Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0132/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Т.Батжаргал, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Иргэдийн төлөөлөгч М.Мөнхзул

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч О.У-, Д.Ү-, Т.Э-,М.И-, Д.С-

Хохирогч Д.Сгийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,

Хохирогч Т.Э-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Хохирогч Д.Ү-гийн өмгөөлөгч Н.Төгсбаяр,

Хохирогч О.У-ын өмгөөлөгч Н.Баттунсаг,

Иргэний нэхэмжлэгч К- банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг,

Иргэний нэхэмжлэгч А- банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг,

Шүүгдэгч Б.С өмгөөлөгч Ж.Туяа, А.Мөнхбат, 

Шүүгдэгч Л.Н гийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Л.Н , Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Б.Б.С , Л.Н  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000349 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1979 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр Дархан-уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, ээж, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Б овгийн Б.С,

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 01 дугаар сарын 19-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалын эмч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Л.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С, Л.Н  нарт итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийн залилан онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Б.С гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь зээлийг эргүүлэн төлөх бодит боломжгүй атлаа, өмнөх өрөө төлөх зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдөр иргэн О.У-аас “цалингийн зээлээ чөлөөлж банкны зээлд хамрагдаад мөнгийг чинь 4 хоногийн хугацаатай, өдрийн 1,5 хувийн хүүтэй буцаагаад өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16,500,000 төгрөгийг залилан авч өмнөх зээлээ төлсөн болох нь:

 

О.У-, Б.С нарын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтасны 93/,

 

Б.С Х- банкны 4823 дугаартай зээлийн гэрээний хуулбар, мөн Г- банк дахь зээлийн үлдэгдэл, төлбөрийн график /1 дүгээр хавтасны 146-152/,

 

Б.С мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө нь Улаанбаатар Төмөр замын, замын 1 дүгээр ангид мөнгөний нярав хийдэг байсан. Дээрхи албан тушаалд ажиллаж байхдаа М- гэж хүнээс нийт 10,300,000 төгрөг зээлээд түүнээс зээлсэн мөнгийг өгч чадахгүй болохоор байгууллагын мөнгөнөөс 3,850,000 төгрөг аваад М-д өгч өрөө дарж байсан юм. Тэгээд би дээрхи асуудлаас болж цагдаагийн байгууллагаар шалгагдаад миний албан тушаалыг өөрчлөх болсон. Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг барагдуул гэж үүрэг болгож байгууллагын зүгээс надад 7 хоногийн хугацаа өгсөн. Би түүний дагуу зүс таних У- гэж хүнтэй уулзаад нөхөр бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байгаа, цалингийн зээлээ чөлөөлж Х- банкнаас 36 сарын хугацаатай зээлд хамрагдана гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 11,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай өдрийн 1,5 хувийн хүүтэй зээлж авч байсан. Тухайн мөнгөнөөс 3,850,000 төгрөгийг байгууллагынхаа хохирлыг барагдуулах гэж өгсөн, үлдэгдэл мөнгийг нь М- гэж хүнд өгөх ёстой байсан өрнөдөө өгөөд дуусгасан. Ингээд би У-аас зээлсэн мөнгийг 4 хоногийн хугацаанд нь төлж чадаагүй, У- надаас мөнгөө нэхээд байсан учир У- бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Би тухайн үед У-аас 16,500,000 төгрөгийг зээлэхдээ бичгээр баталгаа хийгээд өгч байсан юм. Тухайн зээлийн гэрээнд У- бид хоёр миний У-аас зээлсэн мөнгийг төлөх хугацаа тогтоосон, У-ын мөнгийг одоо хүртэл төлж чадахгүй яваад байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 131, 2-р хавтасны 151 дугаар хуудас/,

 

Хохирогч О.У-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.С тэй багадаа сургуульд нэг ангид сурч байсан болохоор мэддэг, түүнээс бид найзууд биш. Б.С нь 2016 оны 01 дүгээр сарын 15-нд ломбардад утсаа тавьчхаад явсан. Удалгүй над дээр ирээд би Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангид мөнгөний нярав хийж байгаа, нөхрийнхөө хамт 1 байгууллагад ажилладаг. Саяхан Х- банк урамшуулал зарласан байна. Цалингийн зээлээ хаагаад Х- банкны урамшуулалтай зээлд хамрагдах гэсэн юм. Нөхөр бид хоёр байгууллагаасаа зээл авсан, зээлийн үлдэгдэл 16,480,000 төгрөг байна гээд банкны бичиг надад үзүүлсэн. Тухайн үед надад 1,500,000 төгрөг байсан. Б.С  надруу байн байн залгаад мөнгө чинь юу болсон бэ гээд асуугаад байхаар нь би А- гэж найзаасаа 15 сая төгрөг зээлж аваад Б.С т 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 11,500,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5 сая төгрөгийг бэлнээр нийт 16,500,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, өдрийн 1,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.С  надаас 11,500,000 төгрөгийг аваад намайг хүлээлгийн танхимд үлдээгээд өөрөө Г- банкны эдийн засагч руу ороод цалингийн зээлийнхээ тал мөнгийг нь өгчихлөө гэж гарч ирсэн. Тухайн үед би Б.С ийн хажууд нь байгаагүй учир надаас авсан мөнгөөрөө цалингийнхаа зээлийг хаачихлаа гэж бодож байсан. Гэтэл зээлээ хаагаагүй байсан. Би 15,000,000 төгрөгийг найзаасаа 6 хувийн хүүтэй авсан байсан бөгөөд надаас нэхэхэд нь би хүнд өгсөн чинь алга болчихлоо, гэхдээ би авсан юм чинь хариуцаж төлнө гэж хэлсэн. Хэдхэн хоногийн хугацаатай зээлж авчхаад алга болчихоор нь нотариат орж гэрээ байгуулсан. Намайг зээлсэн мөнгөө байн байн нэхэхэд учир байдлаа хэлдэг байсан. Би хувиасаа 4 удаа 900,000 төгрөгийг зээлд төлсөн, ...Иймд Б.Б.С ээс үндсэн зээл болох 16,500,000 төгрөг, хувиасаа зээлд төлсөн 3,600,000 төгрөг, нийт 20,100,000 төгрөгийг нэхэмжилж байна, би өөрөө найзаасаа авсан мөнгөө төлчихсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.А-ын ”...Би У- гэж эмэгтэйтэй найз нөхдийн харилцаа холбоотой. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр У- намайг 15,000,000 төгрөг зээлэх үү? гэхээр нь би түүнд дээрх мөнгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлж байсан юм. У- надаас зээлсэн мөнгөний хүү гэж сар болгон 900,000 төгрөг төлж явж байсан. 15,000,000 төгрөг зээлснээс хойш 4 сарын хугацаанд 3,600,000 төгрөг төлсөн. Ингээд түүнээс хойш У- надад  надаас зээлсэн мөнгийг хүнд зээлүүлээд алдчихлаа цаашид хүү төлөх боломжгүй болчихлоо гэж учир байдлаа хэлсэн. Би нөхцөл байдлыг нь ойлгоод У-ад зээлсэн мөнгөний хүүгээ зогсоосон” гэх мэдүүлэг /1-р хавтасны 132 дугаар хуудас/, болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Б.С Д.Э-ын 21.0 мкв орон сууцны өмчлөх эрхийг залилан 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Д.Э-ын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг шүүгдэгч хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж хохирогч М.И-аас зээлсэн 15 сая төгрөгийн барьцаа болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг М.И-ы нэр дээр шилжүүлснээр хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд бодит хохирол учраагүй байна.

 

Бодит байдал дээр тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр хийсэн, болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуульд заасан тул өмчлөх эрхийн гэрчилгээ нь бусдад хууль бус хэлцлийн үндсэн дээр өөрсдийнх нь зөвшөөрөлгүй бусдын нэр дээр шилжсэнийг мэдээгүй байсан өмчлөгч нар нь эрхээ шүүхэд нэхэмжлэл гарган сэргээлгэх боломжтой юм.

 

Өмчлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн цогц ба дээрх бүх хугацаанд өмчлөгч нар орон сууцаа амьдарч эзэмшиж, ашиглаж байсан байна.

 

 Өмчлөх эрхийн гэрчилгээ бусдын нэр дээр шилжсэнээр захиран зарцуулах эрхээ алдах бодит нөхцөл байдал үүсээгүй байх тул Д.Б.С ийг “бусдын орон сууц өмчлөх эрх”-ийг хуурч, залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үйлдэлд Э- “илт хууль бус хэлцлийг нотариатч баталсан” хэрэгт шалгагдаж байгаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2015 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Д.Э-ын 21.0 мкв орон сууцны өмчлөх эрхийг залилан 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин хууль зөрчин нотариатчтай хуйвалдан өмчлөгч нарын гарын үсгийг дуурайлган зурсан итгэмжлэлээ ашиглаж улсын бүртгэлд бүртгүүлж авсан өмчлөх эрхийн гэрчилгээгээ Д.И-д үзүүлж, эрхийн зөрчилтэй гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа, худалдах худалдан авах гэрээ хийж, зээлсэн мөнгөө эргүүлж төлж чадахгүй тохиолдолд төлөх баталгаа болгож, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.И-аас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 15 сая төгрөг авсан болох нь:

 

Д.Э-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: ”...Би өөрийн төрсөн 2 хүү болох М-, М- нарын хамтаар Дархан сумын Өргөө баг, 22 дугаар хороолол Төмөр замын 16 дугаар байрны 15 тоотод байх 21.0 мкв талбайтай 1 өрөө сууцны хамтран өмчлөгчөөр явдаг юм. Манайх тухайн байранд 1982 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Одоо тухайн байранд миний бие, төрсөн хүү М-гийн эхнэр М-, ач хүү Мөнхжин нарын хамт оршин суудаг. Одоогоос 2 жилийн өмнө байсан санагдаж байна миний том хүү М-ийн эхнэр Б.С  ипотекийн зээлэнд хамрагдах гэсэн тэгээд эцэг, эхийнхээ орон сууцыг тавьж болдог гэхээр нь би бэр Б.С т зөвшөөрөөд өөрийн байрны гэрчилгээгээ өгч байсан юм. Тэгээд би түүнээс хойш би 1 жилийн дараа Б.С ээс байрны гэрчилгээ юу болсон юм бэ? Гэрчилгээ аваад ир гэхэд тэрээр надад – М- бид хоёр цалингийн өндөр зээлтэй учир ипотекийн зээлд хамрагдаж болохгүй юм шиг байна гэж байсан. Тэгэхээр нь би түүнийг наад хөөцөлдөөд байгаа юм чинь болохгүй бол байрны гэрчилгээ аваад ир гэхэд тэрээр надад “ээж би байрны гэрчилгээг ажлынхаа сейф дотор хадгалаад байж байгаа” гэж хэлсэн, тэгэхээр би тайвшраад Б.С т итгээд, байрны гэрчилгээгээ мартсан байсан. 2016 оны 02 дугаар сард байсан санагдаж байна, би тухайн үед аавынхаа гэрт түр амьдарч байсан юм, тухайн үед манай гэрт бэр М-, хүүгийнхээ хамт амьдарч байсан. Намайг аавынхаа гэрт байж байхад бэр М- над руу залгаад ээж та гэрт хүрээд ирээч, манай байр зарагдсан гээд хүн ирлээ гэж хэлсэн, би тэр даруй гэртээ яваад очиход манай бэр тухайн хүнийг гараад явчихлаа гэж байсан. Би бэрээсээ юун хүн юм бэ? Чи тухайн хүний Х-а ажилладаг, юу хийдэг талаар асуухгүй яасан юм бэ? гэхэд манай бэр надад тухайн хүний Х-а ажилладаг, нэр усыг нь асуугаагүй, Б.С  надад танай байрыг зарсан гэж хэллээ гэсэн. Тэгэхээр нь би Б.С  юу гэж манай байрыг зардаг юм бэ? Байрны гэрчилгээ миний нэр, 2 хүүгийн нэр дээр байгаа юм чинь хэзээ ч зарагдахгүй, байрны гэрчилгээ Б.С ийн ажлын сейф дотор байгаа гэж бэрдээ хэлсэн. Тэгээд би түүний дараа том хүү М- рүү залгаад гаднаас хүн ирээд манай байрыг танай эхнэр надад зарсан гээд явж байна гэж хэлэхэд манай том хүү надад юу гэж манай байр зарагдах юм? Эхнэр маань тэглээ ч манай байрыг зарахгүй гэж байсан. Дараа нь би Б.С  рүү залгаад манай гэрт хүн ирээд манай байрыг чамайг тухайн хүнд зарсан гээд явж байна гэхэд тэрээр надад үгүй ээжээ тийм юм байхгүй, байрны гэрчилгээ манай ажил дээр байгаа гээд манай байрны гэрчилгээг Б.С  надад аваад ирсэн. Тэгээд би тайвшраад мартсан байсан. Тэгсэн чинь саяхан буюу 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр дахин нөгөө хүн манай гэрт ирлээ гээд манай бэр надад утсаар хэлэхээр нь би бэрээсээ тухайн хүний ажлын байрны газар, нэр усыг нь мэдсэн. Дархан сумын 5 дугаар багт байрлах 20/4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Си Энд Чи” нэртэй ломбард ажлуулдаг И- гэж залуу байсан. Тэгээд би түүнээс юу болоод байгаа юм бэ? Чи яагаад манай байрыг авдаг юм гэж асуухад  “танай бэр Б.С  надад байрыг чинь 2015 оны 02 дугаар сард 15,000,000 сая төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг л эвгүй болчихлоо, байрны гэрчилгээгээ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст очоод шалгуулья гээд тус хэлтсийн дарга Ч- гэж хүнд хандаад шалгуулахад 2015 оны 02 дугаар сард манай байрыг Б.С  өөрийнхөө нэр дээр болгоод зарсан байсан нь тогтоогдсон. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм /1-р хавтасны 9-10-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.И-ы ”.... Миний зүс таних Б.С  гэж эмэгтэй 2015 оны 02 дугаар сард байсан санагдаж байна. Намайг ажил дээрээ байж байхад надтай ирж уулзаад наймаа хийх гэж байгаа талаараа надад хэлсэн. Гэхдээ яг ямар наймаа хийх гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд Б.С  барьцаанд нь өөрийнхөө эзэмшлийн Дархан сумын Өргөө баг, 22 дугаар хороолол, Төмөр замын 16 дугаар байрны 15 тоотод байх 1 өрөө орон сууцаа барьцаанд тавиад 15,000,000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан. Би түүнд манай ломбард байр барьцаанд авдаггүй гэж хэлэхэд тэрээр надад би 2 сарын дотор мөнгийг чинь төлөөд буцаагаад байраа авъя гэсэн. Тэгэхээр нь би түүнд зөвшөөрөөд Б.С ийг байрныхаа өр ширгүй гэсэн холбогдох баримтыг аваад ир гэсэн, Б.С  байрныхаа холбогдох лавлагааг авчраад надад үзүүлэхээр нь Б.С ийн хамт нотариат орж, тус байрыг нь би Б.С тэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд аймгийн үл хөдлөх газар дээр очиж Б.С ийн эзэмшлийн гэх байрыг өөрийн нэр дээрээ гэрчилгээ захиалаад Б.С т 15,000,000 төгрөг зээлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 12, 3 дугаар хавтасны 174 дугаар хуудас 4 дугаар хавтасны 136 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...”Одоо Б.Б.С ээс 1,800,000 авах ёстой. Ордер нь одоо миний нэр дээр биш Б.С ийн нэр дээр хэвээрээ байгаа. Иймд би 1,800,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.М-ийн ”...Би нотариатч И.Э-ын хамтран өмчлөгчөөр нэмж оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл, 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлүүдэд өөрийн гарын үсгийг огт зураагүй. Дээрх хэлцэл дээр зурсан гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. /1 дүгээр хавтасны 13 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

И.Э-ын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 2 дугаар сард байсан санагдаж байна. Б.С  гэж эмэгтэй надтай ирж уулзаад Банк бус санхүүгийн байгууллагаас хадмынхаа өмчлөлийн Дархан сумын Өргөө баг 22 дугаар хороололд байрлах Төмөр замын 16 дугаар байрны 15 тоотын 1 өрөө орон сууцыг хадамтайгаа хамтарч барьцаалж зээл авах гэсэн юм. Тэгээд би дээрхи байрны гэрчилгээн дээр хамтран өмчлөгчөөр нэмүүлээд ир гэж байна гэсэн. Тухайн үед тэр байр М-, Э-, М- гэж хүний өмч байсан юм. Б.С ээс эдгээр хүмүүс Х-а байгааг асуухад хадам ээж цэцэрлэгт ажилладаг тул гарах завгүй, нөхөр М- төмөр замд ажилладаг, хөдөө томилолтоор явж байгаа, хадам дүү М- Улаанбаатар хотод байдаг гэж байсан, ...Улсын бүртгэлийн С.Ч- дарга дуудаж уулзаад “Та Дархан сумын Өргөө баг Төмөр замын 16 дугаар байрны 15 тоотод байх 1 өрөө сууцтай холбоотой хэлцлийг хийсэн эсэх талаар асуухад би түүнд хийсэн гэдэг тайлбар өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай “...2015.02.04-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2015.02.02-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл дээрх гарын үсэг нь Д.Э-, Э.М- нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б.С ийн:”...Би 2015 оны 02 дугаар сард Цээгий гэж дууддаг эгчээс 15,000,000 төгрөг зээлж байсан юм. Цээгий эгчээс мөнгө зээлээд удаагүй байж байсан чинь Цээгий эгч АНУ-руу явахаар боллоо надаас зээлдүүлсэн мөнгөө яаралтай авья гээд нэхээд байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир банк бус санхүүгийн байгууллагатай уулзахад заавал барьцаа хөрөнгө хэрэгтэй гэж байсан. Надад барьцаа хөрөнгө байхгүй байсан учир хадмынхаа Төмөр замын 16 дугаар байранд байдаг 1 өрөө байрыг барьцаанд тавиад үзье гэж бодоод Мөнгөн хөөс авто угаалгын газрын хажууд үйл ажиллагаа явуулдаг Э- гэж нотариатчтай уулзаад хадам ээж Э-, хадам дүү М-, нөхөр М- нарын нэр дээр байдаг 1 өрөө байрыг барьцаанд тавьж мөнгө зээлэх боломж байдаг юм уу гэж асуухад тэрээр надад “дээрх гурван хүн өөрсдөө байж мөн гарын үсэг зурж байж зээл авах эрх үүсдэг, мөн чи энэ байрыг барьцаанд тавьж зээл авах гэж байгаа бол чиний нэр байрны гэрчилгээн дээр хамт байх ёстой гэж байсан. Тэгээд Э- нотариатч “намайг дээрх гурван хүнийг дагуулаад ирвэл чиний нэрийг оруулаад хамтран эзэмшигчээр оруулж болно” гэсэн. Би Э-од “манай хадам ээж Улаанбаатар хотод ажилтай явж байгаа, хадам дүү М- Солонгос Улс руу явсан, нөхөр М- хөдөө ажилтай явж байгаа дээрх хүмүүс энд ирэх боломж байхгүй. Та миний нэрийг байрны гэрчилгээнд оруулаад өгөөч” гэж түүнээс гуйсан” гэх мэдүүлэг, /1-р хавтасны 47-р хуудас/,

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, 16 дугаар байрны 15 тоотод Б.С хамтран өмчлөгчөөр нэмэх, мөн Д.Э-, Э.М-, Э.М- нарыг хасуулах тухай хэлцлүүд /1 дүгээр хавтасны 29-30/,

 

Шүүгдэгч Б.Б.С , түүний нөхөр Э.М- нар 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Х- банкнаас 19,500,000 төгрөгний зээл авсан, мөн Б.С нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Х- банкинд 15 сая төгрөгний зээлтэй, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г- банкинд 12 сая төгрөгний зээлтэй байсан тухай лавлагаа /1 дүгээр хавтасны 33-35, 146-150, 152 дугаар хуудас/,

 

М.И-, Б.С нарын  хооронд байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орлогын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар хувь /1 дүгээр хавтасны 56-58, 84/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Б.С О.У-аас 16,500,000 төгрөг, М.И-аас 15,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан 2 удаагийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах боловч 2017 оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар “залилах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Б.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний буюу 31,500,000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

 

Б.Б.С т холбогдох хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Б.С нь М.И-аас 15,000,000 төгрөг залилан авсан ба М.И- шүүхийн хэлэлцүүлэгт “Одоо Б.Б.С ээс 1,800,000 авах ёстой. Ордер нь одоо миний нэр дээр биш Б.С ийн нэр дээр хэвээрээ байгаа. Иймд би 1,800,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Шүүгдэгч Б.С дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, уг төлбөрийг төлнө гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс 1,800,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Д.Э-, Э.М-, Э.М- нар нь хууль бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн өмчлөх эрхээ иргэний нэхэмжлэл гарган сэргээлгэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч О.У- үндсэн зээл болох 16,500,000 төгрөг, хувиасаа зээлийн хүүд Б.А-т төлсөн гэх 3,600,000 төгрөг, нийт 20,100,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Б.С энэ талаар маргаагүй, нэхэмжлэлийн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө, шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч 200,000 төгрөг төлсөн байх тул уг төлбөрийг хасаж шүүгдэгчээс 19,900,000 төгрөг гаргуулж хохирогч О.У-ад олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Н гийн гэм буруугийн талаар:

 

  1. Шүүгдэгч Л.Н  нь Д.Э-тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Төмөр замын 16 дугаар байрны 126 тоотын 2 өрөө орон сууцыг уг байрны өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч Х.Т-, Т.Э- нарыг байхгүй байхад орон сууц худалдах худалдан авах хэлцэл байгуулах эрхийг нотариатч Л.Э-ыг гуйж, хууль бус итгэмжлэлээр Д.Э-т олгож, Д.Э- Т.Э-тай уг итгэмжлэлийн дагуу орон сууц, худалдах худалдан авах гэрээ  байгуулж, хууль бус гэрээний үндсэн дээр гаргуулсан өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан иргэн Т.Э-гаар “А-” банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, 30 сая төгрөг зээлүүлж уг мөнгөнөөс 19,280,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар буцаагаад төлөх бүрэн бололцоотой мэтээр итгүүлж, төөрөгдөлд оруулж, бичиг баримт ашиглан залилсан болох нь:

 

Л.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2014 оны 07 сард би Э-тай уулзхад Э- надад байрны ордер барьцаалж мөнгө зээлмээр байна гэсэн. Тэгэхээр нь би хүний нэр дээр байгаа ордер барьцаалж би мөнгө зээлэхгүй гэж хэлсэн. Ингээд 2 хоногийн дараа  буюу 2014 оны 08 дугаар  сарын 01-ний өдөр байхаа/ би өдрийг нь санахгүй байна/ Э- бид хоёр айлд тааралдахад Э- Э- эгч өөрийнхөө нэр дээр ордероо болгоно гэж байна зээл авья гэсэн юм. Тэгэхээр нь би хувь хүнээс 10 сая төгрөгийн л зээл олдоно шүү дээ, тэгж байхаар банкнаас их хэмжээний зээл авья гэж Э- бид хоёр ярилцсан бөгөөд Э- хэлэхдээ одоо бол ордер нь Э- эгчид байгаа нэр дээр нь болгоод чамд хэлье гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа Э- намайг Э- нотариатч дээр хүрээд ир гэж дуудсан. Намайг нотариатч дээр яваад очиход гадаа нь Э- эгч зогсож дотор нь Э- байсан, намайг нотариат руу яваад ороход  Э- нотариат чи юу хийж яваа юм бэ гэж надаас асуусан, бид нар нийлж зээл авах гэж байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би нэг ч гарын үсэг зураагүй гараад явсан. Ингээд тэр оройноо Гантуяатай пиво ууж сууж байгаад Э-, Э- хоёр  Э- нотариатоор ороод Э- руу итгэмжлэл хийгээд орж Э-гийн нэр дээр болохоор болсон. Э- ахад худалдаж, худалдан авах талаар хэлээд өгөөч тэгэх юм бол найз нь зээл авах гээд байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э- ах дээр очоод Э-аас Э- руу худалдаж худалдан авах гэрээ хийлгээд Улсын бүртгэл дээр Гантуяад мартериалаа аваачиж өгөөд Э-гийн нэр дээр гэрчилгээ гарсан.  Гэрчилгээ гарч байх хооронд би  А- банкны эдийн засагч Г-тай уулзаад төмөр замын 2 өрөө байр барьцаалаад 20 сая төгрөгний зээл авах гэсэн юм. Э-, Э- бид гурав хамт яваад Э-г сарын 1,500,000 төгрөгний орлоготой мэтээр хар дэвтэр би бүрдүүлэн бүрдүүлээд А- банкнаас 30 сая төгрөгний зээл Э-гаар авхуулсан. Би 30 сая төгрөгний 19,280,000 төгрөгийг аваад Э- 10,500,000  төгрөг авсан. Сарын төлбөр 1,800,000 төгрөгний төлөлтийн 1,200,000 төгрөгийг нь би төлөөд 600,0000 төгрөгийг Э- төлөхөөр тохиролцсон юм. Тэгсэн чинь эхний сар буюу 2014 оны 10-р сарын 25-ны өдөр төлөлтөө хийх гээд Э- руу залгасан чинь Э- гар утсаа авахгүй байсан, тэгэхээр нь би өөрөө 1,800,000 төгрөгний зээл төлсөн дараа сар нь буюу 2014.10.25-ны төлөлтөө хийх гээд Э-ийн гар утас нь залгахад холбогдохгүй байсан, тэгээд 1,200,000 төгрөгний төлөлт хийсэн.  2014.11.25-ний өдөр би 800,000 төгрөг гаргаад Э- 200,000 төгрөг гаргаад банкинд 1 сая төгрөг төлсөн юм. 2014 оны 12 дугаар сарын төлөлтөн дээр би хэдийг гаргаснаа санахгүй байна. Ингээд 2015 оны 1, 2 дугаар сард  төлөлт хийгээгүй. Төлөлт хийгээгүй шалтгаан нь цагаан сар давхцаад би ажилгүй болоод төлөлт хийж чадаагүй юм. Ингээд 2015 оны 03 дугаар сард би 1 сая төгрөг төлөлт хийсэн. 2015 оны 04 дүгээр сард би 1,300,000 төгрөгний төлөлт хийсэн.энэ хооронд Э- огт төлөлтөө хийхгүй байсан. /2 дугаар хавтасны 228-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Байрны гэрчилгээ Д.Э-гийн нэр дээр гарч, зээлдэгч нь Д.Э- болж А- банкнаас 29,780,000 төгрөг авсан. Д.Э- 10,500,000, би 19,280,000 төгрөг авсан. Д.Э- Д.Э- эгчид эгчид 1,500,000 төгрөг өгсөн. Би зээл гарснаас хойш Д.Э- мөнгөгүй байна гэхээр нь зээлийг би төлсөөр байгаад 3,830,000 төгрөг үлдсэн. Одоо би А- банкинд 15,450,000 төгрөг төлсөн байгаа. А- банк Д.Э-гаас 33,000,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Э-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э- төрж охинтой болсноос хойш бид уулзаагүй байж байгаад 2014 оны 7 сарын үед манайд ирээд “би түрээсэлдэг байсан 2 лангуугаа худалдаж авсан, бараа авах хэрэгтэй байна мөнгө зээлээч” гэхээр нь надад мөнгө алга аавын нэр дээр манай байрны ордер байдаг, үүнийг авч яваад мөнгө зээлж аваад төлөөд явж байж болно гэж хэлсэн. Ингээд Э- байрны гэрчилгээг авч яваад 3 хоногийн дараа “Өөр хүний нэр дээр байгаа болохоор зээл авч болдоггүй юм байна, таны нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь болдог юмуу гэж асуухад болно гэж хэлсэн. Хэд хоногийн дараа зээл хөөцөлдөж байгаа түүний дагуу эдийн засагч танай байрыг очиж үзнэ гэхээр нь чи хүрээд ир өдий наслахдаа би банкнаас зээл авч үзээгүй гэж хэлсэн. Удалгүй банкнаас хүн ирж зураг дараад гарсан. Тухайн үед эдийн засагч яг тэдэн төгрөгийн зээл авах гэж байгаа юм байна гэж хэлээгүй. Удалгүй Э- залгаад таныг микро хорооллын нотариат дээр хүрээд ир гэж байна гэхээр нь очсон. 20 орчим минутын дараа Л.Н  гэж эмэгтэй ирээд за одоо орьё гэхээр нь би энэ нотариатчийг хэн гэдэг юм бэ гэж асуухад Э- гэдэг гэж хэлсэн, Э- Л.Н гээс одоо ийшээ орж яах гэж байгаа юм бэ гэж асуухад Л.Н  Э- эгчээр гарын үсэг зуруулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд нь би орохгүй ээ гэж хэлтэл Э-ийг Л.Н  хоёулаа орьё гэж дагуулаад орсон, би гадаа нь хүлээгээд сууж байхад 30 орчим минутын дараа Э-, Л.Н  2 гарч ирсэн бөгөөд Л.Н  шууд яваад өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Э- миний гар утас руу залгаад А- банкан дээр та бид хоёрыг иргэний үнэмлэхээ аваад хүрээд ир гэнээ гэж хэлсэн. Тэгээд Э- бид хоёр А- банкан дээр очиход банкны гадаа Л.Н  ирсэн байсан. Би Л.Н г утсаар ярих хооронд Э-аас энэ ер нь юун хүн юм бэ гэж асуухад энэ эмэгтэй Дархан их дэлгүүрт бэлэн хувцасны лангуутай, микро хороололд массажист хийдэг, энэ хүн 10 сая төгрөг нэмж зээлэх гэж байгаа юм гэсэн, тэгэхээр нь би таньж мэдэхгүй хүнд зээлээд би араас нь явж чадахгүй шүү чи хариуцаарай гэж хэлэхэд Э- “за за би хариуцна” гэж надад хэлсэн, ингээд би банкны гадаа 17 цаг 20 минут хүртэл суусан. Банк руу орохын өмнө Л.Н  надад “та банкны хүнд ороод би Дархан их дэлгүүрт лангуутай, гэрээрээ савхи оёдог гэж хэлээрэй, би банкны хүнтэй ярьсан байгаа” гэж хэлсэн. Ингээд би банкруу ороод Г- гэж эдийн засагчтай уулзахад намайг Х-а ажилладаг, юу хийдэг талаар асуухаар нь би Л.Н гийн хэлснийг хэлэхэд надад 30 сая төгрөгийн эргэн төлөлтийн график харуулсан. Тэгэхээр нь би юун 30 сая төгрөг вэ? 10 сая төгрөгийг нь хасаач гэхэд эдийн засагч би таны эргэн төлөх график бүх юмыг гаргачихсан, та танилцаад гарын үсэг зур гэж хэлсэн. Тэгээд би гарын үсэг зураад банкнаас 0,1 хувийн бэлэн мөнгөний шимтгэл аваад 29,700,000 төгрөг өгсөн. Би банкнаас гарч ирээд Л.Н , Э- хоёртой хамт цайны газар орж ууттай мөнгийг ширээн дээр тавихад Л.Н  дотроос нь 10 сая төгрөг гаргаж ирээд Э-т өгөхөд Э- “чи 30 сая төгрөг зээлэхээр материал бүрдүүлсэн байсан, Э- эгчийг банкруу орсны дараа чи надад хэлсэн биз дээ гэж хэлэхэд Л.Н  дахиад 500,000 төгрөг Э-т өгөөд “миний хүмүүст өгөх мөнгө хүрэхгүй байна намайг хүмүүс хүлээгээд байна” гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь Э-т ядаж мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулахгүй юм уу гэхэд Э- араас нь гарж орж ирээд явцан байна, за за найдвартай хүн юм чинь зүгээрээ би сар сард нь хариуцаад төлөлтийг нь хийлгээд байна гэж надад хэлсэн. Удалгүй би аваарт ороод юугаа ч ойлгохгүй байж байгаад гайгүй болоод мессеж ирсэн байхаар нь унштал банкнаас зээлийн төлөлтөө хий гэсэн мессеж бичсэн байсан. Л.Н  манайд ирээд танай дүү мөнгөө төлөхгүй, утас нь холбогдохгүй алга болсон гэж хэлсэн. Түүнээс хойш тэд төлөлт хийгээгүй явж байгаад шүүхээс намайг зээл төл гэсэн шийдвэр гарсан ба би дүүдээ ийм байдалд хүрчихлээ гэдгээ хэлж, шүүхэд гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэр мөн адил надаар зээл төлүүлэхээр гарсан тул дүү цагдаад гомдол бичиж өгсөн. Одоо Л.Н , Э- нараас зээлийн үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Би хуурай дүүдээ тусалъя гэж бодож явсан болохоос банкийг хууръя гэж бодоогүй, өөрөө бие өвдөөд асуудалтай байж эднээс болж сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирсондоо үнэхээр гомдолтой байна” гэх мэдүүлэг, ... нийт 8,610,694 төгрөг А- банкинд төлөгдөөгүй үлдсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн төрсөн хүү Т.Э-ын хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө баг, Төмөр замын 16 дугаар байрны 126 тоотод байх 2 өрөө орон сууцыг хамтран эзэмшдэг юмаа. Миний хүү Т.Э- нь 2007 онд байсан санагдаж байна Франц улс руу ажиллаж амьдрахаар явсан. Миний хувьд манай охин миний байрыг бусдад шилжүүлээд банкинд барьцаанд тавиад алдсан талаар огт мэдээгүй байсан. 2016 оны 10 дугаар сард манай гэрт ирээд дээрх асуудал болоод цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар мэдсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 171/,

 

И.Э-ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын Өргөө баг Төмөр замын 16-р байрны 126 тоотод байх 2 өрөө орон сууцыг уг байрны хууль ёсны өмчлөгч Х.Т-, Т.Э- нарыг байхгүй байхад иргэн Д.Э-т, Д.Э-аас Т.Э-д орон сууц, худалдах худалдан авах гэрээг буюу бусдын өмчлөлийн байрны өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсэн” гэх мэдүүлэг,

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, 16-р байрны 126 тоот орон сууцыг Т.Э-, Х.Т- нарын итгэмжлэлээр Д.Э-, Т.Э-тай байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ, итгэмжлэл /2 дугаар хавтасны 31-32/,

 

Т.Э-гийн А- банктай 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ /2 дугаар хавтасны 36-37/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Г-гийн “...Т.Э- 30,000,000 төгрөгийн зээл хүссэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 134-137/,

 

Д.Э-ийн мөрдөн байцаалтад болон өмнө шүүх хуралдаанд өгсөн: ”....Би Э- эгчийг 2000 оноос хойш танина, Э- эгч бид хоёр зах дээр хувцасны лангуутай байсан юм. 2014 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг санахгүй байна би Э- эгчтэй уулзаад надад мөнгө байвал зээлээч, бараандаа явах гэсэн чинь мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Э- эгч надад одоо бэлэн  мөнгө байхгүй байна, харин надад байрны ордер байна, хувь хүнд ч хамаагүй барьцаанд  тавиад буцаагаад надад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Э- эгчийн надад өгсөн  байрны ордерийг авч яваад бэлэн мөнгө зээлдэг хүмүүсээс асуухад ордер барьцаалж зээл олгохгүй байсан. Ингээд би Э-  эгчид байрных нь ордерийг буцааж өгсөн.  2014 оны 07 дугаар сарын 25, 26-ний үед би найз Б гэж хүнтэй уулзаад мөнгө  зээлэх хүн байна уу, бараандаа явах гэсэн чинь мөнгөгүй болчоод байна гэж хэлэхэд Б- барьцаа байхгүй бол хүмүүс мөнгө зээлэхгүй дээ гэж хэлэхээр нь би манай нэг эгчийн 2 өрөө байрны ордер байна гэж хэлэхэд Б- намайг Л.Н  эгчтэй танилцуулсан юм. Тэгэхэд Л.Н  надад таньдаг хүн байгаа, чи ордерийг нь авч чадах уу гэж асуусан юм. Ингээд би Э- эгчээс ордерийг нь авч Л.Н д өгөөд явуулсан. Хоёр хоногийн дараа буюу 2014 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Л.Н  “Т-, Э- хоёрын иргэний үнэмлэх хэрэгтэй юм байна, аваад ирээч” гэсэн юм. Тэгэхээр нь би Э- эгч руу залгаад хэлэхэд Э- эгч надад аавынхаа иргэний үнэмлэхийг өөрийнхөө үнэмлэхтэй хамт өгсөн юм. Дараа нь 2014.08.14-ны өдөр Л.Н  Э- эгчийг дагуулж  микро хорооллын Э- нотариатч дээр очоод гадаа нь  хүлээгээд сууж байхад Л.Н  ирээд орьё гэсэн, тэгэхэд Э- эгч “би орохгүй ээ, та хоёр ор гэсэн” тэгээд  би Л.Н г дагаад Э- ноториатчийн өрөөнд орсон, ороод зогсож байхад Л.Н  итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээний худалдагч тал дээр надаар  гарыг үсэг зуруулсан бөгөөд чи адилхан нэртэй юм чинь итгэмжлэл дээр нь чи ороод  өөрийнхөө дээр гарын үсэг зурчих гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би за за тэгье гэж итгэмжлэл дээр нь гарын үсэгээ зурсан. Л.Н  Т-, Э-, Э- нар дээр өмнөөс нь гарын үсгийг зурчихсан юм. Би өөрийнхөө нэр дээр гарын үсгээ зурсан. Тэгээд нотариатаас гараад Л.Н  за за бусдыг нь би өөрөө зохицуулчихаас, та хоёр явж бай гэж хэлээд яваад өгсөн. 2014 оны 08-р сарын 20-ны өдөр Л.Н  миний гар утас руу залгаад А- банкин дээр яваад очиход Л.Н  хавтастай бичиг баримт Э- эгчид өгөөд би ярьчихсан таниас нэг  их юм асуухгүй зээл олгочих байх гэж хэлээд А- банкруу  Э- эгчийг оруулсан юм. Э- эгчийг А- банк руу орсны дараа Л.Н   надад нөгөө 20 сая төгрөгийн зээлийг чинь 30 сая төгрөгийн зээл болгочихсон шүү,  миний мөнгө дутаад байсан юм. Би Э- эгчид өөрөө хэлчихнэ гэж хэлсэн юм. Ингээд удалгүй Э- эгч банкнаас гарч ирээд мөнгөө Л.Н д бариулсан. Л.Н   Э- эгч бид гурав 28-р байрны арын кафед ороод суухад Л.Н  надад 10,500,000 төгрөг өгөөд бусдыг нь өөрөө аваад явсан юм. Маргааш нь  буюу 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Э- эгч миний гар утас руу залгаад надад 1,500,000 хэрэг болоод байна зээлээч гэж хэлээд надаас 1,500,000 төгрөг аваад явсан. /1 –р хавтасны 233 дугаар хуудас/,

“... Бид анх 20 сая төгрөгийн зээл авч хувааж авахаар ярьсан байсан. Гэтэл зээл гардаг өдөр Л.Н  нь 30 сая төгрөг гаргуулахаар болчихлоо, найзад нь мөнгөний хэрэг байна гэхээр нь би Э- эгч зөвшөөрөхгүйшдээ яаж байгаа юм бэ гэж уурласан. Тэгсэн чинь Б-руу залгаад “Э- эгч мэдээгүй болохоор зөвшөөрөхгүй юм бишүү би яанаа” гээд уйлаад байсан, би анх тэгж л 30.000.000 төгрөг авахаар болсныг мэдсэн. 2014 оны 08 сард зээл авсан. Үүнээс хойш Л.Н д 200,000 төгрөг, 400,000 төгрөгийг тус тус зээлийн төлөлтөд хийлгэхээр өгсөн, 2015 оны 10 сарын 29-нд 2,652,000 төгрөг, 2016 оны 11 сард 6,400,000 төгрөг нийт 9,652,000 төгрөгийг зээлийн төлөлт хийсэн, уг зээлийг авч ашигласан нь үнэн учраас хүү алдангийг нь Э- эгчид төлөхөд болохгүй зүйлгүй, тооцоо хийгээд хүү, алдангийг төлнө” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай “...Т.Э-гийн гэх А- банкинд 2014.08.19-нд бичсэн гэх өргөдлийг Т.Э- бичээгүй байна. Т.Э-гийн гэх харьцуулах загварт ирүүлсэн бичвэрүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /3 дугаар хавтасны 205-207/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  1. Шүүгдэгч Л.Н  нь мөнгөө буцааж төлөх бодит боломжгүйгээ мэдсээр байж иргэн Д.Ү-гийн сүсэг бишрэлийг нь далимдуулан түүний нэр дээрх Улсын бүртгэлийн Y-200 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 10 тоот 18 мкв орон сууцны өмчлөгч байсан  Д.Ү-гийн охин Н-, хүү Е нарыг өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрийг нь хасуулж өмчлөгчөөр Д.Ү-г үлдээж, Д.Ү-ээр өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр К- банкны барьцаанд тавьж 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авч, зээлийн төлөлтийг хийлгүй, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл, зээлийн баталгаа болгож Д.Ү- нарын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхэд бодитой халдаж уг орон сууцны үнэлгээгээр буюу 30,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

 

Хохирогч Д.Ү-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2009 оноос хойш сүсэгтний холбоонд очиж үзүүлж харуулдаг байсан. Би сүсэг бишрэл ихтэй, их ч засал ном хийлгэж явсан. Түүнээс өөр холбоо байхгүй. 2010 оны намар хувилгаан сахиустай нь золгож ах дүүсээ даатгуулж байсан. 2014 оны 07 дугаар сард Л.Н  миний гар утас руу залгаад сахиус тантай уулзая гэнээ гэж намайг дуудсан юм. Тэгэхээр нь Л.Н гийнд очиход Л.Н  сахиусаа буулгасан бөгөөд сахиус нь надад “миний бор охинд нэг удаа туслаач шоронд явах гээд байна, хэрэв шоронд явах юм бол даатгуулсан хүмүүс нь дор явна” гэж хэлсэн юм. Тэгэхээр юу болсон юм бэ гэж асуухад Л.Н  “мөнгө зээлээд хүүг нь төлж чадахгүй өдөр шөнөгүй цагдаа шүүх яваад хэцүү байна, надад нэг тус болооч” гэсэн юм. Би Л.Н д надад мөнгө байхгүй гэж хэлэхэд та байраа банкны барьцаанд тавиад надад мөнгө зээлж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй гараад явсан. Тэр өдрөөс хойш миний утас руу мессеж бичээд, утсаар яриад надад нэг удаа туслаач би нэг жилийн дотор таны байрыг барьцаанаас чөлөөлчихнө гээд гуйгаад байхаар нь Л.Н  засал хийгээд нээрээ л их мөнгө олдог, дээрээс нь лангуутай юм чинь миний байрыг 1 жилийн дотор чөлөөлчих байх гэж итгэж би зөвшөөрсөн юм. Л.Н  намайг өөрийнхөө нэрээр зээл аваад өгөөч гэхээр нь би Л.Н д энэ байр ганц миний нэр дээр биш манай хоёр хүүхдийн нэр дээр хамт байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Л.Н  өө тэрийг би зохицуулна гээд Улаанбаатар хотруу явж миний охин Н-тэй уулзаад өмчлөлөөсөө татгалзах гэрээн дээр гарын үсгийг нь зуруулаад дараа нь захиргаан дээр үл хөдлөхийн гадаа хүү бид хоёрыг дуудаад миний хүү Ерөөлтөөр өмчлөлөөсөө татгалзах гэрээнд гарын үсэг зуруулсан. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Л.Н  миний утас уруу залгаад Ү- эгчээ байрны гэрчилгээ таны нэр дээр гарсан, одоо наториатаар надруу итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй байна гэж намайг дуудсан. Ингээд Л.Н  бид хоёр нотариат орж би байрныхаа гэрчилгээг Л.Н  рүү итгэмжлэх хийж шилжүүлсэн. Намайг Замын Үүдэд явж байхад Л.Н  миний гар утасруу залгаад би таны байрыг К- банканд 20 сая төгрөгийн барьцаанд тавиад зээлээ авчихлаа гэж хэлсэн. Би Л.Н г зээлээ төлж байгаа гэж бодож байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сард нэг жил болчихлоо байраа чөлөөлж авья гээд гэрт нь очиход Л.Н  гэртээ байхгүй байсан. Л.Н г шахаж шаардаж байж сүүлийн гурван сарын төлөлтийг нь хийлгээд би өөрөө 2015 оны 09 дүгээр сард 540,000 төгрөг, 10 дугаар сард 347,000 төгрөг, 11 дүгээр сард 800,000 төгрөг, 12 дугаар сард 800,000 төгрөгний төлөлт хийсэн. Ингээд Л.Н  1, 2 дугаар сарын банкны зээлээ төлөөд тэрнээс хойш төлөлт хийгээгүй. 2014 оны 8-р сард Л.Н  миний байрыг барьцаалж К- банкнаас 20,000,000 сая төгрөг авсан. Би тэр мөнгөөс нэг ч төгрөг аваагүй. 20,000,000 зээл авснаас 20,000,000 төлсөн. Банкны үлдэгдэл 8,000,690 төгрөг байгаа. Энэ мөнгийг К- банк руу төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С.Гэрэлтцолмонгийн “...Л.Н  гэж хүн манай Дархан-Уул аймаг дахь К- банкны салбараас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 306 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын ... тоот 1 өрөө орон сууцыг итгэмжлэлээр барьцаалан манай банкнаас 20,000,000 төгрөгийн, 2,5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл авсан” гэх мэдүүлэх /2 дугаар хавтасны 210/,

 

Иргэний нэхэмжлэгч К- банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”Одоо иргэний хэрэг түдгэлзсэн байгаа. Анх зээлдэгч нар 20,000,000 авсан. Нийт 19,705,000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэл гаргасан боловч эрүүгийн хэрэг шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн. Одоо хүү нь бодогдоод яваад байгаа юм. Л.Н гээс 15,854,674 төгрөг нэхэмжилж байна”

 

Л.Н гийн К- банктай байгуулсан зээлийн гэрээ, итгэмжлэл /2 дугаар  хавтасны 210-219/,

 

К- зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ”.... Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 13 дугаар байрны №10 тоотын 18.0 м,кв талбай бүхий орон сууц 30,000,000 төгрөг” гэх тайлан /2-р хавтасны 235-р хуудас/,

 

Д.Ү-гийн Л.Н д олгосон итгэмжлэл, байрны гэрчилгээний хуулбар, итгэмжлэлийг ашиглан К- банкнаас 20 сая төгрөгний зээл авсан К- банкны зээлийн гэрээ /3-р хавтасны 84, 86-91/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

  1. Л.Н  нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Сгийн эзэмшлийн Дархан сумын 13 дугаар багийн ... тоот 33 мкв 1 өрөө орон сууцыг 3 сая төгрөгийн барьцаанд тавина гэж хуурч, уг зээлийг эргүүлэн бүрэн гүйцэд төлөх бодит боломжгүй атлаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Сгаас Г.О-ийн нэр дээр итгэмжлэл хийлгүүлж Төрийн банкинд 15 сая төгрөгийн барьцаанд тавин Д.Сгийн өмчлөх эрхийг залилж орон сууцны үнэлгээгээр буюу 29,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн ”... 2015 оны 01, 02 дүгээр сард Л.Н  манай сургууль дээр ирээд надтай уулзаад ах таны тус хэрэгтэй байна аа та байрныхаа гэрчилгээг надаа өгөөч, би 3 сая төгрөгөнд барьцаанд тавиад 8 сард буцаагаад аваад өгье гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгтэл Л.Н  байнга залгаж бас ажил дээр хааяа ирдэг байсан юм, ингээд 2015 оны 03 сард /санагдаж байна/ ажил дээр ирээд ахиад гуйхаар нь би зөвшөөрсөн  юм. Тэгээд Л.Н  хэлэхдээ таньд ямар нэгэн дарамт байхгүй, та зээл төлнө гэсэн асуудал байхгүй гэхээр нь би зөвшөөрч хамт ОУХТөвийн нотариат дээр очиж би паспортоо өгч тэгээд удалгүй намайг гарын үсэг зурчих гэхээр нь би зурсан юм тухайн үед би ямар гэрээ дээр зурж байгаагаа хараагүй юм тэр нь миний буруу байгаа юм. Тэгээд 2015 оны 08-р сарын 25-с 26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг руу явж байхад Төрийн банкнаас эдийн засагч нь гэх хүн залгаж Л.Н  гэдэг хүн таны байрыг барьцаалж 15 сая төгрөг авсан юм аа зээлээ төлөхгүй байна, та нэг бол Л.Н дээ зээлээ төл гэдгийг нь хэл эсвэл байрыг чинь хураана шүү гэхээр нь би тухайн үедээ гайхаж сургалт дууссаны дараа Төрийн банк дээр очиход 15 сая төгрөгөнд барьцаанд тавьсан байсан, тэгээд би тухайн хүнд хэлэхдээ Л.Н  надаа хэлэхдээ 3 сая төгрөгөнд тавина гэсэн юм. намайг залилчихлаа гээд Л.Н тэй уулзахад Л.Н уучлаарай би төлнө, одоогоор би төлөх боломжгүй байна ямар ч байсан таныг хохиролгүй болгоноо ёстой уучлаарай гээд гуйгаад байхаар нь би орхисон юм. Тэгтэл 9-р сард ахиад банкнаас залгахаар нь би Л.Н д хэлэхэд Л.Н  боломжгүй байна, мөнгө дутаад байна та түр мөнгө зээлээч гэхээр нь би байраа алдахгүйн тулд хамт ажилладаг Раднаа багшаас 500,000 төгрөг зээлж Л.Н д өгч Л.Н  банк орсон юм. Тэгтэл ахиад мөнгө төлөхгүй байна гэхээр нь би өөрт байсан 350,000 төгрөг өгсөн. Л.Н  ярих болгондоо үйл ярьдаг байсан, тэгээд би өөрийн байраа алдахгүйн тулд мөнгө хүртэл өгч байсан. /3 дугаар хавтасны 148-149/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “одоо зээлийн үлдэгдэл нь 5,017,380 төгрөгийг Л.Н гээр нь төлүүлмээр байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.О-гийн: мөрдөн байцаалтад өгсөн: ”....2015 оны 02 сард санагдаж байна манай найз Б, Л.Н  гэгч эмэгтэйгийн хамт манай гэрт ирсэн юм. ингээд манай гэрт ирж бид нар ярилцаж байхад Б- хэлэхдээ Л.Н  зээл хөөцөлдөж байгаа юм аа, зээл авах гэсэн боловч зээлтэй учир болохгүй байна бид нарын таньдаг хүмүүсээс чи л зээлгүй юм байна, чи Л.Н д туслаад өгөөчээ найдвартай хүн байгаа юм, манай найз байгаа юм гэхээр нь би эхний удаа сайн мэдэхгүй байна, би зээл авч үзээгүй учир мэдэхгүй байна, болдог юм уу гээд өнгөрч байсан юм. Тэгээд маргааш орой нь мөн Б-, Л.Н  нар ирж Л.Н гийн ах нь байраа барьцаанд тавиа гэж байна, чи нэр дээр байрыг нь барьцаанд тавиад зээл авчхаач гэсэн юм, тэгээд би үл хөдлөх хөрөнгө юм чинь зүгээр байх гээд зөвшөөрсөн юм. Ингээд маргааш нь ОУХТөвийн ноториат дээр бид нар уулзахад Б- байгаагүй, харин Л.Н гийн ах нь гэх С- гэх хүн, тэгээд Л.Н  бид 3 зогсож байхад нотариатын хүн гэрээг танилцуулсан, тэгээд хэлэхдээ С- таны байрыг О-ийн нэр дээр барьцаалж байгааг зөвшөөрч байна уу гэхэд С- зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан, би бас зурсан. Ингээд гэрээ хийсний дараа Л.Н  бид 2 Төрийн банк дээр очиж С-гийн байрыг барьцаалж 15 сая төгрөг авсан юм, мөнгө авахдаа би Л.Н д чи сард 800,000 гаруй төгрөг төлөх юм байна шүү дээ ер нь 2-уулаа зээлийн гэрээ байгуулья гээд би Төрийн банкнаас авсан 15 сая төгрөгөө Л.Н д тоолж өгөөд гэрээ байгуулсан юм. Жилийн дараа 2016 оны 02 сард Төрийн банкнаас надруу залгаж таны зээлийн хугацаа хэтэрсэн байна, зээлээ төлөөчээ гэхээр нь би энэ зээлийг би аваагүй Л.Н  гэдэг хүн авсан юм аа гэтэл Төрийн банк Л.Н  гэдэг хүн чинь утсаа авахгүй байна, Х-а байгаа юм бэ гэхээр нь би Төрийн банк дээр очиж болсон асуудлыг ярьж өгсөн. 2016 оны 10-р сард санагдаж байна Төрийн банк зээл төлөөгүй гээд шүүхэд өгсөн байсан, ингээд би шүүх хурлаар ороод шүүхийн захирамж гарсан. /3 -р хавтасны 147-155-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 02 сард санагдаж байна, манай найз Б- Л.Н  гэгч эмэгтэйн хамт манай гэрт ирж Л.Н гийн ах нь байраа барьцаанд тавина гэж байна, чи байрыг нь барьцаанд тавиад нэр дээрээ зээл аваад өгчих гэсэн юм, тэгээд би үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгаа юм чинь зүгээр байх гээд зөвшөөрсөн. 15 сая төгрөгөнд барьцаанд тавьсан. 02 сарын 16-нд итгэмжлэл аваад, 03 сарын 03-нд банканд очиж зээл авсан. Зээлийг 2015 оны 3 сард авсан. Гэтэл хэдэн сарын дараа Төрийн банкнаас байнга залгаж төлөлт хийхийг шаарддаг болсон. Үүний дагуу Л.Н тэй ярихад байнга хийнэ гэж ярьсаар байгаад өдий хүрсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гарсан. Би өөрөө зээлээс ганц төгрөг ч авч хэрэглээгүй тул төлөхгүй, зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан боловч мөнгийг Л.Н  авсан тул Л.Н  хариуцаж төлөх нь зүйтэй. Бид мөнгийг өгөлцөж, авалцахдаа нөхөртэй нь хамт нотариатаар батлуулж байсан баримт байгаа” гэх мэдүүлэг,

 

К- зууч ХХК-ийн “.... иргэн Д.С-гийн  Дархан сумын 13 дугаар баг 2 дугаар байрны №07 тоотын 33.0 м.кв талбай бүхий 1 орон сууцыг 29,700,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /3 дугаар хавтасны 157-р хуудас/,

 

Г.О-ийн Төрийн банкнаас авсан 15,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /3 дугаар хавтасны 128 дугаар хуудас/,

 

Төрийн банкны зээлийн болон барьцааны гэрээ , иргэн Д.С-гийн  Дархан сумын 13-р баг  10 дугаар хороолол 2 дугаар байр 7 тоот 33,0 м,кв талбайтай 1 өрөө орон сууцны Ү-200 дугаатай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэл /3 дугаар  хавтасны 128-134,143-144/,

 

Шүүгдэгч Л.Н гийн:”.... Би 2015 онд их дэлгүүр дээр лангуу дээр зогсдог байсан юм. Тэгээд хүнээс хүүтэй мөнгө авч  тухайн мөнгийг би хүмүүст зээлдэг байсан юм. Тэгтэл манай хамаатны эгч Л мөнгө хэрэгтэй байна гэж надад хандсан юм. Тухайн үед нь би 3 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надаа одоо байгаа нь 1,500,000 төгрөг байна гэхэд за тэгвэл тэр мөнгийг чинь авья надад маш их яаралтай хэрэгтэй байна гээд надаас 1,500,000 төгрөг авсан юм, тухайн мөнгийг би хүнээс зээлсэн байсан учир Л- эгч мөнгө өгөхгүй удаад хүү нь ихэсч эхэлсэн ингээд би Л- эгчид мөнгөө хэзээ өгөх вэ гэхэд Л- эгч С- багш бид 2 зээл хөөцөлдөж байгаа юмаа  зээл бүтхээр өгнө гэсэн. Тэгээд удаагүй байхад Л- эгч надруу залгаж зээл бүтэхгүй байна чи С- багштай сургууль дээр очиж уулзахад С- багш зээл авах гэсэн болохгүй байна би өөрөө цалингийн зээлтэй мөн хүүгийн хамтран зээлдэгч байгаа юм тэгээд болохгүй байна гэхээр нь би надад бас боломж байхгүй байна аа би өөрөө зээлтэй харин би зээл авч өгөх найзууд байна уу асуугаад хэлье гэсэн, тэгтэл С- багш би ахиж Л- тусалж чадахгүй би өмнө нь байрны гэрчилгээг Эрэл банкинд барьцаанд Л-аас болж тавиад алдах шахаад өөрөө 900,000 төгрөг төлж байсан юм. Би одоо ингээд 2 дах удаагаа тусалж байна би Л-д итгэж чадахгүй харин чи хариуцаад манай байрны гэрчилгээг барьцаанд тавиад Л-д тус болчих харин зээлээ хугацаанд нь төлөөд авч өгөөрэй гэсэн тэгэхээр нь би хүн олдвол зээл авч өгье гээд тухайн үедээ салцгаасан. Ингээд 2015 оны 03 сард би Б-ийн сууж байхад найз нь гэх О- ирсэн байсан юм. Ингээд бид нар юм ярьж сууж байгаад би 2 найздаа хандаж нэг байрны гэрчилгээ байна тухайн байрыг цалинтай орлогтой хүн байвал тавиад зээл авах хэрэгтэй байна гэхэд яагаад зээл авах гэж байгаа юм гэхээр нь би хүнээс хүүтэй мөнгө авсан байгаа юм нэхэгдээд болохгүй байна тэгэхэд О- би ямар ч гэсэн уулзаж үзье би ердөөсөө зээл авч байгаагүй юм, гэхдээ тэр хүмүүстэй чинь уулзаж үзье, зөвшөөрч байвал тусалья гээд намайг яах гэж ийм асуудал хийж явдаг юм гээд тухайн үед уурлаж байсан юм. Тэгээд би С- багштай ярьж байгаад уулзаж байрных нь гэрчилгээг очиж аваад маргааш Олон улсын худалдааны төвийн нотариат дээр уулзья гэж хэлээд явсан юм. Тэгээд маргааш ОУХТ-ийн нотариат дээр О- би С- багш бид 3 уулзаж С- багшийн нэр дээр байх Дархан-Уул аймгийн Дархан сум ... тоотын 3 жилийн хугацаатай О-ийн нэр дээр итгэмжлэл хийгээд тухайн нотариатын Болорчулуун бид 3-т  хандаж за энэ итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай хийж байна,  мөн 15 сая төгрөгөнд барьцаанд тавих гэж байна та ойлгож байна уу зөвшөөрч байна уу гэхэд бид 3 ойлгож байна гэж хэлсэн. 2015 оны 03-р сарын 02-ны өдөр С- багшийн нэр дээр байх байрыг О-, Ч- нарын нэр дээр 15 сая төгрөгөнд Төрийн банкинд барьцаанд тавьсан юм. Тус өдрөөс хойш 2016 оны 01 сар хүртэл би Төрийн банкинд хүүг нь төлж байсан юм, тэгтэл миний бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд орж хүүг нь төлж чадахааргүй болсон юм. Ингээд би С- багшид хандаж нэг удаа хүүгийн талыг хийгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгтэл С- багш 250,000 төгрөг надаа өгч би нэр сарын төлөлт хийсэн юм. Тэгээд С- багш хэд хэдэн удаа ч банкны хүүг төлж байсан, тухайн зээлийг төлөхдөө хүнээс зээлж өгч байсан, ... зээлийг төлсөөр байгаад одоо 5,017,380 төгрөг үлдсэн, үүнийг төлнө” гэх мэдүүлэг /3-р хавтасны 164-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  1. Мөн Л.Н  нь иргэн П.А-ас  “мөнгөний хэрэг боллоо, дүү машин авах хэрэгтэй боллоо” гэж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 1,500,000 төгрөгийг нийт 10,500,000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, бодит байдлыг нуух замаар хуурч, залилсан болох нь:

 

Хохирогч П.Аюурзанын: “... 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Л.Н  надаас өөрийнхөө нэр дээр байсан хашаа байшингийн гэрчилгээ барьцаалж 6 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд сар бүр 300,000 төгрөгний хүү өгөөд явж байсан юм. 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Л.Н  над дээр ирээд манай төрсөн дүү машин авах гээд 3 сая төгрөг хэрэг болоод байна зээлээч гэж хэлээд надаас 3 сая төгрөг зээлээд аваад явсан бөгөөд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр ирээд Дархан сумын 15-р баг Мангиртын 9-р хэсэгт байх газрын гэрчилгээг барьцаанд тавиад сарын 6 хувийн хүүтэй 1,500,000 төгрөг надаас зээлээд аваад явсан юм. Ингээд Л.Н  2015 оны 07 дугаар сард ирээд та надад миний хашаа байшингийн гэрчилгээг өгөөч оронд нь энэ Бира гэж хүний хашаа байшин, газрын гэрчилгээ аваад үлд, би хашаа байшингаа зарахаар боллоо хашаа байшингаа зарчих юм бол таны мөнгийг 2 хоногийн дотор өгөх гээд байна гэж хэлэхээр нь би итгээд хашаа байшингийн гэрчилгээг өгөөд явуулсан боловч миний мөнгийг Л.Н  надад өгөөгүй. Тэгээд Л.Н  алга болсон гэрт очоод хаалгаа тайлахгүй утас нь болохгүй болсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Л.Н  над дээр ирээд Бира гэдэг хүний гэрчилгээг өгчих би таны мөнгийг сар бүр 500,000 төгрөг өгөхөөр хоёулаа зээлийн гэрээ хийж гэж байхаар нь би зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулаад Бира гэдэг хүний гэрчилгээг өгөөгүй юм. Тэгээд Л.Н  надад сар бүр өгнө гэсэн 500,000 төгрөгөө ч өгөхгүй алга болсон юм. Л.Н  надад хүүний мөнгө гэж 2,300,000 төгрөг өгсөн. Би гомдолтой 10,500,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас 129-130 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоодож байна.

 

Л.Н гийн үйлдсэн дээрх хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах боловч 2017 оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар их хэмжээний эд хөрөнгө залилсан гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Л.Н г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 89,480,000 төгрөгийн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Л.Н  нь Д.Э-тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Төмөр замын 16 дугаар байрны ... өрөө орон сууцыг иргэн Т.Э-гаар “А-” банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, 30 сая төгрөг зээлүүлж уг мөнгөнөөс 19,280,000 төгрөг, Д.Ү-гийн Улсын бүртгэлийн Y-200 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 13 дугаар байрны 10 тоот 18 мкв орон сууцыг өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр К- банкны барьцаанд тавьж 20 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Сгийн эзэмшлийн Дархан сумын 13 дугаар багийн 1...тоот 33 мкв 1 өрөө орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Сгаас Г.О-ийн нэр дээр итгэмжлэл хийлгүүлж 15 сая төгрөг, П.А-ас  “мөнгөний хэрэг боллоо, дүү машин авах хэрэгтэй боллоо” гэж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг тус тус авсан байх ба 2014 оны 8-р сарын 20-ны өдөр эхний зээлийг авах хүртэл хугацаанд өөр бусад хүмүүст их хэмжээний өр төлбөртэй, дээрх мөнгийг буцааж төлөх боломжгүй гэдгээ лавтай сайн мэдэж байсан боловч “Д дэлгүүрт лангуу ажиллуулдаг, мөн бөөгийн зан үйл, засал хийж орлого олдог” гэх байдлаар зээлийг төлөх боломжтой мэтээр ойлгуулж эхний зээлийг төлөөгүй атлаа үргэлжлүүлэн их хэмжээний мөнгө авч байсан байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Т.Э-, Д.Ү-, Д.С, П.А- нараас мөнгө авах, үл хөдлөх эд хөрөнгийг нь өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авах, өмчлөгч нарын нэрийг хууль бусаар хасуулах, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдад захиран зарцуулах итгэмжлэл олгох үед түүнд хохирогч нараас авсан мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй байсан байна.

 

Л.Н  нь зээлийг авснаас хойш эхний хугацаанд графикийн дагуу төлөлтийг хийхдээ өмнө авсан зээлийг дараагийн зээлийн зарим хэсгээр төлж байсан байна.

 

Хүүтэй зээлсэн мөнгийг хүүтэй зээлж авсан мөнгөөр төлөх нь эрсдэлд оруулж бүх зээлийг төлөх ямар ч боломжгүй болгох нь ойлгомжтой байхад “зээл төлөх шаардлагыг” түр зуур аргацаах зорилгоор, хожим ямар үр дагаварт хүрэхийг үл тоон үргэлжлүүлэн бодит байдлыг нуун төөрөгдүүлж бусдын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд учрах эрсдлийг үл тоон хуурч байсан байдал нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн хангаж байна.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Т.Э-гаас биет 19,280,000 төгрөг, Д.Ү-гийн 18 мкв орон сууцны өмчлөх эрхийг залилан орон сууцны үнэлгээгээр буюу 30,000,000 төгрөг, Д.Сгийн орон сууц өмчлөх эрхийг залилан орон сууцны үнэлгээгээр буюу 29,700,000 төгрөг, П.А-ас 10,500,000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Л.Н  Т.Э-гаас 30 сая төгрөг залилсан хэргийг Д.Э-тай бүлэглэн үйлдсэн байх боловч Д.Э-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.3-т заасан хэргийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн нотариатч И.Э-од холбогдох “нотариатч хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

  1. Л.Н  нь Д.Э-тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн ...тоотын 2 өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих зорилгоор Х.Т-, Т.Э нарыг байхгүй байхад орон сууц худалдах худалдан авах хэлцэл байгуулах эрхийг нотариатч И.Э-ыг гуйж, хууль бус итгэмжлэлээр Д.Э-т олгож, Д.Э- Т.Э-тай уг итгэмжлэлийн дагуу орон сууц, худалдах худалдан авах гэрээ  байгуулж, хууль бус гэрээний үндсэн дээр гаргуулсан өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан 30 сая төгрөг зээлж авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч Х.Т- бусдад орон сууцаа барьцаалах, худалдах хүсэл зориггүй байхад түүний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл нь хууль бус, шүүгдэгч Л.Н  уг хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших  тул шүүх хохирогч Х.Т-аас олгосон гэх итгэмжлэлийг /2 дугаар хавтасны 31-32/ хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Уг итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн худалдах худалдан авах гэрээ, худалдах худалдан авах гэрээний дагуу гаргасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр эсэх нь сонирхогч этгээдийн хүсэл зоригоос хамаарах тул энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд А- банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон ба Л.Н д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, харин Т.Э-гаас 33,913,805 төгрөг гаргуулахаас 18,713,805 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар мэдүүлжээ.

 

Хохирогч Т.Э- “Л.Н , Д.Э- нар уг төлбөрийг хариуцан төлөх ёстой” гэж маргажээ.

 

Т.Э- нь зээлийн гэрээний дагуу авсан  30 сая төгрөгийг хэрхэн хэнээс нэхэмжлэх нь түүний хүсэл зоригийн асуудал ба Л.Н  нь Д.Э- нар хэн хэдэн төгрөгийг банкинд буцаан төлсөн, одоо хэн хэдэн төгрөгийг хариуцан төлөх талаар нарийн тооцоо гаргах боломжгүй байх тул Т.Э-гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв

 

Х.Т-, Т.Э- нар нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ү- “Л.Н  нийт 19,705,000 төгрөг банкинд буцаан төлсөн, үлдэх төлбөрийг Л.Н гээс гаргуулж К- банкинд олгуулах, иргэний нэхэмжлэгч К- банк “нийт 19,705,000 төгрөг төлсөн. Л.Н гээс үлдэх үндсэн зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 15,854,674 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүгдэгч Л.Н  нь Д.Ү- нарын 3 хүний хамтран өмчлөлд байсан орон сууцыг Д.Ү-д итгэл төрүүлэн Н-, Е нарыг орон сууц өмчлөх эрхээсээ татгалзах хүсэл зориггүй байхад нь хуурч бусад 2 өмчлөгчийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасуулсан үйл баримт хангалттай тогтоогдсон, шүүгдэгч Л.Н г дээрх орон сууцыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон ба Д.Ү-гийн охин Н-, хүү Е нар энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй тул өмчлөгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй байна.

 

К- банк зээлийн гэрээтэй холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хэргийг эрүүгийн хэрэг шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн байна.

 

Шүүгдэгч Л.Н  гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч К- банк болон хохирогч Ү-д учирсан хохирол, хор уршгийг  нөхөн төлөх талаар маргахгүй, төлбөрийг хүлээн зөвшөөрнө гэж мэдүүлж байх боловч хохирлын хэмжээг шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоох боломжгүй байна. Учир нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг К- банк 15,854,674 төгрөг, Д.Ү- 8,000,690 төгрөг гэж зөрүүтэй мэдүүлж байна.

 

Л.Н д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас орон сууц, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ залилуулсан өмчлөгч нар нь зөрчигдсөн эрхээ иргэний нэхэмжлэл гарган сэргээлгэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С- түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Төрийн банкны зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг Л.Н гээр төлүүлэхээр тогтоолд тусгуулах саналтай байна” гэжээ.

 

Төрийн банкны зүгээс ирүүлсэн албан бичигт “төлөгдөөгүй үлдсэн 10,684,430 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, ...Төрийн банк Л.Н  гэх хүнтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй” гэжээ.

Л.Н  нь Г.О-ийг гуйж Д.С-гаас түүний орон сууцыг барьцаалан зээл авах итгэмжлэл Г.О-т олгуулж Г.О- Төрийн банктай 15 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан зээлээ Л.Н д өгчээ. Зээлийг хугацаандаа төлөөгүй тул төлөгдөөгүй үлдсэн 10,684,430 төгрөгийг гаргуулахаар Г.О-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж Г.О- нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх тул төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөрийг Л.Н гээс гаргуулж Д.С-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүхэд хэрэг шилжиж ирснээс хойш шүүгдэгч Л.Н  дээрх төлбөрийн зарим хэсгийг төлж гэм буруугийн шүүх хуралдаанаас үлдэх 5,017,380 төгрөгийг Л.Н гээс гаргуулан хохирогч Д.С-д олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлөх талаар санал гаргаж, шүүх саналыг хүлээн авч шүүх хуралдаан завсарласан хугацаанд Л.Н  Төрийн банкыг хохиролгүй болгож хохирогч Д.С-гийн өмчлөлийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан байх тул шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ талаар баримт ирүүлсэн байна.

 

Хэрэгт Н.А-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгтэй хамааралгүй байх тул Н.А-ын Л.Н д холбогдуулан гаргасан ”...3,600,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл, бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Л.Н , Б.С нар өмнө ял шийтгүүлж байгаагүй байна. Шүүгдэгч нарт хариуцлага хүлээгэхэд Эрүүгийн хуулийн 6.6-р зүйлийн 1.2-д заасан “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын хувьд өндөр хүүтэй зээл авч өмнөх зээлээ хаах маягаар өрийн сүлжээ, хүүгийн алдагдалд орж явсаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н гийн өмгөөлөгчөөс Л.Н д торгох ял оногдуулах санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Н  нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Н гийн цагдан хоригдсон 191 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.С хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол, төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  Ц овгийн Л.Н д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснааар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулан өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б.С т холбогдох Д.Э-ыг залилан 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.С т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хуурч, бичиг баримт ашиглаж, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ц овгийн Л.Н д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б.С т 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Н д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Б.С  оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 191 хоногийн хорих ялын 191 хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нотариатч И.Э-ын гэрчилсэн  Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, 16-р байрны 126 тоот орон сууцыг Т.Э, Х.Т- нараас Д.Э-т олгосон гэх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хохирогч Т.Э-, Д.Ү-, иргэний нэхэмжлэгч “К- банк”-ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Б.Б.С ээс 21,700,000 төгрөг гаргуулж хохирогч О.У- /Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4/3 байрны 109 тоотод оршин суух, РД: /-д 19,900,000 төгрөг, М.И- /Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, РД: /-д 1,800,000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Б.С энэ хэрэгт битүүмжилсэн 350,000 төгрөгийн үнэ бүхий Serene маркийн 2 хаалгатай хөргөгч, 600,000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн буйдан, 450,000 төгрөгийн үнэ бүхий Тошиба маркийн 32 инчийн телевизор, 100,000 төгрөгний үнэ бүхий  More  маркийн угаалгын машин нийт 1,500,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.С , Л.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                        ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ

 

                                        ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР