Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 216/МА2018/00006

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сум, Цагаан хяр өртөө /7-р зөрлөг/ өөрийн байранд байрлах, “Мөнхийн баян гал” ХХК /хуулийн этгээдийн РД:5118115, Утас:99041467/-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Баргад овогт Түмэнжаргалын Оюунтуяагийн гаргасан,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 62 тоотод байрлах ЦХБ ХХК /хуулийн этгээдийн РД:4611861, Утас: 99058839/-д холбогдох,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2018/00017дугаар шийдвэртэй,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 48 579 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Цэрэндолгор, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Мөнхийн баян гал” ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд “ЦХБ” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 14 удаагийн ачилтаар нийт 115 399 900 төгрөгийн үнэ бүхий 815,1 тонн цементийг, нэг тонныг 140 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож “ЦХБ” ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлэн өгсөн бөгөөд худалдан авагч нь үүнээс 59 243 800 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл 392,7 тонн цементийн төлбөр болох 56 156 100 төгрөгийг төлж чадахгүй байсны улмаас 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “ЦХБ” ХХК-тай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр “ЦХБ” ХХК нь манай компанид төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө цаг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцоод төлбөрийн барьцаанд тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цэрэндолгорын нэр дээрх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13371/ Намьяанжугийн гудамж 77 дугаар байрны 05 тоот хаягт байрладаг Ү-2204060317тоот бүртгэлийн дугаартай, 000489046 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан боловч ажлын зайлшгүй шаардлагаар гэрчилгээгээ буцааж авах хэрэгтэй байна гэсэн тул гэрчилгээг өөрт нь буцаан олгосон. Төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаа хэтэрсэн боловч үлдэгдэл төлбөрөөс 8 сая төгрөгийг л төлж одоо үлдэгдэл төлбөр болох 48 579 900 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн “ЦХБ” ХХК-аас манай компанид төлөх ёстой цементийн үнэ болох 48 579 900 төгрөгийг “ЦХБ” ХХК-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Цементний үнийг 2016 оны 04 дүгээр сарын 28-наас эхлэн 143 000 төгрөг болгосон нь төлбөр барагдуулах гэрээгээр нотлогдоно. Харин НӨАТ-ыг хасч тооцох үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч манайхыг НӨАТ төлөх ёстой гээд байна. Манайх бараандаа НӨАТ оногдуулаад түүнийхээ дагуу улсад тайлагнаад дараа онд нь бид НӨАТ-аа тушааж байх ёстой. Тэгэхээр үүнийг хариуцагчийн төлөөлөгчтэй зөвшилцөөд хасах боломжгүй гэжээ.

Хариуцагч “ЦХБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхийн баян гал” компани нь цемент үйлдвэрлэгч компани, манай компани бол борлуулагч компани. Тухайн үед гэрээ хийгдээгүй, аман тохиролцоогоор анх 1 тонн цементийг 140 000 төгрөгөөр тооцож, нийт 3000 тонн буюу 420 000 000 төгрөгний цемент худалдаж авч борлуулаад, дараа тооцоогоор төлбөр төлөхөөр ярилцсан. Ингээд болно гээд манай борлуулалтын байрыг барьцаалаад цементээ өгье гэдэг тохиролцоонд хүрээд анхны цемент татаж, үйл ажиллагаа эхэлсэн. 86 000 000 төгрөгний худалдан авалт хийгдсэний дараа “Мөнхийн баян гал” ХХК нь манай дээд захирал энэ байр барьцаалсан гэрээг зөвшөөрсөнгүй ийм болохоор бид бүхэн өгч чадахааргүй болчихлоо гэсэн. Ийм ярианаас улбаалаад анхны хамтран ажиллах гэрээ бичгээр хийгдээгүй. Манай компани Орчлон констракшнд цемент нийлүүлэх хамтран ажиллах гэрээтэй байхад яг ийм ярианаас болоод энэ ажил зогссон.

Ийм учраас би хүсэлт тавьж, танайх тэгвэл барьцаанд аваагүй ордерыг маань буцаагаад өг би Техник импортод энэ үл хөдлөхөө барьцаанд тавиад нөгөө талын ажлаа хийхгүй бол хохирол амсах гээд байна гэж хэлсэн. Энэ байдлаас шалтгаалаад үл хөдлөхөө би авсан энэ компани маань бас зөвшөөрөөд өгсөн. Би энэ санхүүгийн тооцоо сайн мэдэхгүй, нягтлан хариуцаад явж байсан боловч нөгөө нягтлан маань 3 сарын хугацаатай Солонгос улс руу яваад тэр чигээрээ харлаж үлдээд би олон газартай тооцоо хийдэг болохоор тодорхой баримт гаргаж өгч чадахгүй байдал үүсч байгаа. Эдний компани бол цэвэр Хятадын хөрөнгө оруулагчтай үйлдвэр. Үйлдвэрлэгч тухайн борлуулалтыг хийгээд би хэдий өглөгтэй байсан хэдий ч надад борлуулалтын хөнгөлөлтийг өгч байх үүрэгтэй.

 Энэ үүргийнхээ дагуу танайх манайд НӨАТ өгөөгүй учраас би улсад бараа материалын өртэй явж байгаа. Яагаад гэвэл танайх аж ахуйн нэгжийн хуулиараа НӨАТ өгөх ёстой. Гэтэл чи өр төлбөртэй гээд өгөхгүй байгаа нь надад хохиролтой байна. Энэ бол та нарын төлөх ёстой үүрэг. Тийм учраас би энэ тооцоогоо хасаад төлөх боломжтой гэж хугацаа аваад нэг удаа уулзаж зөвшилцсөн. Тэр баримт нь хэрэгт авагдсан материалд байгаа. Тэрнээс өөр хамтран ажиллах гэрээ бидэнд байхгүй.

Анхны аман гэрээгээр 140 000 мянгаар явна гэсэн нь хэрэгт авагдсан материал дотор байгаа. Зарим тонн дээр 141 000 зарим тонн дээр 143 000 гэсэн үнэ байгаа. Тэрний үнийн зөрүү 1 223 100 төгрөгийг би хасуулна. Яагаад гэвэл та нар давуу эрхтэй үнийг өөрчлөөд санхүү дээрээ тооцоо хийгээд энд авчраад өгч байгаа. Надад бол 143 000 төгрөг, 141 000 төгрөгөөр өгнө гэсэн гэрээ байхгүй зөвхөн бидний хооронд аман гэрээ байгаа.

Иймд одоо НӨАТ-ын үлдэгдэл 5 000 000 гаруй төгрөг, үнийн дүнгийн зөрүү 1 223 100 төгрөг нийт 7 000 000 орчим төгрөгийг хасуулж төлбөрөө төлөх хүсэлтэй байна. Надад өөрөөр бол маргах юм байхгүй, би танайхаас 800 тонн цемент авсан нь үнэн. Жин тонн дээр маргах зүйл байхгүй гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “ЦХБ” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48 472 100 /дөчин найман сая дөрвөн зуун далан хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнхийн баян гал” ХХК-д олгож,

 нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 107 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 400 850  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 400 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  төлөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах гомдолдоо: “Мөнхийн баян гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЦХБ” ХХК хариуцагчаар оролцсон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.

Манай компани тус цементний үйлдвэрээс 2016 онд авсан цементний үлдэгдэл тооцоог шүүх хэргийн материалын 9-р хуудсанд байх 56156100 төгрөгөөр /1 тонныг 143000 бодож худалдан авах гэрээ хийсэн гэж үзээд/ шийдсэн. Уг нь компани 140,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар аман гэрээ байгуулсан байсан юм.

2016.09.14-нд хийгдсэн төлбөр барагдуулах гэрээнд 56156100 төгрөгөөр үлдэгдлээ баталгаажуулсан бөгөөд үүнээс хойш 2016.10.18-нд 4,000,000 төгрөг, 2017.06.21-нд 2,000,000 төгрөг, 2017.08.09-нд 2,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Хэргийн материалын 12-р хуудсанд байх тооцоогоор нотлогдох тул тооцооны эцсийн үлдэгдэл /56 156 100-8 000 000/ =48 156 100 төгрөг болох юм. Шүүх 48 472 000 гэж тооцож гаргасан нь 316 000 төгрөг илүү төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Мөнхийн баян гал” ХХК нь нийт 115 399 900 төгрөгийг цементийг 2015-2016 оны хооронд манай компанид борлуулахдаа 2015.12.30-ны өдөр 1 удаа 18598366 падаан дугаартай 5118115 регистерийн дугаараас “Мөнхийн баян гал” манай 4611861 регистерийн дугаартай “ЦХБ” ХХК-д 26341000,40 төгрөгөнд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлт хийсэн борлуулалт бичсэнийг хэргийн материалын /79/-д байх татварын тайлангаас харагддаг.

Иймд нийт борлуулсан 115 399 900-26 341 000.40=89 058 899.60 төгрөгөнд НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх, худалдан авалтын дүн 8 096 263,6 төгрөгийн /борлуулалтаа бичилгүй/ хохирол учруулсан болно.

Бодолт: Борлуулалтын орлого /8905899,60:1,1=80,962.636 төгрөгийн 10% 8 096 263,60/ Иймд тооцооны зөрүү болох 316.000,00, НӨАТ-н хасалт болох 8 096 263,60 нийт  8 412 263,6 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Шүүх “Мөнхийн баян гал” ХХК-г суутган төлөгч мөн эсэх, улмаар барааг НӨАТ нь хамт худалдан авсан нь тодорхойгүй гэж үзвэл хэргийг анхан шатны шүүхэд буцааж нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлттэй байна.

Жич: Шүүхийн шийдвэрийн 48472100 төгрөгнөөс хүлээн зөвшөөрөхгүй 8412263,6 төгрөг хасч / 4059836 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.                       

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул  шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийн материалаас үзэхэд “Мөнхийн баян гал” ХХК-ийг төлөөлж  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 48579900 төгрөгийг хариуцагч “ ЦХБ”  ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч “ЦХБ” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч худалдан авсан цементний 1 тонн тус бүрт гарсан үнийн зөрүү болон нийт үнийн дүнд тооцогдох НӨАТ-ыг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тайлбар гарган маргасан  бөгөөд мөн дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хооронд 2015 оноос  цемент худалдах, худалдан авах гэрээ /аман хэлбэрээр/ анх байгуулагдсан бөгөөд хамтран ажиллах явцдаа талууд 2016 оны 09 сарын 14-ны өдөр “төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулан цементийн төлбөрийн үлдэгдэл дүнг тохиролцсон болох нь талуудын маргаангүй тайлбар,  хэрэгт авагдсан  төлбөр барагдуулах тухай гэрээ /хх-6/, “ЦХБ” ХХК-ний хүсэлт /хх-9/, борлуулалтын тайлан /хх-11-13/ зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс талуудын гаргасан нотлох баримтууд болох аль алиных нь тооцооны баримтын үнийн дүн зөрүүтэй байгааг харгалзан тэдгээрийг нотлох баримтаар үнэлэлгүй, аман гэрээний дагуу явагдаж байсан худалдах, худалдан авах гэрээний явцад төлбөр үүсэх үед талуудын хооронд байгуулсан хэргийн 6 дугаар талд авагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-нд тусгагдсан үнийн дүнг талууд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн үнийн дүн гэж үзэж уг тооцоогоор хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ гэж үзлээ.

          Хариуцагчийн НӨАТ–ыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцуулах тухай давж заалдсан гомдлын хувьд: хариуцагч нь  түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хасч тооцуулах талаар хариу тайлбар гаргасан харин тэрээр нэхэмжлэгчид холбогдуулан харилцан тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, уг татварыг суутгагч мөн эсэхээ болон нэхэмжлэх эрхтэй гэдгээ нотлоогүй, анхан шатны шүүхээс түүний энэ талаар холбогдох баримтаа бүрдүүлэн холбогдох байгууллага болон шүүхэд хандах эрхийг нь дурьдаж шийдвэрлэсэн зэргээс үзэхэд тухайн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

         Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2018/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149546.00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.