Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01482

 

Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар магадлалтай,                                                                                                           

             Д гийн нэхэмжлэлтэй,

             Д т холбогдох

            6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д  нь 2015 оны 06 сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө төлөхгүй утасны дугаараа худлаа өгч намайг хохироож байна. Би тухайн үед мөнгөгүй байсан учир охиноо явуулж мөнгө авчруулж энэ хүнтэй гэрээ хийсэн. Гэрээнд гарын үсэг зураад, мөнгөө тоолж авсан хүн нь энэ хүн юм. Одоо яагаад мэлзээд байгааг гайхаж байна. Тэрнээс хойш шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах шүүх хуралдаан дээр намайг “... энэ хүнийг танихгүй, огт хараагүй, одоо л харж байна” гэж мэлзэж байсан. Үүнийг нь би залилан гэж бодож байна. Иймд анх шүүхэд 6,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн 1,999,000 төгрөгийг хасч тооцоод одоо 4,000,000 төгрөгийг л гаргуулж авмаар байна.  н.Бадамгэрэл энэ хэрэгт ямар ч хамаагүй гэжээ.

Хариуцагч Д ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 6,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг би аваагүй. Бадамгэрэл миний өмнөөс үйл ажиллагаа явуулж, мөнгөө өөрөө төлөөд явж байгаа. Тухайн үед нөхөр бид хоёр гэр бүлээ цуцлуулж олон баримт дээр гарын үсэг зурдаг л байсан түүнийг н.Бадамгэрэл ашигласан байх гэж бодож байна. Үүнийг шалгуулах гэж цагдаад хандсан боловч шүүхийн шийдвэр гарсан тул шинэ хуулиар шалгах эрх байхгүй гээд хүлээж аваагүй. Би мөнгө аваагүй учраас хариуцлага хүлээхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Д ээс 4,000,000.00  төгрөг  гаргуулан Д д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ээс 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д д олгож шийдвэрлэжээ.                                  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 146 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Д гийн Д т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2018 оны 25 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүхээс “...Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зээлдэгч талыг төлөөлөн Д  нь гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгээ мэдээгүй, өөрөөр хэлбэл түүнд гэрээ байгуулах шаардлага, хүсэл зориг байгаагүй гэрээ нь хэлбэрийн хувьд байгуулагдсан болох нь Х.Бадамгэрэлийн тодорхойлолт, тайлбар зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Миний бие хэн нэгэн хүний хүсэлтээр мөнгө зээлүүлэхээр очих нь тодорхой, зээлийн гэрээний нөхцлөө ярилцаж тохироод мөнгөө бэлнээр өгсөн. Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нотариатчаар гэрчлүүлж зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг Д ийнх мөн гэж шинжээчийн дүгнэлт гарсаар байтал хэт нэг талыг барьж хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь хууль болоод шударга ёсонд хир нийцэх вэ? Мөнгөө өгсөн хүнээсээ нэхэмжлэх нь зүйн хэрэг байх гэж бодож байна. Д тэй байгуулсан зээлийн гэрээ нь маш тодорхой байхад хүсэл зориг байгаагүй гэж үзэх ямар ч боломжгүй. Өнөөдөр Д  уншаад ойлгохгүй ямар нөхцөлд тухайн гэрээнд гарын үсэг зурсан байдлаа шүүхэд нотлоогүй. Д , Х.Бадамгэрэл хоёр тэр зээлийн мөнгийг хэн нь хэрхэн хэрэглэсэн нь надад мэдэгдэхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Өөр хоорондын зөрчилдөөнтэй асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Энэ хоёр хүн миний мөнгийг өгөхгүй байх талаар үгсэн тохиролцсон байхыг үгүйсгэхгүй гэхдээ би нотолж чадахгүй. Үндсэндээ нэг тал болцгоосон 2 хүний хэн нэгнийх нь тайлбараар нөгөө хүний хэлсэн байдлыг тогтоож байгаа нь үндэслэлгүй.

2. Давж заалдах шатны шүүхээс “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн байна. Хууль өөрөө шилжүүлж өгөхийг шаардсан болохоос биш бэлнээр байна уу, бэлэн бусаар байна уу, баримттай байна уу, баримтгүй байна уу огтоос хамаагүй иргэд бидний хуулийн мэдлэг дутмаг байдлыг хүмүүс ашигласан байхыг үгүйсгэхгүй. Мөнгийг нотариатчийн хажууд тоолж өгсөн. Нотариатч хуулиар гэрчлэх этгээд байтал би өөр хэнд итгэх билээ. Мөн давж заалдах шатны шүүхээс “Тус зээлийн гэрээнд хариуцагч Д  нь гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч Д  нь зээл болох 4,000,000 төгрөгийг Д т бус нотариатч Х.Бадамгэрэлд өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Бадамгэрэл нь зээлийн гэрээний үүрэгт Д д 1,990,000 төгрөг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, тогтоогдоогүй баримтын талаар хийсвэрлэн дүгнэсэн. Хэрэгт Д  нь Х.Бадамгэрэл миний өмнөөс зөвшөөрөөд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд данснаас мөнгө суутгагдсан, тэгээд би энэ талаар мэдсэн гэх тайлбар гаргадаг болохоос Х.Бадамгэрэл надад мөнгө төлсөн асуудал биш юм. Д тэй байгуулсан гэрээнд зурагдсан гарын үсгийг Д  өөрөө зурсан байна гээд шинжээч тогтоочихсон байхад үгүйсгээд, харин тэд нарын хоорондоо байгуулсан итгэмжлэлд Д  зурсан, зураагүй маргаантай, тогтоогоогүй байхад зураагүй мэт дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заапдах шатны шүүхийн 2018 оны 25 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Бадамгэрэл миний өмнөөс үйл ажиллагаа явуулж, мөнгөө өөрөө төлөөд явж байгаа, би мөнгө аваагүй учраас хариуцлага хүлээхгүй гэж маргажээ.

2015 оны 06 сарын 24-ний өдөр Д , Д  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, тойргийн нотариатч Х.Бадамгэрэл гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, нэхэмжлэгч энэ гэрээг шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Зээл өгөгч Д  нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж,  Д т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Д  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд өөрийгөө төлөөлүүлэн оролцох итгэмжлэлийг Х.Бадамгэрэлд 2016 оны 05 сарын 20-ны өдөр  олгосныг тойргийн нотариатч Р.Төгсбаяр гэрчилсэн баримт хэрэгт авагдсан.

Дээрх итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн оролцсон Х.Бадамгэрэл нэхэмжлэгч Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ тайлбарыг шүүх хүлээн авч шүүгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 295 дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 сарын 17-ны өдөр 887 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Д ийн тэтгэврийн болон харилцах дансанд хориглолт  хийснээр Д  нь өөрт нь холбогдуулан Д  шүүхэд нэхэмжлэл гаргасан, нотаритач Х.Бадамгэрэл нь хариуцагч Д ийн гарын үсгийг ашиглан Д тай зээлийн гэрээ байгуулан 4,000,000.00 төгрөг авч, улмаар түүний нэрийн өмнөөс итгэмжлэл хийлгэн шүүхэд өөрийг нь төлөөлөн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг мэдсэн болох нь тогтоогджээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянуулах тухай хүсэлтийг  Д  шүүхэд гаргаснаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоол гарсан байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр зөвхөн талуудын хооронд байгуулсан гэх 2015 оны 06 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд Д ийн гарын үсэг зурагдсан боловч гэрээ нь хэлбэрийн хувьд байгуулагдсан болох нь нотариатч Х.Бадамгэрэлийн 2017 оны 02 сарын 09, 13-ны өдөр гаргасан тодорхойлолт, шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д  нь 4,000,000.00 төгрөгийг Д т бус харин нотариатч Х.Бадамгэрэлд өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Бадамгэрэл нь зээлийн үүрэгт Д д 1,999,000.00 төгрөг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, Иргэний хуулийн зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д гийн Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000.00 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүрэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 110,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН