Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 134/ШШ2018/00017

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК -н гаргасан,

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох,

худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 579 900 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд Ц ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 14 удаагийн ачилтаар нийт 115 399 900 төгрөгийн үнэ бүхий 815,1 тонн цементийг, нэг тонныг 140 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож Ц ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлэн өгсөн бөгөөд худалдан авагч нь үүнээс 59 243 800 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл 392,7 тонн цементийн төлбөр болох 56 156 100 төгрөгийг төлж чадахгүй байсны улмаас 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ц ХХК-тай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ц ХХК нь манай компанид төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө цаг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцоод төлбөрийн барьцаанд тус компанийн гүйцэтгэх захирал Г нэр дээрх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13371/ Намьяанжугийн гудамж 77 дугаар байрны -- тоот хаягт байрладаг Ү-22040603-- тоот бүртгэлийн дугаартай, 0004890-- дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан боловч ажлын зайлшгүй шаардлагаар гэрчилгээгээ буцааж авах хэрэгтэй байна гэсэн тул гэрчилгээг өөрт нь буцаан олгосон. Төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн боловч үлдэгдэл төлбөрөөс 8 сая төгрөгийг л төлж одоо үлдэгдэл төлбөр болох 48 579 900 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн Ц ХХК-аас манай компанид төлөх ёстой цементийн үнэ болох 48 579 900 төгрөгийг Ц ХХК-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Цементний үнийг 2016 оны 04 дүгээр сарын 28-наас эхлэн 143 000 төгрөг болгосон нь төлбөр барагдуулах гэрээгээр нотлогдоно. Харин НӨАТ-ыг хасч тооцох үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч манайхыг НӨАТ төлөх ёстой гээд байна. Манайх бараандаа НӨАТ оногдуулаад түүнийхээ дагуу улсад тайлагнаад дараа онд нь бид НӨАТ-аа тушааж байх ёстой. Тэгэхээр үүнийг хариуцагчийн төлөөлөгчтэй зөвшилцөөд хасах боломжгүй гэв.

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М компани нь цемент үйлдвэрлэгч компани, манай компани бол борлуулагч компани. Тухайн үед гэрээ хийгдээгүй, аман тохиролцоогоор анх 1 тонн цементийг 140 000 төгрөгөөр тооцож, нийт 3000 тонн буюу 420 000 000 төгрөгний цемент худалдаж авч борлуулаад, дараа тооцоогоор төлбөр төлөхөөр ярилцсан. Ингээд болно гээд манай борлуулалтын байрыг барьцаалаад цементээ өгье гэдэг тохиролцоонд хүрээд анхны цемент татаж, үйл ажиллагаа эхэлсэн. 86 000 000 төгрөгний худалдан авалт хийгдсэний дараа М ХХК нь манай дээд захирал энэ байр барьцаалсан гэрээг зөвшөөрсөнгүй ийм болохоор бид бүхэн өгч чадахааргүй болчихлоо гэсэн. Ийм ярианаас улбаалаад анхны хамтран ажиллах гэрээ бичгээр хийгдээгүй. Манай компани Орчлон констракшнд цемент нийлүүлэх хамтран ажиллах гэрээтэй байхад яг ийм ярианаас болоод энэ ажил зогссон. Ийм учраас би хүсэлт тавьж, танайх тэгвэл барьцаанд аваагүй ордерыг маань буцаагаад өг би Техник импортод энэ үл хөдлөхөө барьцаанд тавиад нөгөө талын ажлаа хийхгүй бол хохирол амсах гээд байна гэж хэлсэн. Энэ байдлаас шалтгаалаад үл хөдлөхөө би авсан энэ компани маань бас зөвшөөрөөд өгсөн. Би энэ санхүүгийн тооцоо сайн мэдэхгүй, нягтлан хариуцаад явж байсан боловч нөгөө нягтлан маань 3 сарын хугацаатай Солонгос улс руу яваад тэр чигээрээ харлаж үлдээд би олон газартай тооцоо хийдэг болохоор тодорхой баримт гаргаж өгч чадахгүй байдал үүсч байгаа. Эдний компани бол цэвэр Хятадын хөрөнгө оруулагчтай үйлдвэр. Үйлдвэрлэгч тухайн борлуулалтыг хийгээд би хэдий өглөгтэй байсан хэдий ч надад борлуулалтын хөнгөлөлтийг өгч байх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу танайх манайд НӨАТ өгөөгүй учраас би улсад бараа материалын өртэй явж байгаа. Яагаад гэвэл танайх аж ахуйн нэгжийн хуулиараа НӨАТ өгөх ёстой. Гэтэл чи өр төлбөртэй гээд өгөхгүй байгаа нь надад хохиролтой байна. Энэ бол та нарын төлөх ёстой үүрэг. Тийм учраас би энэ тооцоогоо хасаад төлөх боломжтой гэж хугацаа аваад нэг удаа уулзаж зөвшилцсөн. Тэр баримт нь хэрэгт авагдсан материалд байгаа. Тэрнээс өөр хамтран ажиллах гэрээ бидэнд байхгүй. Анхны аман гэрээгээр 140 000 мянгаар явна гэсэн нь хэрэгт авагдсан материал дотор байгаа. Зарим тонн дээр 141 000 зарим тонн дээр 143 000 гэсэн үнэ байгаа. Тэрний үнийн зөрүү 1 223 100 төгрөгийг би хасуулна. Яагаад гэвэл та нар давуу эрхтэй үнийг өөрчлөөд санхүү дээрээ тооцоо хийгээд энд авчраад өгч байгаа. Надад бол 143 000 төгрөг, 141 000 төгрөгөөр өгнө гэсэн гэрээ байхгүй зөвхөн бидний хооронд аман гэрээ байгаа. Иймд одоо НӨАТ-ын үлдэгдэл 5 000 000 гаруй төгрөг, үнийн дүнгийн зөрүү 1 223 100 төгрөг нийт 7 000 000 орчим төгрөгийг хасуулж төлбөрөө төлөх хүсэлтэй байна. Надад өөрөөр бол маргах юм байхгүй, би танайхаас 800 тонн цемент авсан нь үнэн. Жин тонн дээр маргах зүйл байхгүй гэв.

   Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 579 900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үнийн дүнгийн зөрүү болон НӨАТ-ыг хасч тооцуулан үлдсэнийг төлнө хэмээн маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Худалдагч М ХХК, худалдан авагч Ц ХХК нарын хооронд 2015 онд нэг тонн цементийг 140 000 төгрөгөөр тооцож цемент нийлүүлэхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болох нь талуудын маргаангүй тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Ц ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ...56 155 900 төгрөгийг барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт, борлуулалтын тайлан, дансны хуулга, М ХХК-ийн борлуулалтын баримтууд, хариуцагч Ц ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдан авсан цементийн тооцоо зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талууд 1 тонн цементийн үнийг анх 140 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд худалдагч нь нийт 14 удаагийн ачилтаар 815,1 тонн цемент нийлүүлж, худалдан авагч нь төлбөрт 66 820 000 төгрөг төлсөн талаар маргаангүй, харин явцын дунд үнэ 143 000 төгрөг болсон, мөн гэрээний үнийн дүнгээс НӨАТатварыг хасаж тооцох эсэх талаар маргаантай байна.

Нэхэмжлэгч тал нь 2015 оны 09 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийлүүлсэн 1 тонн цементийн үнийг 140 000 төгрөгөөр, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн 1 тонн цементийн үнийг 141 000 төгрөгөөр, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийлүүлсэн 1 тонн цементийн үнийг 143 000 төгрөгөөр тус тус тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Ц ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ...56 155 900 төгрөгийг барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт, борлуулалтын тайлан, дансны хуулга, М ХХК-ийн борлуулалтын баримтууд зэрэгт үндэслэсэн.

Хариуцагч тал нь бүгд нийлүүлсэн 815,1 тонн цемент буюу 1 тонн цементийн үнийг 140 000 төгрөгөөр тооцож, хариу тайлбараа нотолж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдан авсан цементийн тооцоог ирүүлсэн байна.

Талуудын гаргасан нотлох баримтуудаас үзэхэд хэн алиных нь тооцооны баримт нь үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй харин талууд хоорондоо тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ нэртэй тооцоо нийлсэн баримт үйлдэж, ... 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж нийт 392,7 тонн цементийг 143 000 төгрөгөөр худалдаж, нийт 56 156 100 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, улмаар Ц ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ...56 155 900 төгрөгийг барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт гаргасан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Тухайлбал уг нотлох баримтаас харахад нийт 815,1 тонн цементнээс 329,7 тонныг нь 143 000 төгрөгөөр /нийт 56 156 100 төгрөг/, 422,4 тонныг нь 140 000 төгрөгөөр /нийт 59 136 000 төгрөг/ үнэлж худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна.  

Иймд гэрээний нийт үнийн дүнг 115 292 100 /56156100+59136000/ төгрөг гэж тооцож, үүнээс төлсөн 66 820 000 төгрөгийг хасаад, үлдсэн 48 472 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин хариуцагч нь дээрх үнийн дүнгээс НӨАТатварыг хасч тооцуулна гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчид холбогдуулан төлбөрийг харилцан тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд зааснаар суутган төлөгч мөн эсэх, улмаар барааг НӨАТатвартай нь хамт худалдан авсан нь тодорхойгүй байх тул шүүх хариуцагчийн гаргасан Е баримтаар хийгдсэн баримтын жагсаалт, 2015 онд гарсан Е баримтын тооцоо зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй байна.

Гэхдээ шүүх НӨАТатварт хасалт хийлгэх үндэслэлгүй гэж дүгнээгүй учир хариуцагч нь энэ талаар холбогдох байгууллага болон шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй.

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 400 850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 400 310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 472 100 /дөчин найман сая дөрвөн зуун далан хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 107 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 400 850 /дөрвөн зуун мянга найман зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 400 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ