Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01483

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01241 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Г,

Хариуцагч “Д” ХХК, П.Г нарт холбогдох,

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Г, өмгөөлөгч Б.Оюунбилэг, П.Сарантуяа,

Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний эхнэр Ш.Долгор маань 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан. Ийнхүү нас барахаас нь өмнө түүний охин н.Түвшингийн нөхөр, хүргэн П.Г бидэнтэй ирж уулзаад “Надад мөнгөний хэрэг байна, байраа барьцаанд тавихыг зөвшөөрч өгөөч, би 6 сар ашиглаад л байрыг чинь зээлнээс чөлөөлж өгнө” гэсэн тул бид хоёр ярилцаад зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.Г-од байр барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай өгсөн. Хэрэв П.Г бидний байрыг 6 буюу түүнээс урт хугацаагаар зээлэнд тавихыг хүссэн бол бид зөвшөөрөхгүй байх байсан. Гэтэл хүргэн П.Г нь “Д” ББСБ-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу итгэмжлэлийн хугацаа дуусахад 9 хоног дутуу байхад 55 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, байрыг минь барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулж зээл авсан. Ингээд П.Г хугацаа нь дуусч байгаа итгэмжлэлээр зээл авсан атлаа авсан зээлээсээ огт эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрээд байгаа нь миний өмчлөх эрх хөндөгдөхөд хүрээд байна.

Мөн П.Г-ын зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа эхнэр Ш.Долгор нас барсан бөгөөд тухайн үед хөгшин маань өнгөрөх нь тодорхой болсон байхад мөн итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгааг төлөөлөгч П.Г, “Д” ББСБ аль аль нь мэдсэн атлаа байрыг минь барьцаалан зээл олгосонд гомдолтой байна. Иймд П.ГИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнын миний өмчлөлийн байрыг барьцаалж зээл авсан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 дугаар П.Г болон “Д” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 55 дугаар байрны 58 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

            Хариуцагч “Д” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь өөрийн хүргэн П.Г-од үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг өгсөн болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байх тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 6 сарын хугацаатай олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна. Уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхад П.Г нь “Д” ХХК-иас авсан 55 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж зааснаар итгэмжлэлийн хүчин төгөлдөр байх хугацаанд орон сууцыг барьцаанд тавьсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд анхнаасаа ямар нэгэн байдлаар тухайн байрыг завшья, хадам аавыг хуурч мэхлээд байрыг нь барьцаанд тавих зорилгогүй байсан. Би анх талийгаач хадам эх Ш.Долгор болон хадам аав Г.Ггээс тэдний орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг авсан. Миний бие барилгын бизнес эрхэлдэг бөгөөд яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул “Дархан нэхий ББСБ” ХХК-иас 55 000 000 төгрөгийн зээлийг авч, барьцаанд нь маргааны зүйл болох хадмуудын байрыг тэднээс надад өгсөн итгэмжлэлийн дагуу барьцаалсан нь үнэн. Шүүхээс учрыг нь олж шийдвэр гаргах байх, миний хувьд яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч П.Г, “Д” ХХК-иудад холбогдох, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Г.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 503 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Г, Ш.Долгор нар П.Г-од орон сууцаа барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай олгосон. Гэтэл П.Г нь уг итгэмжлэлийн хугацаа дуусахаас 9 хоногийн өмнө “Д” ХХК-тай барьцааны гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Хэдийгээр талууд зээл болон барьцааны гэрээгээ 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэж огноолсон боловч тус гэрээнд дарагдсан нотариатын дардас, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, дансны гүйлгээ үлдэгдэл хуулга, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт гэрээ гэх баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийн хугацаа дуусахыг П.Г болон “Д” ХХК хоёулаа мэдсээр байж гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээ байгуулагдсанаас хойш 1 хоногийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл олгосон төлөөлүүлэгч Ш.Долгор нас барсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

            Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 109 дүгээр зүйлийн 109.2, 128 дугаар зүйлийн 128.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр хүчин төгөлдөр болдог. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 00152515 тоот барьцааны гэрээ нь гэрээ байгуулсан өдрөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар 2015 оны 11 дүгээр сарын 20цны өдөр бүртгэгдсэн байна. Хариуцагч Д-аас гаргаж өгсөн баримтаар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт гэрээг сунгах хугацаа 146 сар 12 өдөр, энэ хугацаанд барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр байхаар харилцан тохиролцон П.Г, Д нар байгуулсан. Уг гэрээг байгуулах үедээ Г.Г-гийн зөвшөөрлийг аваагүй, түүнд мэдэгдэлгүй, хүчин төгөлдөр гэрээнийхээ хугацааг сунган гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл байрыг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа нь хууль бус үйлдэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г хариуцагч П.Г-од холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эсэргүүцээгүй боловч Г.Г, Ш.Долгор нарын байрыг завших, хуурч мэхлэх замаар барьцаанд тавих зорилго байгаагүй гэж тайлбарлажээ.

Г.Г, Ш.Долгор нар нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “Д” ББСБ-ын зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг П.Г-од олгосон итгэмжлэлийг 6 сарын хугацаатай олгосон нь хэрэгт баримтаар авагдсан байна.

Улмаар П.Г нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Д” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 55 000 000 төгрөгийг зээлэн, дээрх итгэмжлэлийг үндэслэн Г.Г, Ш.Долгор нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаа болгосон барьцааны гэрээ байгуулжээ.

Гэрээ байгуулагдсанаас 1 хоногийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл олгосон барьцааны зүйлийн өмчлөгч Ш.Долгор нас барсан, /хх-11/ зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй, төлөөлүүлэгч нас барсныг төлөөлөгч мэдээгүй байх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т заасан үндэслэлээр төлөөлөл энэ өдрөөр дуусгавар болно.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардах ба энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогддог. Төлөөлөгч П.Г нь хуулийн дээрх шаардлагын дагуу барьцааны гэрээг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь /хх-74/ итгэмжлэл хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсноос хойш байх тул  барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. 

Анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох үндэслэл байхгүй, тодруулбал, энэ үед барьцааны зөвшөөрөл олгосон этгээд нас барж, төлөөлөл дуусгавар болсныг анхаараагүй нь буруу байна.

Иймд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт нийцэх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

Харин итгэмжлэлийг 6 сараар олгохдоо төлөөлүүлэгч нар уг хугацааг зөвшөөрч тогтоосон, төлөөлөгчийг хуурч мэхэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдоогүй тул итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч П.Г-оос 432 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 503 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

         А.ОТГОНЦЭЦЭГ