Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 9

 

 

                                                       Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарт холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Хосбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатар, Т.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 722 дугаар магадлалтай, 201301012519 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ч.Болдбаатар нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Болдбаатарын Хосбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гомбууд овогт Данзангийн Дагвадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, Д.Дагвадоржийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жил, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар, шүүгдэгч Д.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1  жил хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 11 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг багтаан, Б.Хосбаярын биечлэн эдлэх ялыг 11 жилээр тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Т.Баасанжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Хосбаярын өмгөөлөгч Т.Баасанжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Хосбаяр, Б.Хосжаргал, Энхбаяр нарыг караокены ариун цэврийн өрөөний үүдэн дэх шатны хонгилын хэсэгт бүлэглэн зодсон болох нь тухайн хэрэг үйлдэгдэх үед хамт явсан Д.Дагвадорж, Б.Болортайван, Д.Баасангэрэл, Д.Пүрэвдорж, О.Батхуяг, Н.Ганзориг нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр хангалттай нотлогддог. Энэхүү зодоон болохоос өмнө буюу хэрэгт хохирогч гэгддэг О.Батхуяг нь 00-ийн өрөөнд яллагдагч Б.Хосбаяртай маргалдан зодолдсон, улмаар биед нь хөнгөн гэмтэл учирсан гэх үйлдэл нь тусдаа бие даасан бурэлдэхүүнтэй, эхэлсэн төгссөн цаг хугацааны хувьд “Талийгаач н.Халиунболдын нас барсан” үйлдлээс тусдаа гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл О.Батхуяг, Б.Хосбаяр нарын маргааныг тухайн үед хажууд нь байсан Б.Хосжаргал, Т.Энхбаяр болон баарны ажилтнууд салгаж, уг үйлдэл таслан зогсоогдож, догшин авирлаж танхайрсан гэх үйлдэл дуусгавар болсныг илтгэж байна. Догшин авирлах гэдэг нь зэрлэг балмад үйлдэл гаргаж, өөрийгөө бусдаас илт давуу болохоо нотлох үүднээс хүний ёсноос гадуур хэрцгий байдлаар танхайрах явцдаа бусдын биед гэмтэл учруулсан байдлыг ойлгодог. Харилцан зууралдаж, бие биеэ түлхэж, цохисон байсан ч Б.Хосбаярын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд хамааруулан зүйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа зөвхөн нэг талыг барьж хийгдсэн ба талийгаачийг нас барахаас өмнө тэднийг бүлэглэн зодож байгаад огт ач холбогдол өгдөггүй. Анхан шатны шүүх “... Б.Хосбаяр нь амь хохирогч Г.Халиунболдын амь насыг хохироохыг зориуд хүсээгүй боловч Г.Халиунболд, Д.Дагвадорж, Баасангэрэл, Д.Пүрэвдорж нар О.Батхуягийг өмөөрч дайрах үед хохирогч Г.Халиунболдын толгой руу жоотуугаар цохижээ ...” гэсэн агуулгаар дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх ба үүнээс дээрх нэр бүхий этгээдүүдийн довтолгоон бодитой байсныг болон уг довтолгоон нь Б.Хосбаярын үйлдлээр таслан зогсоогдсон болох нь харагдаж байна. Иймд Б.Хосбаяр Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх хангалттай нөхцөл байдал бий болж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын бүхий л ажиллагаагаар хэргийг хангалттай нотолж чадаагүй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчим үйлчлэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн гэмт хэргийн нөхцөл байдалд аргагүй хамгаалалт мөн болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Хосбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Яллах дүгнэлтэд Б.Хосбаяр нь нэг удаагийн үйлдлээр талийгаачид гэмтэл учруулсан гэх атлаа талийгаачид учирсан бусад гэмтлүүдийг Б.Хосбаяр учруулсан болгож, мөн О.Батхуягийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж бүтэн хоёр жилийн дараа давтан гаргасан шинжээчийн дүгнэлтийг баримтлан Б.Хосбаярын эрх зүйн байдлыг дордуулж байна. Камерын бичлэгт хэн хэн, хэнийг, хэрхэн зодож байгаа талаар тодорхой харагдаж байхад түүнийг тогтоох боломжгүй гэж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэргийг Б.Хосбаяр, О.Батхуяг нарын биед учирсан хөнгөн гэмтлийг хэн, хаана учруулсныг тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүхийн тогтоолд дурдсан байдлууд тогтоогдоогүй байхад шүүх гаргасан шийдвэрээ үгүйсгэж хэргийг бүрэн тогтоогдсон гэж хэлэлцсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил болсон. Иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй. Г.Батбаярыг хохирогчоор байцаасан байдаг боловч уг караоке нь цаг баримтлаагүй, аюулгүй орчин нөхцөлийг хангаагүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Хохирогч О.Батхуяг гэгч худал, зөрүүтэй мэдүүлэг өгч, хүн гүтгэсэн асуудал үүсгэсэн байхад арга хэмжээ авахгүй байгаа нь хуулийг шударга, тэгш хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна. Хэргийг шийдвэрлэхдээ гол нотлох баримт болох си ди-г үнэлээгүй, тухайн хэрэгт оролцсон этгээдүүдийг гэрч болгож авсан мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх Хосбаярын санаа зорилгыг дүгнэхдээ “... Б.Хосбаяр нь амь хохирогч Г.Халиунболдын амь насыг хохироохыг зориуд хүсээгүй ...” гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Энэ нь Б.Хосбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлын шинжийг агуулсан байгааг нэг талаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Хүний амь настай холбоотой шийдвэрлэхэд маш хүнд хэдий ч хэргийн холбогдогч нар болоод Б.Хосбаярын санаа, зорилго, сэдэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн арга, довтолгоо, хохирогчийн зүй бус үйлдэл, бусдад зодуулсан дүүгээ хамгаалах гэж оролдож, зугтаж гарах боломжийг хайсан, сэтгэл санааны цочирдол, гарт таарсан зүйлийн шинж чанарыг ойлгоогүй, мэдэх боломж ч байгаагүй зэрэг байдлууд болон бусад нотлох баримтуудыг дүгнээд үзвэл гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байгааг харуулдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Мөрдөн байцаалтын шатанд хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Гэхдээ хохирогчийн хууль бус үйлдэл олуулаа нийлж дайрч довтлон хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэл харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.4, 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Хосбаярт оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ром” караоке баарны 00-ын өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Батхуягийг үл ялих зүйлээр шалтаглан өдөөн хатгахдаа түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

дээрх догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч О.Батхуяг найзуудыгаа дуудан ноцолдож, зодолдох явцад “Ром” караоке баарны шатан дээр Б.Хосбаяр нь Г.Халиунболдын толгойн тус газарт зээтүүгээр 1 удаа цохиж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж шууд бус санаатайгаар алсан,

шүүгдэгч Д.Дагвадорж нь О.Батхуягийг өмөөрч зодоонд оролцоогүй Т.Энхбаярыг зодож, тухайн нөхцөл байдалд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн танхайрсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд тухайн хэрэг гарах үед Б.Хосбаяр болон хохирогч О.Батхуяг нартай хамт явсан хүмүүсийг гэрчээр, Б.Хосбаяр, Д.Дагвадорж нарыг сэжигтэн, яллагдагчаар байцааж, тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “... өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршигийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн ...” бол гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэнд тооцох бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Б.Хосбаяр нь хохирогчийг алахыг хүсээгүй боловч зээтүүгээр толгой руу нь цохиж үхэлд хүргэх гэмтэл учруулж, хүний амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Аргагүй хамгаалалт хийх эрх нь санаандгүй буюу болгоомжгүйгээр бусдыг өдөөн хатгасан, эсхүл өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас өөрт нь болон бусдад чиглэсэн хууль бус бодитой довтолгооны эсрэг үүсдэг бөгөөд харин Б.Хосбаярын 00-ын өрөөнд бусдыг шалтгаангүйгээр танхайран зодсон өдөөн хатгалтын улмаас харилцан зодоон үүсч, энэхүү зодоон үргэлжлэх явцад Б.Хосбаяр нь Г.Халиунболдыг шууд бус санаатай алсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүх Б.Хосбаярын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүний үйлдлийг “танхайн сэдэлтгүй” гэж дүгнэн, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Хосбаярын үйлдсэн танхайрах гэмт хэргийн сэдэлт нь түүний дараагийн үйлдсэн гэмт хэргийн шууд сэдэлт болж шилжээгүй боловч танхайрах гэмт хэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийн урьдач нөхцөл болсон зодооны сэдлийг үүсгэсэн байх тул санаатайгаар зодоон үүсэхэд өдөөн хатгаж, улмаар хариу үйлдэл хийсэн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эрх үүсээгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Хосбаярын өмгөөлөгч Ч.Болдбаатар, Т.Баасанжаргал нарын “гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал илэрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 722 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ч.Болдбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ