Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01144

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2018/00017 дугаар шийдвэр

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 216/МА2018/00006 дугаар магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 579 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгорын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд “Ц” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 14 удаагийн ачилтаар нийт 115 399 900 төгрөгийн үнэ бүхий 815,1 тонн цементийг, нэг тонныг 140 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож “Ц” ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлэн өгсөн бөгөөд худалдан авагч нь үүнээс 59 243 800 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл 392,7 тонн цементийн төлбөр болох 56 156 100 төгрөгийг төлж чадахгүй байсны улмаас 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Ц” ХХК-тай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “Ц” ХХК нь манай компанид төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө цаг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцоод төлбөрийн барьцаанд тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цэрэндолгорын нэр дээрх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13371/ Намьяанжугийн гудамж 77 дугаар байрны 05 тоот хаягт байрладаг Ү-2204060317тоот бүртгэлийн дугаартай, 000489046 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан боловч ажлын зайлшгүй шаардлагаар гэрчилгээгээ буцааж авах хэрэгтэй байна гэсэн тул гэрчилгээг өөрт нь буцаан олгосон. Төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн боловч үлдэгдэл төлбөрөөс 8 сая төгрөгийг л төлж одоо үлдэгдэл төлбөр болох 48 579 900 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн “Ц” ХХК-иас манай компанид төлөх ёстой цементийн үнэ болох 48 579 900 төгрөгийг “Ц” ХХК-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Цементийн үнийг 2016 оны 04 дүгээр сарын 28-наас эхлэн 143 000 төгрөг болгосон нь төлбөр барагдуулах гэрээгээр нотлогдоно. Харин НӨАТ-ыг хасч тооцох үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч манайхыг НӨАТ төлөх ёстой гээд байна. Манайх бараандаа НӨАТ оногдуулаад түүнийхээ дагуу улсад тайлагнаад дараа онд нь бид НӨАТ-аа тушааж байх ёстой. Тэгэхээр үүнийг хариуцагчийн төлөөлөгчтэй зөвшилцөөд хасах боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХКнь цемент үйлдвэрлэгч компани, манай компани бол борлуулагч компани. Тухайн үед гэрээ хийгдээгүй, аман тохиролцоогоор анх 1 тонн цементийг 140 000 төгрөгөөр тооцож, нийт 3000 тонн буюу 420 000 000 төгрөгийн цемент худалдаж авч борлуулаад, дараа тооцоогоор төлбөр төлөхөөр ярилцсан. Ингээд болно гээд манай борлуулалтын байрыг барьцаалаад цементээ өгье гэдэг тохиролцоонд хүрээд анхны цемент татаж, үйл ажиллагаа эхэлсэн. 86 000 000 төгрөгийн худалдан авалт хийгдсэний дараа “М” ХХК нь манай дээд захирал энэ байр барьцаалсан гэрээг зөвшөөрсөнгүй ийм болохоор бид бүхэн өгч чадахааргүй болчихлоо гэсэн. Ийм ярианаас улбаалаад анхны хамтран ажиллах гэрээ бичгээр хийгдээгүй. Манай компани Орчлон констракшнд цемент нийлүүлэх хамтран ажиллах гэрээтэй байхад яг ийм ярианаас болоод энэ ажил зогссон.

Ийм учраас би хүсэлт тавьж, танайх тэгвэл барьцаанд аваагүй ордерийг маань буцаагаад өг би Техник импортод энэ үл хөдлөхөө барьцаанд тавиад нөгөө талын ажлаа хийхгүй бол хохирол амсах гээд байна гэж хэлсэн. Энэ байдлаас шалтгаалаад үл хөдлөхөө би авсан энэ компани маань бас зөвшөөрөөд өгсөн. Би энэ санхүүгийн тооцоо сайн мэдэхгүй, нягтлан хариуцаад явж байсан боловч нөгөө нягтлан маань 3 сарын хугацаатай Солонгос улс руу яваад тэр чигээрээ харлаж үлдээд би олон газартай тооцоо хийдэг болохоор тодорхой баримт гаргаж өгч чадахгүй байдал үүсч байгаа. Эдний компани бол цэвэр Хятадын хөрөнгө оруулагчтай үйлдвэр. Үйлдвэрлэгч тухайн борлуулалтыг хийгээд би хэдий өглөгтэй байсан хэдий ч надад борлуулалтын хөнгөлөлтийг өгч байх үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу танайх манайд НӨАТ өгөөгүй учраас би улсад бараа материалын өртэй явж байгаа. Яагаад гэвэл танайх аж ахуйн нэгжийн хуулиараа НӨАТ өгөх ёстой. Гэтэл чи өр төлбөртэй гээд өгөхгүй байгаа нь надад хохиролтой байна. Энэ бол та нарын төлөх ёстой үүрэг. Тийм учраас би энэ тооцоогоо хасаад төлөх боломжтой гэж хугацаа аваад нэг удаа уулзаж зөвшилцсөн. Тэр баримт нь хэрэгт авагдсан материалд байгаа. Тэрнээс өөр хамтран ажиллах гэрээ бидэнд байхгүй.

Анхны аман гэрээгээр 140 000 мянгаар явна гэсэн нь хэрэгт авагдсан материал дотор байгаа. Зарим тонн дээр 141 000 зарим тонн дээр 143 000 гэсэн үнэ байгаа. Тэрний үнийн зөрүү 1 223 100 төгрөгийг би хасуулна. Яагаад гэвэл та нар давуу эрхтэй үнийг өөрчлөөд санхүү дээрээ тооцоо хийгээд энд авчраад өгч байгаа. Надад бол 143 000 төгрөг, 141 000 төгрөгөөр өгнө гэсэн гэрээ байхгүй зөвхөн бидний хооронд аман гэрээ байгаа.

Иймд одоо НӨАТ-ын үлдэгдэл 5 000 000 гаруй төгрөг, үнийн дүнгийн зөрүү 1 223 100 төгрөг нийт 7 000 000 орчим төгрөгийг хасуулж төлбөрөө төлөх хүсэлтэй байна. Надад өөрөөр бол маргах юм байхгүй, би танайхаас 800 тонн цемент авсан нь үнэн. Жин тонн дээр маргах зүйл байхгүй гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2018/00017 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 472 100 /дөчин найман сая дөрвөн зуун далан хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 107 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 400 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 216/МА2018/00006 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2018/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 546 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ц” ХХК-д холбогдох иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Манай үлдэгдэл төлбөрийн хэмжээ 40 385 636,4 төгрөг болно. Зөвшөөрөхгүй үнийн дүн 8 086 463,6 төгрөг юм.

Манай хоёр аж ахуйн нэгж нь хоёулаа суутган төлөгч мөн бөгөөд “М” ХХК-ийн борлуулсан барааны дүн болох 115 292 100 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнэ юм. Дээрх төлбөрт тус компани нэмүү өртгийн албан татварын 10 хувь нэмж манай байгууллагаас бэлнээр аваад буцааж төлөх үүрэг хүлээсэн үнэ болно. Гэтэл нийт борлуулалтын орлого болох 115 292 100 төгрөгөөсөө тус компани нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ганцхан удаа /5118115/ гэсэн тус компанийн нэр регистрийн дугаараас 18598366 гэсэн падаанаар 26 341 000,40 төгрөгийн борлуулалт бичсэн байдаг юм. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үлдсэн 88 951 099,60 төгрөгийн борлуулалтыг татварын тайландаа тусгаагүй доорх дүнд суутган төлөгчийн үүргээ гүйцэтгээгүй юм. 115 292 100-26 341 000,40=88 951 099,60

Манай компанид тайландаа тусгаагүй буцаан олголт хийх боломжгүй байгаа үнийн дүн 88 9510 99,60 төгрөгийг 1,1 гэсэн тоонд хувааж нэмэгдсэн өртөггүй орлогыг нь тооцон гаргахад 80 864 636 дүн гарч байна. Үүнийг хуулийн дагуу бодож тооцоолон гаргалаа. Энэ дүнгээс нэмүү өртөг болгон авахаар нэхэмжлээд байгаа 10% хувь 8 086 463,6 төгрөгийг манай тал төлөх үндэслэлгүй юм.

“М” ХХК нь татварын хуулиар нэмүү өртөг болгон авч байгаа 10 хувийг бэлэн мөнгөөр аваад ашиг болгон үлдээхгүй буцааж худалдан авалт хийсэн компанидаа тайлангаар тухай бүрд төлдөг хуулийг баримтлах үүрэгтэй. Суутган төлөгч гэдэг нэрний утга учир нь энэ. Худалдан авагч компаниас бэлнээр 10% суутгаж аваад бэлэн бусаар татварын дансанд нь падаан бичиж буцаан олгох харилцаа. Бидний хувьд 10%-ийн нэмэгдсэн өртөг болгон бэлнээр төлөх 8 086 463 төгрөг нь буцааж татварын дансандаа авах мөнгө юм. Гэтэл санхүү татварын тайланд нь тусгагдаагүй учраас энэ мөнгө нь манайд буцаж бэлэн бусаар орж ирэх боломжгүй болсон. Иймээс энэ 8 086 463 төгрөгийг төлөх үндэслэлгүй болоод байна.

Манай компанийн зүгээс 2016-09-14 нд хийгдсэн албан бичиг болон төлбөр барагдуулах гэрээгээр үлдэгдэл 56 156 100 төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан байгаа. Үүнээс хойш 2016-10-18 нд 4 000 000,  2017-06-21 нд 2 000 000, 2017-08-09 нд 2 000 000 тус тус төлөөд 56 156 100-8 000 000=48 156 100 төгрөг төлнө. Үүнээс НӨАТ-ын буцаан авах 8 086 463 төгрөгөө хасвал 40 069 637 төгрөг төлөх юм. Анхан шатны шүүх 48 472 100 төгрөг төлөх шийдвэр гаргасан. 48 472 100-40 069 637=8 402 463 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Оюунтуяа нь анхан болон давж заалдах шатны шүүх  хурал дээр манай компани суутган төлөгч мөн НӨАТ шингэсэн үнээр борлуулснаа хүлээн зөвшөөрч ямар ч маргаангүй гэж хэлдэг. Хурлын тэмдэглэлд байгаа. Гэтэл шүүх суутган төлөгч мөн эсэх нь тодорхойгүй, НӨАТ-тэй үнээр борлуулсан эсэх нь нотлогдоогүй гэж үзээд байгаад гомдолтой байна. Манай компани татварын тайлангаасаа санхүүгийн тамга тэмдэг бүхий баримтыг нотлох баримт болгон өгч 2 компани хоёулаа суутган төлөгч гэдгийг нотлон тайлбарлан хэлсээр байхад авч үзэхгүй байгаад гомдолтой байна.

НӨАТ-ыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцуулах тухайд шүүх холбогдох байгууллага болон шүүхэд хандах эрхтэй гэж үзэж дүгнээд байгаа. Иймд анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ц” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 48 579 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагчаас 48 472 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “М” ХХК нь цементийн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн “Ц” ХХК-д 14 удаагийн ачилтаар нийт 815.1тн цемент нийлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохиролцож  худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон, нийлүүлсэн цементийн хэмжээний талаар маргаагүй, харин 1тн цементийн үнийн дүнгийн талаар хариуцагч маргасан байна.

Талууд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, үлдэгдэл төлбөрийг 56 156 100 төгрөг болохыг тогтоож, хариуцагч нь тодорхой график гаргаж төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-6/, гэрээнд зааснаар хариуцагч төлбөр төлөх хугацааг тодорхойлж, нэхэмжлэгчид хүсэлтээ илэрхийлж байсан байна./хх-9/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулснаас хойш 8 000 000 төгрөгийг төлсөн гэх атлаа үлдэгдэл төлбөр 48 156 100 төгрөг байхад 48 579 900 төгрөгийг нэхэмжилсэн нь тооцооны зөрүүтэй байсныг хоёр шатны шүүх тодруулаагүй бөгөөд анхан шатны шүүх “Төлбөр барагдуулах гэрээ”-г үндэслэн хариуцагчийг төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа тухайн гэрээнд бичигдсэн үнийн дүнгийн зөрүүтэй байдалд дүгнэлт хийгээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцоог хийж /56 156 100-8 000 000/ 48 156 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.

Харин нэмэгдсэн өртгийн татвартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөөгүй гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байх тул гомдлын бусад хэсгийг хангах хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 216/МА2018/00006 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2018/00017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...48 472 100 /дөчин найман сая дөрвөн зуун далан хоёр мянга нэг зуун/ ...” гэснийг “...48 156 100 ...” гэж, “...107 800 төгрөгийг...” гэснийг “...423 800 төгрөгийг..” гэж,

2 дахь заалтын “...400 310...” гэснийг “...398 730...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгороос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 546 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УНДРАХ 

         ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД