Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01428

 

 "Н ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаар шийдвэр,

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалтай,                                                                  “Н ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

        Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97,500,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “Н ” ХХК нь 2015.12.01-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай гүний цооног өрөмдөх СУД-01/15 тоот гэрээг байгуулсан. Орос Улсын Сибирийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгаагаар Эрдэнэбулган сумын ойролцоо гүний цооногийг 450 метр өрөмдсөнөөр 60 градусын халуун ус гарах магадлалтай гэсэн. Үүний дагуу гүний цооногийг 450 метр өрөмдсөнөөр 60 градусын халуун ус гарах юм бол аймгийн төвийг халуун усаар хангана гэж үзээд 2014 онд зарласан тендерт “Н ” ХХК оролцсон. Аймгийн Засаг даргын 2015.12.01-ний өдрийн а/468 тоот захирамжаар энэ ажлыг гүйцэтгүүлэхээр “Н ” ХХК-тай 131,000,000 төгрөгийн гэрээ байгуулахыг Хөгжлийн бодлогын хэлтэс /Д.Оюунчимэг/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Гүрсүрэн/, Байгаль орчин, аялал зуучлалын газар /С.Сарантуяа/ нарт үүрэг болгосон. Энэ захирамжийн дагуу “Н ” ХХК-тай гэрээ байгуулсан. “Н ” ХХК нь анх тендерт оролцохдоо 140,000,000 төгрөгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэхэд аймгийн Засаг дарга 131,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэ гэсэн. “Н ” компани 2016.01.01-2016.01.16-ны өдрийг хүртэлх хугацаанд 180 метр гүн цооног өрөмдсөн. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс болж техник ажиллахаа больсон. Тэгэхээр нь гэрээнд хяналт тавьж ажиллаж байсан усны мэргэжилтэн  Н.Чимэгбаярт байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж техник ажиллах боломжгүй байна, гэрээгээ сунгах шаардлагатай байна гэж хэлсэн. Усны мэргэжилтэн Н.Чимэгбаяр газар дээр нь ирж үзээд ерөнхий инженер Ж.Баярсайханд гэрээ сунгахыг зөвшөөрч 2016.01.16-2016.03.08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээг зогсоосон. “Н ” ХХК нь 2016.03.08-ны өдрөөс ажлаа үргэлжлүүлэхдээ 2016.01.01-2016.01.16-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 54,000,000 төгрөгийг авъя гэхэд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар мөнгө өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар мөнгөө өгөөгүй учраас “Н ” ХХК нь бараа материал татах мөнгөгүй болж ажлаа зогсоосон. 2016.03.22-ны өдөр “Н ” ХХК-ийн дансанд 54,430,294 төгрөгийг гүнийн дулааны эх үүсвэрт төрийн сангаас шилжүүлсэн. “Н ” ХХК нь энэ мөнгөөр бэлтгэл ажлаа хангаж 2016.04.01-ний өдрөөс дахиж ажилдаа орсон. Ажлаа үргэлжлүүлэн гэрээнд заасан үндсэн үүрэг болох 450 метр гүн цооногийг ухахад 15 градусын халуун ус гарсан. Үүнийг Архангай аймгийн Засаг дарга болон тэнд ажиллаж байсан бүх бүрэлдэхүүн мэдсэн. Түүнээс хойш захиалагчийн зүгээс хийлгэсэн ажлын хөлсөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. “Н ” ХХК нь гэрээнд заасан хугацааны календарийн хоногоор 2015.12.01-2016.06.16-ны өдрийг хүртэлх 130 хоногоос 123 хоногт нь багтааж ажлаа гүйцэтгэсэн. Иймд гэрээний төсвийн нийт 131,000,000 төгрөгөөс урьдчилгаа 70,000,000 төгрөгийг хасч төлөгдөөгүй үлдэгдэл 61,000,000 төгрөг, алданги 30,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг, бүгд 97,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээг анх байгуулахад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зураагүй, Засаг дарга нь Тамгын газрын төсвийг зарцуулдагтай маргахгүй. Аймгийн Засаг дарга гэрээ байгуул гэсэн байдаг гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч “Н ” ХХК нь Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй 2015 оны 12 сарын 01-ний өдрийн СУД-01/15 дугаартай Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажлын гэрээг байгуулсан байдаг. Гэрээ ёсоор “Н ” ХХК нь ажлын гүйцэтгэлийг захиалагчид 2016.04.10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч 2016.06.16-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хийж захиалагч талд шилжүүлсэн бол санхүүжилтийг тухайн үед нь гаргуулан авах боломжтой байсан. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүйн улмаас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээгээр тохирсон санхүүжилтийг олгоогүй байна. Монгол Улсын хэмжээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийн зардал нь 2018 оны төсөвт тусгагдаагүй байх тул 97,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын гүний дулааныг судлахад үе шаттайгаар актаар санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа. Гэрээний 6 дугаар зүйлийн санхүүжүүлэх журамд 70 хувийг гүйцэтгэлээр, 30 хувийг актаар хүлээлцсэнээр санхүүжүүлнэ гэж заасан. 2017 оны орон нутгийн санд 61,000,000 төгрөгийн санхүүжилт суугдаж, 16,500,000 төгрөг хасагдсан. Энэ мөнгийг авахын тулд улсын комиссын актыг өгөх ёстой байсан. Гэтэл энэ актаа өгөөгүй учраас манайх санхүүжүүлэх боломжгүй байсан. Аймгийн Засаг даргын шийдвэрээр Тамгын газрын төсөв зарцуулагддаг гэжээ.                              Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 97,500,000 төгрөг гаргуулах тухай “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 91,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 615,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэннадмидын хяналтын журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 129/ШШ2018/00198 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 15 дугаар магадлалыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Н ” ХХК нь аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй 2015 оны 12 сарын 01-ний өдөр СУД-01/15 дугаар “Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажил”-ын гэрээг байгуулсан байдаг. Гэрээ ёсоор “Н ” ХХК нь ажлын гүйцэтгэлийг захиалагчид 2016 оны 04 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч ажлын гүйцэтгэлийг 2016 оны 06 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хийж, захиалагч талд шилжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс уг хэргийн хариуцагчийг аймгийн Засаг даргын Тамгын газар биш гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсээр байтал Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь гэрээний дагуу хариуцагч мөн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн 2016 оны 10 сараас 2018 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг тус аймгийн Засаг даргын Тамгын газар гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 232.6-д зааснаар алданги тооцож шийдвэрлэсэн нь бодит байдалд үнэлэлт өгч, хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтад дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул хэргийг хянаж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Монгол Улсын хэмжээнд төсвийн хэмнэлтэд шилжсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

“Н ” ХХК Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хөлсний үлдэгдэл 61,000,000.00 төгрөг, алданги 30,500,000.00 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 6,000,000.00 төгрөг, нийт 97,500,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг захиалагч талд шилжүүлээгүйгээс Тамгын газраас санхүүжилт олгоогүй, төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбоотойгоор энэ зардал нь 2018 оны төсөвт тусгагдаагүй”  гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар   “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 91,500,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 тоот “Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажил”-ын гэрээг захиалагч Архангай аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “Н ” ХХК-ийн захирал тус тус баталсан гэрээ хэрэгт авагдсан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэл, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарсан нэмэлт зардлыг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчсөн байна. 

Хэрэгт авагдсан гэрээний 1.3-д “Нэг талаас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар /цаашид захиалагч гэх/, нөгөө талаас “Н ” ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/ нар Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажлыг 2015.12.01-2016.04.10 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож” гэрээнд захиалагчийг тодорхой заасан байхад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцагч биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.

Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаа хэтрүүлж ажлыг гүйцэтгэсэн боловч цаг агаарын эрс хүйтрэлтийн улмаас талууд актаар 2016.01.16-2016.03.08-ны өдрийг хүртэл ажлыг түр зогсоохоор тохиролцсон бөгөөд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь ажил гүйцэтгэгчээс шалтгаалаагүй байх тул хугацаа хэтэрсэн явдалд ажил гүйцэтгэгчийг буруугүй гэж үзэх баримт хэрэгт авагджээ.

Иймээс нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон хугацаанд үүрэг гүйцэтгээгүйгээс Тамгын газраас санхүүжилтийг олгоогүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар “Н ” ХХК-ийг ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэсэн боловч ажлын үр дүнг 2016.10.14-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй тул Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний дагуу ажлын хөлсний дутуу 61,000,000.00 төгрөгийг гаргуулах,  гэрээний 5.1-д заасны дагуу алданги 30,500,000.00 төгрөг, нийт 91,500,000.00 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлс 6,000,000.00 төгрөгийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН