Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 25

 

Д.М-, Ц.Э-, А.Б-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар         

Прокурор                                       Н.Идэр

Шүүгдэгч                                        Д.М-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Эрдэнэбаатар

                                                       Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Н.Баярмаа нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-н М-, Ц-ийн Э-, А-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 201509000506 тоот, 166/2017/0359/Э индекстэй 3 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Д-н М- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, Б- овогт Ц-ийн Э- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, Б- овогт А-гийн Б- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.М-, Ц.Э-, А.Б- нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Б.Э-ийг өдөж, хоргоосон шалтгааны улмаас Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 23 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-, Ц.Э-, Д.М- нарт холбогдох эрүүгийн 201509000506 дугаартай хэргээс Б- овогт Ц-ийн Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Э-ыг цагаатгаж,

-Шүүгдэгч Б- овогт А-гийн Б-, Б- овогт Д-н М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч А.Б-, Д.М- нар нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Б-, Д.М- нарт тус бүр 5  /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-, Д.М- нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Болд-Эрдэний цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оногдуулан тооцож,

-Шүүгдэгч Д.М- нь цагдан хориглсон хоноггүй, Ц.Э- 11 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-, Д.М- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тухайлбал хохирогч Д.Н-ийг зодож цохиогүй Д.Мөнгөнтулгыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 5 жилийн хорих ял оногдуулсан, мөн энэ хэрэгт бүлэглэн оролцсон Ц.Э-ыг энэ гэмт хэрэгт оролцоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж ЭХХШТХуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгох зэргээр хуулийн заалтыг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд Д.М- нь хохирогч Д.Н-ийн эрх чөлөөнд халдаж түүнийг зодож цохисон гэх үйлдэл тогтоогддоггүй бөгөөд харин ч шүүгдэгч А.Б- мөрдөн байцаалтын шатанд 2015.07.12-ны өдөр өгсөн 2 удаагийн мэдүүлгээр тоосго, чулуу авч хохирогч Д.Н-ийг цохиж унагааж дээрээс нь Ц.Э-ын хамт өшиглөж, дэвсэж зодсон гэдгээ хүлээн мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч Д.Н- болон зодоон болох үед тэнд байж үйлдлийг харсан гэрч Б.Э-, Т.Болормаа, Д.Эрдэнэчулуун, О.Идэржаргал нарын мэдүүлгийг үнэлэхгүй харин ч удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй тогтворгүй мэдүүлэг өгдөг гэрчүүд болох П.Алтанчимэг, Д.Пүрэвбат, Б.Батцэцэг, Т.Баттөмөр, Ж.Мөнхчулуун нарын мэдүүлгийг үндэслэж Д.Мөнгөнтулгыг гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан доорх хохирогч гэрч, сэжигтэн нарын мэдүүүлэгт хууль зүйн үүднээс дүгнэлт хийлгүй орхисон нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Тухайлбал:

1. Хохирогч Д.Н-ийн мэдүүлэг /2015.07.12-ны өдрийн/ -...Ингээд нэг ухаан ороход гудамжинд хоёр залуу намайг зодох гээд дайраад байсан. Батцэцэг тэр хоёр залуугаас намайг өмөөрч тэр хоёр залууг түлхээд байсан. Хоёр залуугийн нэг залуу нь газраас цагаан өнгийн барзгар чулууг аль нэг гартаа барьчихсан байсан. Батцэцэг миний урд гарчихсан тэр хоёр залууг болиоч гээд түлхээд байсан.Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна... 2 залуу л байсан нас, хувцас, биеийн содон шинж тэмдгийг анзаараагүй гэсэн мэдүүлэг.

Гэрч    Б.Э-ийн мэдүүлэг /2015.07.12-ны өдрийн/ -...Идэржаргал анх очоод намайг элдвээр хэлээд байсан залууг чи юу гээд манай найзыг элдвээр хэлээд байгаа юм бэ? гэж хэлэхэд нь Б- хажуу талаас нь тэр залууг цохьсон. Тэгээд цохьсоны дараа харахад Болд-Эрдэнийн гарт чулуу шиг зүйл байхаар нь би хаяулсан... тэгж байхад М-, Э- хоёр гараад ирсэн байсан бөгөөд Э- нь Б-тэй нийлчихсэн одоо эмнэлэгт хүргэгдсэн гээд байгаа хүнийг газар унагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөөд зодож байсан. Тэр залууг Б-, Э- хоёроос өөр хүн зодоогүй. М- хүн зодож байхыг би хараагүй... Эмнэлэгт хүргэгдсэн залууг анх Б- гараараа цохиод унагаасан, тэгээд дараа нь Б-, Э- хоёр нийлж зодож байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Болормаагийн мэдүүлэг /2015.07.12-ны өдрийн/ -...Болорцэцэг, Эрдэнэчулуун бид гурвыг очиход “Улаан хад” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн буланд зодоон болж байсан. Э- нэг ахтай зодолдоод байсан, цаана нь М- нэг хүнийг хөөгөөд явсан. Тэгтэл Э- зодолдож байсан залууг хамар руу нь цохиход Эрдэнэчулуун боль гээд салгасан, салаад дахиж очиж нөгөө ахыг Э- хамар руу нь цохисон, тэр үед цаанаас Б- гарч ирээд нөгөө ахыг элэгдээд газар дээшээ хараад унахаар нь нүүрэн дээр нь Б- дэвссэн, дахиад Э- нүүрэн дээр нь дэвссэн тэд нарыг Эрдэнэчулуун, Идэржаргал нар салгасан... найз охин Э-ийгээ цааш нь аваад явахад нөгөө эгч хэрүүл хийгээд байсан. Тэгтэл нэг ах “цагдаа, эмнэлэг дуудаачээ, энэ хүн ухаангүй байна” гэхэд манай найзууд болох Б-, Э- нар гэнэт алга болсон байсан. Тэр эмэгтэй гар утсаа гаргаж ирэхэд М- эмнэлэгийн дугаарыг хэлээд дуудлага өгч байх шиг байсан.

Гэрч Д.Эрдэнэчулууны мэдүүлэг /2015.07.12-ны өдрийн/ -...Болорцэцэг, Болормаа бид 3 харих гээд Э-ын гэрээс гарсан. Тэгээд бид 3 гудамжинд хэсэг зогсож юм яриад сууж байтал гудамжинд “Улаан хад” гэдэг дэлгүүрийн тэнд хүмүүс орилолдоод явчихсан. Тэгээд бид 3 яваад очтол нэг ах газар уначихсан хажууд нь миний таньдаг Э-,  Б- 2-н хажууд нь миний танихгүй нэг ах, бас нэг эгч 2 зогсож байсан. Тэгээд очоод юу болсон юм бэ? гэж асуусан чинь Э-, Б- 2 надад “Маргалдаад” гэж хэлсэн.Тэгээд би газар хэвтэж байгаа хүнийг хажуу тал руу нь харуулж хэвтүүлсэн. Тэр газар хэвтэж байгаа хүний хамраас нэлээн цус гарчихсан байсан.Тэр хүний хажууд байсан нэг эгч над дээр ирээд “Танай найз нар зодчихлоо” гэсэн.

Гэрч    Т.Баттөмөрийн /2015.07.12-ны өдрийн/ ...Харин намайг болохоор нэг халзан толгойтой, далан дэээрээ болон баруун хөлнийхөө шилбэ дээр шивээстэй залуу ирэхээр нь би зугтааж гүйж байгаад бүдрээд уначихсан. Тэгээд босоод ирсэн чинь нөгөө халзан толгойтой залуу хүрч ирээд намайг хавсарч унагахад намайг эхлээд чулуугаар цохидог залуу гартаа яс барьчихсан миний нуруу руу цохиод байсан.

Гэрч    П.Алтанчимэгийн мэдүүлэг /2015.07.28-ны өдрийн/ -...Чука, Н-, Батцэцэг манай нөхөр болох Пүрэвбат бид нар урд нь явж байсан, хойно Түмээ явж байх шиг байсан. Тэгээд бид нар “Улаан хад” гэдэг дэлгүүрийн урдуур явж байсан чинь хойноос 2 залуу, нэг нь өндөр туранхай шар эрээн цамцтай, нөгөө нь өндөр халзан толгойтой шардуу царайтай залуу байсан.

Тэгсэн шар махлаг халзан толгойтой залуу нь “Хөөе та нар дотор Түмээ гэж залуу байна уу, та нар зогсож бай” гэсэн. Тэгсэн чинь Түмээ “Түмээ гэдэг нь би байна” гэсэн тэр шар халзан толгойтой залуу ирээд Чукаг шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд дараа нь Н-ийг газраас тоосго аваад толгой руу нь цохисон... Тэгэхэд бас шар эрээн цамцтай залуу нь Н-ийг газар уначихсан байхад нь өшиглөөд байсан. Удалгүй тэр 2 залуугийн араас 3 залуу ирсэн.

Гэрч Д.Пүрэвбатын мэдүүлэг /2015.07.28-ны өдрийн/ -...Бид нар явж байсан чинь араас нэг улаан эрээн цамцтай өндөр туранхай залуу, цагаан футболкатой халзан бүдүүн залуу хөл дээрээ шивээстэй байх шиг байсан тэр 2 залуу ирээд улаан эрээн цамцтай нь Чукаг өшиглөсөн, тэгсэн тэр цагаан футболкатай халзан бүдүүн залуу нь Чукаг нүүр лүү нь цохиод унагаасан. Тэгэхээр нь Н- согтуу нөгөө 2 залуу руу зодолдох гээд очсон чинь халзан толгойтой бүдүүн залуу нь Н-ийг гартаа улаан өнгийн нэг зүйл барьчихсан тэр зүйлээрээ толгой руу нь цохиод унагаасан.Тэгээд байж байтал араас нь бас 2 залуу, 2 охин ирсэн.

А.Болд-Эрдэнийн   гэрчээр болон сэжигтэнээр өгсөн /2015.07.12-ны өдрийн/-...Одоо эмнэлэгт хүргэгдсэн залууг би голдуу зодсон юм. Э- ганц удаа л дэвссэн юм. Би болохоор тэр залууг чулуу барьсан гараараа цохиж газар унахад нь дээрээс нь дэвсэж зодсон... Тэр хүмүүсийг дуудаад очиж явахдаа газраас тоосго авсан юм. Тэгээд тэр тоосгоор Идэржаргалын түлхсэн хүнийг цохиж авсаны дараа Э- тоосгоо хая гэхээр нь хаясан юм. Тэгээд зөрүүлээд газраас жижиг чулуу авчихсан юм. Тэгээд чулуу барьсан гараараа эмнэлэгт хүргэгдээд байгаа залууг цохиж, хавсарч унагаад дээрээс нь дэвссэн юм. Мөн тэр залуугийн нуруу руу нь өшиглөж зодсон юм гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Д.М- хохирогч Д.Н-ийг толгойн тус газар нь чулуугаар цохиж гэмтэл учруулаагүй болох нь тогтоогдож байна.

Тухайн хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2015.07.12-ны өдөр А.Б- гэрчээр болон сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө... “Би бүгдийг нь эхнээс нь үнэн зөвөөр ярьж өгье, Тэр хүмүүсийг дуудаад очиж явахдаа газраас тоосго авчихсан юм.Тэгээд тэр тоосгоор Идэржаргалын түлхсэн хүнийг цохиж авсаны дараа Э- тоосгоо хая гэхээр нь хаясан юм. Тэгээд зөрүүлээд газраас жижиг чулуу авчихсан юм. Тэгээд тэр чулуу барьсан гараараа эмнэлэгт хүргэгдсэн залууг цохиж, хавсарч унагаад дээрээс нь дэвссэн юм. Мөн тэр залуугийн нуруу руу нь өшиглөж зодсон юм.” гэж мэдүүлсээр байхад сэжигтэнээр цагдан хорьсон 14 хоногийн хугацаандаа түүнд ял сонсгож яллагдагчаар татаж байцаалт авалгүйгээр 2015.07.16-ны өдөр хувийн батлан даалтанд гаргаад байцаалт авалгүй байж байгаад 55 хоногийн дараа буюу 2015.09.07-ны өдөр байцаалт авахад өмнөх мэдүүлгээсээ буцаж “би цохиж зодоогүй, Д.М- цамцандаа тоосго боож байгаад цохисон” гэж огт худал мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь тухайн үед хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчийн ЭБШХууль зөрчсөн хариуцлагагүй ажиллагаанаас болсон байхад үүнд дүгнэлт хийхгүй А.Б-, Ц.Э- нарын үгсэн хуйвалдсан худал мэдүүлгээр Д.Мөнгөнтулгыг энэ хэргийг үйлдсэн гэж үзэж ял халдааж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Мөн гэрч Т.Баттөмөр, П.Алтанчимэг, Д.Пүрэвбат нарын мэдүүлэг нь тогтворгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжыг тодорхой зааж чаддаггүй бөгөөд Д.М- улаан эрээн цамцанд, эсвэл цэнхэр цамцанд тоосго боогоод Д.Н-ийг цохисон гэх зэргээр мэдүүлдэг бөгөөд 2018.01.09-ний өдрийн шүүх хурал дээр гэрч П.Алтанцэцэг нь Д.Мөнгөнтулгыг газраас тоосго аваад Д.Н-ийг цохисон гэх зэргээр мэдүүлэг өгөх болгондоо өөр өөрөөр мэдүүлдэг байдал нь бусдын захиалгаар зөвхөн Д.Мөнгөнтулгыг цохисон гэдгийг нотлохын тулд зориуд худал мэдүүлэг өгөөд байгаа нь илт харагдаж байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.02.22-ны өдрийн №19 тоот магадлалд “...201509000506 тоот эрүүгийн хэрэгт ...хохирогч Д.Н-ийг цохиж зодсон талаар шүүгдэгч А.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-22-р тал/, гэрч О.Идэржаргалын мэдүүлгээр /хх-26-р тал/ А.Болд-Эрдэнийн үйлдэл тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Д.М- хэдийд барзгар чулуугаар хохирогч Д.Н-ийн дагзанд цохисон нь ойлгомжгүй байх тул шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг дахин газар дээр нь шалгаж фото болон видео хэлбэрээр баталгаажуулах шаардлагатай байна. Гэрч Т.Баттөмор, О.Идэржаргал, Т.Болормаа, Ж.Мөнхчулуун нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байх ба шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгүүд өөрчлөгдөх болсон шалтгааныг судалж, аль гэрчийн мэдүүлэг хэрхэн үгүйсгэгдэж, аль гэрчийн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцэхийг нарийвчлан тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасаныг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэхгүй хэт нэг талыг барьж өрөөсгөл байдлаар дүгнэлт хийж үүнийгээ хамгаалахын тулд эргэлзээ бүхий зөрүүтэй мэдүүлэг өгдөг гэрч Т.Баттөмөр, П.Алтанчимэг, Д.Пүрэвбат нарын 2015.07.28-наас хойшхи мэдүүлгийг шийтгэх тогтоолдоо түүвэрлэн бичиж анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч Б.Э-, Т.Болормаа, Д.Эрдэнэчулуун, О.Идэржаргал нарын хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2015.07.12-ны өдөр өгсөн мэдүүлгийг бичихгүй, түүнд эрх зүйн дүгнэлт хийхгүй орхисон, А.Болд-Эрдэнийн гэрчээр болон, сэжигтэнээр анх өгсөн мэдүүлгүүдэд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхисон нь ЭХХШТ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Мөн зүйлийн 14 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн хуулийн заалтуудыг шүүх шийдвэр гаргахдаа баримтлахгүй хууль зөрчсөн байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Н-ийг А.Б- чулуугаар толгойн тус газар цохиж унагаасан, мөн Ц.Э-ын хамт толгойн тус газар нь өшиглөж дэвсэж зодсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн боловч Д.М- нь хохирогч Д.Н-ийг цохисон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнийг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.09-ний өдрийн №23 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Д.Н-ийн биед ар дагз ясны хугарал гэсэн оноштой буюу хүнд гэмтэл учирсан байдаг. Гэтэл энэ гэмтэл чухам юунаас болж учирсныг, хэн учруулсныг тогтоосны үндсэн дээр гэм буруу хариуцлагын тухай ярих нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Анхан шатны шүүх хуралд оролцсон шүүх эмч Б.Долгормаа нь “Ар дагз ясны хугарал нь маш хатуу мохоо зүйлээр хүчтэй цохисноос болж үүсдэг”.  Хатуу ултай гуталтай хөлөөр хүчтэй савж өшиглөсөн бол үүсэх магадлалтай, түүнээс биш хөл нүцгэн хүн ямар ч хүчтэй өшиглөж тийрсэн ч үүсэх боломжгүй гэж мэдүүлсэн байгаа нь хэргийн болит байдлыг тодруулж өгч байна. Тэгвэл өнөөдөр хүнд гэмтэл учруулсан гэж ял сонсоод байгаа А.Болд-Эрдэнийн хувьд энэ хүнд хохирлыг хохирогч Н-т учруулаагүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон Үүнд:

...Гэрч Ж.Мөнхчулуун /хх-ийн 28 хуудас, 2015.07.14/ ...Тэр үед халимаг үстэй дээгүүрээ нүцгэн, доогуураа шорт өмссөн залуу нь цамцандаа тоосго хийгээд миний баруун талын өвдөг хэсэг рүү 4-5 /А.Б-/ удаа цохисон, мөн миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод намайг орхиод явахад нь би газраас босохдоо харахад Н- газар хэвтэж байсан. Б- Мөнхчулуунтай хөөцөлдөөд тоосгоор цохиж унагааж явахад хэн нэгэн Н-ийг цохиж унагаасан байгаа нь энэ мэдүүлгээс харагдаж байна.

“Н-ийг ямар хүн хэрхэн цохисон бэ. - халзан толгойтой залуу гараараа цохиод

газар унагаасан. Тэр үед таныг болон танай найзыг цохиж зодсон гэх хүмүүсийг хараад танихуу. –Танинаа, Ямар содон тэмдгээр нь таних вэ. - Нүүр царайг нь харвал танина

/хх-ийн 100 хуудас, 2015.08.06/ Танд үзүүлж байгаа зурган дээрх залуучуудын аль нь Н-ийг яаж зодож цохисон бэ гэсэн мөрдөгчийн асуултанд: 1 номерийн халзан толгойтой залуу Н-ийг тоосгоор толгой руу нь цохиж унагаасан, 2 номерийн залуу нүүр дээр нь дэвссэн, 3 номер дээрх залуу бие рүү нь өшиглөж байсан.

/хх-ийн 437 хуудас, 2017.01.05/ Анх Н-ийг нүүрэн тус газар гараараа өндөр бор залуу цохиж унагаасан, тэгээд намайг барьж аваад замын хажуу талын өндөр хүчдэлийн хажууд очиж газар унагааж зодсон /Болд эрдэнэ/ -2 залуу зодож байх үед хажууд чинь хэн байсан. –Хэн ч байгаагүй. Пүрэвбат Алтанчимэг нар зодооны үеэр зугтаагаад явсан

Гэрч Батцэцэг /хх-ийн 41 хуудас, 2015.07.14/ тухайн үед Н-ийг халзан толгойтой шивээстэй залуу болон бас бусад залуучууд зодсон.

/хх-ийн 42 хуудас/ -Н-ийг ямар хувцастай ямар царай зүстэй хүн цохисон талаар та дүрслэн хэлж чадах уу. - Н-ийг халзан толгойтой махлаг залуу гартаа юм барьчихсан толгой руу нь цохисон чинь Н- доошоо хараад унасан. Сүүлд нь Н-ийг газар унаад ухаангүй байхад нь тод хөмсөгтэй залуу дэвсээд хажуугаар нь хар бор царайтай залуу дэвссэн.

-Та халзан толгойтой залуу яг юугаар цохисон талаар ярина уу. - яг юу байсан талаар мэдэхгүй гартаа юм барьчихсан байсан тэгээд тэр зүйлээрээ толгойнх нь ардаас цохисон. Тэгээд тэр залууд чи хүн цохичихлоош дээ, хүн аллаа шүү дээ гэсэн чинь тэр халзан толгойтой залуу би тэгээгүй гэхээр нь би харсан шүү гэсэн чинь тэр залуу чаддаг юм бол цагдаад өгөөрэй гээд хэрэлдээд байсан.

-Та тэднийг харвал таних уу. –Танинаа

/хх-ийн 152 хуудас, 2015.10.08/ Танд үзүүлж байгаа 4 хүртэл дугаарласан зураг дээрх хүний уг зодоонд ямар оролцоотой байсан талаар хүн бүрт нь дэлгэрэнгүй ярина уу. - 1 номерт байгаа халзан толгойтой залуу анх гүйж ирээд гартаа тоосго барьчихсан Н-ийг ар дагз руу нь цохиж унагаагаад тэгээд Баттөмөртэй зодолдож яваад ирсэн чи цохио биздээ гэхэд уг залуу над руу салаавч гаргаад хэл амаар дайраад тэгвэл яваад заргалд би харья гээд байсан.

-Н- цохиулсны дараа боссон уу. -нэг удаа харахад өндийгөөд зогсож байсан

/хх-ийн 433 хуудас, 2017.01.14/ Та болсон явдлын талаар ярина уу. -Б- Идэржаргал гэх 2 залуу ирээд Идэржаргал гэх залуу Баттөмөртэй маргалдаж дундуур нь Н- салгах гэхэд Н-ийг Идэржаргал гараараа цохиод газар унагачихсан юм. Тэгээд би Н-ийг газраас босгоод цаашаа аваад явах үед араас халзан толгойтой залуу өндөр шар залуу болох М- хүрч ирээд футболка дотроо нэг юм хийчихээд түүгээрээ цохиж унагаачихаад цаашаа гүйгээд явсан. Миний харснаар Н-ийг нөгөө охины найз залуу болох Идэржаргал түрүүлж цохисон. Дараа нь халзан толгойтой залуу өндөр шар царайтай М- гэх залуу гартаа дээгүүрээ өмсөж байсан мариак дотроо нэг бондгор юм хийчихсэн барьж ирээд Н-ийн толгойн тус газар цохьчихоод цаашаа гүйгээд явсан.

Гэрч Э- /хх-ийн 39 хуудас, 2015.07.12/ Тэгсэн М- Э-ын өмсөж явсан эрээн цамцыг тайлж газар унасан байсан залуугийн цусыг тогтоож байсан.

-Хэн хэн яаж зодоон хийсэн бэ. - Идэржаргал анх очоод намайг элдвээр хэлээд байсан залууг чи манай найзыг юу гэж хэлээд байгаа юм гэж хэлэхэд нь Б- хажуугаар нь орж тэр залууг цохисон тэгээд цохисны дараа харахад гарт нь чулуу шиг зүйл байхаар нь би хаяулсан.

 Гэрч Д.Пүрэвбат /хх-ийн 43 хуудас / Н- согтуу нөгөө  залуу руу зодолдох гээд очсон чинь халзан толгойтой бүдүүн залуу нь Н-ийг гартаа барьсан улаан өнгийн нэг зүйл цэнхэр эрээн цамцанд боогоод барьчихсан тэр зүйлээрээ толгойн баруун талын дагз руу нь цохиод унагаасан. Н- арагш шилэн хүзүү нь татаж байгаа юм шиг болоод урагш чанх харалдаа унасан. Тэгээд нэг харахад Н- хагас өндийгөөд нуруугаараа бөхийсөн байдалтай/ энэ үед Б- очиж жийж унагаасан /босох гээд ядаж байсан... Н-ийг ухаангүй хэвтэж байхад халзан толгойтой залуу ирээд Н-ийг өшиглөх гээд тэгснээ харж байснаа өө амьсгаатай үхээгүй л байна шүү дээ гэж хэлээд явцгаая гээд явсан.

Яг аль залуу нь толгой руу нь цохисон та харсан уу, юугаар цохисон эсэх талаар ярина уу. -халзан толгойтой залуу нь Н-ийн толгой руу тоосгоор цохисон.

Тэгээд дараа нь бас адууны хөл барьчихсан Түмээг цохиж байсан.

/хх-ийн 45 хуудас, 2015.08.07/ Улаан футболкатой залуу Мөнхчулууныг цохиод унагаасан, халзан толгойтой залуу улаан тоосго эрээн цамцанд боочихсон цээж нүцгэн болчихсон Н-ийг нөгөө зүйлээрээ толгойн баруун талын дагз орчим нэг удаа цохиход арагш унасан.

/2 боть хх-ийн 3 хуудас, 2017.01.15/ -Н-ийг хэн хэрхэн яаж цохисон бэ. - Н-ийг эхэлж М- цамцан дотроо тал тоосго хийчихээд түүгээрээ толгойн тус газар цохисон дараа нь газраас босох гээд цээжээ өндийж байх үед нь Б- гэх залуу хойноос гүйж ирээд толгой хэсэг рүү нь өшиглөчихөөд дээгүүр нь харайгаад цаашаа Баттөмөрийг хөөгөөд явсан, улаан эрээн цамцтай гэдэг нь 4 дугаарт буюу Идэржаргал, халзан толгойтой гэдэг нь М- гэж 153-р хуудсанд буй зургийг зааж мэдүүлсэн

Гэрч Болормаа /хх-ийн 404, 2016.03.16/ Э-ынхаас гараад гудамжинд сууж байхад Мөнхтулга маргалдаж байгаа бололтой чанга орилохоор нь яваад очсон. Би зодоон харсан гэхдээ надаас өмнө зодоон болсон бололтой байсан. Намайг очсоноос хойш Э- нэг ахтай зодолдоод байсан цаана нь М- нэг хүнийг хөөгөөд явсан харин Болд-Эрдэнийг хараагүй.

-Та хамгийн сүүлд очиход хэн хэн, хаана ямар байдалтай байсан бэ. - Яг очих үед Б- бүүр цаашаа өндөр хүчдэлийн шонгийн тэнд нэг хүнтэй зодолдож байсан наана хашааны буланд Э- Батцэцэг нар зууралдаад зодолдож байсан. Наана нь Э- газраас юм хайгаад байгаа бололтой явж байсан. Хажууд нь Н- бөгтийчихсэн зогсож байсан.

Гэрч Ш.Дарханбаяр /хх-ийн 195 хуудас/ 2017.07.12-ны өглөө үүрээр Алтанчимэг Пүрэвбат 2-г унтаж байхад нь 2 залуугийн хамт ирээд сэрээгээд дагуулаад явсан.

Гэрч Ш.Энхдархан /хх-ийн 94 хуудас, 2016.10.26/ 3 залуу нэг хүүхэн ирж сэрээгээд дагуулаад гарсан.

Яллагдагч Ц.Э-ын мэдүүлэг /хх-ийн 419 хуудас, 2016.10.12/ Би Болд-Эрдэнийг түлхчихээд Н-ийг хөдлөхгүй байхаар нь зүүн мөр лүү нь хөлөөөрөө дэвссэн. Намайг жийхэд дээшээ харсан. Тэгэхэд нүүрэн хэсэг нь цус болсон байсан. Хажууд нь зогсож байсан Батцэцэг Мөнгөнтулгыг чи цохисон биз дээ хүн алчихлаа гэж орилоод байсан гэх мэдүүлгүүд.

Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Н-ийн биед А.Болд-Эрдэний тийрч унагаасан, дэвссэн нь Д.Н-т хүнд гэмтэл учруулсаны дараа болсон үйлдэл учраас хүнд гэмтэл учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 3-т “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим зөрчигдөж байна. А.Б- нь мэдүүлэг өөрчлөгдсөн шалтгаанаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт тайлбарлан мэдүүлсэн ба ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 2-т яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 8.3-т яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 7.5 дугаар зүйлийн 2-т яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа, эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байдаг ба А.Болд-Эрдэний хүнд гэмтэл учруулсан гэдэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй байна.

Мөн гэрчүүдийг зохих хугацааны дараа хахууль авч бодит бус мэдүүлэг өгсөн гэдэг боловч гэрч Батцэцэг 2015.07.14-ний өдөр, гэрч Баттөмөр 2015.07.12-ны өдөр, гэрч Мөнхчулуун 2015.07.14-ний өдөр, гэрч Э- 2015.07.12-ны өдрүүдэд мэдүүлэг өгсөн байна. Эдгээр гэрчүүд ямар нэг шахалт дарамтгүйгээр мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдалд хянах, дүгнэлт хийхэд боломжтой гэж үзэж байна.

Иймээс гэрч Пүрэвбатын 2017.01.16-ны /2 боть хх-ийн 31/ Н-ийг эхэлж М- цамцан дотроо тал тоосго хийчихээд түүгээрээ толгойн тус газар цохисон дараа нь газраас босох гээд цээжээ өндийж байх үед нь Б- гэх залуу хойноос гүйж ирээд толгой хэсэг рүү нь өшиглөчихөөд дээгүүр нь харайгаад  цаашаа Баттөмөрийг хөөгөөд явсан,

гэрч Батцэцэг /хх-ийн 41/ 2015.07.14 тухайн үед Н-ийг халзан толгойтой шивээстэй залуу болон бас бусад залуучууд зодсон. /хх-ийн 42/ -Н-ийг ямар хувцастай ямар царай зүстэй хүн цохисон талаар та дүрслэн хэлж чадахуу. -Н-ийг халзан толгойтой махлаг залуу гартаа юм барьчихсан толгой руу нь цохисон нинь Н- доошоо хараад унасан. Тэгээд тэр залууд “чи хүн цохчихлоош дээ, хүн аллаа шүү дээ” гэсэн чинь тэр халзан толгойтой залуу “би тэгээгүй” гэхээр нь “би харсан шүү” гэсэн чинь тэр залуу “чаддаг юм бол цагдаад өгөөрэй” гээд хэрэлдээд байсан,

гэрч Ж.Мөнхчулуун ...Тэр үед халимаг үстэй дээгүүрээ нүцгэн доогуураа шорт өмссөн залуу нь цамцандаа тоосго хийгээд миний баруун талын өвдөг хэсэг рүү 4-5 /Болд -Эрдэнэ/ удаа цохисон, мөн миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод намайг орхиод явахад нь би газраас босоод харахад Н- газар хэвтэж байсан,

гэрч Т.Баттөмөр... 3 залуу ирэхдээ нэг нь чулуу барьчихсан ирсэн тэгээд нөгөө чулуу барьсан залуу нь шууд гарт байсан чулуугаараа миний зүүн чих рүү цохиод зугтаахад Чукаг барьж аваад зогсоохоор нь “та нар яагаад байна”, “бид нар яагаач үгүй ш дээ” гэсэн цаанаас 4-5 залуу гарч ирсэн тэдгээр залуусын улаан сорочкон цамцтай судалтай саарал өнгийн шорт өмссөн залуу дээрх цамцаа тайлж гүйж ирээд Н-ийг гараараа нэг удаа цохиж унагаачихсан гэх мэдүүлгүүдээс А.Б- нь Д.Н-т хүнд гэмтлийг учруурлаагүй байгаа нь нотлогдож байх тул Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн тохирсон хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Гэрч нар анх холбогдогч нарыг танихгүй байсан тул зүс, царай өмссөн хувцсаар нь голлож мэдүүлэг өгч байсан боловч таниулах ажиллагаагаар бүгдийг таньж, хэн ямар үйлдэл хийснийг тодорхой мэдүүлсэн байдаг ба мөрдөн байцаалтын шатанд халзан толгойтой, махлаг шар залуу нь Д.М-, эрээн цамцтай залуу нь А.Б-, цэнхэр цамцтай гинж зүүсэн залуу нь Ц.Э- байсан гэдэг тогтоогдсон ба энэ тал дээр гэрч, шүүгдэгч нар ч хүлээн звшөөрсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... А.Б-, Ц.Э- нарыг сэжигтнээр цагдан хорьж, яллагдагчаар татаж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа байцаалт авахад Ц.Э-, А.Б- нар мэдүүлгээсээ буцсан. Тухайн үеийн 2002 оны Эрүүгийн хуулиар сэжигтнээр цагдан хорьсон гэхэд гэмт хэрэг үйлдсэн бол яллагдагчаар татаж ял сонсгоно, харин гэм буруугүй бол цагдан хорихгүй. Мөрдөн байцаагч, прокурор хуулийн зөрчлийг арилгуулаагүй. Нэгийг нь гэм буруугүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, гэтэл нөгөөх нь хоригдож хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. н.Идэржаргал нарын мэдүүлгээр А.Болд-Эрдэнийн хэрэг тогтоогдож байх видео хийх шаардлагатай гэж байсан. Гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн болгож, гэм буруутай хүнд ял завшуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Д.Н-ийг эхэлж цохиулаад өндийж байхад А.Болд-Эрдэнийн учруулсан байдал нь Д.Н-т хүнд хохирол учруулсны дараа үүссэн” гэв.

Шүүгдэгч Д.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Таньж олуулах ажиллагаанд 4 хүний зураг тавиад үүний 1 нь халзан толгойтой, нөгөө гурав нь халзан толгойгүй хүний зураг тавьсан, мэдээж ганц л халзан толгойтой хүн байгаа болохоор намайг л гэнэ. Анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, хэргийн бодит байдалтай нийцсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-, Ц.Э-, А.Б- нарыг согтуурсан үедээ бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд Б.Э-ийг өдөж, хоргоосон шалтгааны улмаас Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-, Ц.Э-, Д.М- нарт холбогдох эрүүгийн 201509000506 дугаартай хэргээс Ц.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Э-ыг цагаатгаж, А.Б-, Д.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Б-, Д.М- нарт тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Б-, Д.М- нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.М-, А.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н-ийн биед дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь хохирогч Д.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Чимгээг дагуулаад Батцэцэг бид хоёр урд нь явж байсан. Тэгсэн намайг цохиж унагаасан. Тэгээд цаашаа юу болсныг би сайн санахгүй байна. Батцэцэг намайг өмөөрч байсныг санаж байна” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн “...1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /Д.М-/ Н-ийг тоосгоор цохиж унагаасан. 2 номерын зураг дээрх залуу /А.Б-/ Н-ийн нүүр дээр нь дэвсээд байсан. 3 номерын зураг дээрх бор залуу /Ц.Э-/ Н-ийн бие рүү нь өшиглөж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200 хуудас/,  гэрч Т.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...яг одоо санахад Н-ийг эхлээд Б- гэх залуу гараараа нүүр орчим цохиод унагааж харагдсан, дахиад нэг харахад халзан толгойтой залуу цамцандаа тоосго ороочихсон Н-ийг толгой орчим нь цохиж унагаасан. Тэгээд би нэгэнтэй нь зодолдоод хөөцөлдөөд байж байхад Н-ийг Б- цээж нүцгэн нүүрэн дээр нь дэвсэж байсан. Дараа нь эдгээр залуус над руу бөөнөөрөө дайраад би газар унаад босож ирэхэд цаанаас дугуй бор царайтай бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу /Ц.Э-/ мөр рүү нь өшиглөөд гүйгээд явсан ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154 хуудас/, гэрч  Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /Д.М-/ анх гартаа тоосго барьчихсан гүйж ирээд Н-ийн ар дагз руу цохиж унагаагаад цаашаа Баттөмөр рүү гүйгээд явсан. Тэгээд Баттөмөртэй зодолдож байгаад ирсэн юм шиг байна лээ, сүүлд Н-ийг ухаангүй байхад ирчихээд “би таны найзыг яагаа ч үгүй шүү” гэхээр нь би “чи цохисон биз дээ” гэж хэлэхэд над руу салаавч гаргаад хэл амаар дайраад “тэгвэл яваад заргалд би харъя” гэсэн. 2 номерын зураг дээрх тод хар хөмсөгтэй залуу /А.Б-/ Н-ийг унаад хэвтэж байхад толгой дээр нь 2-3 удаа дэвссэн. 3 номерын зураг дээрх залуу /Ц.Э-/ гүйж ирээд Н-ийн цээж дээр нь нэг өшиглөөд зугтаачихсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152 хуудас/, гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би анх удаа мэдүүлэг өгч байсан. Тэгээд айж сандарсандаа Э-ыг хохирогч залууг цохиж унагаасан гээд хэлчихсэн юм. Ямар ч гэсэн намайг Батцэцэгтэй муудалцаад барьцалдаад байж байхад Б-, Э- хоёр газар унасан Н-ийг өшиглөж байгаа харагдсан” гэх  мэдүүлэг /2-р хх-ийн 435 хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10727 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 хуудас/, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж Ц.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Д.М-, А.Б- нарт холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын “...Д.М- нь хохирогч Д.Н-ийг цохисон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн “...А.Б- нь Д.Н-т хүнд гэмтлийг учруулаагүй байгаа нь нотлогдож байх тул Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн тохирсон хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Хууль тогтоомжийн тухай Монгол улсын хуулийн 28.6 дугаар зүйлийн 28.6.3-т “ зүйлийг араб тоогоор ард нь “дүгээр” эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл г.м/, 28.6.4-т “зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1 г.м/, 28.6.5-д “зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1 г.м/ дугаарлаж бичихээр заасан байх тул прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хуулийн зүйл заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1” гэх мэтээр хэрэглэж бичсэн нь буруу, харин “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.1” гэх мэтээр бичихийг цаашид анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мөнгөнтулгын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч А.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Б.МАНЛАЙБААТАР