Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр,  тоотод оршин суух, Боржигин овогт Гомбын Гэндэн /РД:/-гийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, бага тойруу гудамж,  дугаар байр,  тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Ганболд /РД: чж/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Нэхий плаза төв,   тоотод оршин байх, “Дэвжих нэхий ББСБ” ХХК /РД:/-д холбогдох,

  

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /0128/, хариуцагч П.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Гэндэн одоо 86 настай. Миний гэр бүлийн хүн болох Ш.Долгор бид хоёр 40 гаруй жил хамтран амьдарсан. Хань Ш.Долгор бид хоёр хэн алины маань хоёр дахь амьдрал байсан бөгөөд хамтран амьдарч эхлэхдээ би өмнөх бурхан болсон эхнэрээсээ гарсан 6 хүүхэдтэйгээ Ш.Долгорсүрэнгийн хамт амьдралаа эхлүүлж байлаа. Цаг хугацааны эрхээр эхнэр Ш.Долгор маань 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан. Ийнхүү нас барахаас нь өмнө  түүний охин н.Түвшингийн нөхөр, хүргэн П.Ганболд бидэнтэй ирж уулзаад “Надад мөнгөний хэрэг байна, байраа барьцаанд тавихыг зөвшөөрч өгөөч, би 6 сар ашиглаад л байрыг чинь зээлнээс чөлөөлж өгнө” гэсэн тул бид хоёр ярилцаад зөвшөөрч бид 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүргэн болох П.Ганболдод байр барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай өгсөн болно. Хэрэв П.Ганболд бидний байрыг 6 буюу түүнээс урт хугацаагаар зээлэнд тавихыг хүссэн бол бид зөвшөөрөхгүй байх байсан. Гэтэл хүргэн П.Ганболд нь “Дэвжих нэхий” ББСБ-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу итгэмжлэлийн хугацаа дуусахад 9 хоног дутуу байхад 55,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ, байрыг минь барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулж зээл авсан байна. Ингээд П.Ганболд хугацаа нь дуусч байгаа итгэмжлэлээр зээл авсан атлаа авсан зээлээсээ огт эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрээд байгаа нь миний өмчлөх эрх хөндөгдөхөд хүрээд байна. Мөн П.Ганболдын зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа эхнэр Ш.Долгор нас барсан бөгөөд тухайн үед хөгшин маань өнгөрөх нь тодорхой болсон байхад мөн итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгааг төлөөлөгч П.Ганболд, “Дэвжих нэхий” ББСБ аль аль нь мэдсэн атлаа байрыг минь барьцаалан зээл олгосонд би гомдолтой байна. Иймд П.Ганболдын миний өмчлөлийн байрыг барьцаалж зээл авсан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00152515 дугаар П.Ганболд болон “Дэвжих нэхий ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 55 дугаар байрны 58 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Г.Гэндэн одоо 86 настай, миний гэр бүлийн хүн болох Ш.Долгор бид хоёр 40 гаруй жил хамтран амьдарсан. Хань ижил Ш.Долгор бид хоёрын хэн хэний маань хоер дахь амьдрал байсан бөгөөд хамтран амьдарч эхлэхдээ би өмнөх бурхан болсон эхнэрээс гарсан 7 хүүхэдтэй, Ш.Долгор маань 6 хүүхэдтэй нийт 13 хүүхэдтэйгээ хамтдаа амьдралаа эхлүүлж байлаа. Цаг хугацааны эрхээр эхнэр Ш.Долгор маань 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан юм. Ийнхүү нас барахаас нь өмнө түүний охин н.Түвшингийн нөхөр, хүргэн П.Ганболд бидэнтэй ирж уулзаад “Надад мөнгөний хэрэг байна, байраа барьцаанд тавихыг зөвшөөрч өгөөч, би 6 сар ашиглаад л байрыг чинь зээлнээс чөлөөлж өгнө” гэсэн тул бид 2 ярилцаад “за 6 сар хэрэглээд өгье гэж байгаа юм чинь зөвшөөрье” гээд зөвшөөрч бид 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүргэн болох П.Ганболдод “байр барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл”-ийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай өгсөн. Хэрэв П.Ганболд бидний байрыг 6 буюу үүнээс урт хугацаагаар зээлэнд тавихыг хүссэн бол бид зөвшөөрөхгүй байсан. Гэтэл хүргэн П.Ганболд “Дэвжих нэхий” ББСБ-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу итгэмжлэлийн хугацаа дуусахад 9 хоног дутуу байхад 55,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий, 6 сарын хугацаатай  “Зээлийн гэрээ” болон байрыг минь барьцаалсан “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж зээл авсан байна. Ингээд П.Ганболд хугацаа нь дуусаж байгаа итгэмжлэлээр зээл авсан атлаа авсан зээлээсээ огт эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрээд байгаа нь миний өмчлөх эрх хөндөгдөхөд хүрээд байна. Мөн П.Ганболдыг зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаас хойш ердөө 1 хоногийн дараа эхнэр Ш.Долгор нас барсан бөгөөд тухайн үед хөгшин маань өнгөрөх нь тодорхой болсон байхад мөн итгэмжлэлийн хугацаа нь дуусч байгааг П.Ганболд, “Дэвжих нэхий” ББСБ аль аль нь мэдсэн атлаа байрыг минь барьцаалан зээл олгосон би гомдолтой байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.Ганболдолд олгосон итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан учир итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч П.Ганболд болон “Дэвжих нэхий” ББСБ-д хандаж тэдний хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Г.Гэндэнгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, төмөр замын 55 дугаар байрны 58 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Улмаар хариуцагч П.Ганболдод холбогдуулж нэхэмжлэгч Г.Гэндэн болон түүний талийгаач эхнэр Ш.Долгор нараас өөрийн хүргэн П.Ганболдод 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан.

Хариуцагч П.Ганболд болон “Дэвжих нэхий” ББСБ нь нэхэмжлэгчээс өгсөн итгэмжлэлийн хугацаа дуусахад ердөө 9 хоногийн хугацаа үлдсэн байхад барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Угаасаа итгэмжлэл дээр 6 сарын хугацаанд л орон сууцыг бусдад барьцаалахыг зөвшөөрсөн байгаа. Гэтэл ердөө хугацаа дуусахад 9 хоног дутуу байхад барьцааны гэрээг байгуулж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.  Мөн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй. Уг хэлцэл нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдийг зөрчсөн. Учир нь Г.Гэндэн болон Ш.Долгор нарын нүдний хараа муу учир итгэмжлэлийг сайн уншихгүйгээр гарын үсгүүдээ зурж, П.Ганболдод хууран мэхлэгдсэн. П.Ганболд нь зөвхөн 6 сарын хугацаанд л итгэмжлэлийг ашиглана гэж нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн.  Уг итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд ашиглахаар нэхэмжлэгч тодорхой заасан. Гэтэл П.Ганболд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар буюу 3 жилээс илүү хугацаагаар итгэмжлэлийг ашиглан зээл авсан, үүнийгээ дуусгаагүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэлцэл юм.  П.Ганболд нь өмнө нь хоёр удаа орон сууц барьцаалах зөвшөөрөл бүхий итгэмжлэлийг авч байсан учраас хоёр хөгшин итгээд л П.Ганболдод өөрсдийн орон сууцыг барьцаалах итгэмжлэл олгосон байдаг. Нэхэмжлэгч Г.Гэндэн нь П.Ганболдод удаа дараа зээлийг төлөх болон байрыг барьцаанаас чөлөөлөх тухай шаардлага тавьсан боловч Ганболд нь уг байрыг чөлөөлж өгөлгүй өнөөг хүрсэн. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Дэвшиж нэхий ББСБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Гэндэн нь өөрийн хүргэн П.Ганболдод үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг өгсөн болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан байх тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 6 сарын хугацаатай олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна. Уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байхад П.Ганболд нь “Дэвжих нэхий ББСБ” ХХК-иас авсан 55,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй иггэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж зааснаар итгэмжлэлийн хүчин төгөлдөр байх хугацаанд орон сууцыг барьцаанд тавьсан нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон боловч Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдийн аль зүйлд нь заасан ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Маргаан бүхий барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүргэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Дээрх байдлаас үзэхэд хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан ба барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Дэвшиж нэхий ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2, 64.2.3, 64.2.4, 64.2.5-д заасны Ганболдод олгосон итгэмжлэлийн хувьд бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангасан байна гэж үзсэний үндсэнд манай байгууллага хуулийн дагуу ажиллаж, зээл олгосон. Итгэмжлэлийн хугацаа дуусаагүй буюу 9 хоног дутуу байсан бөгөөд уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр байна гэж үзэж манай байгууллага зээлийг олгосон. Манай байгууллагаас иргэн П.Ганболдтой хуйвалдаж, ямар нэгэн хууль бус зүйл хийсэн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль ёсны итгэмжлэлийн дагуу зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан гэжээ.

 

Хариуцагч П.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд анхнаасаа ямар нэгэн байдлаар тухайн байрыг завшъя, хадам аавыг хуурч мэхлээд байрыг нь барьцаанд тавих зорилго, бодол байхгүй. Г.Гэндэн нь миний төрсөн эцгээс ялгаа байхгүй хүн. Миний хувьд өмнөх хурлаас гараад “Дархан нэхий ББСБ” ХХК-тай ярилцсан бөгөөд би хадам аавынхаа байрыг буцааж өгөхөөр төлөвлөж байгаа. Миний өөрийн оршин суудаг байр маань өөр бас нэг зээлээс удахгүй чөлөөлөгдөж байгаа. Уг байраа “Дархан нэхий ББСБ” ХХК-тай ярилцаж барьцаанд тавьж,  хадам аав Г.Гэндэнгийн байрыг барьцаанаас суллаж өгнө. Би анх талийгаач хадам эх Ш.Долгор болон хадам аав Г.Гэндэнгээс тэдний орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг авсан. Миний бие барилгын бизнес эрхэлдэг бөгөөд яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул “Дархан нэхий ББСБ” ХХК-иас 55,000,000 төгрөгийн зээлийг авч, барьцаанд нь маргааны зүйл болох хадмуудын байрыг тэднээс надад өгсөн итгэмжлэлийн дагуу барьцаалсан нь үнэн. Шүүхээс учрыг нь олж шийдвэр гаргах байх, миний хувьд яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Гэндэн болон Ш.Долгор нар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд “Дэвжих нэхий” ББСБ-ын зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг П.Ганболдод итгэмжлэн олгожээ /хх 7, 76 хуудас/.

 

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр П.Ганболд нь “Дэвжих нэхий” ББСБ-тай №00152515 тоот зээлийн гэрээ байгуулж 55,000,000 төгрөгийг сарын 3.90 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авчээ. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон мөн өдрөө №00152515 тоот барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна /хх 72-76 хуудас/.

 

Нэхэмжлэгч Г.Гэндэн нь хариуцагч “Дэвжих нэхий” ББСБ болон П.Ганболд нарт холбогдуулж 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр П.Ганболд болон “Дэвжих нэхий” ББСБ-уудын хооронд хийгдсэн №00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан /хх 1 хуудас/.

 

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Ганболдод холбогдуулж 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 55 дугаар байрны 58 тоот 27.2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Дэвжих нэхий” ББСБ-ын зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар өөрийн шаардлагыг ихэсгэжээ /хх 37, 38 хуудас/.  

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн “барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай шаардлагын үндэслэлийг “...П.Ганболд болон банк бус санхүүгийн байгууллагууд нь итгэмжлэлийн хугацаа дуусахад ердөө 9 хоногийн хугацаа үлдсэн байхад барьцааны гэрээг 6 сараар байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн” гэж, 

харин 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагын үндэслэлээ “...П.Ганболд нь 6 сараар олгосон итгэмжлэлийн хугацааг дуусахаас ердөө 9 хоногийн өмнө барьцааны гэрээг байгуулахаар ашигласан”, “...Г.Гэндэн болон Ш.Долгор нарын нүдний хараа муу учир итгэмжлэлийг сайн уншихгүйгээр гарын үсгүүдээ зурсан, мөн П.Ганболд нь зөвхөн 6 сарын хугацаанд л итгэмжлэлийг ашиглана гэж нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг заасан.

 

Мөн аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хамгаалдаг бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй болохыг уг хуулийн заалтаар зохицуулжээ. 

 

Нэхэмжлэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагуудыг хангах боломжгүй байна.

 

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл буюу талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байхаас гадна уг итгэмжлэлийг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Дээрх итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд П.Ганболдын “Дэвжих нэхий” ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №00152515 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Нэгэнт П.Ганболд итгэмжлэлийн хугацаа дуусахаас өмнө барьцааны гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийн “...итгэмжлэлийн хугацаа дуусахаас 9 хоногийн өмнө барьцааны гэрээг байгуулсан нь хуульд нийцээгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгчийн зүгээс “...П.Ганболдод өмнө нь хоёр удаа зээл авахад нь тусалж орон сууцыг бусдад барьцаалах итгэмжлэл өгч байсан учир түүнд итгээд итгэмжлэл хийж өгсөн” гэх тайлбарыг өгсөн. Энэхүү тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч П.Ганболд, “Дэвжих нэхий ББСБ” ХХК-иудад холбогдох, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №00152515 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Г.Гэндэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 503,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                

     

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                            Н.ХАНГАЛ