Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 288

 

Б.М, Э.Б, Т.О, О.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, хохирогч О.Н, Ц.Б, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 29-ний өдрийн 820 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  111 дүгээр магадлалтай, Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч, Д.Дамба, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтгүй, урьд ял шийтгэлгүй, Е овогт Б-ийн М,

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улс, Эрхүү хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, У овогт Э-ын Б,

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ын О,

Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ын Б нар нь

Бүлэглэн 2017 оны 09 дүгээр 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” төвийн 501 тоотод иргэн Ц.Б-д банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 /Жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Б, Э.Б  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2..2-т зааснаар бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол тус тус учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б. М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т сан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг амлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр,

Шүүгдэгч Т.О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон 111 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон /1.665.000/ хасч 8.335.000 төгрөгөөр,

Шүүгдэгч Т.О ийн цагдан хоригдсон 105 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон /1.575.000/ хасч 8.425.000 төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.О нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Б.Ганболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Улсын дээд шүүх “гэмт хэрэг үйлдэх болсон хүсэл, санаа зорилгын нэгдэл, үйлдэл оролцоо харагдахгүй байна” дүгнэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү алдааг засалгүйгээр, давж заалдах шатны магадлалыг хуулбарлах байдлаар хэргийг яаруу шийдсэн. Харин давж заалдах шатны шүүх нь уг алдааг засахын оронд хялбарчилж анхан шат руу буцаалаа.

Дээрх байдлаас үзвэл “нэгэнт гэмт хэрэг үйлдсэн байдал нь нотлогдохгүй байгаа ба түүнийг нотолж чадахгүй” учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Гэмт хэрэг мөн бол заавал, бүр гарцаагүй нотлогдсон байх ёстой. Гэтэл энэ хэргийн хувьд нотлох баримт гэж үзэх гол 2 эх сурвалж нь хууль бус болно. Үүнд:

Хэргийн гол нотлох баримт гэж яриад байгаа барьцаат зээлийн гэрээ гэгч баримт нь хууль бус юм. Учир нь энэ гэрээ эх хувь биш бөгөөд канондсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6-р зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь эсхүл эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан.

Гэтэл хэрэгт эх хувь ч байхгүй, тэмдэглэл үйлдсэн тухай баримт сэлт ч байхгүй ба энэ талаар 2 шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан юм.

Энэ хэрэг дээр өмнө нь гарсан шүүгчийн захирамжийн /2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №663, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж/ биелэлт хангагдаагүй. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй юм бол гарах, гаргах ямар ч шаардлага, ач холбогдол байхгүй агаад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хий урсана.

Шүүх “яллагдагч О, М нар бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн байхад яллагдагч М өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчсөн” гэж дүгнээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Гэтэл энэ хууль бус нотлох баримт болох гэрч М, яллагдагч М ын мэдүүлгүүд дахин нотлох баримтаар авагдаж яллах дүгнэлтэд бүрэн тусгагдан орж, улмаар шийтгэх тогтоолд ч мөн бичигдэн түүний эсрэг ашиглагдсан хэвээр. Ийм хууль бус нотлох баримтаар хэргийн хувь заяаг шийдвэрлэж үл болох тул нотлогдоогүй бол гэм буруугүй гэсэн зарчим хэрэгжих ёстой хэмээн үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Прокуророос зүйлчлэлийг бөөндөх аргаар Эрүүгийн хуулийн 3.1-р зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамласан ба тэр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох тухай л нийтлэг зохицуулалт тусгагджээ.

Гэтэл Б.М нь зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгчийн яг аль нь болох, ямар үйлдлээр бусдыг залилсан гэдэг нь маш тодорхойгүй байгаа юм.

Сэжигтэн ч бай, шүүгдэгч ч бай ялгаагүй “ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаа” болохоо мэдэх эрхтэй. Бусдыг залилсан гээд л байгаа боловч яг ямар үйлдлээр, хэрхэн, яаж, хэн хийсэн гэдэг нь тодорхой бус яллагдаж байгаа учир хэн нэгнийг ийм байдлаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн хувьд ямар ч утгагүй тул шүүгдэгчийг цагаатгаж өгөхийг хүсэж байна.

Хохирогч хүү нэхдэг, хүүтэй гэрээ гэдгээ хүлээн зөвшөөрдөг, 1 өдөр энэ бүх үйл явдал болж, тэр даруйдаа цагдаагийн газарт миний үйлчлүүлэгч өөрөө дуудлага өгч очсон байдаг, хохирогч нар эрсдэлд оронгуутаа хууль бус халдлага хийдэг, хохирогч нарын мөнгө хүүлэх үйлдэл нь өөрөө хууль бус болох нь тогтоогдсон байхад ийм эрх ашгийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалж, гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байхгүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Мыг цагаатгаж, хэргийг нэг мөр бүрэн гүйцэд эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, прокурорын байгууллага бусдын зохиож ярьсан зүйлийг үндэс болгож, огт баримтгүйгээр намайг яллаж, шоронд хорьсон.

Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн талаар огт мэдээгүй, энэ тухай 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад анх ирэхдээ сонсож байна гэдгээ хэлж, гэрчээр мэдүүлэг өгч байсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаагч надаас “2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М бусдаас 69,000,000 төгрөг авсан хэргийн талаар мэдэх үү” гэж асуусан. “Би огт мэдэхгүй, одоо л сонсож байна” гэдгээ олж мэдүүлж байсан.

Мөн, мөрдөгч надаас 2017 оны 08 дугаар сарын 16-нд Б-с зээлсэн 50.000.000 төгрөгөө төлж барагдуулсан уу” гэж асуусан. Би төлөөгүй байгаа, Голомт банкны зээл судлуулж байгаа, зээл гармагц авсан зээлээ төлнө” гэдгээ хэлж “Дарханы Голомт банкинд зээл судлуулж байгаа нь үнэн тухай тодорхойлолтоо” гаргуулж 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаагчид авчирч өгсөн. /1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/. Үүнээс хойш 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ үед /2017 оны 10 дугаар сарын дундуур/ 69.000.000 төгрөгөө алдсан хохирогч Б, Н гэдэг хүмүүсийн талаар анх сонсож, цагдаагийн байгууллагын гадна энэ хүмүүсийг анх харж байсан.

Гэтэл 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн прокуророос намайг дуудаж, “Намайг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б, Н гэх хүмүүсээс 69 сая төгрөг залилсан үйлдлийг санаачилсан, зохион байгуулсан, эдгээр хүмүүсийг таньдаг, үгсэн тохирсон, цуг сургуульд сурч байсан, Хаан банкны 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, эдийн засагч байдлаар утсаар ярьсан” гэх эрэг ор үндэслэлгүй худал үйл баримтуудыг дурдаж, яллагдагчаар татаж байгаа тухай мэдэгдлийг надад танилцуулсан. Би танилцсан, гэхдээ хүлээн зөвшөөрөөгүй.

Ийнхүү яллах дүгнэлтэд дурдсанаар, зөвхөн Мын зохиож ярьсан зохиомол худал мэдүүлгүүдэд үндэслэж намайг яллагдагчаар татсан байсан. Үүнээс хойш надаас хэд хэдэн мэдүүлэг авсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны хэргийг санаачлаагүй, энэ талаар огт мэдэхгүй, хохирогч гэх Н, Б нарыг огт танихгүй, цуг сургуульд сурч байгаагүй, Хаан банкны гэрээ гэж огт мэдэхгүй, 2017 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдөр, түүнээс өмнө ч хохирогч болон М, Б нартай ярьж холбогдсон зүйл огт байхгүй гэдгээ удаа дараа үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Миний мэдүүлгүүд, нотлох баримтууд хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдтэй хөдөлшгүйгээр таарч тохирдог.

Би өөрийн 99198119 дугаарын утасны биллийг Мобикомоос авч тухайн цаг хугацаанд М, Б, 2 хохирогч нарын хэнтэй нь ч ярьж холбогдоогүй болохоо нотолсон. /2 дугаар хавтаст хэргийн 182-202 дугаар хуудас/ Энэ нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр намайг хохирогч нар болон шүүгдэгч М нартай дээрх цаг хугацаанд холбогдсон, банкны эдийн засагч мэтээр ярьсан болгож буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт М, Б, Н, Б-ы мэдүүлснээр 2017 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Мын 990020**, Бын 94080**, Н, Б нарын 992428**, 880169** дугаарууд руу би огт яриагүй нь нотлогдож байхад миний биллийг нотлох баримтаар авч үнэлж үзээгүйд маш гомдолтой байна.

Дарханы Голомт банкнаас 2017 оны 10 сарын сүүлээр миний судлуулж байсан зээлийг олгохоос татгалзсан хариу өгсөн тул би Б-с зээлсэн 50,000,000 төгрөгийн зээлийн хугацааг сунгая, гэрээгээ шинэчилж хийе гэдэг саналыг удаа дараа тавьдаг байсан /2 дугаар хавтаст хэргийн 3-9, 11 дүгээр хуудас/. Б урдаас “Чи мөнгөө төлчихсөн, Бд мөнгөө төл" гэдэг ойлгомжгүй байдлыг үүсгэдэг байсан.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед М мэдүүлэхдээ “Явсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын үед ах С над руу ярьж энэ хүмүүсээс очоод авчих гэсний дагуу би очиж авсан” /4 дүгээр хавтаст хэргийн 8 тал/ гэж мэдүүлж, мөрдөн байцаалтын үед өгч байсан бусад мэдүүлгүүдээ өөрөө няцаасаар байхад анхан шатны шүүхээс намайг ор үндэслэлгүйгээр буюу яллах дүгнэлтэд бичигдсэн Мын зохиомол мэдүүлгүүдэд үндэслэн, миний болон гэрч хохирогчийн мэдүүлгүүд, нотлох баримтаар өгсөн баримтуудыг огт үнэлж үзэлгүйгээр яллах дүгнэлтийг тэр чигт нь хуулбарлаж бичээд намайг гэм буруутайд тооцож яллаж хорьсон.

Давж заалдах шүүхээс үнэн бодит байдлыг гуйвуулж, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б-с зээлсэн 50,400,000 төгрөгийг О, М нар хамтарч зээлээд, үүнийг эргэж төлөхийн тулд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бусдаас 69,000,000 төгрөг залилж төлсөн байдлаар, мөн намайг буруутгах үндэслэлээ мөн баримт мэдүүлгүүдэд үндэслэлгүйгээр, зөвхөн М тодорхой мэдүүлсэн” байх тул гэдэг үндэслэлгүй үндэслэлээр буюу үнэн бодит байдлыг гуйвуулж шийдвэрлэсэн.

Би шүүхийн байгууллагад нотлох баримтаа өгөөд, гэрч хохирогч нар үнэн зөвөөр мэдүүлээд байхад зөвхөн 1 хүний зохиож ярьсан зүйлийг үндэс болгож бусдыг гэм буруутайд тооцож шийтгэж болно гэж үү. Давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо хохирогч Б “... Уг хэрэгт оролцоогүй От ял оногдуулсан ...” гэж, харин хохирогч Н “ямар ч баримтгүй От 2 жилийн ялыг М ын мэдүүлгээр өгсөн ...” гэдгийг тодорхой тусгасан байдаг. Хохирогч нар мөрдөн байцаалтын үед Оийг танихгүй, энэ хүн хэрэг гарснаас хойш гарч ирсэн, хамт сурч байгаагүй гэж байнга хэлж мэдүүлсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Н “ямар ч нотлох баримтгүйгээр О ийг шийтгэж байгаа” тухай тодорхой дурдсан юм.

Гэрч С өгсөн мэдүүлэгтээ “Бд төлөх 50.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа, Голомт банкны зээл судлуулж байгаа. Бүтэхээр нь тодорхой хүүгийн хамт төлнө" гэж мэдүүлсэн байдаг.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч “... зээл бүтэх гэж байна. Зээлийн эдийн засагчтай ярьж байна гээд М хэнтэй ярьсан бэ” гэсэн асуултад Яллах дүгнэлтийг үйлдсэн Прокурор нь өөрөө “Бтай утсаар ярьсан” гэж хариулсан байдаг. Тэгсэн мөртлөө намайг эдийн засагч байдлаар утсаар ярьсан гээд яллаад байдаг.

Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Маар зуучлуулан Б-с зээлсэн 50.400.000 төгрөгийг бусдыг залилж олсон мөнгөөр төлж барагдуулаагүй юм. Өөрийн өмчлөлийн барилгыг бусадтай хамтарч гүйцээн бариад олсон орлого ашгаасаа төлж барагдуулсан. Эдгээр нь ч мөн баримтаар нотлогдох бөгөөд 250.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ, барилга ашиглалтад оруулсан комиссын акт, барилгаас худалдан борлуулсан тухай гэрээ, данс руу төлбөр орсон дансны хуулга, эргээд Б д төлсөн баримтуудыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нотлох баримт болгож өгсөн.

Гэтэл намайг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б-с зээлсэн 50.400.000 төгрөгийг төлөхийн тулд М тай хамтарч Б, Н гэх хүмүүсийг залилж, 69.000.000 төгрөг авсан болгож буруутгаж, ялласанд туйлын гомдолтой байна. Сүүлд хэргийн материалтай танилцахад 2017 оны 09 дүгээр сарын 19, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М, хохирогч Н, Б гэх хүмүүстэй “үнэгүй.мн” зарын дагуу өөрөө холбогдож, тэднээс 68.500.000 төгрөг авч, миний 2017 оны 08 дугаар сарын 16-нд Б-с авсан зээлийг хохирогч Н, Б нарт шилжүүлээд орхих бодолтойгоор ийм үйлдэл хийсэн. Энэ нь буруудаад цагдаагийн байгууллагад шалгагдаад эхлэхээр мэдүүлгээ олон янзаар өөрчилж, надад зээлүүлсэн мөнгөө аваагүй байж төлөгдсөн болж өөрчлөгдсөн болохоор, надаас мөнгөө авах зорилгоор намайг хэргийн зохион байгуулагч болгон нотолгоогүйгээр зохион мэдүүлж, хилс хэрэгт оруулсан юм байна гэдгийг ойлгосон. О би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бусдаас мөнгө залилах хэрэгт оролцоогүй, мэдээгүй, зохион байгуулаагүй болох нь доорх мэдүүлэг баримтаар нотлогддог.

Эрхэм шүүгч та бүхэн эдгээр нотлох баримтыг үнэлж үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч, гуйж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас Ц.Бы хохирогчоор өгсөн “2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М гэх хүн утсаар холбогдож зээлийн үлдэгдэлтэй байгаа юм дээрх мөнгийг танайхаар байршуулаад орой нь буцаагаад өгье би зээлийн гэрээгээ бариад очьё гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд өмнөх өдөр ярьсан Б.М гэдэг хүн О.Б гэгчийг дагуулаад хоёулаа манай ажил дээр ирж уулзсан юм ...” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 тал Ц.Б-ы гэрчээр өгсөн “2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу өнөөдөр өглөө 10 цагаас хойш манай найз Нгээр дамжуулан нэг эмэгтэй “мөнгө дансандаа байршуулах хэрэгтэй байна” гэж байн байн утсаар ярьсаар байгаад бид 15 цагт миний түрээслэн ажиллуулдаг Монгол Тайваны төвийн 501 тоот өрөөнд ирсэн. М гэх эмэгтэй нь бас нэг эмэгтэйгийн хамт орж ирсэн..” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал Б.М ын гэрчээр өгсөн: “Би өчигдөр үнэгүй.мн сайтаас банкны зээл чөлөөлж барьцаагүй зээл олгоно” гэсэн зарын дагуу өнөөдөр холбоо барих утсаар нь холбогдож урт цагааны урд байрлалтай Тайваны төвийн 5 давхарт зээл олгогчтой ирж уулзсан. Зээл чөлөөлөх щаардлагатай учир 69.000.000 төгрөг авна гэж хэлээд хоногийн 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал мөрдөгчийн “Б гэж хүнээс авсан 50.400.000 төгрөгийн зээлийг хэн төлж барагдуулах ёстой байсан бэ, уг зээлийг төлж дуусгасан уу" гэх асуултад О.С ын гэрчээр өгсөн “уг зээлийг О бид хоёр төлөх ёстой. Мөн зээлийг төлж дуусгаагүй байгаа. Бизнесийн зээл гарахаар зээлийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг, мөрдөгчийн “Б-с зээлсэн 50.400.000 төгрөгийг Б.М нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй байхад яагаад Баас мөнгө зээлж хохирлыг төлсөн талаар танд хэлэх зүйл байна уу" гэх асуултад О.С ын гэрчээр өгсөн “Б гэж хүн мөнгө зээлсэн цагаас хойш манай эхнэр О болон Б.М нарыг удаа дараа дарамталж байнга мөнгөө нэхдэг байсан шалтгаанаас болж Б.М зээлийг төлсөн байх” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал мөрдөгчийн “Б.М нь таны Б-с авсан зээлийг төлж барагдуулсан талаар мэдсэн үү” гэх асуултад О миний гэрчээр өгсөн “Үгүй энэ талаар мэдээгүй” гэх мэдүүлэг, мөрдөгчийн: “таны Б-с авсан 50.400.000 төгрөгийг Б.М нь хүүтэй нь 68.500.000 төгрөг болж төлсөн байна энэ талаар ярина уу, одоо 68.500.000 төгрөгийг хэн төлөх юм бэ” гэх асуултад О миний гэрчээр өгсөн “Б-с зээлээр авсан 50.400.000 төгрөг түүнтэй холбоотой хүүг би төлнө” гэх мэдүүлэг, мөрдөгчийн: “Б.М нь иргэн Ц.Б аас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 68,500,000 төгрөгийг өдрийн хүүтэйгээр зээлж Бын хохирлыг төлсөн байна энэ талаар танд мэдэх зүйл байна уу, уг зээл авах санааг хэн гаргасан бэ гэх асуултад О миний гэрчээр өгсөн “Би энэ талаар үнэхээр мэдэхгүй байна одоо л сонсож байна” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр тал Баатарын гэрчээр өгсөн “Би Б, О гэдэг хүнийг хараагүй мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал О.Нн гэрчээр өгсөн “... үнэгүй.мн сайт дээр дансны хуулга, тодорхойлолт гаргана гэсэн зарыг байршуулж утасны дугаараа үлдээсэн байхад 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 99002092 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад Голомт банкны дансанд 69.000.000 төгрөгийг байршуулаад 2 цаг болгоод буцаагаад өгье гэж хэлсэн ... Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө эмэгтэй дахин залгаад би удахгүй очлоо гэж байсан...Б залгаад нөгөө 99002092 дугаараас залгаж ирсэн эмэгтэй мөнгийг 1 хонуулчих гээд байна ... М нь надтай 99002092 дугаарын утаснаас яриад байсан эмэгтэй юм байна лээ” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр тал мөрдөгчийн “та ямар учраас хүний зээлсэн мөнгийг төлж барагдуулах болсон юм бэ” гэх асуултад Б.Мын яллагдагчаар өгсөн “О нь анх Б-с мөнгө зээлэх үед би зуучилж Б надад итгэсний үндсэн дээр зээлдүүлсэн бөгөөд би өөрөө бүх хариуцлагыг нь хүлээнэ гэж Бд хэлчихсэн байсан юм. Тийм учраас би Оийн төлөх ёстой мөнгийг Баас авч Бд өгсөн юм. Тэгээд О ямар нэгэн байдлаар Бы мөнгийг төлчих байх гэж бодсон юм” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 222 дугаар тал О миний яллагдагчаар өгсөн “Б.М нь бусдаас 69.000.000 төгрөг авсан болохыг анх намайг Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудаж ирүүлж мэдүүлэг авах үед л би мэдсэн. Тэрнээс өөрөөр би Б.М ыг ямар нэгэн байдлаар бусдаас мөнгө ав гэж захиалсан болон даалгасан хүссэн зүйл байхгүй. Б болон Н гэх хүмүүсийг би мэдэхгүй тэр хүмүүсээс ямар бичиг баримтаар яаж зээл авсан талаар мэдэхгүй. Б.М-д хэн нэгнээс мөнгө авах талаар миний хувьд түүнд хэлээгүй. Миний хувьд энэ 69.000.000 төгрөгтэй холбоотой мэдэж байгаа зүйл өөр байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дугаар тал мөрдөгчийн “Э.Баас авсан 50.400.000 төгрөгийн зээл төлөх хугацаа дууссан байна уг зээл төлөгдсөн үү, хэрэв төлөгдөөгүй бол ямар шалтгааны улмаас зээл төлөгдөөгүй талаар ярина уу” гэх асуултад О миний яллагдагчаар өгсөн “Уг зээл төлөгдөөгүй байгаа тухайн үед С надаар зээл авахуулчхаад зээлийг төлж өгнө гэж хэлчхээд төлөхгүй байсан юм. О.Сыг энэ мөнгөө төлөөч гэхэд би чиний барилгад өмнө мөнгө зарцуулж байсан тэрэндээ суутгана гээд өөр зүйлийг ярьж эхэлсэн улмаар бид хоёр маргалдсан. Тэр үед би банкны зээл хөөцөлдөж байсан болохоор тэр зээлийг давхар хөөцөлдсөн. Ингээд энэ асуудал уг хэлтэст шалгагдаж эхэлсний дараа Э.Бтай уулзаж гэрээгээ зохицуулах санаатай хэд хэдэн удаа уулзсан. Гэтэл Б нь зээлийн хугацааг сунгахыг хүлээн зөвшөөрөхгүй харин намайг Бд 69.000.000 сая төгрөгийг төл гээд байсан юм. Би Э.Бд л өртэй болохоос биш Б гэдэг хүнтэй ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй учир сонин байдал үүссэн юм” гэх мэдүүлэг, мөрдөгчийн “одоо Б-с авсан 50.400.000 төгрөг болон түүнтэй холбоотой зардлыг хэн барагдуулах вэ” гэх асуултад О миний яллагдагчаар өгсөн “2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өөрийн итгэмжлэлийн дагуу Э.Б аас авсан 50.400.000 төгрөгийг би төлж барагдуулах үүрэгтэй. Энэ асуудал дээр маргах зүйл байхгүй. Өмгөөлөгчийн “2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банк дээр очсон уу, тэр үед Бтай уулзсан уу, хэрэв уулзсан бол хохирогч Б-д банкны баталгаа байршуулаад өгье гэж ямар нэгэн гэрчилгээ үзүүлсэн үү” гэх асуултад О миний яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбар дээр очоогүй. Тийм банк хаана байдаг талаар би мэдэхгүй байна. Би тэр өдөр Бтай огт уулзаагүй, таних ч үгүй, өмнө уулзаж байгаагүй. Би түүнтэй уулзаж байгаагүй болохоор ямар нэгэн гэрчилгээ үзүүлсэн зүйл байхгүй" гэх мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр тал О миний яллагдагчаар өгсөн “Би Б гэдэг хүнээс 69.000.000 төгрөг авсан асуудлыг мэдэхгүй. Б.Мд эсвэл Бд тэндээс мөнгө ав гэж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Б-с 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 50.400.000 төгрөг авсан нь үнэн тэрийгээ төлөх нь үнэн үүрэгтэй юм, 69.000.000 төгрөгтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Б гэдэг хүнийг ч танихгүй тэр хүнээс 69.000.000 төгрөг авах талаар миний бодолд ч байгаагүй Мд энэ талаар хэлээгүй, уг 60.000.000 төгрөгийн залилангийн хэрэг надад хамааралгүй, 2017 оны 08 дугаар сарын 16-нд Б-с 50.400.000 төгрөг авсан нь үнэн, энэ мөнгийг Бд би төлж барагдуулах үүрэгтэй. Энэ үүргээ ч биелүүлнэ. Б, Б гэх хүнээс мөнгө авчхаад үрэгдүүлсэн ч юм уу яасан юм мөнгөө буцааж төлж чадахгүй байна гэж ойлгож байна. Хэрэв тэрийгээ төлж чадахгүй байгаа бол Б болон Б хоёрын аль алиных нь зөвшөөрөлтэйгөөр Бд эсвэл Б-д төлөх эсвэл Бтай шинээр өөрийн барьцаа хөрөнгө тавьж байгаад зээлийн гэрээг шинээр үүсгэх бололцоо миний хувьд байгаа юм. Ерөнхийдөө Бд өгөх ёстой 50.400.000 төгрөгийг Б-д өгөхийг Б зөвшөөрвөл би Бд мөнгийг төлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээ байгуулах боломжтой” гэх мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал О.Н-н хохирогчоор өгсөн “Би зар тавьсан, зарын дагуу надтай М гэж эмэгтэй ярьж байсан” гэх мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал О.Н-н хохирогчоор өгсөн “Би О гэж хүнийг танихгүй, өмнө уулзаж байгаагүй, хамт нэг сургуульд сурсан зүйл байхгүй" гэх мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 53  дугаар тал Ц.Бы өгсөн “... О гэж хүнтэй нэг сургуульд сурч байгаагүй, би Хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн, О гэж хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Энэ асуудал цагдаа дээр шалгагдаж эхэлсний дараа О гэж хүн гарч ирсэн” гэх мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал О.Бгийн яллагдагчаар өгсөн “би О гэж хүнийг өмнө ерөөсөө харж байгаагүй” гэх мэдүүлэг 3 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар тал О миний яллагдагчаар өгсөн “Б гэдэг хүнийг ерөөсөө танихгүй, энэ хүнтэй уулзаж байгаагүй. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр цагдаа дээр дуудагдаж ирэх үедээ энэ асуудал болсон гэдгийг мэдсэн. Үүнээс хойш Б, Н гэх хүмүүсийг мэддэг болсон. Намайг зээл хөөцөлдөж байх хугацаанд М, Б нар Б, Н гэх хүмүүсээс зээл авсан байсныг хэрэг танилцаад мэдсэн. Би Б, Н нарыг огт танихгүй, хамт сургуульд сурч байгаагүй. Энэ хүмүүстэй уулзаж байгаагүй” гэх мэдүүлэг, мөрдөгчийн “2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, мөн өмнөх өдөр нь М, Б нартай биечлэн болон утсаар, мессэжээр харилцсан зүйл байгаа юу, гэх асуултад О миний яллагдагчаар өгсөн “тийм зүйл байхгүй. Утсаар болон мессэжээр, биеэр уулзаагүй. Б гэж хүнийг огт танихгүй" гэх мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр тал О миний яллагдагчаар өгсөн “... миний ярьсан хэлсэн бүхэн үнэн зөв байгаа. Би хохирогч Н, Б нартай ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Энэ хүмүүсээс М зээл авах гэж байгаа талаар мэдээгүй. Энэ хүмүүстэй холбоотой асуудалд миний зүгээс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Дээрх нөхцөл байдлыг судлан үзэж надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Миний хувьд үйлдсэн хэрэг байхгүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг, О.С нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Баас 50.400.000 төгрөгийг миний нэр дээр зээлж аваад, эргэж төлөлгүй намайг хохироож, 50.400.000 сая төгрөгийн зээлийг О би дангаараа төлж барагдуулсан, мөн хийгээгүй хэрэгт гүжирдүүлж, удаан хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулж, хоригдож, бие эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол үзсэн. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Баас зээлсэн 50.400.000 төгрөгтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагад хандан О.Саас энэхүү 50.400.000 төгрөгийг нэхэмжлэх болно. Эрхэм шүүгч та бүхэн дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж, Т.О надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О ийн өмгөөлөгч Б.Дамба гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс Т.О ийг шүүгдэгч Б.М тай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж, 68.500.000 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн юм.

Ийнхүү шүүхээс Т.О ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо хохирогч Ц.Б, О.Н, гэрч О.С, Б.Б,Б.О, Ц.С, шүүгдэгч О.Б нарын мэдүүлгүүд, мөн гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 150.000.000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ, хохирогч Ц.Б аас 68.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.М д шилжүүлсэн төлбөрийн баримт зэрэг байна.

Гэтэл гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч Т.О ийн оролцоо, үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар нотлогддогүй. Өөрөөр хэлбэл тогтоолд тусгагдсан тэдгээр нотлох баримтууд нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.О ийн оролцоо, үйлдлийг хэрхэн, яаж нотолж байгаа, тэдгээр нь Т.О-т ямар хамааралтай болох нь тогтоолд тодорхой бус, шууд заагаагүй нь эдгээр баримтуудаар Т.О ийг буруутгах үндэслэлгүй юм. Шүүгдэгч Т.О ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн өөр нэг үндэслэл нь тогтоолд тусгагдсанаас үзэхэд шүүгдэгч Б.М, Э.Б нарын мэдүүлгүүд байна. Тодруулбал шүүгдэгч Б.М нь Т.О ийг гэмт хэрэгт хамтран оролцсон мэтээр мэдүүлдэг боловч түүний мэдүүлгүүд хоорондоо маш их зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, эх сурвалж нь байхгүй, заагаагүй, тэдгээр нь хэргийн бусад баримтаар няцаагддаг, аль нь үнэн, үндэслэлтэй болох нь эргэлзээтэй байдаг. Гэтэл шүүх шүүгдэгч Б.М ын эх сурвалжаа заагаагүй, хэргийн бусад баримтаар няцаагдсан зөрүүтэй мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгож Т.О ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрч Б.М хэрэг гарсан өдөр мэдүүлэхдээ “... би өчигдөр үнэгүй.мн сайтаас банкны зээл чөлөөлж, барьцаагүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбоо барьж, 69.000.000 төгрөг зээлэхээр тохиролцсон. О надад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчирч өгөх байтал ирээгүй” гэх мэдүүлэг нь /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, гэрч Э.Бийн “М над руу холбогдож, миний данснаас 69.000.000 төгрөг аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд авчирч өгөөрэй гэсний дагуу би Хүүхдийн 100-гийн Голомт банк руу очиж, М-д гэрчилгээнүүд өгсөн" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, мөн гэрч Э.Б ийн “... 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М надад мөнгөө авчхаад дуудсан цагт гэрчилгээнүүд авчирж өгөөрэй гэсэн” гэх мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал/ тус тус шүүгдэгч Б.Мын мэдүүлгийн худал болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр Б.М нь өөрийн санаачлагаар хохирогч нартай холбогдож, тэднээс мөнгө авсан, мөн тухайн өдөр Б.М-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчрах хүн нь Т.О биш, харин шүүгдэгч Б байсан нь Э.Б ийн мэдүүлгээр нотлогддог. Мөн шүүгдэгч Б.М ын “... 150.000.000 төгрөгийн хуурамч гэрээг О эгч хэрхэн, яаж хийх аргыг надад зааж өгсөн. О нь Н, Б 2-той урд өдөр нь утсаар яриад зээл авахаар тохирсны дагуу маргааш нь би очсон. О надад хохирогч Бтай хамт сурч байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь /2 дугаар хавтаст хэргийн 76-77/, хохирогч Ц.Бы “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М гэх хүн утсаар холбогдож, мөнгө байршуулаад орой нь буцааж өгье гэсэн" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, хохирогч Ц.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би Отэй хамт сурч байгаагүй, танихгүй” гэх мэдүүлэг, хохирогч О.Н-н “М гэх эмэгтэй зээл хөөцөлдөж байгаа гээд надтай анх утсаар ярьсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, гэрч О.Сын “...би М-д Б-ийн өр зээлийг яаж төлөхөв, гайгүй хүн байвал мөнгө зээлээд төлчих юмсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 42, шүүгдэгч М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай ах С над руу залгаж, чамайг хүнд байдалд оруулаад байгаа бол энэ хүмүүс рүү залгаад мөнгө авчих, 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээ гэж огт байхгүй” гэх өөрийнх нь мэдүүлгээр тус тус Б.М ын дээрх мэдүүлгийн худал болох нь нотлогддог.

Шүүгдэгч Оийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн өөр нэг үндэслэл нь тогтоолд тусгагдсанаар шүүгдэгч Э.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг байдаг. Тодруулбал шүүгдэгч Э.Б нь хэрэг гарснаас хойш 1 жил гаруй хугацааны дараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “... би М-д яагаад О чинь ирэхгүй, ганцаараа ирж байгаа. Одоо түүнтэй ярь гэхэд М миний хажууд залгаж ярьсан. Цаана нь хэн нэг хүн миний яриад тохирсон газар очоод зээл авчих. Тэгээд өрөө төл гэсэн яриа сонсогдсон. Тэр хүн нь О байсан” гэх мэдүүлэг юм. Шүүгдэгч Э.Б нь хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтад олон удаа мэдүүлэг өгөхдөө дээрх мэдүүлгийг огт өгч байгаагүй ба хэрэг гарснаас хойш 1 жил гаруйн дараа шүүхийн хэлэлцүүлэгт анх удаа дээрх мэдүүлгийг өгсөн нь түүний мэдүүлгийн үнэн эсэхэд эргэлзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн тухайн өдөр шүүгдэгч Б.М, Т.О нар хоорондоо утсаар ярьсан гэх бичлэг, эх сурвалж хэрэгт байхгүй, баримтаар нотлогдоогүй байгаа нь Э.Б ийн мэдүүлгийн үнэн эсэх нь эргэлзээтэй юм. Нөгөө талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б, Б.М нар бие биетэйгээ ойр харилцаатай биш гэж мэдүүлж байсан нь хэргийн бусад баримтаар няцаагддаг. Өөрөөр хэлбэл тэд мөнгө санхүүгийн хувьд харилцан хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой хүмүүс болох нь нотлогддог. Тухайлбал. шүүгдэгч Б.М ын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 109-110, 117 дугаар хуудас, О.Б гийн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 97-103 дугаар хуудас/, Э.Б ийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 153, 2 дугаар хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас/ авагдсан байгаа. Энэ дансны хуулгуудаас үзэхэд Б.М нь 2017 оны 04 дүгээр сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 02-ны хооронд Э.Б, О.Б нартай нийт 23 удаа гүйлгээ хийсэн. Орлого 12.670.000 төгрөг, зарлага нь 25.931.000 төгрөг, О.Б нь 2017 оны 05 дугаар сарын 09-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд Э.Б, Б.М нартай нийт 24 удаа гүйлгээ хийсэн, орлого 47.080.500 төгрөг, зарлага 17.780.000 төгрөг байдаг. Түүнчлэн Э.Б нь өөрийн ээж З.Х-ын данснаас О.Б, Б.М нартай олон удаа харилцаж байсан нь дээрхи 2 хүний дансны хуулгуудаар нотлогддог. Мөн Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т.О т 50.400.000 төгрөг зээлдүүлэхдээ өөрийн ээж З.Хадбаатарын дансаар дамжуулан М, О.Б нараас тус бүр 5,000,000 төгрөг нийт 10.000.000 төгрөг авч, уг мөнгийг О ийн данс руу шилжүүлэн зээлдүүлсэн нь Э.Бийн ээж З.Хадбаатарын дансны хуулгаар нотлогддог.

Иймд дээрх үндэслэлээр буюу Т.О ийн гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруу хэргийн баримтаар нотлогдохгүй байгаа тул шийтгэх тогтоол, магадлалын От холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Б гаргасан гомдолдоо “... Би хувиараа өөрийн найз нөхдийн хүрээнд шаардлагатай үед нь богино хугацаатайгаар мөнгө зээлдэг. Миний багын найз М хэд хэдэн удаа надаас богино хугацаатай мөнгө зээлж тухай бүр хугацаанд нь найдвартай эргүүлж тохирсон хүүгийн хамт өгдөг байсан. О гэх эмэгтэйг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М над дээр дагуулж ирсэн. Т.От хоёр хоногийн хугацаатай 50.400.000 төгрөгийн яаралтай хэрэг байна гэсэн учраас би итгэн хүссэн мөнгийг нь зээлсэн. Т.О тохиролцсон хугацаанд мөнгөө өгч чадахгүй удсан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр намайг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны гадаа дуудаж зээлийн барьцаанд байсан Т.Оийн эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг авчирахыг шаардсан. Мөнгөө хүүгийн хамт эргүүлж төлсөн байсан учраас би гэрчилгээнүүдийг аваачиж өгөөд явсан.

Гэтэл тухайн өдрийн орой Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс намайг дуудсан. Би яваад очтол Б.М ын гар, хөл хөхөрсөн бусдад зодуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар түүнээс асуутал, “сая чиний мөнгийг өгөх гээд чам шиг үйл ажиллагаа явуулдаг хүнээс мөнгө зээлсэн юм. Гэтэл анх ярьснаасаа өөрчлөгдөөд муудалцаад намайг барьж аваад зодчихлоо. Би ганцаараа яваа эмэгтэй хүн энэ хоёр залууг дийлэхгүй учраас 102-т дуудлага өгөөд харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Чи гэрчийн мэдүүлэг өг” гэж хэлж байсан. Гэтэл гаднаас үл таних залуу орж ирээд миний мөнгийг одоо гаргаж өг, Бтай юу гэж ярьж тохирсон чинь надад хамаагүй гэж орилсон. Хожим нь энэ хэрэгт хохирогчоор оролцдог Н гэж мэдэх болсон. Цагдаагийн байгууллага М ыг шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгснийг мэдсэн Н орилж эхэлсэн. Тэгвэл би ч гэсэн цагдаад гомдол гаргана гээд гомдол бичтэл харьяаллын дагуу та Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гарга гэснээр уг хэрэг эхэлсэн.

Хохирогч Б, Н нарын хамтын данснаас Ог 68.500.000 төгрөгийг зээлж, түүний хүүг авсан байсан. Н, Б нар хоорондоо мөнгөнөөсөө болж маргалдсанаас үүдэж хохирогч Б нь Б.М тай анх ярьснаасаа өөрчлөгдөн маргалдаж Б.М ыг зодсон байсан.

Би Н, Б нартай ижил мөнгө хүүтэй богино хугацаатай зээлдэг ажлыг өөрийн танил найз нөхдийн хүрээнд явуулдаг байсан. Мөнгөө Б.М аар зуучлуулж Т.От зээлж, тохиролцсон хүүнийхээ хамт эргүүлж авсныхаа төлөө гэмт хэрэгт хэрэгтэн болсондоо гомдолтой байна. Миний хувьд энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш энэ үйл ажиллагаа нь хууль бус юм байна гэж ойлгоод болисон. Хохирогч Н Б хоёр одоог хүртэл энэ ажлаа хийсээр яваа хүмүүс. Хохирогч Б, Н нар нь мөнгөний хүүний төлөө хэний ч өмнө бусдыг худал гүтгэх, зодож дарамтлах үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд явуулсаар ирсэн. Үүнийг цагдаа, прокурорын байгуулага үл тоосоор ирсэн.

Мөрдөн байцаалтын талаар: Хэрэг анх Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжиж 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хурал дээр Б.М хохирогч нарын дарамтад байнга байсан учраас тэдний хүслээр худал мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгч байсан гэдгээ илэрхийлсэн. Шүүх хэргийг авч хэлэлцээд “яллагдагч О, М нар бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн байхад М өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль бус, тухайн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэж дүгнээд мөрдөн байцаалт руу буцаасан. Гэтэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүхийн дүгнэсэн өнөөх мэдүүлэг биднийг буруутгасан прокурорын яллах дүгнэлтэнд, шийтгэх тогтоолд ч мөн адил үндэслэл болон бичигдсээр байна. Энэ үед хэрэгт Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор н.Энх-оргил хяналт тавьж, шүүгчээр н.Буяннэмэх оролцож хэргийг мөрдөн байцаалт руу алдааг зас гэж буцааж байсан.

Мөрдөн байцаалтад хэрэг буцаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед хэрэгт хяналт тавьж байсан прокурор өөрчлөгдөж Д.Агар прокурор хэргийг хянах болсон. Хэрэгтэйгээ бүрэн танилцаагүй, хурдан яллаад шүүхэд шилжүүлье гэх үүднээс өмнө нь шүүхээс хууль бусаар олж авсан нотлох баримт байна шүү гэж дүгнэсэн мэдүүлгүүдийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өмнө нь шийдсэн шүүгч н.Буяннэмэх тэтгэвэрт гарсан байсан учраас хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Цогтзанданд хувиарлагдснаар шүүхийн өмнө нь гаргасан захирамжийн талаар хэн ч дурсахаа больж өнөөх хууль бус нотлох баримт шийтгэх тогтоолд тусгагдаад явсаар байна.

Б.М хохирогч Баас мөнгө зээлэхдээ хуурамч гэрээ үзүүлсэн учраас та нар бүгд нийлж бүлэглэж залилсан гэж үздэг. Гэтэл Б.М мөнгө зээлэх үед шүүгдэгч О.Б, н.Б, Б.М нараас өөр хүн тэнд байгаагүй. Энэ хуурамч гэрээний талаар шүүгдэгч О.Б "Би тийм гэрээ хараагүй, мэдэхгүй" гэдэг. Гэтэл тухайн үед Төв аймгийн Баянчандмань суманд байсан гэж мэдүүлдэг О.Н мөрдөн байцаалт, бүх шатны шүүхэд О.Б, н.Б, Б.М нарын хажууд хамт байлцаж, оролцсон мэтээр тухайн үйл явдлын талаар худал мэдүүлэг одоог хүртэл өгсөөр байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч н.Баттогтох “хэрэг болох болох үед Э.Б байгаагүй байна, та өөрөө ч бас байгаагүй байна. Гэтэл яагаад Б буруутай гэдэг юм бэ гэж хохирогч Нгээс асуухад Бгийн дүрээр Б ирж мөнгөө олж авсан учраас буруутай гэж” мэдүүлсэн нь шүүх хурлын бичлэгт хадгалаастай байгаа. Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд хуурамч гэрээ үзүүлж, бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө залилсан буруутай гэж дүгнэдэг. Хэн хуурамч гэрээ үйлдэж хэнд үзүүлж мөнгө залилсан талаар огт дурддаггүй. Гэтэл биднийг буруутгаад байдаг Барьцаат зээлийн гэрээ гэгч баримт нь юу гэж бичигдсэн нь уншигдахгүй , чанар маш муу канондсан байдаг. Хавтаст хэрэгт уг нотлох баримт хэнээс хэрхэн гаргуулж авсан, түүнийг хэрхэн бэхжүүлсэн талаарх огт тусгагдаагүй. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй гаргац муутай канондсан цаас харагддаг. Гэтэл уг цаасыг нотлох баримт мэтээр үнэлж дүгнэн биднийг буруутгадаг.

Хохирогчийн хэлж ярьсан болгон туйлын үнэн яллагдагч, шүүгдэгчийн хэлж ярьсан болгон худал мэтээр үзэж байгаад миний бие гомдолтой байна. Т.О надаас 50.400.000 төгрөгийн зээлэхдээ элдэв янзын гэрээ үзүүлж мөнгө зээлээгүй. Банкнаас зээл хөөцөлдөж байна, удахгүй бүтнэ гэж хэлж яриад хүүгээ тохирч мөнгө зээлсэн. Түүнийгээ ч тохиролцсон хүүгийн хамт эргүүлж төлсөн.

Хохирогч Н.Баас ч гэсэн мөнгө зээлэхдээ мөнгө хүүлэгчээс мөнгө зээлдэг зарчмаар хүүгээ тохироод мөнгө зээлсэн гэж би ойлгодог. Хэрэв анхнаасаа бусдыг залилж ашиг ольё гэж бодсон байсан бол надаас зээлсэн мөнгөө хүүгийн хамт тоо ёсоор төлөхгүй байсан. Зөвхөн хохирогчийн мөнгөө эрсдэлд оруулахаас айсан худал мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг буруутгаж өрх толгойлсон гурван эмэгтэй, тэтгэврийн насны нэг эмэгтэй нийт 4 эмэгтэй хүнийг шүүж буруутган явуулж байгаа хохирогч О.Н, н.Б нарт туйлын гомдолтой байна.

Учир нь хохирол төлбөрийг 2018 онд мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан байтал үүнээс хойш болсон бүх шатны шүүх хуралд 15.000.000 төгрөгийн хүүгээ төлөөгүй учраас гомдолтой гэж оролцдог. Хохирогч нарын шүүхийн шатанд оролцож байгаа идэвхийг харахад тэд хүү гэж биднээс нэхэж байгаа 15.000.000 төгрөгөө олж авахаар улайран зүтгэж байгаа байдал харагдана. Хохирогч нар одоог хүртэл гомдолтой гэж шүүх хуралд оролцож байгаа байдлаас дүгнэвэл хохирогч Б анхнаасаа хүүтэй мөнгө зээлсэн учраас түүнийхээ хүүг нэхэж байна гэж илэрхий харагдаж байна.

Миний хувьд хохирогч Н, Б нарыг залилан мэхэлж ашиг ольё гэсэн санаа сэдэл огт байгаагүй. Би О-т зээлсэн мөнгөө эргүүлж авсан учраас өөрийн хувийн дансанд 69.000.000 төгрөгийг хийж, өөрийн бичиг баримтыг нууж хаасан зүйлгүйгээр хэрэглэсэн.

Шүүгдэгч Б.М ын хувьд над дээр өөрийн бэр эгчээ агуулж ирж танилцуулан мөнгө зээлэхэд нь зуучилсан учраас энэ мөнгийг Т.О-ээр төлүүлсэн.

Хохирогч Н, Б нараас зээлсэн мөнгийг Бд төлсний адил Оийг төлнө гэж итгэсэн.

Шүүгдэгч Т.О нь хохирогч Б, Н нараас зээлж авсан мөнгөө банкны бага хүүтэй зээл бүтэхээр төлөх зорилготойгоор зээлсэн байсан. Бидэнд хэнд ч бусдыг хууран мэхэлж ашиг хонжоо олж авч ашиглаж өөртөө зарцуулж үрэх хүсэл зориг хэзээ ч байгаагүй.

Шүүгдэгч О.Б нь ашиг хонжоо олох гэсэн зорилго бүү хэл тэнд болж байгаа үйл явдлыг огт мэдэхгүй, ойлгохгүй зүгээр л миний гуйлтаар тэнд явсан хүн. Гэтэл хүнд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд гэж буруутгагдаж байна.

Хэргийн үнэн бодит байдал: Т.О нь надаас зээлсэн мөнгөө хөөцөлдөж байсан банкны зээл нь удаад байсан учраас бусдаас мөнгө зээлж миний өрийг төлсөн. Банкны зээл нь бүтэхээр нөгөө зээлдүүлэгчээс зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлөх гэж байсан ийм л үйл явдал болсон. Харин хохирогч Б нь шүүгдэгч Б.Мтай үл ойлголцож түүнийг зодож Б.М цагдаагийн байгууллагад хандсанаар үйл явдал бодит болсон нөхцөл байдлаас өөрчлөгдсөн. Мөнгөө хүүлж ашиг олох гэсэн санаа зорилгоор худал мэдүүлэг өгч байгаа Н, Б нарын мэдүүлэгт үндэслэлгүйгээр шүүгдэгч бидний ард миний бага насны 3 хүүхэд, Б.М ын бага насны 2 хүүхэд, Т.О-ийн бага насны 1, өсвөр насны 1 хүүхдийн хувь тавилан амьдрал нь шийдэгдэх учраас хэргийн бодит нөхцөл байдлыг олохыг хичээнгүйлэн гуйж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг мөр бүрэн гүйцэд шийдэж өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо “... 2017 оны 8 дугаар сард миний бэр эгч Т.О Дархан-уул аймгаас ирж ахад чинь мөнгө яаралтай хэрэг боллоо. Би “Т” ББСБ-аас зээл хүссэн, 2 хоногийн дараа зээл олгоно гэж ирсэн. Би түүнийг найз Э.Бтай та танилцуулж боломжтой бол 50.400.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлээч гэсэн. Б, О нар ярилцаж тохиролцоод 3 хоногийн хугацаатай, хоног тутмын 1 хувийн хүүтэй зээл авсан. Оийн зээл бүтээгүй учраас тохирсон хугацаандаа төлөхгүй удсан. Ингээд Бын мөнгийг хааж, Оийн шинээр хөөцөлдөж эхэлсэн Голомт банкны зээл бүтэх хүртэл н.Б гэдэг хүнээс мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн тавьдаг нийтлэг шаардлагын дагуу өдрийн 1 хувийн хүүтэй. 2 хоногийн хугацаатайгаар 68.500.000 төгрөгийг зээлсэн. Бын зээл 50.400.000 төгрөг, түүний хүү 18.100.000 төгрөгийн хамт 68.500.000 төгрөг иргэн н.Баас зээлсэн. Учир нь О ийн зээл бүтэхэд хэдхэн хоногийн хугацаа шаардагдах байсан ч Б мөнгөө яаралтай авахаар шаардаж байсан учраас хэдхэн хоногийн хугацаанд өндөр хүүтэй ч хамаагүй төлье гэж О тэй ярилцаад хохирогч н.Б-аас зээлсэн.

Уг зээлээр Б-с зээлсэн Т.Оийн. зээлийг төлөх зорилгоор авсан. Зээл авахдаа бид Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа энэ зээл бүтэх хүртэлх богино хугацаанд мөнгө зээлээч гэж зээлж авсан. Хохирогч н.Б М зээл авахдаа Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа талаар ярьсан гэж мэдүүлдэг. Тухайн үед Т.О Голомт банкнаас зээл хөөцөлдөж байсан талаарх Голомт банкны албан бичиг хэрэн авагдсан байдаг. Анх мөнгө зээлэхээр хоорондоо ярьж тохиролцоход эхний хүүгийн урьдчилгаанд 190.000 төгрөгийг Н-н Хаан банкны данс руу шилжүүл гэсэн учраас би өөрт байсан 190.000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн.

Мөнгө зээлсний дараа Бтай үл таних хүн утсаар ярьж мөнгөө эргүүлж ав гэж уурласан. Ингээд мөнгийг нь буцааж авахаар Сүхбаатар дүүрэгт байрлах Голомт банкны Солонго салбарт очоод хоорондоо муудалцсан. Энэ үед н. Б-тай тухайн үед миний бие болон Б-ы хамт явсан залуугийн хамт 3 лаа очсон. Тэр үед Б гэнэт уурлаж намайг гадаа гудамжинд хөл рүү минь 2 удаа өшиглөсөн. Би айсандаа 102-т дуудлага өгч, дуудлагаар ирсэн цагдаа биднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачсан. Би мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэх боллоо гэж хэлтэл Б маш их уурлаж, гаднаас үл таних залуугийн хамт бид ч чамайг мөнгө залилсан гэж цагдаад өгнө гэж хэлээд тэр өдөртөө цагдаад өгсөн.Би Баас 15 цагийн орчимд мөнгө зээлсэн бол тухайн өдрийнхөө оройн 20.00 цагт цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг, тайлбар өгснөөр ердөө 5 цагийн дотор энэ бүх үйл явдал болсон.

Анх би гэрчээр байцаалт өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн   /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ Зээл авахдаа Б-ы өөрийн мэдээллээ бич гэхэд би өөрийн гэрийн хаяг, ээж болон хүүхдүүдийнхээ талаар бичсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/. Энэ мэдээлэлд тусгагдсан хаягтаа би одоо хүртэл амьдарч байгаа, түүнд бичигдсэн утасны дугааруудыг одоо ч ашигласаар байгаа ба хүүхдүүд минь Монгол од гэх нэртэй сургуульд одоо ч сурсаар байгаа.

Мөрдөн байцаалтын шатны талаар: Мөрдөн байцаалт эхлэх үед би н.Б нь О.Н гэх хүнтэй хамтарч ажилладаг болох талаар мэдсэн. Учир нь Н гэрийн минь хаягаар орой бүр ирж айлгадаг, үл таних олон залуучуудыг намайг дагаж яв гэж орцны үүдэнд зогсоодог байсан. Би бага насны 2 хүүхэд, ээжийнхээ хамт амьдардаг. Хүү минь сургуулийн автобусанд өглөө 7 цаг 15 минутад суугаад орой 16 цаг 30 минутад автобуснаасаа гэрийн үүдэндээ буудаг ба нэг өгүүлбэрээр хэлбэл ганцаараа сургуульдаа явж, ирдэг байсан. Хэрэг бүртгэлийн хэрэг дөнгөж нээгдэж байх үед нэг орой хүү минь их айсан над руу залгасан.

Ээж танихгүй 2 ах намайг барьж аваад чи Мын хүү юу, ээждээ аятайхан байхгүй бол хохь чинь шүү үгэнд ороорой гэж хэлээрэй гэж хүүг минь айлгасан талаар надад ярьсан. Миний хүүгийн сургуулийн автобус Монгол од гэх бичигтэй учраас үүгээр нь хүүг минь таньсан байх. Тухайн үед миний хүү 9 настай 3 дугаар ангид сурч байлаа. Хүүдээ санаа зовсон ээж хүний хувьд би Нгийн зүгээс ирэх дарамтаас айхдаа түүний хүссэнээр тэр өдрөөс хойш худал мэдүүлэг өгч эхэлсэн. Мөн н.Бд зодуулж хөнгөн зэргийн гэмтэл олж авсан гэх Сүхбаатар дүүргийн цагдаа дээр шалгаж байсан хэрэгт хүртэл гомдол санал байхгүй гэснээр н.Бд холбогдох хэрэг хаагдсан. /Баримт хэрэгт авагдсан/

Намайг өглөөнөөс орой болтол дагуулахаар Б, Н нарын томилсон үл таних залуучууд машинтай дагасаар байсан учраас би хэрэг хянаж байсан прокурорт мөрдөн шалгах эрхгүй этгээд байнга мөрдөж мөшгөөд байна гэсэн гомдлыг гаргатал харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар энэ хүуль бус үйлдлийг шалга гэж шилжүүлсэн. Н гомдлоо авчих дахиж хүнээр чамайг дагуулахгүй гэсэн учраас би дахиад гомдлоосоо татгалзсан. /2 дугаар хавтаст хэргийн 154-157 дугаар хуудас/

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрсөн. Би мөрдөн байцаалтын үед огт өмгөөлөгчгүй явж байгаад уг хурлын өмнө өмгөөлөгч н.Нацагдоржтой гэрээ байгуулж хуралд оролцсон. Би шүүх хурлын үеэр Нн дарамтаас үүдэн мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн талаараа ярьсан. Шүүх мөрдөн байцаалтад О бид 2 эсрэг мэдүүлэг өгч байхад О өмгөөлөгчтэй оролцсон байтал намайг өмгөөлөгчгүй оролцож мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас өмнө Мын өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж болохгүй байна гэж үзэн намайг шинээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өг гэж хэргийг прокурорт буцаасан. Тухайн үед би хохирол төлбөрийг төлье дараа нь Оээс олж авья гэж мэдүүлсэн нь хурлын тэмдэглэл, бичлэгт хадгалагдсан. Үүнээс хойш буюу 2018 оны 09 дүгээр сард би өмгөөлөгч н.Нацагдоржийн хамтаар 1 удаа мэдүүлэг өгсөн боловч хуулийн шаардлага хангасан уг мэдүүлэг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд огт тусгагдаагүй.

Шүүхийн шатны талаар: Бид бүх шатны нийт 5 хуралд оролцсон ч одоо хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Нн дарамтад орж худал өгсөн мэдүүлэг минь миний эсрэг болон одоо хүртэл тусгагдсаар байгаа. Учир нь тухайн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй гэж захирамж гаргасан шүүгч тэтгэвэртээ гарсан учраас энэ захирамжийг үл тоож эдгээр миний мэдүүлгүүдийг үндэслэн намайг ялласаар байгаа нь харамсалтай.

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болсон давж заалдах шатны шүүхэд хохирогч нар хүү болох 15.000.000 төгрөгийг гаргуулах талаар гомдол гаргаж гомдлоо дэмжин оролцсон. Хурлын хэлэлцүүлэгт илтгэгч шүүгч “М мөнгө авсан нь юу байсан бэ гэж асуутал хохирогч зээл байсан” гэж тодорхой мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд бичигдсэн байдаг. Давж заалдах шатны шүүх хохирогчийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар магадлалдаа тодорхой тусгасан.

Хохирлын талаар: Бид нийлж байгаад хохирол 68.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шат буюу 2018 онд бүрэн төлж барагдуулсан. Тэгсэн ч хохирогч нар хүү 15.000.000 төгрөгийг нэмж чи төл, чи төлбөрийн чадвартай гэж дарамталсаар л байгаа. Хүүгээ авья гэж өнөөдөр надтай холбогдсон болно. Хэдийгээр хохирогч нарын хувийн зан араншинг мэдэх болсон би өөрийн ажлын газрын талаар тэднээс нууж байсан. Албаны нэр хүндэд минь халдахаар зүйлс хийх нь тодорхой гэдэг ойлголтыг хохирогч нар надад төрүүлсэн. 2018 оны 05 дугаар сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хоцорсон гэх үндэслэлээр намайг 6 хоног цагдан хоригдоход миний ажлын газар надтай юу тохиолдсон талаар олж мэдсэн байсан. Мөн компанийн ерөнхий захирал хохирогч Б тай утсаар холбогдож “М ын төлөх төлбөрийг би бүрэн төлье, чи надаас ирж ав” гэж ярьсан байсан. Миний бие эрчим хүчний нүүрсийг өөрийн уурхайдаа олборлож, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-нд удирдах албан тушаал хашдаг. Хохирогч нар намайг дагуулж явуулдаг байсан залуучуудаасаа миний ажлын хаягийг олж мэдээд манай компанийн төв оффис дээр ирж орилж эмх замбараагүй байдал үүсгэж байсан удаатай. Намайг хүнд байдалд орсон болохыг ойлгосон захирал Б.Ч хохирол төлбөрт тухайн үед дутаад байсан 23.000.000 төгрөгийг надад буцалтгүй тусламж болгон өгч хохирогч Нн данс руу мөнгийг шилжүүлсэн.

Миний бие хохиролд мөнгө төлөх шаардлагагүй байхгүй ч олон хоног хуулийн байгууллагаар явж ядарсан, хохирогч нарын дарамтаас залхсан болон шүүхийн өмнө би төлж барагдуулна гэж хэлсэн учраас шүүхийг хүндэтгэх үүднээс би мөнгө төлсөн. Хэрэг шилжиж байх хугацаа буюу 2018 оны 05-07 дугаар сард О надад 10.000.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Одоо надад 18.000.000 төгрөг төлөх дутуу байна.

Хохирогчийн талаар: Б, Н нар одоо хүртэл бусдад мөнгө хүүлж, мөнгөө өгөхгүй удаасан хүмүүсийг өнөөх залуучуудаар айлган сүрдүүлсээр яваа. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гомдолдоо Б нь “миний мөнгийг Б, Б нар ууталж авч зугтсан араас нь зугтах гэж байсан М ыг би Сүхбаатар дүүргийн цагдаад тушаасан” гэж мэдүүлдэг. Гэтэл мөнгө зээлэх үед Б, хохирогч Б бид гурав байсан. Б гомдолдоо бичээд байгаачлан тухайн үед нэг дор Б, Б, бид гурав хамт байгаагүй нь хожим өөрчлөгдсөн хохирогчийн мэдүүлэг бид гурвын мэдүүлэг болон гэрч Баатарын мэдүүлгээс харагддаг. Хэрэг Чингэлтэй дүүргийн Тайваны төвд болсон гэж яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд хангалттай туссан байтал ямар учраас Сүхбаатар дүүргийн цагдаад тушаасан талаар ойлгомжгүй мэдүүлэг өгдөг.

Энэ мэтчилэн хохирогч нарын мэдүүлгүүд бодит байдлаас тэс өөр, нэг мэдүүлэг нь нөгөөгөө үгүйсгэсэн олон мэдүүлгүүдийг өгсөөр ирсэн. 2018 оны   12 дугаар сарын 03-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралд гэрчээр Б-ы дүү Баатар мэдүүлэг өгсөн. Түүнээс 5 минутын өмнө хохирогч Баас асуусан асуултыг асуутал нэг үйл явдлыг Б-ы ярьснаас өөрөөр ярьдаг. Энэ талаар тухайн хуралд оролцсон бүх оролцогч нар санаж байгаа. Хохирогч, гэрч нарын нэг үйл явдлыг өөр өөрөөр ярьсан талаар миний хувьд Б-г худал хэлээгүй, Б худал мэдүүлж байна гэж ойлгодог. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлуудад хохирогч нар зээлийн хүү болох 15.000.000 төгрөгийг гаргуулах гэсэн байр суурьтай оролцсоор байна.

Хувийн байдлын талаар: Надад хохирогчоос залилж мөнгө аваад өөртөө авч ашиглах ямар ч зорилго байгаагүй, амьдралын шаардлага ч байхгүй. Хэдийгээр би өрх толгойлон амьдардагч ажил хөдөлмөр эрхэлж, түүндээ таарсан цалин, шагнал урамшууллыг хангалттай авч үүндээ урамшиж амьдардаг эмэгтэй. Энэ талаар миний нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагаагаар минь нотлогддог.

Хохирол төлбөрөөс надад авсан зүйл огт байхгүй ч би олон хоног хуулийн байгууллагаар явсан, хохирогч Нн байнгын дарамтаас салах зорилгоор хохирол төлбөр төлөлцсөн. Хохирогчийн нэхэж буй хүүний мөнгийг төлье гэдгээ илэрхийлдэг, төлөхөд бэлэн ч гэсэн өмгөөлөгчийн энэ хэргийг эцэслэн шийдүүлээд үүний дараа хүүг нь төлөөрэй гэсэн зөвлөгөөг даган түр азнаад байна. Надад нэхээд байгаа хүүний мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйл огт байхгүй болно.

Миний хүүхдүүдийн аав нь эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг, тусдаа амьдралтай учраас надад төдийлөн тус дэм болж чаддаггүй. Би айлын ганц хүүхэд учраас өөрийн төрсөн ах дүү байхгүй. Өөрөөсөө хохирол төлбөр төлж одоо ч хохирол төлсөн мөнгөнийхөө 18.000.000 төгрөгийг бэр эгч О ээс аваагүй, хохирогч Нд 190.000 төгрөг, нийт 18.190.000 төгрөгийг би өөрийн зүгээс төлсөн байна. Мөн найз Б, түүний хамаатан Б нарыг хамсаатан гэх нэр зүүлгэж хэрэгтэн болгоод байгаад маш их харамсаж байна.

Иймд зээлсэн мөнгөө эрсдэлд оруулах бий гэж айснаас үүдэн худал мэдүүлэг өгч эхэлсэн хохирогчийн байр суурьнаас бус хэргийг тал бүрээс нь харж бидэнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцэж, үндэслэл бүхий гараагүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Б, О.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч, Д.Дамба, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.М, Э.Б, Т.О, О.Б нарыг бүлэглэн 2017 оны 09 дүгээр 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т төв”-ийн 501 тоотод иргэн Ц.Б-д банкны баталгаа байршуулаад өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 /Жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Э.Б-, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийх бөгөөд эдгээрийг шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд хэм хэмжээ тогтоож, үүнийг зөрчсөн нь тус хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б, О.Б нар нь уг үйлдэлд оролцсон, тус хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, мөн шүүгдэгч Б.М, Т.О нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх хууль зүйн үндэслэлийг бичээгүй байх бөгөөд уг зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдож шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тодорхой хууль зүйн үндэслэлүүдийг дурдаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь хэсгүүдэд заасан “хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, мөн хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасан байх бөгөөд үүнийг анхан шатны шүүх баримталж ажиллахыг анхааруулж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч, Д.Дамба, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн дараахь зөрчлүүд байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 Прокурор /яллах дүгнэлтийн үндэслэл болгож/, анхан шатны шүүх /гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ/ шүүгдэгч нарын гэрчээр байцаасан мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж ял шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн байна.

   Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тогтоол, магадлалын удиртгал хэсэгт байх Б.М-ын биеийн байцаалтын талаар зөрүүтэй, тодруулбал, тогтоолд Б.Мын талаар “... дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй ...” гэсэн бол магадлалд “... бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ...” гэж бичигджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2015 онд батлагдсан “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж, тодруулбал, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “28.1.2. ... бүтцийн үндсэн нэгж болох зүйл, 28.1.3. зүйлийн доторх хэсэг, 28.1.4. хэсгийн доторх заалт ...” гэсний дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэж бичиж байх нь зүйтэй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 111 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч, Д.Дамба, шүүгдэгч Э.Б, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН