 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /1,590,000/ хасаж 8,410,000 төгрөгөөр, шүүгдэгч О.Бгийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон /105,000/ хасаж 9,895,000 төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.АРИУНБОЛД