Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/06565/И |
Дугаар | 001/ХТ2018/01451 |
Огноо | 2018-10-19 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2018/01451
“Ш ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалтай,
“Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“О ” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 482,191,298.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани “О ” ХХК-тай 2015 оны 3 сард Баян-Өлгий аймагт 14569Х тоот хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлыг хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид гэрээнд заагдсан ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөн, тооцоо нийлсэн ба нийт төлбөр болох 3,938,561 юаниас 2,436,000 юанийг цувуулан авч, үлдэгдэл 1,502,561 юанийг хариуцагч тал одоо болтол төлөхгүй өдий хүрлээ. Гэрээний дагуу гарсан бусад зардлууд болох 5 ажилтны хөдөлмөрийн виз болон 2 хүний бизнес визний төлбөрт 3890 юань, таслагч машиныг авчрах тээврийн зардалд 950 юань нийлээд 4840 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн юанийн ханш болох 317,7 төгрөгт шилжүүлж 1,537,668 төгрөг, мөн үүн дээр 2 ширхэг Монгол гэр болон шланк, насосны нийт 3,290,000 төгрөгийг нэмж, бүгд 4,827,668 төгрөг шаардсаныг хариуцагч тал маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар гаргах шаардлагагүй байх. Харин талуудын хооронд байгуулагдсан Өрөмдлөгийн ажлын гэрээний дагуу нэхэмжлэгч тал хэдийгээр 5493 метр өрөмдлөг хийсэн боловч захиалагч талын эрх бүхий этгээдийн хүлээж авахдаа тодорхойлсон 5166 метрээр тооцож, үүнийг гэрээнд заасны дагуу нэг метрийг 751 юаниар үржүүлэхэд 3,879,666 юаниас 2,336,000 юанийн төлөлт хийсэн. Ингээд үлдэгдэл 1,443,666 юанийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 4,827,668 төгрөгийн бусад зардлыг болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлага ажлын хөлсөнд төлсөн зарим төлөлтийг дутуу тооцсоноос илүү нэхэмжилсэн байсан 18,710,942 төгрөгийг нэхэмжлэлээс хасч багасгаж байна. Хариуцагчийн зүгээс ажлын үр дүнг хүлээж авч үйлдсэн гар бичмэлийг эс зөвшөөрч, уг баримтыг шаардлага хангахгүй гэж тайлбарлан, тооцоо нийлж гэрээ дүгнээгүй учир 5166 метр хэмжээтэй ажил хийгдээгүй, хичнээн төгрөгийн үлдэгдэлтэйг нарийн тооцсон баримтгүй гэж маргаж байна. Гэтэл тооцоо нийлж гэрээг дүгнээгүй учир төлбөр төлөхгүй гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн хайгуулын талбайд 5000 метр өрөмдлөгийн ажил хийнэ гэсэн ч өрөмдлөгийн ажлыг гэрээний А тал болох “О ” ХХК-ийн инженерүүдийн хяналтан дор явуулж байсан. Нэг цооногт 100 м яваад зогсоно гэсэн тогтсон заавар байхгүй. Харин нэг цооногт хэдий хэмжээний гүн явахыг захиалагч А тал л мэднэ. Б тал харин А талаас өгсөн зааварчилгааны дагуу өрөмдлөгийн ажлаа хариуцан ажиллаж байгаа болохоос биш тэдэн метр яваад тийм зүйл гарч ирнэ, одоо болно, болоогүй гэх асуудлыг дур мэдэн шийдвэрлэх боломжгүй, ийм нарийн асуудлыг огт мэдэхгүй. Хэдийгээр гар бичмэлийг үндэслэж 5166 метрээр тооцсон боловч, манай талаас баримтаар гаргаж өгсөн 24 ширхэг өрмийн ажлын дэвтрүүдээр нийт 5493 метр өрөмдлөгийн ажил хийсэн байгаа. Гэтэл бид энэ хэмжээгээр биш, өөрсдийнх нь бичиж өгсөн 5166 метрээр тооцсон байдаг. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчсөн гэж үзвэл, өөрөөр хэлбэл 5000 метр явахаар гэрээнд тохирсон боловч 3173 метр явсан гэж үзсэн бол “О ” ХХК нь гэрээнээс татгалзах, гомдлын шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл гэрээг дүгнээгүй учир үлдэгдэл төлбөр өгөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Бүхэл бүтэн 4 ширхэг өрмийн машин авч очоод, 50-60 хүн ажилласан байгаа. Мөн хариуцагчийн төлөөлөгч М.Дэлгэр гэдэг хүн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөөд хувааж төлөх санал гаргасан байсан. Гомдлын шаардлага гаргаагүй учраас гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзнэ гэж хуульчлаад өгсөн. Хариуцагчийн зүгээс ажлыг хүлээж аваад, цааш нь эрх бүхий байгууллагад тайлагнаад яваад байгаагаараа энэ ажлыг хүлээж авсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийг төлбөрөө дангаар юаниар төлдөг байсан гэж мэдүүлдэг. Харин Монгол төгрөгөөр төлсөн гэх 3 баримтуудыг НӨАТ-ын падаан бичиж өгөх зорилгоор өгсөн гэж ярьдаг. Ингэж бичүүлж авчихаад төлбөрөөс хасч тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Дансаар 2,091,000 юань шилжүүлсэн гэдэгтэй маргахгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бид “Ш ” ХХК-тай 2015 оны 03 сарын 10-ны өдөр өрөмдлөгийн ажлын гэрээ байгуулсан ба тухайн жилд зөвхөн гэрээний 1.1-д заасан 14569Х талбайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. 14569Х талбайд ашигтай гүйцэтгэсэн өрмийн нийт ажлын хэмжээг манай талаас ажиллаж байсан БНХАУ-ын геологич нэхэмжлэгч талд тодорхойлж өгсөн байгаа. Зарим цооног нурснаас болж ашиггүй цооног болж үнийн тооцоонд орохгүй байгаа. Ажлын хэмжээг тодорхойлсон баримт манай талд байхгүй учир нэхэмжлэгч тал гаргаж өгнө үү. Ашигтай өрөмдсөн ажлын хэмжээг гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр тооцоо хийхийг манай тал хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны байдлаар манай талаас нэхэмжлэгч талд нийт 2,086,000 юань, 171,950,000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2015 оны 08 сарын 18-нд “Ш ” ХХК-ийн захирал Ши Хай Шань тооцоо нийлж, нийт 1,786,000 юань авсан гэж гарын үсэг зурсан байгаа. 2015 оны 08 сарын 27-ны 100,000 юань, 08 сарын 29-ний өдрийн 200,000 юань болон Монгол төгрөгөөр төлсөн 171,950,000 төгрөг тооцоонд ороогүй. Ашигтай ажлын хэмжээг тодорхойлж гэрээнд заасан нэгж үнийн дагуу гаргасан нийт ажлын хөлснөөс төлөгдсөн тооцоог хасч, үлдэгдлийг эдийн засгийн хямралаас болж төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэлд бичигдсэн 3,290,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлөгдөөгүй төлбөрөөс 2016 оны 12 сарын 30-ны дотор 30 хувийг, 2017 оны 6 сард 30 хувийг, 2017 оны 12 сард 40 хувийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу гарсан бусад зардлыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар болон гэрээтэй холбоотой маргахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь 5166 метрийн цооногийг өрөмдөөгүй. Харин 3173.29 метр цооногийг өрөмдсөн. Гэрээ дүгнэсэн гээд байгаа гар бичмэл баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Гэрээг байгуулахдаа хоёр талын төлөөлөгчид хэн аль нь байлцаад, тамга тэмдгээ дараад хийсэн байдаг. Хариуцагч талаас 2,636,151 юань төлсөн. Юаниар 2,086,000, Монгол төгрөгөөр төлсөн нь нийт 550,151 юань болж байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 250,919 юань илүү төлсөн байна. Гэрээний дагуу ганц газар өрөмдлөг хийгдээгүй, маш олон газар хийгдсэн. Цооног өрөмдөөд, хүссэн үр дүндээ хүрээд дараагийн цооног руу орох байдлаар хийгдэж явж байгаад өрөмдлөгийн ажил дууссан. Нэхэмжлэгч талд шаардах эрх үүсч байгаа гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч хуульд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал өнөөдөр уулын орой дээр гараад Фанг Еи Донг гэдэг хүнтэй гэрээгээ дүгнэсэн гэж яриад байдаг. Гэтэл энэ гэрээг дүгнэхэд анх гэрээ хийгдэхэд байсан төлөөлөх эрхтэй хүнтэй хийж дүгнэх ёстой байхад “О ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, энэ компанитай тусдаа гэрээ байгуулаад тоног төхөөрөмж, бусад ажил хариуцаж байсан хүнийг оруулж ирээд гарын үсэг зуруулчихаад үүнийгээ гэрээг дүгнэсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн заавал захиалагч тал гэрээг дүгнэж ажлын үр дүнг хүлээж авч байж шаардах эрх үүснэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл цооног тус бүрийг тухай бүрт нь өрөмдсөн гэдгийг дүгнэсэн зүйл байхгүй. Дансаар нийт 2,091,000 юань шилжүүлсэн гэдэгтэй маргахгүй гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О ” ХХК-иас 358,697,495 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 104,782,861 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,568,906 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,951,437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалын гэрээний төлбөрийн үлдэгдэлд 353,869,827 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хянахдаа ИХШХШТХ-ийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин мөн хуулийн 7, 37.2, 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 351.3 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд 2015.03.10-ны өдөр байгуулагдсан “Өрөмдлөгийн ажлын гэрээ”-г дүгнэсэн баримтгүй, мөн гэрээнд заагдсан хугацаа нь 2015.04.15-ны өдрөөс 2015.07.30-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар заагдсан гэрээг талуудаас сунгасан, нэмэлт өөрчлөлт хийсэн баримтгүй, хэдий хүртэл хугацаанд цааш гэрээг үргэлжлүүлэн сунгасан нь тодорхойгүй, өрөмдлөгийн ажил яг хэдийд дууссан болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс өрөмдлөгийн ажлын цооногийг хэмжиж хариуцагч талд хүлээлгэн өгсөн баримтгүй байхад нэхэмжлэгч талын ажлын үр дүнг хүлээн авсан гэсэн тайлбарыг нь үндэслэн хэдийгээр ажлын үр дүнг хүлээлцсэн баримтгүй ч гэрээний дүн болох 5000 метр цооног өрөмдсөнөөр тооцох боломжтой гэх утга бүхий дүгнэлт хийн шийдвэрээ гаргасан нь илт хууль бус гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсөн нотлох баримтын шаардлага хангасан, эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газраар баталгаажсан 14569Х тоот хайгуулын талбайд хийсэн ажлын тайланг нотлох баримтаар үнэлэхдээ буруу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Ашигт малтмалын газраас “О ” ХХК-ийн цаасан тайлан ирүүлээгүйтэй холбоотойгоор шүүхэд хандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 14569Х лицензийн талаарх нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтийг хангасан захирамж гарган Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн 2017.04.18-ны өдөр № 1\1132 дугаартай албан тоотын хариуд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2017.05.05-ны өдрийн №2\1383 дугаартай албан тоотын хавсралтад “уулын ажлын өрөмдлөг далд нэвтрэлт 3172.9 куб метр” гэсэн баримтыг огт үнэлэлгүй орхигдуулж нэхэмжэгч талын хүсэлтээр ИХШХШТХ-ийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй, ямар шалтгааны улмаас үнэлэх боломжгүй тухайд магадлалдаа зааж өгөөгүй байна.
ИХШХШТХ-ийн 37.2 дах хэсэгт заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд шүүхэд гэрчээр асуугдсан Б.Энх-Амгалан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас асуусан асуултанд “энэ тайланг гаргахдаа Баян-Өлгий аймгийн талбай дээр 2 удаа очсон...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуултанд “..Баян-Өлгий аймгийн талбай дээр 2015 оны 6 сард эхний удаа, 2015 оны 10 сарын дундуур очсон, 2015 оны 10 сарын дундуур очиход 18 ширхэг цооног байсан...”О ” ХХК-ийн нягтлан нь өгсөн баримт өөрийн нь гаргасан тайлантай яг таарч байсан...” гэх шүүх хурлын тэмдэглэлийн 12-13-р талд авагдсан мэдүүлгийг огт үнэлээгүй орхигдуулсан атлаа мөн шүүх хуралд гэрчээр асуугдсан Ши Хайсан, Жан Ру Фу нар нь “...өрөмдлөгийн талбай дээр байгаагүй... хариуцдаг хүн байдаг...24 ширхэг цооног өрөмдсөн...25 ширхэг цооног өрөмдсөн 1 цооног хүчингүй болсон...цооног хүлээлцсэнийг нотлох баримт байхгүй...өрмийн ажлыг хянадаггүй ажилчдын хоол байрыг хариуцдаг байсан, би гэрээний талаар хариуцдаггүй зөвхөн ажилчдыг л хариуцдаг байсан, нэг цооногийг хэдэн метр өрөмдсөн талаар захиалагч тал өөрсдөө үздэг багажтай байсан... ” гэж мэдүүлсэн байхад давж заалдах шатны шүүх “.... мэдүүлэг зэргийг үндэслэн шүүх өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг талуудын гэрээгээр тохирсон 5000 метрээр тооцож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь илтэд зөрүүтэй мэдүүлгүүдийн нэг хэсэг мэдүүлгийг нь үнэн зөв мэдүүлэг гэж юугаар тогтоосон болох нь тодорхойгүй, илт үндэслэлгүй үнэлэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх нь “...Харин ИХШХШТХ-ийн 42-р зүйлд зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад тооцогдох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дэлгэр 2016.09.08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ашигтай өрөмдсөн ажлын хэмжээг гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр тооцоо хийхийг манай тал хүлээн зөвшөөрч байгаа болон төлөгдөөгүй төлбөрийг зохих хуваарийн дагуу төлж барагдуулна гэсэн байгаагаас нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилтай холбоотой шаардлага гаргаж маргаагүй, дутуу ажлын хөлсийг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай байна” гэж дүгнэжээ. Гэтэл ИХШХШТХ-ийн 35 дугаар зүйлд хуулийн этгээдээс олгох итгэмжлэл, мөн хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлын талаар заасан, энэ заалтад нийцүүлэн “О ” ХХК нь М.Дэлгэрийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилж, М.Дэлгэр нь шүүхэд тайлбар хүргүүлсэн мэт харагдах боловч ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичигтэй холбоотойгоор анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх огт анхаараагүй, энэ талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичиг мэддэг эсэх нь эргэлзээтэй БНХАУ-ын иргэн М.Дэлигээрт мөн л Монгол хэл бичиг мэддэг эсэх нь эргэлзээтэй БНХАУ-ын иргэн “О ” ХХК-ийн захирал гэх Фанг Ёо Хинг итгэмжлэл олгож, БНХАУ-ын иргэн М.Дэлигээр нь шүүхэд өөрийн төрөлх хятад хэл дээр гаргасан тайлбараа ИХШХШТХ-ийн 7.4 дэх хэсэгт зааснаар албан ёсны орчуулгатайгаар хүргүүлэх үүрэгтэйгээр хууль тогтоогч хуульчилж өгсөн, энэ хуулийг шүүхийн тамгын газрын ажилтан шүүгчийн туслах биелүүлэх үүрэгтэй, шүүгч хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөтлөн явуулж буй шүүгчийн туслахын ажилд хяналт тавих үүрэгтэй байснаа биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Түүгээр ч тогтохгүй анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийг баримтлан БНХАУ-ын иргэн М.Дэлигээрийг шүүхэд дуудан ирүүлж албан ёсны орчуулагчтайгаар нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах үүрэгтэй байснаа биелүүлээгүй, энэ талаар баримтгүй байхад Монгол хэл бичиг мэддэг эсэх нь эргэлзээтэй БНХАУ-ын иргэн М.Дэлигээрийн Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийг нь хуулбарлан хавсаргаж нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан баримтыг үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн баримтыг давж заалдах шатны шүүх хянаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх хуулиар олгогдоогүй этгээдийн гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Нөгөө талаар хэдийгээр “Ш ” ХХК болон “О ” ХХК-иуд нь Монгол Улсын хуулийн этгээдийн хувьд албан бичиг хэрэг хөтлөлтөө Монгол хэл дээр явуулах нь зүйтэй боловч “О ” ХХК-ийн захирал Фанг Ёо Хинг болон нэхэмжлэгч “Ш " ХХК-ийн захирал Ши Хай Ши нар нь БНХАУ-ын иргэд, тэдгээрийн хэн аль нь Монгол хэл, бичиг мэддэг эсэх талаар баримтгүй байхад анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийг зөрчин Монгол хэл дээр бичигдсэн нэхэмжлэл, шүүхэд өгөгдсөн өмгөөлөгч авах тухай хүсэлт зэрэг нь хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулагдсан баримт бус харин Монгол хэлнээс хятад хэл рүү орчуулагдсан баримг байгааг анхаарахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн, ИХШХШТХ-ийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргах үүрэгтэй байснаа зөрчин иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн, мөн нэгэнт иргэний хэрэг үүссэний дараагаар нэхэмжлэгч тал нь итгэмжлэгдсэн төлөөлөч томилохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн хүрэлцэн ирэхгүй байхад ИХШХШТХ-ийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2016.10.13-ны өдрөөс эхлэн 2017.10.02-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр удаа дараа хурал товлон хуралдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж ирсэн байна. Анхан шатны шүүх нь талуудын хооронд 2015.03.10-ны өдөр байгуулагдан 2015.04.15-ны өдрөөс 2015.07.30-ны өдөр хүртэл хугацаанд өрөмдлөгийн ажил хийхээр тохиролцон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэжээ.
Гэтэл 2018.02.05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг болон өмнөх удаа дараа хойшлогдож байсан шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хандан хүсэлт гарган гэрчээр асуулгасан этгээдүүд бүгд өөр хоорондоо зөрүүтэй 2015 оны 10 сарыг гартал өрөмдлөгийн ажил үргэлжилсэн гэж мэдүүлсэн боловч харин яг хэдний өдөр ажил дуусгавар болж, хэн гэх хариуцагч талын этгээдэд ажлыг хүлээлгэн өгсөн тухайд тодорхой ИХШХШТХ-ийн 37.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан мэдүүлгийг өгөөгүй тул нэхэмжлэгч талаас асуугдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай байсан болно. ИХШХШТХ-ийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох боловч асуугдсан гэрчүүд нь гэрээний үр дүнг хүлээлгэн өгсөн талаарх мэдүүлгийг огт өгөөгүй, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэйгээр өгөгдсөн тул дээрх мэдүүлгүүд нь ИХШХШТХ-ийн 37.2 дах хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болж чадахгүй юм. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээнд заасан хугацаандаа ажлыг хүлээлгэн өгсөн тухайд үйлдэгдсэн ямар ч баримт хэрэгт авагдаагүй, ажлын үр дүнг хүлээн авахыг шаардсан боловч татгалзсан талаарх ямар ч баримт хэрэгт мөн авагдаагүй, нэхэмжлэгч тал хэдий хэмжээтэй цооног өрөмдсөн, яг хэзээ ажлаа дуусгавар болгосон нь ч яг таг нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад хариуцагчийг Иргэний хуулийн 351.2 дах хэсэгт 44 захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу “Ш ” ХХК-ийн гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлыг бүрэн хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй” гэж үзсэн нь хууль бус нэхэмжлэгч талд илт үйлчилсэн гэж үзэхэд хүргэж байна.
Иргэний хуулийн 343.2 дах хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд Иргэний хуулийн 346.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч өрөмдсөн цооног тус бүрийн хэмжээгээр үр дүнг хүлээлгэн өгч, харин хариуцагч зохих хөлсийг тухай бүрд нь төлөх нь хуульд нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл, “Ш ” ХХК нь ганцхан ширхэг цооногийг 5493 метр өрөмдөх ажил гүйцэтгээгүй, тайлбартаа 24 цооног өрөмдсөн гэх боловч энэ тухайгаа нотлох баримтгүйгээс гадна хариуцагч “О ” ХХК нь нэхэмжлэгч ”Ш ” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хугацаанд маргаан бүхий 14569Х хайгуулын талбайд хийсэн хайгуулын ажлын тайлангаа хийж гүйцэтгэн Ашигт Малтмалын газарт албан ёсоор хүлээлгэн өгч албажуулсан байх ба энэ тайлангаар хариуцагч нь 5000 метр, 5493 метр биш харин 3173 метр өрөмдсөн болох нь тогтоогдсоор байтал, мөн талууд ажлын үр дүн бий болоогүй гэж маргаагүй боловч энэ үр дүн нь хэдий хэмжээтэй, мөн гүйцэтгэгч нь зохих ёсоор үүргийн гүйцэтгэлээ албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тал дээр л хариуцагч маргасан тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг ИХШХШТХ-ийн 25.2.2, мөн хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлохыг шаардах үүрэгтэй байсан бөгөөд хэрвээ нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлож чадахгүй бол нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байсан, шүүх энэ үүргээ биелүүлээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийн хувьд хариуцагч талаас ажлын үр дүнг хүлээн аваагүй, хүлээн авахаас татгалзсан тухай баримтгүй байхад ажлын үр дүнг хүлээн авсан гэж шүүх дүгнэхэд учир дутагдалтайгаас гадна нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 350.1.2 дах хэсэгт зааснаар гүйцэтгэвэл зохих ажил болох ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биечлэн гүйцэтгээгүй байгааг анхаарахгүйгээр хариуцагчийг 5000 метр өрөмдлөгийн ажил хийсэн үр дүнг хүлээн авсан гэж дүгнэсэн нь илт хууль бус юм. Иргэний хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр хуульчлагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээ чухам хэн гэх хариуцагч талын этгээдэд хүлээлгэн өгснөө нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд хариуцагчаас үлдсэн ажил болох 1483 метрийн ажлын хөлс 1,113,849 юань буюу 353,869,827 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь хариуцагч “О ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон бусад зардал гэж 1,507,401.00 юань, 3,290,000.00 төгрөг, нийт 482,191,298.00 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хөлсний үлдэгдлээс 18,710,942.00 төгрөгийг хасч, 463,480,356 төгрөг болгон багасгажээ.
Хариуцагч “О ” ХХК нь гэрээний төлбөр бүрэн хийгдсэн тул үлдэгдэл байхгүй гэж маргаад, бусад зардлаас 4,840.00 юань, 3,290,000.00 төгрөг, нийт 4,827,668.00 төгрөгийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Өрөмдлөгийн ажлын гэрээ”-гээр нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймагт байрлах 14569Х, 13443Х, 12881Х тоот хайгуулын талбайд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн, хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, цооногийн гүн 0-500м бол 1 метрийг 751 юань, 500-800 метр бол 939 юаниар тооцох, мөн өрмийн нийт хэмжээ 4000 метрээс дээш хүрээгүй бол хүрээгүй хэсгийн метр тутмын үнэ 75 ам.доллараар тооцож төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцжээ.
Зохигчид дээрх гэрээнд заасан 13443Х, 12881Х тоот хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлын талаар бус харин 14569Х тоот хайгуулын талбайд хийсэн 5000 метр өрөмдлөгийн ажлын хэмжээ, төлбөрийн талаар маргажээ.
Нэхэмжлэгч нь нийт 5000 метр өрөмдлөгийн ажил хийхээр гэрээгээр тохиролцсон боловч 5493 метр хэмжээтэй өрөмдлөг хийсэн, ингэхдээ захиалагч талыг төлөөлөн ажил хүлээн авсан этгээдийн гар бичмэлийг үндэслэн нийт 5166 метрээр ажлын үр дүнг тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.
Хариуцагч “...гар бичмэлийг үйлдсэн этгээд нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй, Монгол Улсад ажиллах эрхийн хугацаа нь дууссан тул дээрх бичмэлээр гэрээг дүгнэсэн байх боломжгүй, түүнчлэн өрөмдлөгийн ажил нийт 3173.29 метр хийгдсэн гэж 2015 оны хайгуулын ажлын тайланд тусгагдсан, энэ хэмжээнд гэрээний төлбөр хийгдсэн” тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэл болгож шүүхэд ирүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Өрмийн ангийн шинэ зам тавьсан ажлын тайлбар” гэх хятад хэл дээр бичсэн гар бичмэлийг үйлдсэн хүн Fang Yi Dong бус, харин Fang Yi Zhong гэсэн байх бөгөөд тэрээр хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу хайгуулын талбайд хяналт тавин ажиллаж байсан геологич болох нь тогтоогдоогүй байх тул энэ баримтыг талуудын “ажил хүлээлцсэн акт” гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна./Ixx-161,168/
Ашигт малтмал, газрын тосны газраас “О ” ХХК-ийн Баян-Өлгий аймагт байх 14569Х тоот ордын 2015 оны тайлан гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу тус газраас хариуцагч компанийг XV-014569 тоот хайгуулын зөвшөөрөлтэй холбоотой 2015 оны тайлангаа цаасаар ирүүлээгүй гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож шүүхэд гаргасан “...2015 онд буюу 7 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан” гэсэн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ./Ixx-148,153,VIxx-18-235/
Түүнчлэн, дээрх тайланг гаргасан гэх Б.Энх-Амгалан шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө маргаан бүхий асуудалд зөрүүтэй хариулт гаргасан байх тул “тайланд дурдагдсан 3173.29 метрийн өрөмдлөгийн ажил хийгдсэн” гэсэн хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий юм. /VII-86,87/
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дэлгэр /Deligeer/-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт “...ашигтай өрөмдсөн ажлын хэмжээг гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр тооцоо хийхийг манай тал хүлээн зөвшөөрч, төлөгдөөгүй төлбөрийг зохих хуваарийн дагуу төлж барагдуулна” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд маргаагүй, ажлын дутуу хөлсийг төлөхийг зөвшөөрсөн агуулгатай байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 42 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг 5493 метр гэж тайлбарлаж, 24 цооног өрөмдсөн гар бичмэл бүхий тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн, тухайн өрөмдлөгийн ажлыг хариуцан гүйцэтгэсэн Ши Хайсан /Shi Haisan/, Жан Ру Фун /Jiang Run Fu/ нарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн, анхан шатны шүүх өрөмдлөгийн ажлын нийт хэмжээг талуудын гэрээгээр тохиролцсон 5000 метрээр тооцож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хариуцагч нь 3517 метр өрөмдлөгийн ажлын хөлс нийт 2,641,151.00 юанийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэн, гэрээнд заасан 5000 метрийн өрөмдлөгийн ажлын төлбөр 3,755,000.00 юанаас хариуцагчийн төлснийг хасч, үлдэгдэл төлбөр 1,113,849.00 юань буюу 353,869,827.00 төгрөг, мөн бусад зардалд 4,827,668.00 төгрөг, нийт 358,697,495.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1094 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 1,927,300.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН