Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01874

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1756 дугаар магадлалтай,

Б.Лгийн нэхэмжлэлтэй

Ч.Бд холбогдох

“ИН” ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “ИН” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Бгийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд төлөөлөгч Ч.Мөнхжаргал гаргасан тайлбартаа: Б.Л нь “ИН” ХХК-ийн нэг бүр нь 3 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч буюу 60 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш захирал Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг огт хуралдуулаагүй болно. Энэ нь захирал Ч.Бгийн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон болохыг харуулж байгаа юм. Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулдаггүй, компанийн санхүүгийн тайланг 2009 оноос хойш нэг ч удаа гаргаж татварын хэлтэст хүргүүлээгүй, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас компанийн нэр дээрх газрын төлбөрийг төлөх, татварын албанд тайлангаа тогтмол гаргах зэрэгт бэрхшээл учирч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болж, зогсонги байдалд орсон болно. Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш одоог хүртэл компанийн дүрмийг хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж батлаагүй бөгөөд тэрээр компанийг төлөөлөх эрхгүй мөртлөө үндэслэлгүй элдэв хүсэлт, гомдлуудыг төрийн байгууллагад компанийн нэрийн өмнөөс гаргах зэргээр ёс зүйгүй авирлаж байгаа болно. Ингээд гүйцэтгэх захирлыг өөрчлөх, компанийн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлсэн хөрөнгө, төлбөр тооцоо болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлага тулгарч энэ талаар Ч.Бд мэдэгдэж байсан боловч тэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулах үүргээ биелүүлэлгүй, зайлсхийж зугтаасаар ирсэн болно. Ч.Б 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр хуурамч бичиг баримт үйлдэн компанийн гэрчилгээг дахин гаргуулсан асуудлаар гэрчилгээг хураалгахаар шийдвэр гүйцэтгэгчтэй уулзах үед нь миний бие биечлэн очиж хурал хуралдуулах санал шаардлагаа гарт нь хүлээлгэн өгсөн. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хурлыг хуралдуулах талаар албан бичиг, шаардлагыг өөрийнх нь хаягаар шуудангаар хүргүүлэх болон өр төлбөр нэхэж шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхээс албан бичиг хүргүүлэхэд Ч.Б гэдэг хүн байхгүй, үхсэн гэх зэргээр худал ярьж өнгөрсөн хугацаанд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж ирсэн. Иймд “ИН” ХХК-ийн захирал Ч.Бгийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоож, Ч.Бгийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “ИН” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л миний 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан, хуралдуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг шаардлагыг “ИН” ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “ИН” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Бгийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгуулах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ИН” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бг Б.Л нь 2009 онд цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэж залилан мэхэлсэн асуудлыг шалгуулна гэж дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Дээрх дарамталсан гэдэг асуудал нь Улсын мөрдөн байцаах газарт Ч.Бг ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авчирч маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүү болох Л.Золбоогийн өгсөн гэх 400.000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Л, Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Эрдэнэдалай Ч.Бг төлөөлөх эрхгүй этгээд байсан болно. 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Бг ирсний дараа Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “ИН” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. 60 хувийн хувьцааг Б.Лд шилжүүлсэн асуудалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр илэрсэн нөхцөл байдлын үндсэн дээр хэргийг хянуулахаар дээд шүүхэд хүсэлт гаргасан байгаа болно. 2007 оны 11 дүгээр сард Л.Золбоогийн хөрөнгө оруулалт нэрээр оруулсан гэх 400.000 ам.долларын маргаан тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэрээр хянагдаж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Б.Лд холбогдох хуурамч бичиг баримт үйлдсэн гэх 201301051030 дугаартай хэрэг прокурорын хяналтад хянагдаж байна. “ИН” ХХК-ийн тамга тэмдгийг Б.Л хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ ашигласан гэх шалтгаанаар Ч.Б дахин тамга тэмдэг гаргуулж, хэргийн хяналтын танхимд хяналтын гомдол гаргасан эцэслэн шийдвэрлэгдээгүй болно. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ИН” ХХК-ийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй Б.Лгийн хүүгийн нэр дээр бүртгэлтэй Далай омбо ХХК-д холбогдох хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүссэн ба 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхээс “ИН” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар Ч.Б “ИН” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн болох нь батлагдаж байна. Дээрх олон маргааны улмаас “ИН” ХХК-ийн захирал Б.Ч.Б эрхээ эдэлж чадахгүй байдалд орж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Бг 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “ИН” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болсон 2018 оны 6 сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Бг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “ИН” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болсон болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1756 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Лгийн нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэхдээ хэрэг үүсгэсэн захирамж гаргасан цагаасаа хариуцагч талын эрхийг хангаагүй илтэд нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг хамгаалж байсан ба нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлд хариуцагчаас тайлбар гаргах болон нотлох баримт дутуу байхад, өвчний учир шүүх хуралд оролцох боломжгүй шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасныг хүлээж авалгүй шүүх хуралд биечлэн оролцох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг хангалгүй хэрэг шийдсэн зэрэг хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүлйийн 176.2.5-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 2010 оны 05 сарын 01-нээс 2018 оны 06 сарын 05 хүртэл хугацаанд, 2018 оны 06 сарын 05-ны өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “ИН”ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан Ч.Бгийн шийдвэрийг хүчингүй болгуулах,  хувьцаа эзэмшигч Б.Лгийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал, шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Бд даалгуулах агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“ИН” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийг хариуцагч Ч.Б, 60 хувийг нэхэмжлэгч Б.Л эзэмшдэг байх ба хувьцаа эзэмшигч нар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар маргасан байна.

Хоёр шатны шүүх компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар Компанийн дүрэм болон Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийжээ.

2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Б, Б.Л нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд Б.Л нь 400 000 ам.долларыг 2007 оны 11 сард шилжүүлэн өгсөн болохыг дурдаж, оруулсан энэ хөрөнгийн хэмжээгээр “ИН” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Л эзэмших, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.Б эзэмших эрхтэй болохыг харилцан тохирч, талууд уг эрхээ улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ч.Б нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй “ИН”ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2187 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00204 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй байна.  

“ИН” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-д хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 дүгээр сарын дотор хуралдуулахаар заасан байх ба компанийн дүрэм батлагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй байна. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч Б.Л нь ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардах эрхтэй.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Б.Л “ИН”ХХК-ний 60 хувийн хувьцаа эзэмшигч болсноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдээгүйгээс гадна хувьцаа эзэмшигч нар хурал хуралдуулах талаар хоорондоо маргаантай байх тул нэхэмжлэлийг хангасан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.” , 59.5-д заасан “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан зохицуулалтад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “...нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн талаар мэтгэлцэж чадаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1756 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА