Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 033

 

Т.Даулетханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэртэй, Жадик овогт Тумарбайн Даулетханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Т.Даулетхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон юм. 2014 онд манаачийн орон тоо цомхотгогдож, үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл галчаар ажиллаж байсан юм. Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Тухайлбал уг тушаалд үндэслэл болгосон хуулийн заалтын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн мэтээр уг тушаалын хуулийн үндэслэлийг бичжээ. Гэвч миний бие өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Мөн тушаалынхаа гарчигт Ажлаас чөлөөлөх тухай хэмээн бичсэн атлаа сахилгын шийтгэл ногдуулсан мэтээр хуулийн заалтыг давхар оруулсан байна. Ажлаас чөлөөлөгдөх үндэслэл хэдхэн байх боловч сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар миний бие ажлын бус цагаар, бүх нийтээр амрах өдөр буюу орон нутгийн сонгуулийн үед цайллагад байх хугацаанд дарга М.Алмагүл нь намайг ажилдаа хүчээр дуудаж ирүүлээд, улмаар хэрүүл үүсгээд цагдаа дуудаж, намайг эрүүлжүүлэгт хийгээд, торгуулийн арга хэмжээ авахуулсан юм. Үүнийг далимдуулан надад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт би цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авахуулж, сахилгын шийтгэл ногдуулж байсан ба байгууллагын даргын зүгээс намайг архи уусан хэмээн үзэж дахин сахилгын арга хэмжээ авсан юм. Нэг зөрчилд хоёр удаа шийтгэгдэж байгаа явдал маань шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Нэгэнт ажлын бус цагаар намайг архи ууж, хэрүүл хийсэн хэмээн цагдаагийн байгууллагаас торгуулийн шийтгэл ногдуулж байсан тул ажлын байранд архидан согтуурсан хэмээн дахин шийтгэл ногдуулах нь буруу хэмээн үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан галчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Т.Даулетхан нь тус эмнэлэгт галч гэсэн тушаалаар хоёр ээлжээр ажилладаг нөгөө ээлжид М.Маратбек гэдэг залуу ажилладаг ба тэд нэг хоног амраад ээлжтэй өдөр нь өглөө, өдөр орой 3 удаа ирж байгууллага доторх жижиг оврын зууханд гал түлэх үүрэг хүлээсэн байдаг.

Т.Даулетхан нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр галчийн ээлжтэй байхдаа архидан согтуурч улмаар байгууллагын зууханд гал түлэлгүй, галчийн үүргээ биелүүлэлгүй, халаалтын тоног төхөөрөмж, шугамыг эвдэж гэмтээснээс байгууллагын дарга хариуцдаг ажилтнууд цугларч нөгөө ээлжийн галч М.Маратбекийг ажиллуулахад галч Т.Даулетхан нь ойр хавийн хүмүүст агсарч, хэл амаар дайрч доромжлон танхайрсан. Бид арга ядаад цагдаа дуудсан. Ирсэн цагдаад Т.Даулетхан нь хэл амаар дайрч, халдахаар зүтгэж эсэргүүцсэн энэ үед цагдаа нар Т.Даулетханыг аваачаад эрүүлжүүлсэн юм. Гэвч байгууллагын ажилтан гэж өрөвдөж бид эрүүлжүүлэхэд хонуулахгүй гэсэн боловч цагдаагийн офицертой үг зөрж эрүүлжүүлэхэд хоносон.

Энэ эсэргүүцэл нь цагдаад халдах гэсэн үйлдэлд нь цагдаагийн байгууллага торгосон байна. Бид цагдаагийн торгосон байдлыг мэдэхгүй. Харин Т.Даулетханы Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох хууль, заалтыг ноцтой зөрчсөнд нь хариуцлага болгон ажлаас чөлөөлсөн юм. Тушаалыг өөрчлөх, Т.Даулетханыг дахин ажиллуулах боломжгүйгэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЮ66050317 Жадик овогт Тумарбайн Даулетханыг Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Даулетхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 86 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Тус Шипагер өрхийн эмнэлгийн галч ажилтай Т.Даулетханыг тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай тушаалаараа ажлаас чөлөөлсөн юм.

Уг тушаалд Т.Даулетханы гаргасан зөрчлийг тодорхой бичсэн байгаа. Энэ эмнэлэгт 2 ээлж галч ажилладаг галч нар манаач, сахиул биш боловч өглөө эрт, өдөр, орой-шөнөдөө ирж байгууллагын дотор гал түлж энэ үедээ эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг үзэж хамгаалдаг юм. Харин гол үүрэг нь 2016 он 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн хамтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.13 дахь заалтын дагуу Эмнэлгийн халаалтыг стандарт/хэвийн/ хэмжээнд нь барьж хуваарийн дагуу 22-аас 25-аас доошгүй байлгах ёстой юм. Ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй буюу үүргээ зөрчсөн тохиолдолд ажиллуулагч гэрээг цуцлах эрхтэй гэж энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д тодорхой тусгаж өгсөн байгаа.

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8 заасан зүйлийг буюу Ажлын үед ажлын газарт согтуугаар ажилласан бол гэсэн заалтыг Т.Даулетханыг ажлаас чөлөөлөхдөө тус тус зөрчсөн гэж үндэслэсэн юм. Анхан шатны шүүх нь Т.Даулетханыг ...хайрлаж түүний ажлын газарт, ажил албаны цагаар архи уусныг, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан хүлээсэн үүргийг биелүүлээгүй, эд хөрөнгө эвдсэнийг, агсан согтуудаа танхайрч эрүүлжүүлэг орсныг нь зөвтгөсөн мэтээр өмөөрч нэг талыг барьж зөрчил гаргагч этгээдэд ашигтайгаар шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Шүүхийн үзэж буйгаар бол Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам цагийн бүртгэл М.Маратбек, Х.Замира нарын тодорхойлолт худал, хуурмаг бараг халаалтын шугам эвдрээгүй, цоорхой байсны улмаас өөрөө гэмтсэн ер нь гэмтэл болгоныг байнга засварлаж байгууллагыг авч явж байсан, дарга нь Т.Даулетхан гэртээ зүгээр архидаж амарч байхад дуудаж ирүүлсэн, цагдаад бариулж улмаар өс хонзон санаж ажлаас нь чөлөөлсөн мэтээр хандаж хэт /"ажилчин ангийн/ нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн бус уу гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Учир нь шүүх үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн харилцааг шууд зогсохоор ноцтой зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна гэжээ. Мөн Хөдөлмөрийн гэрээний он сар эргэлзээтэй гэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 д заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бол сунгагдсан тооцно гэсэн заалтыг хайхарч үзээгүй, баримтлаагүй юм. Тэгсэн атлаа Т.Даулетхан нь хөдөлмөрийн гэрээнд байгаа гарын үсгийг зөвшөөр ч байсан гэж залруулжээ. Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгөөгүй, өгсөн нь нотлогдоогүй гэж ажилтан ажлаас буруу чөлөөлөгдсөн мэтээр бичиж нэг талыг барьж хуулийг буруугаар тайлбарлажээ. Түүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд: Халаалтаа 22-оос 25 хэмийн халуун байлгана гэж бичсэнийг илтэд буруу болгон тэр өдөр халаалт стандарт хэмжээнд байсан эсэх, ямар хуваариар галлах эсэх нь тодорхойгүй гэж өдөрт 3 удаа өглөө, өдөр, орой /шөнийн шилжих үед/ галладаг юм гэж нэхэмжлэгч, хариуцагч нар нотлоод хэлж байхад тодорхойгүй мэтээр бичиж тэр өдөр Т.Даулетхан нь галлах ёстой биш байсан мэтээр түүнд дэндүү тал татсан байдлаар илтэд зөрчил гаргасан хүнийг олон жил ажилласан олон хүүхэдтэй банканд зээлтэй байхад ялимгүй зүйлээр халагдсан гэсэн байдлаар үзэж нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхой байна.

 

Ажилтныг өрөвдөж болно зөрчилтэй нь эвлэрч хэрхэвч болохгүй юм. Үнэн ч шударгаар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж ажилласан бол Т.Даулетханыг хэн ч мууг нь үзэхээр оролдохгүй. Харин ч олон жил түүний зөрчил дутагдлыг өмгөөлсөн, эвлэрч хамгаалж ирсэн. Тэрээр сүүлийн үед архи уун согтуурч хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн нь олширсон бөгөөд хайр, хүндэтгэлийг даагаагүй юм. Хэдийгээр шүүхээс гадна бид ч гэсэн түүнийг өрөвдөж байгаа боловч би шийдвэрээ өөрчилж чадахгүй. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 1.1.3, 2.1.8, байгууллагын дотоод журмын 10.1.8, Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэх хуудас зэргийг үндэслэж, Т.Даулетхан нь ажлын байранд согтуурсан, албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж, гал түлээгүйн улмаас дулааны шугам хоолойг гэмтээж, ноцтой зөрчил гаргасан тул түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох зохигчийн тайлбар, Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журам, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын цаг ашиглалтын бүртгэл, Цагдаагийн газрын 2016 оны 108 дугаар албан мэдэгдэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2017 оны 3/26 тоот албан бичиг зэргийг харьцуулан судалбал, Шипагер өрхийн эрүүл мэндийн төв нь хоёр галчтай бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилтан Т.Даулетханы хуваарийн дагуу ажиллах ээлж мөн эсэх нь тодорхойгүй байх тул түүнийг ажлын байранд согтуурсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, ажилтныг албан үүрэгт нь хайнга, хариуцлагагүй хандаж, гал түлээгүйн улмаас дулааны шугам хоолой гэмтсэн гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч хариуцагч энэ талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.1.3.-т халаалтыг стандарт хэмжээнд нь барьж, хуваарийн дагуу галлах талаар тусгасан боловч хэд хэдэн ажилтан хуваарийн дагуу, эсхүл дуудлагаар ирж нэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах тохиолдолд тухайн ажилтнуудын ажиллах /өдөр, цагийн/ хуваарь, эсхүл дуудлагаар ирж ажилласан тохиолдолд ажлын өдөр, цагийн эхлэх, дуусгавар болох хугацаа зэргийг ажил олгогчийн зүгээс нарийвчлан, тодорхой тогтоож өгөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг тусгай хуваарийн дагуу гүйцэтгэдэг ажилтанд ажил олгогчоос тогтоосон хуваарийг зохих журмын дагуу танилцуулж, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтын хэрэгжилтийг хангах арга, журмыг тус гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, бусад зохицуулалтаар тодорхойлох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3.-т зааснаар ажил олгогчийн үүрэгт хамаарах юм.

 

Ажил олгогчийн санаачилгаар, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан боловч тушаалын үндэслэлд дурдсан зөрчлүүдийг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай ба ажилтан Т.Даулетхан болон Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгагдаагүй байна.

 

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 108 дугаартай албан мэдэгдэлд Өлгий сумын 3 дугаар багт оршин суух иргэн Т.Даулетхан нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зөрчил гаргаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийтгэл хүлээсэн талаар Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн даргад мэдэгдсэн бөгөөд энэ нь ажилтныг тухайн өдөр ажлын байранд согтуурсныг нотлохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК