Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2015/00863/и |
Дугаар | 65 |
Огноо | 2017-04-20 |
Маргааны төрөл | Хадгалалт, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 65
Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан
эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2015/00863/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 122 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,
“Дархан гурил тэжээл” ХК-д холбогдох,
“Гэрээний үүргийн биелэлтэд 7.107.812.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагч Дархан гурил тэжээл ХК-ийн захирал С.Намсрайжав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртнасан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, Ш.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан:
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009-1-01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах” гэрээгээр “Дархан Гурил тэжээл” ХК-ийн хадгалалтад 33.729 тонн хүнсний улаан буудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14.829 тонн хүнсний улаан буудайг худалдан борлуулж үлдэгдэл 18.900 тонн хүнсний улаан буудайг хариуцагч “Дархан Гурил тэжээл” ХК-ны элеваторт хадгалуулсан ба 8.900 тонн улаан буудайн 1 тонн нь 350.000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагчийн талын буруутай үйл ажиллагаанаас учирсан 3.115.000.000 төгрөг, гэрээний 5.1-д “Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 00,1 хувиар алданги тооцож үл маргах журмаар худалдан авагч талд төлнө” хэмээн тохиролцсон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015.08.01-нийг хүртэл нийт 1307 хоног өнгөрсөн ба үүнийг нэг хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 350.000 төгрөгөөр тооцоход алданги 457.450.000 төгрөг нийт 3.957.450.000 төгрөгийн хохирол учраад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөг, улаанбуудайн хадгалалтын хөлс 566.878.562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Нийт дүнгээр хариуцагч “Дархан Гурил тэжээл” ХК-аас нийт 7.107.812.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хүнс, Хөдөө аж ахуй яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “Дархан Гурил тэжээл” ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаанбуудай хадгалуулах №2009-1/01 тоот гэрээний дагуу “Дархан Гурил тэжээл” ХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн. Дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон. Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага MNS 97:2004 стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан. 16.5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36/30/683 тоот албан шаардлагаар нотлогддог. Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй. Улаан буудайн үнэ 3.500.000.000 төгрөг, алданги 457.450.000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
... Дархан Гурил тэжээл ХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно.
“Дархан Гурил тэжээл” ХК-ны хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөгийг төлөх талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 122 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 422 дугаар зүйлийн 422.1, 422 дугаар зүйлийн 422.4.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас 3.115.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, хадгалалтын хөлс 566.878.562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 377.919.000 төгрөг гаргуулж хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-д олгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-аас 3.957.450.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож,
Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар хариуцагч нь компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4.444 872 930 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний “Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4586 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэрэгт авагдсан 35 хуудас баримт, цэнхэр хавтастай план зургийг зохигчид нь буцаан олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.309.450.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 377.919.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 2.047.545 төгрөг гаргуулж хариуцагчид, төрийн сангийн орлогоос гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 19 261.905 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-ийн захирал С.Намсрайжав давж заалдсан гомдолдоо:
Р.Булганд итгэмжлэл олгосон Н.Цолмон, Б.Манансан нар нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал байсан эсэх, бусдад итгэмжлэл олгох эрхтэй эсэх нь баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс олгогдсон итгэмжлэлийн дагуу гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх маргааны зүйл болох хүнсний улаан буудайн өмчлөгч хэн болохыг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг хүлээн авч, үнэлж, дүгнэхдээ үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдол бүхий талаас үнэлж, дүгнээгүй зөвхөн нэхэмжлэгчид ашигтай талаас нь үнэлж дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгөлдөр давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 18.900 тонн улаан буудайн хадгалалтын хөлс 566.878.562 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хадгалалтын хөлс 377.919.000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан хадгалагч тал хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-ийн буруутай үйл ажиллагаанаас тус санд учирсан хохирол буюу худалдсан буудайны үнэ 3.115.000.000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүйн алданги 457.450.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35.362.250.000 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэл, улаан буудайн хадгалалтын хөлсөнд 566.878.562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн ба нийт 7.107.812.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.
Хариуцагч стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаний өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4.444.872. 930 төгрөг, хадгалалтын хөлсний үлдэгдэл 730.300.000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.
Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар ноцтой зөрчсөн байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлйн 35.1-д “хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 36 дугаар зүйлийн 36.3-т “төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч талыг төлөөлөх эрхийг Р.Булганд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 464 тоот итгэмжлэлийг М.Цолмон, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/360 тоот итгэмжлэлийг Б.Манансан нар тус тус олгосон ба М.Цолмон, Б.Манансан нар нь нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлөх бүрэн эрхтэй болох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар ...өөр этгээд төлөөлж нэхэмжлэл гаргасан боловч төлөөлөгчийн бүрэн эрхээ баталсан баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлээгүй бол нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ... гэж заажээ.
Тодруулбал энэ хэрэгт Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийн сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон, Б.Манансан нар /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар хуудас, 2 дугаар хавтас 132 дугаар хуудас/-ыг Р.Булганд итгэмжлэл олгох, нэхэмжлэл гаргах үед Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийн сангийн гүйцэтгэх захирал нь Н.Ариунболд /хэрэг хянан шийдвэрлэх явцад В.Үнэнбат/ байсан нь тус сангийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба М.Цолмон, Б.Манансан нар нь Тариалан эрхлэлтийн сангийн гүйцэтгэх захирал мөн болохоо баталсан баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдад өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэл гаргасан гэдгийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Талуудын маргааны зүйл нь хадгалалтын гэрээнээс үүдэлтэй тухайлбал хадгалагч тал хадгалалтын горим зөрчсөнөөс хадгалуулагчид хохирол учирсан эсэх асуудал юм. Энэ байдлаа талууд мэргэжлийн шинжээчээр тодруулбал улаан буудайн чийгшил, хадгалалтын стандарт зөрчсөн эсэх, технологийн шаардлагыг тодруулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтээр анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4587 дугаар шүүгчийн захирамжаар /хэргийн 1 дүгээр хавтас 87 дугаар хуудас/ Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнг, мөн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагч талын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг өөрөөр хэлбэл хэрэгт хуулийн этгээдүүдийг тус тус шинжээчээр томилсон байна. /хэрийн 2 дугаар хавтасны 119-121 дүгээр хуудас/
Гэтэл Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн ахлах багш Б.Пүрэвжаргал нь өөрийн нэргийн өмнөөс тамга, тэмдэггүй дүгнэлт /хэрийн 2 дугаар хавтасны 127-129 дүгээр хуудас/ гаргасан нь, мөн Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн огноо, дугааргүй, тамгагүй шинжээчийн дүгнэлт нь /хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэсэн заалтуудыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.
3. Маргааны зүйл болох улаан буудай нэг килограмм нь 2009-2010 онд хэдэн төгрөгийн үнэтэй байсан болон нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс улаан буудайн хорогдол тооцсон эсэхийг шүүх тодруулаагүй, шинжээч шинжлэх ухааны ямар арга, хэрэгсэл, аргачлалаар дүгнэлт гаргасан нь дүгнэлтээс тодорхойгүй, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 06-ны А/155 дугаар тушаалыг /хэргийн 3 дугаар хавтас 154 дүгээр хуудас/ нэхэмжлэгч тал баталгаажуулж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлагыг хангаагүй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.520.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ОЮУНЦЭЦЭГ