Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01402

 

 Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлалтай,

            Т гийн нэхэмжлэлтэй,

             “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох

           2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Т гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 22 тоот “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 12 сарын 19-ний өдөр “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр Б/06 тоот тушаалаар намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1-3.5 дахь заалтуудыг зөрчиж, няравын анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй байгууллагын итгэлийг алдсан болох нь “Далай ван” аудитын 2016 он, “Найдвар” аудитын 2017 оны дүгнэлтээр батлагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул 2017 оны 12 сарын 19-ний өдрийн “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, Т  намайг “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нярав, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Т  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дэх заалтыг зөрчснөөс байгууллагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1 заалт зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангийн 2017.09.31-ний байдлаарх балансад тусгагдсан үндсэн хөрөнгө 74,352,043 гэж тодорхойлсон тайлан гаргасан гэх боловч зөрүүтэй, үндсэн хөрөнгө эзэмшигчийн картын бүртгэл байхгүй, хангамжийн материалын /бараа материалын/ тайлант хугацаанд гаргаагүй, шаардах хуудсаар цаг тухай бүрт зарлагадаагүй зэргээс нягтлан бодох бүртгэлийн дагуу байгууллагын эргэлтийн хөрөнгийн бүртгэлийн анхан шатны баримтыг бүрдүүлэх, түүний данс хөтлөх, үндсэн хөрөнгийн эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт хөтлөх ажил үүргээ гүйцэтгээгүйгээс байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал алдагдаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтыг зөрчсөн болох нь нотлогдсон. Т  нь анхан шатны нэгжийн үйлдвэрчний эвлэлийн хороодын тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг үндэслэн бэлэн мөнгөний гүйлгээ хийх, тайлан гаргах ажил үүргийн хүрээнд эргэлтийн хөрөнгө худалдаж авах, бусад төсвөөр авсан мөнгөний зарцуулалтын тайлан гаргаж, санхүүгийн зарцуулалтын тайлан бүрдэлтэд дүн шинжилгээ хийх, байгууллагын эд хөрөнгийн бүртгэл хийх, ерөнхий данс хөтлөх ажлаа хийгээгүй нь дээрх аудитын дүгнэлтээр нотлогдсон. Энэхүү аудитын дүгнэлт ирүүлсэнтэй холбоотойгоор эд хөрөнгө эзэмшигч тус бүрээр карт, данс хөтлөлтийг шалган үзэх гэхэд бүртгэл, данс хөтлөлт огт байхгүй, хангамжийн материалын тайлан гаргах, данс хөтлөх үүргээ мэдсээр байж ажлаа хийгээгүй нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргын 2017.12.19-ний өдрийн Б\02 тоот ажлаас халах тушаалыг гаргасан. Энэхүү ажлаас халах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.3.1 анхан шатны баримт бүрдүүлэх, 14.3.2 журналд бичих, 14.3.3 дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, 14.3.4 ажил, гүйлгээний мэдээ гаргах, 14.3.5 санхүүгийн тайлан гаргах гэх заалтуудыг үндэслэсэн ба “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017.12.19-ний өдрийн Б/02 тоот ажлаас халах тушаалд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-14.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 гэж бичихдээ бичвэрийн алдаа гаргаж, 14 дүгээр зүйлийн 3.1-3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 заалт гэж бичжээ. Түүнийг залруулах боломжтой бөгөөд энэхүү бичвэрийн алдаа нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй. Т  нь бэлэн мөнгө болон эд зүйл хариуцсан няравын ажил үүрэгтээ итгэл алдсан буруутай үйлдлийг гаргаж, цаашид ажил олгогчийн зүгээс итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй нь нотлогдсон байдлыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                          Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баатар Хүрэн бэлчир овогт Төрбаярын Ариунзаяаг “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,375,822 төгрөг “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч Т д олгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 155,163 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 142/ШШ2018/00267 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 60 тоот магадлалыг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1,172.2.2 заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон аудитын дүгнэлтээр Т г зөрчил гаргасан нь нотлогдохгүй байгаа талаар дүгнэсэн. Анхан шатны шүүх Хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй, хөрөнгийн бүртгэл хийх талаар ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтүүд нь үндэслэлгүй. Хэрэгт ажлын байрны тодохойлолт нотлох баримтаар авагдсан ба уг нотлох баримтын 12 дахь заалтад Т  нь Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хороодын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн бүртгэл хийх, уг ажлын хүрээнд үйлдвэрчний эвлэлийн хороодын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн бүртгэл хийж жилд 2-оос доошгүй удаа тоолж баталгаажуулах ажил үүргийг гүйцэтгэх тухай тусгасан. Энэ үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг ба харин хөрөнгө дутаагаагүй учраас ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан. Ажлын байранд тодорхойлсон ажил үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэлийг алдах үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Т  нь дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй талаар 2016 оны аудитын тайланд тусгасан байхад уг ажлыг хийгээгүй, энэ байдал нь мөн 2017 оны аудитын тайлангаар зөвлөмж дүгнэлтээр гарсан. Гэтэл уг нотлох баримтаас нотлогдохгүй байна гэж үзэхдээ шүүх үндэслэлээ заагаагүй.

2. Үндсэн хөрөнгийн бүртгэл хийх, үндсэн хөрөнгийн данс эзэмшигчийн хөтлөлт хийх ажлыг хийж гүйцэтгээгүй нь 2017 оны “Найдвар Од” ХХК-ийн тайланд 2017.09.30-ны байдлаар хийсэн тайлан ба тайланд баланс гэх хэсэгт Үндсэн хөрөнгө 74,352,043 гэж тодорхойлж тайлагнасан. Уг тайлангийн үндсэн хөрөнгийн хэмжээг нярав тодорхойлж, нягтлан бодогч тайлагнах ба тухайн 2017 оны 10 сард нягтлан бодогч солигдож ажил хүлээлцэх үед 79,094,083 төгрөгний эд хөрөнгө тоолсон тухай н.Түвшинжаргал, Т  нарын гарын үсэг зуралцсан баримтыг нотлох баримтаар хэрэгт өгснийг үнэлээгүй.

3. “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017.12.19-ний өдрийн Б/06 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 заалтыг анхан шатны шүүх үзэхдээ заавал мөнгө үрэгдүүлсэн завшсан үйлдэл байхыг шаардана гэж үзсэн. Гэтэл Т  нь хөрөнгийн бүртгэл хийгээгүйгээс хэдий хэмжээний эд зүйл үрэгдсэн завшсаныг тогтоох боломжгүй болсноос гадна эд хөрөнгийг хүлээн авсан жагсаалт эд хөрөнгийн тооллогоор 81,324,535 төгрөгний зөрүү гарч бүртгэлгүй болох нь нотлогдсон. Нягтлан бодох бүртгэлийн хууль холбогдох журмыг зөрчсөн үйлдэлд хохирол учирсан байхыг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл шаардагдахгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр заалт хохирол учирсан байхыг шаарддаггүй.

4. Нэхэмжлэгч хөрөнгийн бүртгэл хийх нь миний хариуцах ажил биш гэж мэтгэлцээгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй. Хөрөнгийн бүртгэл хийгээгүй нь нярав Т гийн ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл байгаа эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээ болон нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан ажил үүргээ биелүүлээгүйгээс 81,324,535 төгрөгний хөрөнгийн бүртгэл хийгдээгүй нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл болохыг нотолсон баримтыг үнэлээгүй нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заалтыг зөрчсөн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 142/ШШ2018/00267 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 60 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:    

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч Т  нь “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Т  нь бэлэн мөнгө болон эд зүйл хариуцсан няравын ажил үүрэгтээ итгэл алдсан буруутай үйлдлийг гаргасан, цаашид итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй гэж маргажээ.

“Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Т г тус холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гэрээг хугацаагүй болгож, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 1,500,000 төгрөгөөр цалинжуулахаар гэрээнд өөрчлөлт оруулсан байна.

“Э ” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1-3.5 дахь заалтыг зөрчиж няравын анхан шатны хөрөнгийн бүртгэл хөтлөөгүй, байгууллагын итгэлийг алдсан үндэслэлээр Т тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогч нь ажилтан Т  дээрх хуулийн заалтуудыг зөрчсөнийг “Далай ван” аудитын 2016 он, “Найдвар-Од” аудитын 2017 оны дүгнэлтээр тогтоогдож байгаа гэж тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримт, дурдсан аудитын дүгнэлтээр тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т г “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны нярав, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, тус холбооны дарга П.Баттөрийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,375,822 төгрөгийг “Э ” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2018/00267 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Хариуцагч “Э ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 155,163 /нэг зуун тавин таван мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН