Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01481

 

 “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00787 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1230 дугаар магадлалтай,

   “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Ч ” ХХК-д холбогдох

            Гэрээний үүрэг, алдангид 31,648,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бумбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “С ” ХХК нь “АВ Studio” ХХК-тай 2016 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн худалдаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээгээр бид нийт 51,467,345 төгрөгийн бараа нийлүүлсэн. “АВ Studio” ХХК нь 2016 оны 10 сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 сарын 09-ний өдрийн хооронд нийт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 13,956,000 төгрөгийн барааг буцаалтаар, 16,412,145 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бид 2017 оны 03 сарын 09-ний өдөр үлдэгдэл төлбөр 21,099,200 төгрөгт тооцоо нийлж акт үйлдсэн. Удаа дараа биечлэн, албан бичгээр үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг шаардсан. Иймд 21,099,200 төгрөгийн авлага, 50 хувиар тооцсон алданги болох 10,549,600 төгрөг, нийт 31,648,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ч ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бумбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ч ” ХХК нь “Эй Би Ти Групп” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Сөүл плаза бизнес центрын Студио клубыг худалдан авсан. “Ч ” ХХК нь Студио клубын нэхэмжлэгчтэй холбоотой төлбөрийн тооцооны үлдэгдэл 21,099,200 төгрөгийг хариуцан хүлээн авсан. Төлбөрийн хуваарь гаргах талаар менежер н.Наранбаатар болон ерөнхий нягтлан бодогч нартай утсаар холбогдож, харилцан ярилцсан боловч төлбөрийг бүтнээр нь авна гэсэн. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдал “Ч ” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын хүүгийн төлбөр төлөлтэй холбоотойгоор дээрх өр төлбөрийг бүтнээр төлөх боломжгүй зэргийг харгалзан үзэж, өр төлбөр төлөлтийн хуваарийг 6 сараар гаргах саналтай байна. Иймд 21,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Алданги төлмөөргүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00787 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч ” ХХК-иас 21,099,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10,549,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 263,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1230 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч ” ХХК-иас 31,648,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “263,446” гэснийг “316,200” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч /Ерөнхий захирал/ Б.Нямжавын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 10,549,600 төгрөгийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Б.Нямжав нь иргэн А.Ууганбаярын 100 хувийн өмчлөлийн “Эй Би Студио” ХХК-ийг 2017 оны 05 сарын 04-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” болон “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авсан. “Эй Би Студио” ХХК-ийн “Studio” клуб нь үйл ажиллагаа явуулахгүй удаан хугацаанд хаалттай байсан, үйлчлүүлэгчдийн дунд нэр хүнд нь унасан, эдийн засгийн хувьд дампуурч байсан тул шинэ өмчлөгч Б.Нямжав нь компанийн оноосон нэр болон клубын нэр солих шийдвэрийг гаргаж 2017 оны 05 сарын 15-ны өдөр компанийн нэрийг “Ч ” ХХК болгон өөрчилж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авсан болно. “Эй Би Студио” ХХК-ийг худалдан авсанаас хойш хэд хэдэн байгууллагад өр төлбөртэй байсныг мэдэж, худалдагч тал болох “Эй Би Ти групп” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ууганбаяртай харилцан тохиролцож, Б.Нямжавын 100 хувийн өмчлөлийн “Эм Жи Эл Корпораци” ХХК нь “Эй Би Студио” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулахаар болж 2017 оны 11 сарын 15-ны өдөр “Эй Би Ти групп” ХХК-д өр төлбөрүүдийг шилжүүлэн авах тухай албан тоотуудыг илгээсэн. Албан тоотыг үндэслэн тухайн байгууллагуудтай холбогдон өр төлбөр төлөх график байгуулан зарим нэг компанийн өрийг төлж барагдуулсан болно. “С “ ХХК нь “Эм Жи Эл Корпораци” ХХК-ийн өр төлбөр барагдуулах тухай албан тоотыг хүлээн авч манай байгууллагын ажилтан Ж.Бумбаяртай утсаар холбогдон “Эй Би Студио ХХК нь 21,099,200 төгрөгийн бүтээгдэхүүнийг “С ” ХХК-аас зээлээр худалдан авсан. Одоо болтол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Танай байгууллага дээрх өр төлбөр болох 21,099,200 төгрөгийг төл гэсэн. “Ч ” ХХК нь “Эй Би Студио” ХХК-ийн дээрх өр төлбөрийг шууд төлж барагдуулах санхүүгийн боломжгүй байгаа тул 6 сарын хугацаанд график гарган төлж барагдуулах саналыг “С ” ХХК-д тавьж албан тоотоор илгээсэн боловч манай саналыг хүлээн аваагүй бөгөөд албан тоотын хариуг “Ч ” ХХК, “Эм Жи Эл Корпораци” ХХК-д аль алинд нь бичгээр ирүүлээгүй болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ “Эй Би Студио” ХХК-ийн ажилтан н.Уламбаярт утсаар мэдэгдсэн гэсэн боловч н.Уламбаяр нь “Ч ” ХХК-д мэдэгдээгүйн улмаас хариуцагч тал нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцож чадаагүй болно. “Эй Би Студио” ХХК-ийг худалдан авахаар Б.Нямжав, А.Ууганбаяр нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.4-д “Худалдан авагч нь компанийн хувьцааг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэнээс хойш худалдагчийн өмнөх үүрэг, хариуцлага, өр төлбөр, баталгаа, батлан даалт, аливаа ямар ч хэлбэрээр эдийн болон эдийн бус хариуцлага хүлээхгүй болно.” мөн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний 3.5-д “Эрх хүлээн авагч нь компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэнээс хойш эрх шилжүүлэгчийн өмнөх үүрэг, хариуцлага, өр төлбөр, баталгаа, батлан даалт, аливаа ямар ч хэлбэрээр эдийн болон эдийн бус хариуцлага хүлээхгүй болно.” гэж заасан болно. Мөн “Ч ” ХХК нь “С ” ХХК-тай гэрээ байгуулж дээрх 21,099,200 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг огт хүлээн аваагүй, дээрх бүтээгдэхүүнтэй холбоотойгоор гэрээ байгуулаагүй, тооцоо нийлээгүй болно. “С ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Өмнөх хувьцаа эзэмшигч А.Ууганбаярын ажилтан н.Уламбаяр нь гэрээг байгуулж, тухайн үеийн нягтлан бодогч нь тооцоо нийлсэн тухай” хэлж байсан болно. “Эм Жи Эл Корпораци” ХХК нь “С ” компанитай олон жилийн хугацаанд хамтарч ажиллаж байгаа болон “Эй Би Студио” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ууганбаярын хүсэлтийг харгалзан “Эй Би Студио” ХХК-ийн “С ” ХХК-иас авсан бүтээгдэхүүний өр төлбөр болох 21,099,200 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бүтээгдэхүүний өр төлбөрийн алданги болох 10,549,600 төгрөгийг төлөх болж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1230 тоот магадлалыг хянан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                                     

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “С ” ХХК нь хариуцагч “Ч ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 21,099,200.00 төгрөг, алданги 10,549,600.00 төгрөг нийт 31,648,800.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Ч ” ХХК нь үндсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, алдангийг төлөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 09 сарын 29-ний өдөр “С ” ХХК болон “АВ Studio” ХХК хооронд байгуулагдсан “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”, түүнчлэн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж чадаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, 2017 оны 03 сарын 09-ний өдөр энэ гэрээний тооцооны үлдэгдлийн талаар хэлцэл хийсэн, “Ч ” ХХК нь “Эй Би Ти Групп” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Сөүл плаза бизнес центрын “Студио клуб”-ыг худалдан авахдаа дээрх гэрээний тооцооны үлдэгдэл 21,099,200.00 төгрөгийг хариуцан хүлээн авсан үйл баримтын талаар маргасангүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, маргааны үйл баримтад мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3, 263.4-т заасныг буруу тайлбарлаж, гэрээний алдангийн тохиролцоог худалдах-худалдан авах гэрээний хүүтэй адилтган үзсэнийг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээ, тооцооны үлдэгдлийн талаарх хэлцэл гэсэн баримтын хүсэл зоригийн илэрхийллийн талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйл, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т нийцээгүй байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн хэлцэлд 2016 оны 09 сарын 29-ний өдөр “С ” ХХК болон “АВ Studio” ХХК хооронд байгуулагдсан “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.3-т заасан алдангийг хэрэглэх талаар талууд тохиролцсон гэж үзэх нөхцөл тусгагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан анз төлөх үүрэггүй гэж үзнэ.

 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар хариуцагч нь нэхэмжлэгчид 21,099,200.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон тул энэ хэмжээний төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин алданги 10,549,600.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1230 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч ” ХХК-иас 21,099,200.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10,549,600.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж, магадлалын нэг дэх заалтын “тогтоох хэсгийн 2 дахь заалтын “263,446” гэснийг “316,200” гэж” гэснийг хүчингүй болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 183,745.00 /нэг зуун наян гурван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН