Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1756

 

 Б.Л-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01251 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Л-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох

“И” ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “И” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Б-н 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л-н 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд төлөөлөгч Ч.Мөнхжаргал гаргасан тайлбартаа: Б.Л нь И ХХК-ийн нэг бүр нь 3.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч буюу 60 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш захирал Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг огт хуралдуулаагүй болно. Энэ нь захирал Ч.Б-н Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон болохыг харуулж байгаа юм. Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулдаггүй, компанийн санхүүгийн тайланг 2009 оноос хойш нэг ч удаа гаргаж татварын хэлтэст хүргүүлээгүй, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас компанийн нэр дээрх газрын төлбөрийг төлөх, татварын албанд тайлангаа тогтмол гаргах зэрэгт бэрхшээл учирч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болж, зогсонги байдалд орсон болно. Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш одоог хүртэл компанийн дүрмийг хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж батлаагүй бөгөөд тэрээр компанийг төлөөлөх эрхгүй мөртлөө үндэслэлгүй элдэв хүсэлт, гомдлуудыг төрийн байгууллагад компанийн нэрийн өмнөөс гаргах зэргээр ёс зүйгүй авирлаж байгаа болно. Ингээд гүйцэтгэх захирлыг өөрчлөх, компанийн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлсэн хөрөнгө, төлбөр тооцоо болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлага тулгарч энэ талаар Ч.Б-д мэдэгдэж байсан боловч тэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулах үүргээ биелүүлэлгүй, зайлсхийж зугтаасаар ирсэн болно. Ч.Б 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр хуурамч бичиг баримт үйлдэн компанийн гэрчилгээг дахин гаргуулсан асуудлаар гэрчилгээг хураалгахаар шийдвэр гүйцэтгэгчтэй уулзах үед нь миний бие биечлэн очиж хурал хуралдуулах санал шаардлагаа гарт нь хүлээлгэн өгсөн. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хурлыг хуралдуулах талаар албан бичиг, шаардлагыг өөрийнх нь хаягаар шуудангаар хүргүүлэх болон өр төлбөр нэхэж шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхээс албан бичиг хүргүүлэхэд Ч.Б гэдэг хүн байхгүй, үхсэн гэх зэргээр худал ярьж өнгөрсөн хугацаанд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж ирсэн. Иймд И ХХК-ийн захирал Ч.Б-н хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоож, Ч.Б-н 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, И ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л миний 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан, хуралдуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг шаардлагыг И ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар И ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Б-н 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л-н 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Б-г Б.Л нь 2009 онд цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэж залилан мэхэлсэн асуудлыг шалгуулна гэж дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Дээрх дарамталсан гэдэг асуудал нь Улсын мөрдөн байцаах газарт Ч.Б-г ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авчирч маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүү болох Л.Золбоогийн өгсөн гэх 400.000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Л, Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Эрдэнэдалай Ч.Б-г төлөөлөх эрхгүй этгээд байсан болно. 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Б-г ирсний дараа Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж И ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. 60 хувийн хувьцааг Б.Л-д шилжүүлсэн асуудалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр илэрсэн нөхцөл байдлын үндсэн дээр хэргийг хянуулахаар дээд шүүхэд хүсэлт гаргасан байгаа болно. 2007 оны 11 дүгээр сард Л.Золбоогийн хөрөнгө оруулалт нэрээр оруулсан гэх 400.000 ам.долларын маргаан тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэрээр хянагдаж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Б.Л-д холбогдох хуурамч бичиг баримт үйлдсэн гэх 201301051030 дугаартай хэрэг прокурорын хяналтад хянагдаж байна. И ХХК-ийн тамга тэмдэгийг Б.Л хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ ашигласан гэх шалтгаанаар Ч.Б дахин тамга тэмдэг гаргуулж, хэргийн хяналтын танхимд хяналтын гомдол гаргасан эцэслэн шийдвэрлэгдээгүй болно. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд И ХХК-ийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй Б.Л-н хүүгийн нэр дээр бүртгэлтэй Далай омбо ХХК-д холбогдох хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүссэн ба 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхээс И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн өрөнхий газрын лавлагаагаар Ч.Б И ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн болох нь батлагдаж байна. Дээрх олон маргааны улмаас И ХХК-ийн захирал Б.Б эрхээ эдэлж чадахгүй байдалд орж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-г 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар И ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Б.Л-н 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болсон 2018 оны 6 сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Б-г компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар И ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болсон болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөгөгч Д.Баттөмөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ч.Б-г компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар "И" ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс компаний нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан “И” ХХК-ийн захирал Ч.Б-н хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, Ч.Б-н 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л-н 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах тухай нэхэмжлэл  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“И” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийг хариуцагч Ч.Б, 60 хувийг нэхэмжлэгч Б.Л эзэмшдэг болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтын талаар талууд  маргаагүй байна.

“И” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Б болон Б.Л нарын хооронд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, уг гэрээнд Б.Л нь 400 000 ам.долларыг 2007 оны 11 сард шилжүүлэн өгсөн болохыг дурдаж, оруулсан энэ хөрөнгийн хэмжээгээр И ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Л эзэмших, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.Б эзэмших эрхтэй болохыг зааж, талууд  гарын үсгээ зурсан гэрээний дагуу хариуцагч Б.Л нь Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн үйл баримт анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэгт ач холбогдолтой байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.

“И” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах заалтад хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 дүгээр сарын дотор хуралдуулахаар заасан байх ба компанийн дүрэм батлагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ч.Б “И” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу захирлын үүрэг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш хуульд заасан хугацааны дотор зарлан хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болохоор зохицуулсан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Л нь “И” ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар “И” ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн  шаардлагыг өөрчилсөн боловч ийнхүү шийдвэрлэх үндэслэлгүй болохыг шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “И” ХХК-ийн захирал Ч.Б-д  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргасан ба уг  санал, шаардлага нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дах хэсэгт  заасан шаардлагыг хангасан байхад  /хх-ийн 11 / хариуцагч нь 2016 оны 9 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан  нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн  61.6 дах хэсэгт  заасны дагуу гарсан нэхэмжлэлийг шүүх хангаж хариуцагчийн гаргасан 2016 оны 9 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л-н 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

            Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбараа нотлох  үүргээ биелүүлээгүй байна.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн.

Шүүхээс хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-ийн 107/ боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.