Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01142

 

 “М Г” ХХК, “М и” ХХК-иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар магадлалтай

“М Г” ХХК, “М и” ХХК-иудын нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн зарим заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133 462 ам.доллар, нэмэлт хүүнд гарсан зардал 45 894 ам.доллар нийт 179 356 ам.доллар буюу 446 539 046 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “М Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэрэнцогт, Д.Мягмарбат, “М и” ХХК,  ”М Г” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа,  хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Г” ХХК, “М и” ХХК болон “Х” ХХК-тай нийт 4 удаагийн зээлийн гэрээгээр барилгын санхүүжилтэд хэрэглэх зориулалтаар нийт 14 211 656 ам.долларын зээл аваад, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж байсан. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлийн гэрээнд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт оруулаад, гэрээ хэрэгжсэн. Гэтэл “Х” ХХК нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүүг хууль бусаар тооцон авч байгааг 2010 онд мэдсэн. Тухайлбал, хүүгийн төлбөр төлөх хуваарьт хугацааг хэтрүүлмэгц нэмэгдүүлсэн хүү тооцон авч, нэмэгдүүлсэн хүүг ингэж тооцож авахдаа хуваарьт зээлийн төлбөрийн үүсгээгүй үүргийн үнийн дүнгээс зээлийн эргэн төлөлтийн графикийн дүнгээс биш үлдэгдэл зээлийн дүнгээс тооцон авч байсан нь хууль бус байсан. Зээл, зээлийн хүү нь хоёр өөр ойлголт байдаг. Иргэний хуульд зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тодорхой заасан. Хүүгийн төлөлт хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцож, энэ хүүг тооцохдоо нийт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцож байсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлийг төлөх хуваарьт хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан байхад “Х” ХХК хууль бус ажиллагаа явуулсан. Ийнхүү хууль бусаар тооцож авсан нийт зээлийн гэрээ тус бүрээр нь нэмэгдүүлсэн шаардлагадаа дэлгэрэнгүй гаргасан. Үүнд: 07/26-01 тоот зээлийн гэрээний дагуу нийт 69 971,35 ам.доллар, 08/50 тоот зээлийн гэрээгээр 56 544 ам.доллар, ЗГ-10/27 тоот зээлийн гэрээгээр 3 636 ам.доллар, ЗГ10/28 тоот гэрээгээр 3 311 ам.доллар, нийт 133 462 ам.долларыг хууль бусаар данснаас татаж авсан.

“Х” ХХК нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар авсныг жишээгээр тайлбарлавал: “М Г” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 07/26 тоот зээлийн гэрээний дагуу 12 хувийн хүүтэй, 5 194 722 ам.доллар авсан. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “М Г” ХХК 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлөх байсан 52 748 ам.долларын хүүгийн төлөлтийг 2 хоног хэтрүүлж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн энэ тохиолдолд хуульд заасны дагуу зээлийн эргэн төлөлт хэтрүүлээгүй учраас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Гэтэл “Х” ХХК 683 ам.долларыг зээлийн нийт үлдэгдэл буюу 5 194 722 ам.доллараас нэмэгдүүлсэн хүү тооцон суутгасан байна. Тухайн хэтрүүлсэн дүн буюу байсан 52 748 ам.доллараас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй. Үүнийг тооцооллын 21 дэх мөрний 16 дахь баганаас харж болно. Ийнхүү Хаан банк хууль бусаар нэмэгдүүлсэн хүү тооцолгүй хуулийн дагуу зээлийн эргэн төлөлтөд тооцож суутгаж байсан бол манай байгууллага нийт 45 894 ам.долларын хүүгийн хэмнэлт гаргах байсан. Ийм дүнгээр манайх хохирсон гэж нэхэмжилж, гэрээ тус бүрээр нь задаргаа гаргавал: 07/26/01 дугаартай гэрээний дагуу 69 971,35 ам долларыг хууль бусаар нэмэгдүүлсэн хүүнд суутгасны улмаас 22 495 ам.долларын нэмэлт хүү төлөгдсөн. 08/50 тоот гэрээний дагуу 23 011 ам.долларын нэмэлт хүүний зардал гарсан. ЗГ-10/27 тоот гэрээний дагуу 194 ам.долларын нэмэлт хүүний зардал, 28 дугаар гэрээнээс 194 ам.долларын нэмэлт хүүний зардал тус тус гарсан байна. “Х” ХХК сүүлд 2010 онд нэмэгдүүлсэн хүүг хууль бусаар тооцож байгаа талаар мэдэгдэж шаардлага тавихад, бид гэрээний заалтыг үндэслээд авч байгаа гэсэн тайлбар хэлдэг. Гэрээний холбогдох заалтууд дээр хууль журмын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож авна гээд тодорхой байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн холбогдох заалтууд буюу нэмэгдүүлсэн хүү тооцох заалтууд дээр 2 өөр ойлголт үүссэн. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хууль бусаар тооцож авсан энэ нэмэгдүүлсэн хүүг буцааж авах үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн зарим заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хууль бусаар суутган авсан нэмэгдүүлсэн хүү 133 462 ам.доллар, нэмэлт хүүнд гарсан зардал 45 894 ам.доллар нийт 179 356 ам.доллар буюу 446 539 046 төгрөг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хүүг бид нар гэрээний чөлөөт байдал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний заалт хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн учир хуульд нийцсэн гэж үзэж байна. Энэ гэрээний талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч “Х” ХХК хүчээр суутгаж авсан юм шиг яриад байна. Гэтэл энэ гэрээн дээр талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээ, нэхэмжлэгч талаас ирж байсан зөвшөөрөл, төлбөрийн даалгавраар харилцагчийн данснаас хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү суутгаж авах зөвшөөрөл, гэрээ байдаг. Нөгөө талаас харилцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн гүйлгээ гэж үзэж байгаа. “Х” ХХК хууль бусаар хийсэн, мэдээгүй байсан, бид нарыг хуураад хийсэн, хохироосон гэж ярьдаг. Энэ компани гэрээний асуудал дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулаагүй. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай гэрээ хэлэлцээр хийсэн. Хэлцэлд оролцож байгаа талууд гэрээний нөхцөлтэй танилцаад, зөвшөөрч байгаа бол хэлцлийг баталгаажуулаад, зээлээ авдаг. Тэгэхээр мэдээгүй байсан, дараа нь мэдсэн гэх асуудал үндэслэлгүй юм.

Хэрвээ эрх нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол зөрчигдсөн үеэсээ гомдлоо гаргах шаардах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхийг 2013 оны 3 дугаар сараас эхэлсэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх гомдлын хугацааг тооцож эхэлдэг. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Шүүх үүнийг хууль хэрэглээний хувьд дүгнэх байх. Түүнчлэн хууль бусаар суутгасан талаар бид Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасан байна. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Үүнийг Улсын Дээд шүүхээс 2016 оны 53 дугаар тогтоолоор тайлбарласан. Тэгэхээр бид нар хуульд нийцүүлж суутгаж авсан. Монгол Банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Актив ангилах журам гэж байдаг. Тэр журмаар муудсан зээл дээр эрсдэлийн сан байгуулдаг. Энэ зээл дээр бид нар сан байгуулсан. Ингэж байгаа тохиолдолд банк өөрийнхөө хөрөнгөөс мөнгө тусгаарлаж байна гэсэн үг. Тэр тусгаарлаж байгаа мөнгө ямар нэгэн арилжааны хүү юм уу, ямар нэгэн байдлаар тооцогддоггүй. Банкны зардал хэлбэрээр байж байдаг, ашиглагддаггүй.

Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хүүний хугацаа тухайн сард хэтэрсэн, тэр хугацаагаар хэтэрсэн, түүнээс нийт зээл эрсдэлгүй гэж яриад байдаг. Гэтэл Монгол банкны энэ журмаар бол нийт зээлийг эрсдэл болохоос тухайн сард хэтэрсэн төлөх ёстой хүү, 10 000 доллар юм уу 5000 доллар байтал, 5000 доллар эрсдэлээ гээд сан байгуулахгүй. Бидний олгосон 4 зээлийн хэмжээгээр эрсдэлийн сан байгуулдаг. Зээлийн хохирлын хэмжээ гээд бид нар төлөх ёсгүй хүү төлчихлөө гээд байна. Үүнийг анхан шатны шүүхээс бодитой хохирол үүсээгүй, төлөх ёстой байсан зардлаа төлөөгүй гэдэг асуудал ярьж байгаа. Ийм бодитой хохирол байхгүй. Ханшийн эрсдэлийн асуудлыг ярьдаг. Шүүх 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч гомдол гаргаснаас хойш 3 шатны шүүхээр дахиад анхан шатны шүүхээр явж байна. Энэ хугацаанд үүссэн ханшийн эрсдэлийг аль тал нь ч хүлээх ёсгүй. Тийм учраас хохирлыг хариуцагч хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61.1-т заасныг баримтлан Хаан банк, Макс групп, Макс импекс нарын хооронд 2010 оны 5 сарын 26-ны өдөр байгуулагдсан 08/50/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3 дахь заалтын "... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс...", 07/26-01/1 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3 дахь заалтын "... хүүгийн ... буюу зээлийн үлдэгдлээс ...", 3M0/27 тоот "Зээлийн гэрээ"-ний 2.1.5 дахь заалтын "... хүүгийн төлбөрийг ...", 3.1.6 дахь заалтын "... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ...", ЗГ 10/28 тоот "Зээлийн гэрээ"-ний 2.1.5 дахь заалтын "...хүүгийн төлбөрийг...", 3.1.5 дахь заалтын "... хүүг ... буюу зээлийн үлдэгдлээс ..." гэснийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 188 575 709 төгрөгийг гаргуулан, 185 920 670 төгрөгийг нэхэмжлэгч “М Г” ХХК-д, 2 655 039 төгрөгийг нэхэмжлэгч “М и” ХХК-д тус тус олгож, үлдэх 257 963 337 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 776 746,26 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 315 901 төгрөгийг улсын төсвөөс, мөн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1 100 829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М и” ХХК-д 57 431 төгрөгийг, нэхэмжлэгч “М Г” ХХК-д 1 043 398 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 595 магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул хяналтын шатны гомдол гаргаж байна.

Үүнтэй холбоотойгоор дараах хуулийн үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.

“М Г” ХХК, “М и” ХХК нартай “Х” ХХК 4 удаагийн зээлийн гэрээг байгуулж тус бүрт 2-3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцон гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулж ирсэн байдаг. 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5.4 сая ам.долларын 07/26-01 тоот зээлийн гэрээнд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 07/26-01/1 тоот гэрээг, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот 4.1 сая ам.долларын зээлийн гэрээнд 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ” 08/50/1 тоот гэрээг байгуулж 2.1.3, 2.1.5 дахь заалтуудыг “Нэмэгдүүлсэн хүү: -Зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг “зээл буцаан төлөх хуваарьт” хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэж өөрчлөлт оруулсан байдаг. Гэрээний өөрчлөлт тухайн тохиролцсон өдрөөс мөрдөгдөх нь хэнд ч ойлгомжтой. Түүнээс өмнөх тохиролцоог хэн аль нь ч хүчин төгөлдөр бус гэж нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдэд тодорхойлоогүй. Дээрх гэрээнүүдийн 2.1.6, 2.1.5-д “нэмэгдүүлсэн хүү: Үндсэн зээл, зээлийн хүүгийн хугацаандаа төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож, нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар тооцно” гэж тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07/26-01/1 тоот, 08/50/1 тоот “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.1.3 дахь заалтууд хүчин төгөлдөр бус болж “Х” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хэлцлийн үр дагавар буюу илүү суутгаж авсан нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн. 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07/26/01, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот үндсэн Зээлийн гэрээний заалтуудыг нэхэмжпэгч тал хүчинтөгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй, өнөөдөр ч гэрээний заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтуудад эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой хамааралтай талаас үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээс хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн.

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07/26-01/2 тоот, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 тоот зээлийн гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.2-т “2007 оны 05 дугаар сарын 26-ны 07/26-01, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/50/2 тоот гэрээний хавсралт 3-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хийгдсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хавсралт 5-д заасан зээл буцаан төлөх хуваарийн 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцогдож төлөгдсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцоо маргаангүй болохыг үүргээрээ баталж байна." гэж хүүг буруу тооцож аваагүй, маргаангүй талаар гэрээний талууд хэн аль нь хүлээн зөвшөөрцгөөсөн байдаг. Өмнө нь хийгдсэн гэрээний төлбөрийг маргаангүй гэж үзсэн талуудын дундах хэлцэл, зөвшилцлийг анхан шатны шүүх хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж үзээгүй байна. Нэхэмжлэгч тал 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр нэгэнт маргахгүй гэдгээ илэрхийлчхээд өнөөдөр ямар шинэ нөхцөл үүссэн болоод нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон, төлбөр тооцоо буруу хийж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байдаг. Тиймээс 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүүг хууль ёсны дагуу суутгаж тооцсон гэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 16-ны нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 1 438.98 төгрөгөөр ам.долларын ханшийг тооцон 192 049 149 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүх өөрийн санаачлагаараа ам.долларыг суутгаж авсан өдрийн ханшаар тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэн бодолт хийж нэмэгдүүлсэн хүүний төлбөл зохих хэмжээг тодорхойлсон байна. Нэхэмжлэгч 133 462 ам.долларыг 1438 төгрөгөөр тооцон 192 049 149 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх 2009.03.05-ны өдөр 1 547.47 /1 ам.долларыг/, 2009.04.05 өдөр 1 473.17, 2009.12.07 өдөр 1 456.44 төгрөгөөр 42 172 ам.долларыг үндэслэлгүйгээр нэхэмжилснээс өндрөөр тооцож бодсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хууль бус байсан. Нэгэнт үүрэг дуусгавар болсон өөрөө ам долларын ханшийг нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон. Гэтэл шүүхийн шийдвэр гарахгүй удсан нь хариуцагчаас шалтгаалаагүй тул ханшийн өөрчлөлт хамааралгүй юм. Харин үүргээ ам.доллараар гүйцэтгэх байхад түүнийгээ биелүүлэхгүй яваад байгаа тохиолдолд ханшийн өөрчлөлт шууд хамааралтай байсан. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлд зааснаар талуудын тэгш эрхийг шүүх хангаагүй, санаачлагаар нэхэмжлэлийн тооцоолол хийсэн нь нөгөө талд давуу байдал бий болгож байна. Хэрэв анхан шатны шүүх тооцооллыг ашиглах байсан бол далд бус ил урьдчилж мэдэгдэн талуудыг байлцуулж байгаад яагаад тооцоолол хийхгүй байгаа нь дээрх шүүгч нөлөөнд автсан байх эргэлзээг бататгадаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07/26/01, 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/50 тоот хүчин төгөлдөр гэрээний дагуу зээл, хүүгийн хугацаа хэтрүүлсэн хоногт нэмэгдүүлсэн хүүгийн суутгал хийсэн 95 403 ам.доллар буюу 137 189 514 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулснаас нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулж, нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хэргийн 3 дугаар хавтас, 147-175, 180-181 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж, 25.1.3.-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...шинжээч томилуулах хүсэлт гаргах” эрхтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.6-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ...шинжилгээ хийлгэх ... тохиролдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, 105 дугаар зүйлийн 105.1.-д “...хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлох, нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэхээр шинжээч томилж шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасан шүүх хүсэлтийг шийдвэрлэх хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Ийнхүү хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй нь шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д “шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна.

2.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, аргачлал тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дугаар бүхий 4 гэрээний үүргийн гүйцэтгэлд 133 462 ам долларыг хууль бусаар нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан, үүний улмаас 45 894 ам долларын нэмэлт хүүгийн зардал гарсан гэж үзэн,  нийт 179 356 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, төгрөгөөр гаргуулна” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэлд дурдснаар хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлэхэд нэмэгдүүлсэн хүүг тооцсон, нэмэгдүүлсэн хүүг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс биш нийт төлөгдөөгүй зээлийн үүргийн гүйцэтгэлээс тооцсон нь хууль зөрчсөн гэж тайлбарлах боловч үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцож авсан тохиолдол бүрийг нэг бүрчлэн тооцсон тухай баримтгүй, нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдлэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” гэж, 452 дугаар зүйлийн 452.3.-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж тус тус зохицуулсан.

Зохигчид гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон байх тул зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү шаардах, суутган тооцож авах эрх үүссэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлд дурдсан шаардлага нь зөвхөн зээлийн хүү төлөх хугацаа хэтрүүлэхэд суутгаж авсан нэмэгдүүлсэн хүү болох нь тодорхойгүй, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооны хүснэгтээр үндэслэл бүхий нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох гэрээний холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг тодруулах талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00866 дугаар тогтоолын заалт биелэгдээгүй, энэ шаардлагыг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй болжээ.

Эдгээр үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/03110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд О.Энхмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 848 989 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

        ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД