Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00001

 

Г.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01241 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1483 дугаар магадлалтай,

Г.Ггийн нэхэмжлэлтэй

“Д Н”ББСБ ХХК, П.Гнарт холбогдох

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, П.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний эхнэр Ш.Долгор маань 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан. Ийнхүү нас барахаас нь өмнө түүний охин н.Түвшингийн нөхөр, хүргэн П.Гбидэнтэй ирж уулзаад Надад мөнгөний хэрэг байна, байраа барьцаанд тавихыг зөвшөөрч өгөөч, би 6 сар ашиглаад л байрыг чинь зээлнээс чөлөөлж өгнө гэсэн тул бид хоёр ярилцаад зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.Год байр барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай өгсөн. Хэрэв П.Гбидний байрыг 6 буюу түүнээс урт хугацаагаар зээлэнд тавихыг хүссэн бол бид зөвшөөрөхгүй байх байсан. Гэтэл хүргэн П.Гнь “Д Н”ББСБ-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу итгэмжлэлийн хугацаа дуусахад 9 хоног дутуу байхад 55 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, байрыг минь барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулж зээл авсан. Ингээд П.Гхугацаа нь дуусч байгаа итгэмжлэлээр зээл авсан атлаа авсан зээлээсээ огт эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрээд байгаа нь миний өмчлөх эрх хөндөгдөхөд хүрээд байна. Мөн П.Гын зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа эхнэр Ш.Долгор нас барсан бөгөөд тухайн үед хөгшин маань өнгөрөх нь тодорхой болсон байхад мөн итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгааг төлөөлөгч П.Г, “Д Н”ББСБ аль аль нь мэдсэн атлаа байрыг минь барьцаалан зээл олгосонд гомдолтой байна. Иймд П.Гын миний өмчлөлийн байрыг барьцаалж зээл авсан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 дугаар П.Гболон “Д Н”ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 55 дугаар байрны 58 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д Н” ББСБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь өөрийн хүргэн П.Год үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг өгсөн болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байх тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 6 сарын хугацаатай олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна. Уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхад П.Гнь “Д Н”ББСБ ХХК-иас авсан 55 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж зааснаар итгэмжлэлийн хүчин төгөлдөр байх хугацаанд орон сууцыг барьцаанд тавьсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд анхнаасаа ямар нэгэн байдлаар тухайн байрыг завшья, хадам аавыг хуурч мэхлээд байрыг нь барьцаанд тавих зорилгогүй байсан. Би анх талийгаач хадам эх Ш.Долгор болон хадам аав Г.Ггээс тэдний орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг авсан. Миний бие барилгын бизнес эрхэлдэг бөгөөд яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул Дархан нэхий ББСБ ХХК-иас 55 000 000 төгрөгийн зээлийг авч, барьцаанд нь маргааны зүйл болох хадмуудын байрыг тэднээс надад өгсөн итгэмжлэлийн дагуу барьцаалсан нь үнэн. Шүүхээс учрыг нь олж шийдвэр гаргах байх, миний хувьд яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01241 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч П.Г, “Д Н”ББСБ ХХК-иудад холбогдох, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Г.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 503 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1483 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01241дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч П.Гоос 432 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 503 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх хяналтын гомдолдоо: Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: А. Төлөөлөл дуусгавар болсон эсэх талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Гэрээ байгуулагдсанаас 1 хоногийн дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл олгосон барьцааны зүйлийн өмчлөгч Ш.Долгор нас барсан, зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй, төлөөлүүлэгч нас барсныг төлөөлөгч мэдээгүй байх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т заасан үндэслэлээр төлөөлөл энэ өдрөөр дуусгавар болно” гэж үзсэн. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Төлөөлүүлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай төлөөлөгч буюу гуравдагч этгээдэд шууд, эсхүл тэдэнд хүргэх боломжтой албан ёсны мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ” гэж заасан. Барьцааны зүйлийн өмчлөгч Ш.Долгор нас барсан бол итгэмжлэл хүчингүй буу дуусгавар болсон талаар төлөөлөгч П.Гболон “Дэвжих нэхий” ББСБ-д хуульд заасан дээрх арга хэрэгслээр мэдэгдэх ёстой. Гэтэл тухайн үед хэн ч энэ талаар мэдэгдээгүй бөгөөд “Дэвжих нэхий” ББСБ нэхэмжлэгч П.Г.Гг нэхэмжлэл гаргах үед л мэдсэн. Хэрэв тухайн үед ямар нэгэн байдлаар мэдэгдсэн бол “Дэвжих нэхий” ББСБ-ын хувьд П.Гтой зээлийн болон барьцааны гэрээ байгуулахгүй байх байсан. Мөн тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.6-д “Итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа төлөөлөгчөөс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч П.Гитгэмжлэл дуусгавар болсныг мэдсэн эсэх нь ач холбогдолтой байна. Давж заалдах шатны шүүх төлөөлүүлэгч буюу иргэн Ш.Долгор нас барсныг П.Гмэдээгүй байх үндэслэлгүй гэсэн боловч ямар үйл баримт болоод хууль зүйн үндэслэлээр мэдээгүй байгааг дурдаагүй. Б. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардах ба энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогддог. Төлөөлөгч П.Гнь хуулийн дээрх шаардлагын дагуу барьцааны гэрээ 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь итгэмжлэл хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсноос хойш байх тул барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй” гэж үзсэн. Нэхэмжлэгч П.Г.Г, Ш.Долгор нараас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 сарын хугацаатай өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж болох тухай итгэмжлэлийг олгосон. Энэ эрхийн хүрээнд “Дэвжих нэхий” ББСБ болон П.Гнарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №00152515 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулагдсан. Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан. Учир нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулахад Иргэний хуулийн 156.2-д зааснаар заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй бөгөөд итгэмжлэлд заасан хугацааны дотор гэрээг байгуулсан болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч П.Г, “Д Н”ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагад “барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлсон боловч итгэмжлэлийн хугацаа дууссан, төлөөлөх эрхгүй байсан гэсэн нэхэмжлэлийн үндэслэл зааснаас үзвэл хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай байна. 

Хариуцагч П.Гнэхэмжлэлийг эсэргүүцээгүй бол хариуцагч “Д Н”ББСБ ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч “Д Н”ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Г нь хамтран өмчлөгч Ш.Долгорын хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг, П.Год 6 сарын хугацаатай олгожээ. П.Гнь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Д Н”ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 55 000 000 төгрөгийг зээлж, дээрх итгэмжлэлийг үндэслэн Г.Г, Ш.Долгор нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн үүрэгт барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан байна.

Барьцааны гэрээг байгуулснаас 1 хоногийн дараа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх үед 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр барьцааны зүйлийн хамтран өмчлөгч Ш.Долгор нас барсан /хх-11/ байна.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийг барьцаалах бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгийн барьцаа хүчин төгөлдөр болдог байна. П.Гнь итгэмжлэлийн дагуу бусдын үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, харин барьцааны гэрээг 2015 оны 07 сарын 28-ны өдөр бүртгүүлсэн гэж гэрээнд тэмдэглэгдсэн боловч иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаанд /хх49/ 2015 оны 11 сарын 10-ны өдөр барьцааг бүртгүүлсэн аль ч тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед төлөөлүүлэгч нас барсан, төлөөлөл дуусгавар болсон байжээ. “Д Н”ХХК-ийн зүгээс дээрх баримтыг няцааж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд төлөөлүүлэгч нас барснаар итгэмжлэл дуусгавар болсон байсан тул төлөөлөх эрхгүй этгээд барьцааны гэрээг байгуулсан, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хийгдсэн гэж үзсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 67 дугаар зүйлийн 67.2.3, 156 дугаар зүйлийн 156.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хуулийн төлөөлөл, хүчин төгөлдөр бус хэлцэл, барьцааны эрхийг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1483 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Д Н”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503 150 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА