Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01230

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00787 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ч” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэг, алдангид 31 648 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.Бг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б атцэцэг хуралдаанд тайлбартаа: “С” ХХК нь “А” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн худалдаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээгээр бид нийт 51 467 345 төгрөгийн бараа нийлүүлсэн. “А” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 13 956 000  төгрөгийн барааг буцаалтаар, 16 412 145 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  үлдэгдэл төлбөр  21 099 200 төгрөгт  тооцоо нийлж акт үйлдсэн. Удаа дараа биечлэн, албан бичгээр үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг шаардсан.  Иймд  21 099 200 төгрөгийн авлага, 50 хувиар тооцсон алданги болох 10 549 600 төгрөг  нийт 31 648 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бумбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь “Э Групп” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Сөүл плаза бизнес центрын Сыг худалдан авсан. “Ч” ХХК нь Сын нэхэмжлэгчтэй холбоотой төлбөрийн тооцооний үлдэгдэл  21 099 200  төгрөгийг хариуцан хүлээн авсан. Төлбөрийн хуваарь гаргах талаар менежер н.Наранбаатар болон ерөнхий нягтлан бодогч нартай утсаар холбогдож, харилцан ярилцсан  боловч төлбөрийг бүтнээр нь авна гэсэн. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдал “Ч” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын хүүгийн төлбөр төлөлтэй холбоотойгоор дээрх өр төлбөрийг бүтнээр төлөх боломжгүй зэргийг харгалзан үзэж, өр төлбөр төлөлтийн хуваарийг 6 сараар гаргах саналтай байна. Иймд  21 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Алданги төлмөөргүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч” ХХК-иас 21 099 200/хорин нэгэн сая ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 549 600/арван сая таван зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 263 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талтай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй.  Иргэний хуулийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож алданги тооцож төлүүлэхээр гэрээнд заасан. Иргэний хуулийн 198, 199 дүгээр зүйлийг зөрчиж нэг талд давуу эрх олгож, үйлчилж байгаа гэж ойлгогдож байна. Хариуцагч тал 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр болох 21 099 200 төгрөг тооцоо нийлсэн акт үйлдэн үлдэгдлээ баталгаажуулсан. Алданги тооцож төлүүлэх нь гэрээний хариуцлага хүлээх асуудал байтал анхан шатны шүүхийн тайлбарлаж байгаа зээлээр худалдах худалдан авах гэрээний барааны үнийг зээлийн хүүгийн хамт төлүүлэх үүргийн шаардлага биш. Шүүх манай компанийг илтэд хохироож, манай барааг хүлээн авч бусад этгээдэд худалдан борлуулсан хэрнээ мөнгийг нь өгөхгүй, үүргээ зөрчиж, хариуцлага хүлээхээс татгалзаж байгаа “Ч” ХХК-ийг өөгшүүлэх буруу практик тогтоож байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож үндсэн төлбөр 21 099 200 төгрөг , алданги болох 10 549 600 төгрөг нийт 31 648 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 21 099 200 төгрөг, алдангид 10 549 600 нийт 31 648 800 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн төлбөрийг төлөхөөр зөвшөөрч алдангийг төлөхгүй гэж маргажээ. /хх-ийн 80-83 дугаар хуудас/

 

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хоорондын гэрээнийг агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг тухайн сарын 25-ны өдөр төлөхөөр үүрэг хүлээсэн, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ./ хх-ийн 8 дугаар хуудас/ Уг гэрээгээр нэхэмжлэгч тал хариуцагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, барааны үнэ 21 099 200 төгрөг төлөгдөөгүй, худалдан авагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Талууд гэрээндээ алдангийн талаар тохиролцсон байхад алдангийн тохиролцоог анхан шатны шүүхээс зээлээр худалдах худалдан авах гэрээний хүүтэй адилтган үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн анхан шатны шүүхээс зохигчдын хоорондын гэрээний харилцааг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж буруу тодорхойлсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан 31 648 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй байна.

 

Гэрээгээр хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 21 099 200 төгрөг болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч” ХХК-иас 31 648 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “263 446” гэснийг “316 200” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 194 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                                     Ш.ОЮУНХАНД