Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00787

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Энхтайваны гудамж 77, С оффис, 302 тоотод байрлах, “С” ХХК/РД: 2890089/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, Сөүл плаза, 11-р давхарт байрлах, “ЧМК” ХХК/РД: 6103871/-д холбогдох,

 

31 648 800 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бумбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК /РД: 2890089/ нь “АВ Studio” ХХК/РД: 6103871/-тай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн “Худалдаа хамтын ажиллагааны гэрээ” байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээний дагуу бид “АВ Studio” ХХК-ийн СБД, Сөүлийн гудамж, Сөүл плаза, 11 давхарт байрлах “Studio Club’’-т 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 51 467 345 /тавин нэгэн сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн.

“АВ Studio” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 13 956 000 /арван гурван сая есөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаалтаар, 16 412 145 /арван зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг дансаар шилжүүлэн шилжүүлсэн болно.

Бид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “АВ Studio” ХХК-тай үлдэгдэл төлбөр болох 21 099 200 /хорин нэгэн сая ерөн есөн мянга хоёр зуу/ төгрөгөд тооцоо нийлсэн акт үйлдэн үлдэгдлээ баталгаажуулж, гэрээний дагуу үүргээ биелүүлэн үлдэгдэл төлбөрөө бүрэн барагдуулахыг мэдэгдсэн. Манай компани “Studio Club”-н үйл ажиллагаа доголдож эхэлсэнтэй холбогдуулан удаа дараа биеэр болон албан бичгээр үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг шаардсан боловч одоог хүртэл дээрх төлбөр төлөгдөөгүй байгаа болно.

Иймд манай компани үлдэгдэл төлбөр болох 21 099 200 /хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийн авлага мөн гэрээнд зааснаар нийт авлагын дүнгийн 50 хувиар тооцсон алданги болох 10 549 600 /арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийн хамт нийт 31 648 800 /гучин нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэн гаргуулах хүсэлт гаргаж байна.” гэв.

 

Хариуцагч “ЧМК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон “ЧМК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бумбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧМК” ХХК нь “Эй Би Ти Групп” ХХК-ийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, “Сөүл плаза” бизнес центрын “Студио” клубыг худалдан авсан болно.

“ЧМК” ХХК нь “Студио” клубын танай байгууллагатай төлбөрийн тооцоотой өр төлбөр болох нийт 21 099 200/Хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцан хүлээн авахаар “Студио” клубд албан тоот илгээж танай компанитай төлбөрийн хуваарь гаргах талаар менежер н.Наранбаатар болон ерөнхий нягтлан бодогч нартай утсаар холбогдож, харилцан ярилцаж байсан боловч дээрх өр төлбөрийг бүтнээр нь авна гэснээр харилцан яриа өндөрлөж байсан.

Гэвч 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс зарлан дуудах хуудсаар танай байгууллага нь дээрх өр төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар “ЧМК” ХХК-ийг татсан байна.

Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдал “ЧМК” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын хүүгийн төлбөр төлөлтэй холбоотойгоор дээрх өр төлбөрийг бүтнээр төлөх боломжгүй зэргийг харгалзан үзэж, өр төлбөр төлөлтийн хуваарийг 6/3ургаа/-н сараар гаргах саналтай байна.

Иймд цаашдын харилцаагаа бодож үндсэн 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ямар ч хамааралгүй өр төлбөрт алданги төлмөөргүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “ЧМК” ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөрт 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг, алдангид 10 549 600/арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг, бүгд 31 648 800/гучин нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ЧМК” ХХК нь 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

            Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

            Гэрээний 1, 5-ын 5.1, 5.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг тухайн сарын 25-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа .... төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээнд заасан бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах, тодорхой цаг хугацааны дараа төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх тул Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.-т “Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:”, 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ;”, 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө ...” гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд төлбөл зохих хүүг тусгаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтад зааснаар Гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээнд зааснаар шилжүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хариуцагчид нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт хариуцагч нь нэхэмжлэгчид 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 10 549 600/арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 10 549 600/арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

“Эй би студио” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр оноосон нэрээ “ЧМК” ХХК болгон өөрчилсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн № 12/210 албан бичиг, “ЧМК” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин олгосон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй ... үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь оноосон нэрээ өөрчилсөн нь өмнөх нэрээр эрх олж, үүрэг хүлээсэн үйл ажиллагаанаасаа бий болох үр дагавараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

 

Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Чоко метрополис кулб” ХХК-иас 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 549 600/арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Чоко метрополис кулб” ХХК-иас 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 549 600/арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Чоко метрополис кулб” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 263 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ