Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 314

 

Б.М , Э.Б , О.Б , Т.О  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч Ц.Батзаяа, цагаатгагдсан этгээд О.Б , түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр магадлалтай, Б.М , Э.Б , О.Б , Т.О  нарт холбогдох хэргийг шүүгдэгч Т.О , түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Дамба, хохирогч Ц.Б , О.Н  нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар сарын 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Э.Б,

3. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар сарын 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар сарын 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос О.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ял, Шүүгдэгч Э.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял, Шүүгдэгч Т.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогч нар хохирлын хор уршигтай холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “прокуророос Э.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Б.М д оногдуулсан хорих ялыг 15,000,000, Т.О т оногдуулсан хорих ялыг 15,000,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон 111 хоногийг 1,665 нэгжтэй тэнцэх буюу 1,665,000 төгрөгөөр, шүүгдэгч Т.О ийн цагдан хоригдсон 105 хоногийг 1,575 нэгжтэй тэнцэх 1,575,000 төгрөгөөр тооцож тус тусын эдлэх торгох ялаас хассугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн 4,  5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч А.Нацагдорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч Т.О , түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Дамба, Д.Тамир, хохирогч О.Н , Ц.Б  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О  гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх, прокурорын байгууллага бусдын зохиож ярьсан зүйлийг үндэслэж, огт баримтгүйгээр намайг яллаж, шоронд хорьсон. Миний бие нь 2017.09.20-ны өдөр М  бусдаас 68.5 сая төгрөг авсан үйлдлийн талаар огт мэдээгүй, энэ тухай 2017.09.25-ны өдөр Цагдаагийн байгууллагад анх ирэхдээ сонсож байна гэдгээ хэлж, гэрчээр мэдүүлэг өгч үүнээс хойш тогтвортой үнэн зөвөөр мэдүүлж, нотлох баримтаа гаргаж өгсөөр байхад намайг ямар ч нотлох баримтгүйгээр хийгээгүй хэргийг хийсэн болгож, ял оногдуулж, хүнд хэрэгт яллаж, хорьж шийтгэсэнд туйлын их гомдолтой байна.

М ын зөрүүтэй мэдүүлгээс өөр намайг буруутгах зүйл хавтас хэрэгт огт байхгүй, харин уг хэрэгт миний оролцоогүй гэдгийг батлах баримт нотолгоо хангалттай байсан, гэрч, хохирогч нар ч энэ тухай үнэн зөвөөр мэдүүлсэн байхад намайг уг хэргийг хийсэн болгож ялласан. Түүнчлэн миний 2017.08.16-нд Б-с  50.4 сая төгрөг зээлээд өгч чадалгүй хугацаа хэтрүүлсэн явдал нь энэ хэрэгт огт хамааралгүй, эрх зүйн тусдаа харилцаа байхад миний Б-с  зээлсэн 50.4 сая төгрөгийн зээлийг хамааруулан намайг ялласан нь үндэслэлгүй юм. 1.  Давж заалдах шатны шүүх “... шүүгдэгч Т.О  идэвхтэй үйлдлээр залилах гэмт хэрэгт хамтран оролцож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Би анхнаасаа хохирогч Нэргүй, Б гэх хүмүүсийг танихгүй, уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй. Банкны эдийн засагч мэтээр ярьсан болгож буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх ийм зөрчилтэй мэдүүлгүүдэд үндэслэж намайг ялласанд гомдож, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо би маш тодорхой тусгасан боловч үүнийг мөн анхаарч үзсэнгүй. Давж заалдах шатны магадлал нь өөрөө маш их зөрчилтэй. Намайг энэ хэрэгт хамаатуулж байгаа гэх шалтгаан нь би энэ хэргийн шүүгдэгч Э.Б аас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 50,4 сая төг зээлж, зээлсэн мөнгөө Б д төлөхийн тулд банк санхүүгийн байгууллагад хандан зээлээ судлуулж явсан болохоос биш хэн нэгнээс энэ мөнгийг төлмөөр байна, хэн нэгнээс аваад төлөөд өгөөч гэж хэнтэй ч ярьж холбогдоогүй. Би Б-с  зээлсэн 50,4 сая төгрөгийг М тай хамтарч зээлж аваагүй, харин М  зуучилсан. Гэтэл энэ бодит байдлыг гуйвуулж давж заалдах шүүх дүгнэхдээ Б-с  авсан 50,4 сая төгрөгийн зээлийн 40 сая төгрөгийг О  зээлж, үлдсэн 10 сая төгрөгийг М  зээлж захиран зарцуулсан, үүнийг төлөхийн тулд М , О  нар бүлэглэн гэмт хэргийг зохион байгуулж, зээлийг төлж барагдуулсан байдлаар үнэн бодит байдлыг гуйвуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Би Б-с  50,4 сая төгрөгийг төлөхийн тулд банкны зээл хөөцөлдөж, банкны хариу хүлээж байх хооронд надад зээлүүлсэн 50,4 сая төгрөгөө 1 сарын хугацаанд 68,5 сая төгрөг болгон өсгөж авах сонирхол хэнд байсныг шүүгч, прокурор дүгнэлт хийсэнгүй. Бодит байдалд надад зээлүүлсэн 50,4 сая төгрөг нь Б , М , Б гурвын хамтын мөнгө, үүнийг өсгөж авахын тулд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үйлдлийг хамтарч хийгээд, мэдүүлгээрээ нэгдэж намайг буруутгаж, мөнгөө надаас гаргуулах зорилгоор уг хэрэгт намайг татан оролцуулсан болохыг би хэргийн материалтай танилцаад ойлгосон. Б , М , Б нар нь хамтран ажилладаг, хамтарч зээл гаргадаг, ашгаа хуваадаг, цалин хөлс авдаг санхүүгийн хувьд хоорондоо хамаарал бүхий хүмүүс болох нь нотлогддог. Цагдаагийн байгууллагад шалгагдаад эхлэхээр мэдүүлгээ олон янзаар өөрчилж, надад зээлүүлсэн мөнгөө аваагүй байж төлөгдсөн болж өөрчлөгдсөн болохоор, надаас мөнгөө авах зорилгоор намайг хэргийн зохион байгуулагч болгон нотолгоогүйгээр зохион мэдүүлж, хилс хэрэгт оруулсан юм байна гэдгийг ойлгосон. Эрхэм шүүгч та бүхэн эдгээр нотлох баримтыг үнэлж үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ц.Б ы хохирогч, гэрчээр өгсөн /1хх-26, 28-29, 3хх-53/, Б.М ын гэрчээр өгсөн /1хх-32/, гэрч О.С-ын /1хх-42/, Т.О ийн гэрчээр өгсөн /1хх-44/, гэрч Б-ын /1хх-44/, О.Н н /1хх-50, 3хх-51-52/, Б.М ын /1хх-60-61, /, яллагдагч О ийн /1хх-222-223, 2хх-71, 3хх-61-62, 99/, О.Б гийн /3хх-55/ гэх мэдүүлгүүд байгаа болно. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Дамбын “О  банк дээр байсан уу, О ийн талаар ярьж байсан уу, О тэй утсаар ярьж байгаа зүйл сонсогдсон уу” гэхэд гэрч Б “Үгүй” гэж хариулсныг тэмдэглэлд аль алийг нь “Мэдэхгүй” болгож өөрчилсөн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би 2017 оны 08 дугаар сарын 16-нд зээлсэн 50,4 сая төгрөгийг төлж чадахгүй удаасан шалтгаан нь 2012-2014 онд амьдарч байсан хуучин нөхөр О.С эргүүлж төлнө гэж хэлж итгүүлж авсан мөнгөө эргүүлж төлөхгүй болсон. Хүчингүй болсон гэрчилгээний хувьд Б-с  зээл авах үед уг гэрчилгээ надад биш, О.С т байсан талаар, гэрчилгээ хүчингүй болсныг О.С, түүний эгч А, М  нарт анхнаасаа хэлсэн. Тэгэхэд М  барьцаалахгүй, үл хөдлөхөд бүртгүүлэхгүй гэсний дагуу үүнийг Б д барьцаалуулаагүй, мөнгө төлөх баталгаа болгоод надад шилжүүлчих гэсний дагуу М д итгэмжлэл хийж өгсөн тухай бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ талаар шалгуулах хүсэлтийг манай өмгөөлөгч гаргасан ч хүсэлтийг хангаагүй. Уг гэрчилгээг би барьцаалуулаагүй. Гэхдээ энэ үйл баримт нь М  нар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бс мөнгө авсан үйлдэлд хамааралгүй юм. Сүүлд хохирогч Ц.Б  давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо “...уг хэрэгт оролцоогүй Т.О т ял оногдуулж харин...” гэж, хохирогч О.Н  гомдолдоо “...Ямар ч нотлох баримтгүй О т 2 жилийн ялыг М ын мэдүүлгээр өгсөн мөртлөө...” гэж дурджээ. Үүгээрээ хохирогч нар “О т гомдоогүй ээ, энэ хүн хамааралгүй” гэдгээ мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолын Т.О  надад холбогдох хэсэг, магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.О  надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Б  гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх О.Б , Э.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Э.Б  Голомт банкны данснаас 09 дүгээр сарын 21-нд 1,150,000, 450,000 төгрөгийг О.Б д олгосон. Мөн өөрийн ээж Х-ын данснаас Хаан банкны 9 дүгээр сарын 20-нд 6,200,000 төгрөг, 1,600,000 төгрөг өгсөн. Б  Голомт банкны данснаасаа Б.М ын эгч А-д 700,000 төгрөг, 400,000 төгрөг өгсөн. О.Б  Э.Б  нар санхүүгийн холбоотой. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд О.Б гийн Хаан банкны дансны хуулгаар 61,538,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба гүйлгээний утга нь “Ашиг, интернетийн төлбөр, зарын төлбөр, тендер” гэх мэтээр шилжүүлсэн нь шууд хамааралтай нь батлагдаж байна. Иймээс магадлалд өөрчлөлт оруулж, О.Б , Э.Б  нарыг гэм буруутай гэж үзэж хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч О.Н  гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, О.Б , Э.Б  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. 1. Э.Б , Б.М  нар 2017 оны 09 дүгээр сарын 13-нд Дархан хотын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиж гэрчилгээ хүчингүй болсныг мэдсэн байдаг. Мөн Э.Б , Б.М  нар “зээл авч өгнө, гэрчилгээг аваад Бтай гэрээ хийх гэж байсан. О  гэрчилгээ авч ирээгүй” гэж худлаа төөрөгдүүлж мэдүүлдэг. Хүчингүй болсон гэрчилгээгээр зээл авч болохгүй гэдгийг мэдэж байсан. Мөн хэрэг гарахаас хэдхэн минутын өмнө итгэмжлэл хийлгэсэн байдаг. 2. Б.М  нь яагаад санаатайгаар итгэмжлэл олгож, өөрөө мөнгөө шилжүүлэхгүйгээр өгсөн бэ, “Тайван”-ы төвийн 501 тоотод Б.М  дансандаа мөнгө хийгээд 3-4 цаг суух байсан уу, хэрвээ зээлтэй байсан бол банкны теллерээс мөнгө асуух байсан уу гэх асуултууд гарч байна. 3.  Э.Б  нь 50,400,000 төгрөгийг зээлдэхдээ 08 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ны хооронд сүрдүүлж, дарамтлан хүчээр 19,000,000 төгрөгийг авсан. Гэрч С  нь “Б  гэдэг хүн М , О  нарыг удаа дараа дарамтлан мөнгө нэхсэн” гэж мэдүүлсэн байсан. 4. О.Б  нь “М  зээл авч байгааг мэдэж Б  руу утсаар хэлсэн” гэж мэдүүлдэг. Б харилцан тохиролцож гарын үсэг зурж, баталгаажуулсаны үндсэн дээр М , Б нар орой нь мөнгийг нь буцааж өгөхийг мэдэж байсан гэсэн үг. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Э.Б , О.Б  нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч К.Бауиржан гаргасан гомдолдоо “...магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Б.М , Э.Б , Т.О  нарыг бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод иргэн Ц.Б д “банкны баталгаа байршуулаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн төөрөгдөлд оруулж, 68,500,000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай гэж үзэн ял шийтгэж, улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Т.О ийг уг хэргийг зохион байгуулсан, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх тогтоолд өөрчлөлт оруулж Т.О т оногдуулсан хорих ялыг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн. Ийнхүү Т.О ийг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөд зогсохгүй гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг... нотолно” гэж заасан. Тухайн хэрэг гарсан буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод Ц.Б тай уулзаж, ХААН банктай байгуулсан зээлийн гэрээ үзүүлж, Голомт банкны дансанд түр хугацаагаар байршуулна гэж мөнгийг тоолж хүлээн авсан хүн нь Б.М  бөгөөд мөнгийг Голомт банкны дансанд хийж тэр дор нь гарган авч захиран зарцуулсан хүмүүс нь Б.М , Э.Б  нар, мөн дансанд мөнгө байхгүй гэдгийг мэдсээр байж хонуулчих гэж байсан хүмүүс нь Б.М , Э.Б  нар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байдаг. Тухайлбал, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.М  нь О.Н тэй утсаар ярьж, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр О.Б г дагуулан “Тайван”-ы төвийн 501 тоотод очиж Ц.Б тай уулзаж дансанд түр байршуулах мөнгө хүсч, мөнгийг тоолж хүлээн авсан болохыг О.Н , Б.Б, Ц.Б  нар гэрчилж, Б.М , О.Б , Э.Б  нар үгүйсгээгүй ба энэ талаар хохирогчоос гаргаж өгч хэрэгт хавсаргасан гэрэл зураг, мөнгө хүлээлцсэн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог. Мөн уулзах үедээ Б.М  нь Ц.Б д зохиомол байдлыг зориуд бий болгож буюу ХААН банктай байгуулсан гэх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 150 сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээ гэгч хуурамч баримтыг үзүүлсэн талаар Ц.Б  мэдүүлж, холбогдох баримтыг зурган хэлбэрээр гаргаж өгсөн бол Б.М ын хувьд үүнийг хуурамчаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна тухайн гэрээ огт хийгдээгүй талаар гэрч В.О, Ц.С нар мэдүүлсэн. Мөн дээрх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн 68,500,000 төгрөгийг хүлээн авч өөрийн дансандаа байршуулах замаар захиран зарцуулж энэ бүхнийг зохион байгуулсан хүмүүс бол Б.М , Э.Б  нар болох нь хохирогч Ц.Б , гэрч О.Н , Б.Б нарын “...М , Б  нар нэг хонуулчих гэж гуйгаад байсан” гэх Э.Б ын “өөрийн хамаатны хүн болох Бг М ын хамт явуулсан” гэх мэдүүлэг болон Б.М , Э.Б  нарын хооронд хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 70,0 сая төгрөгийг данснаас авахыг зөвшөөрсөн тухай итгэмжлэл, итгэмжлэлийн дагуу мөнгө шилжсэн даруйд М ын данснаас 69,0 сая төгрөгийг шилжүүлэн авсан талаар банкны гүйлгээний баримт зэргээр нотлогддог. Энэ бүх үйлдлүүд нь Т.О тэй ямар ч хамааралгүй болох нь баримтаар нотлогдохын зэрэгцээ Т.О ийг буруутгасан Б.М ын хэд хэдэн удаагийн мэдүүлгээс өөр ямар ч баримт, нотолгоо хэргийн материалд авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Б.М ын өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт Т.О ийг буруутай гэж үзсэн байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдыг үндэслэлгүйгээр ялласан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, 8 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М ын өгсөн “Т.О  энэ хэргийг зохион байгуулсан, зээлийн гэрээг хуурамчаар үйлдэхийг зааж өгсөн” гэх мэдүүлэг нь дангаараа Т.О ийг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ Т.О тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ч нотлох баримт болохгүй юм. Хэдийгээр Б.М  нь удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ Т.О ийн зээлийг төлөх үүднээс түүний зааж өгснөөр, зохион байгуулснаар Ц.Б  нарыг хуурч мөнгө авсан гэж мэдүүлж байсан бол анхан шатны шүүх хуралдаанд тэрээр “...явсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын үед манай ах О.С  над руу залгасан. Чамайг тийм хүнд байдалд оруулаад байгаа бол энэ хүмүүс рүү залгаад мөнгөө авчих” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс Б.М  нь анхнаасаа худал мэдүүлэг өгч байсан гэдгийг ойлгож болохын зэрэгцээ Б.М  болон Э.Б  нараас бусад бүх гэрч, хохирогч нар Т.О ийг танихгүй, мэдэхгүй гэдгээ ч мэдүүлсэн байдаг. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б  нь энэ хэрэгт Т.О  хамааралтай мэтээр “...одоо миний хажууд ярь миний мөнгийг буцааж өгч байж гэрчилгээнүүдийг чинь буцааж өгнө гэж Т.О т хэл гэхэд Б.М  миний хажууд ярихад цаана нь миний яриад тохирсон газар очоод зээлээ авчих, тэгээд өрөө төлчих гэсэн яриа надад сонсогдсон” гэж мэдүүлсэн байдаг боловч түүний энэхүү мэдүүлэг нь шүүгдэгч Б.М ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор оролцож байгаа О.Н н “...зарын дагуу 99002092 дугаарын утаснаас эмэгтэй хүн ярьсан” гэх мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан Т.О ийн 99198119 дугаарын утасны хэрэглээний жагсаалт болох 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадагшаа дуудлага хийсэн болон гаднаас дуудлага хүлээн авсан тухай жагсаалтад тэрээр Б.М ын 99002092 дугаарын утастай зөвхөн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдож байсан гэсэн баримтаар тус тус үгүйсэгддэг. Энэ мэтчилэн Ц.Б , О.Н  нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн 68,500,000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Т.О  хамааралтай гэдгийг нотолж, шууд буруутгасан баримт байхгүй байхад хоёр шатны шүүх эдгээр нотлох баримт болон хэрэг авагдсан бусад баримтуудыг үнэлэхгүйгээр гэм буруутай гэж үзэн ял шийтгэж, Т.О ийг энэ хэргийг зохион байгуулсан гэж үзэж буруутгасан байдаг. Т.О ийн хувьд Э.Б аас 50,400,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн боловч уг зээлийг төлөхтэй холбоотойгоор банк эрх бүхий байгууллагад хандаж байснаас бус Б.М  болон Э.Б  нартай бүлэглэж Ц.Б , О.Н  нарыг хууран мэхлэх үйлдэлд оролцоогүй юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хувьд Т.О  нь энэ хэрэгт шууд оролцоотой гэдэг нь баримтаар нотлогдоогүй талаар тайлбарласан байхад шүүх хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй үйл баримтыг дурдах замаар миний үйлчлүүлэгч Т.О ийг “...Б.М , Т.О  нар нь О.С  гэгчийн бусдад төлөх хохирлын мөнгийг олж өгч байгаа нэрийдлээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э.Б аас 50,400,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж, уг зээлийн төлбөрт барьцаалах хэлбэрээр Э.Б д өгсөн 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших гэрчилгээ, итгэмжлэл зэрэг нь хуурамч, итгэмжлэлээр олгосон 1 сарын хугацаа дуусч байгааг мэдсээр байж ямар нэгэн аргаар Э.Б ийн өрийг төлөх зорилгоор дээрх үйлдлийг хийсэн болох нь тогтоогджээ”, “...шүүгдэгч Б.М , Т.О  нарын дансандаа байршуулан залилж авсан 68,500,000 төгрөгийн эх үүсвэр нь 17,000,000 төгрөгийг О.Н , 51,500,000 төгрөгийг Ц.Б  нь гаргасан, “шүүгдэгч Б.М ын мэдүүлгээр нотлогдсон” гэх мэтээр буруутгасан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийг зохион байгуулагч” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Т.О  нь уг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, зохион байгуулсан байх ёстой ба энэ нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон байгаа нөхцөлд түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэх ёстой юм. Гэвч энэ нөхцөл байдал нь Т.О ийн үйлдэлд тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчих замаар мөрдөгч, прокурорын хууль зөрчих байдлаар Т.О ийн гэм бурууг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр ялласан үйл ажиллагааг зөвтгөхгүйгээр Т.О ийг гэм буруутайд тооцсон байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т. О т холбогдох хэсэг болон магадлалыг тус тус хүчингүй болгож Т.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч Б.Дамба гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Б.М , Т.О  нарыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Барьцаагүй зээл чөлөөлж өгнө” гэсэн зарын дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод очиж, хохирогч Ц.Б д “Банкнаас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлсөн мэтээр дансанд мөнгө байршуулж өгөөч” гэж Хаан банктай байгуулсан 150,000,000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ үзүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, 68,500,000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж ял шийтгэсэн. Т.О ийг давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Т.О  нь хохирогч Ц.Б , О.Н  нарыг залилж байгаа талаар мэдэж байсан бөгөөд Хаан банкны зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, мөнгө шилжүүлэхийн урд өдөр нь хохирогч нартай очиж уулзсан, утсаар ярьж тохирсон, хохирогч нартай банкны эдийн засагч мэт болж ярьсан” талаар шүүгдэгч Б.М  тодорхой мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.О  нь идэвхтэй үйлдлээрээ залилах гэмт хэрэгт хамтран оролцож, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэлээ” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зүйл, хэсгийн заалтыг иш татсан учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.М ын олон удаагийн мэдүүлгүүд, мөн шат шатны прокурорт гаргасан түүний хүсэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, нэг нь нөгөөгөө бүхэлд нь үгүйсгэсэн, аль нь үнэн, аль нь худал болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, эргэлзээтэйгээс гадна Б.М ын “тодорхой” гэх дээрх мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан бусад эх сурвалж, нотлох баримтуудаар нотлогдох биш, харин үгүйсгэгддэг. Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүгдэгч Т.О ийн залилах гэмт хэрэг үйлдсэн талаар үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч Э.Б ийн /1хх-38-39, 63-64/, хохирогч Нэргүйгийн /1хх-50-51/, хохирогч Ц.Б ы /1хх-26-27/ гэх мэдүүлгүүд, шүүгдэгч М ын үзүүлсэн гэх Хаан банкны зээлийн хуурамч гэрээ /1хх-178-188/, 68,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-35/, данс захиран зарцуулах итгэмжлэл /1хх-233/, дансны хуулга /1хх-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ” гэжээ. Гэтэл шүүгдэгч Б.М ын “...Т.О  нь хохирогч Ц.Б , О.Н  нарыг залилж байгаа талаар мэдэж байсан. Хаан банкны зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, мөнгө шилжүүлэхийн өмнөх өдөр хохирогч нартай очиж уулзсан, утсаар ярьж тохирсон, хохирогч нартай банкны эдийн засагч мэт болж ярьсан хүн бол О ...” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдох биш, бүрэн үгүйсгэгддэг. Харин эдгээр нотлох баримт нь шүүгдэгч Б.М ын залилах гэмт хэрэгт идэвхитэй үйлдлээр оролцсон оролцоо, түүний мэдүүлгийн зохиомол худал болохыг хангалттай нотолдог. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т.О т холбогдох хэсэг, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа “...Гомдолтой холбоотойгоор тайлбар бичиж өгсөн. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан обьектод халдаагүй гэж үзэж байна. Үүний талаар магадлалд тодорхой заасан байгаа. Хохирогч нарын явуулж байгаа үйл ажиллагаа байнгын шинжтэй бөгөөд энэ нь Аж ахуйн тухай хуулийг ноцтой зөрчсөн юм. Иймд Эрүүгийн эрх зүйн харилцаа гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн эрх зүйн харилцаа юм. Зээлийн эрх зүйн харилцаа нь 3 зүйлээр нотлогддог. Хохирогч нарт хүү төлсөн байдаг. Хохирогч нар болон тэдний өмгөөлөгч нар зээлийн эрх зүйн харилцаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь зээлийн эрсдэлд орсон гэдгээ мэдээд Б.М ыг явуулахгүй гээд биед нь хөнгөн гэмтэл учруулсны улмаас цагдаад хандсанаар энэ хэрэг үүсч шалгагдсан байдаг. Давж заалдах шатны шүүх нь хууль зүйн үндэслэл бүхий маш тодорхой дүгнэлт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч Ц.Батзаяа хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн үйл баримтад тохирсон хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэдэг нь нотлогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалын О.Б д холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Э.Б , О.Б  нар нь хохирогч нарын 68,500,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй. Тэрээр шүүгдэгч Б.М ын олгосон данс захиран зарцуулах итгэмжлэлээр бусдад зээлүүлсэн мөнгөө олж авах зорилгоор Б.М ын эзэмшлийн “Голомт банк” дахь данснаас 69,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, Э.Б , О.Б  нарын гэм буруутай болохыг хангалттай нотолж чадаагүй бөгөөд шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.О , түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Дамба, хохирогч Ц.Б , О.Н  нарын гомдлуудыг үндэслэн Б.М , Э.Б , О.Б , Т.О  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг тодорхойлж баталгаажуулсан байдаг.

Энэхүү хуульчлагдсан хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд эрх бүхий этгээдээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн болохыг шалгах зайлшгүй нөхцөл нь юм.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг дүгнэж, үнэлдэг болно.

Ийнхүү дүгнэж, үнэлэхдээ хуульд тусгайлан заасан зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болдог.

Хоёр шатны шүүхийн шийдвэр дээрх хэм хэмжээ, зарчимд нийцсэн эсэхийг хянахад дараах нөхцөл байдал илэрлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М , Т.О , О.Б  нарыг тус тус бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж, 68,500,000 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлтээс энэ хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон хүсэл, санаа зорилгын нэгдэл, үйлдэл оролцоо огт харагдахгүй, ямар нотлох баримтыг үндэслэн бүлэглэж үйлдсэн гэж үзэж буй үндэслэл тусгагдаагүй, зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тодорхой хэсгийг хуулж бичих замаар гэм буруутайд тооцох болсон нөхцөл байдлыг бичсэнээс бус шүүгч уг хэргийг хэрэг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон, үүнийгээ ямар нотлох баримтаар нотолж байгаа, тогтоосон нөхцөл байдалд Эрүүгийн эрх зүйн онол, хуульд заасан хэм хэмжээ ямар шинжээрээ нийцэж байгаа талаар,

мөн О.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа прокурорын яллаж буй нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар тус тус ямар нэг үндэслэл, дүгнэлт огт хийлгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн итгэл үнэмшил, түүний үндэслэл нотолгоог хэрхэн тусгах шаардлагуудын талаар тодорхой зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь хэсгүүдэд заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал; хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;

шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;

шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт; хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ огт тусгаагүй, дүгнээгүй байна.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд уг хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах ёстой байтал нөхсөн дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг өөрсдөө нөхөн тогтоож шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчлөөр хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруугийн асуудлаар маргаж байгаа шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нарын гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 241 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М , Э.Б , О.Б , Т.О  нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                 ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН