Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 146

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 089 тоотод оршин суух, Ламын гэгэээн овогт Даржаагийн Цэвэлмаа /МЮ-57030163/-гийн нэхэмжлэлтэй:

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг 138 тоотод оршин суух, Модчин овогт Дэнзэнгийн Наранчимэг /МЮ-63032766ХХХХ/-нд холбогдох

 

“6.000.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэвэлмаа, хариуцагч Д.Наранчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

              ... Наранчимэг нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгө буюу хүү алдангаа төлөхгүй утасны дугаараа худлаа өгч намайг хохироож байна.

Иймд Наранчимэгээс үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү алданги 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ... Тухайн үед дэлгүүрээс бараа татаж байгаа мөнгөний хэрэг байна, хэд хоноод буцааж өгнө гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учир охиныгоо мөнгө аваад ир гэж хэлээд авчруулж энэ хүнтэй гэрээ хийсэн. Гэрээнд гарын үсэг зураад, мөнгөө тоолж авсан хүн нь энэ.Одоо яагаад мэлзээд байгааг гайхаж байна. Тэрнээс хойш шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах шүүх хуралдаан дээр намайг “... энэ хүнийг танихгүй огт хараагүй, танихгүй одоо л харж байна” гэж мэлзэж байсан.Үүнийг нь Бадамгэрэл энэ хоёрын хоорондоо хийсэн залилан гэж бодож байна.

        Иймд миний бие анх шүүхэд 6.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн 1.999.000 төгрөгийг хасч тооцоод одоо 4.000.000 төгрөгийг л гаргуулж  авмаар байна! Д.Наранчимэг надаас 6.000.000 төгрөг авсан юм чинь төлөх ёстой. Бадамгэрэл энд ямар ч хамаагүй! гэжээ.

Хариуцагч Д.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

      ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 6.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг би аваагүй. Бадамгэрэл миний өмнөөс үйл ажиллагаа явуулж, мөнгөө өөрөө төлөгдөөд явж байгаа. Тухайн үед нөхөр бид хоёр гэр бүлээ цуцлуулж олон баримт дээр гарын үсэг зурдаг л байсан түүнийг л Бадамгэрэл ашигласан байх гэж бодож байна. Үүнийг шалгуулах гэж цагдаад хандсан боловч шүүхийн шийдвэр гарсан тул шинэ хуулиар шалгах эрх байхгүй гээд хүлээж аваагүй. Би мөнгө аваагүй учраас хариуцлага хүлээхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна! гэжээ.

 

                  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь Д.Наранчимэгт холбогдуулан “6.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Харин хариуцагч нь ... уг гэрээг би хийгээгүй, Бадамгэрэл хуурамчаар хийсэн учир би хариуцлага хүлээхгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Д.Цэвэлмаа нь 2015 оны 06 дүгээр сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээг бичгээр байгуулан 6.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг Д.Наранчимэгт зээлдүүлэхээр тохирч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд 1.999.000 төгрөг төлж, үлдэгдэл 4.000.000 төгрөг төлөгдөөгүй болох нь зээлийн гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч Д.Наранчимэгийн төлбөрийн тооцоо гэх баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хүүтэйгээр, зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаанд нь гүйцэтгэхгүй бол 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр  бичгээр тохирсон  байх бөгөөд энэ гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан  шаардлагыг хангасан  байна.

            Хэдийгээр хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчтэй бичгээр зээлийн гэрээг байгуулсан  эсэх талаар дээр “... би гэрээ байгуулаагүй Х.Бадамгэрэл миний өмнөөс гарын үсэг зурсан...” гэж маргасан боловч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр дээрх тайлбар няцаагдаж байх ба зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй ба дээрх тайлбараа  баримтаар нотолж чадаагүй.

Мөн зохигчид нэхэмжлэлийн шаардлага 6.000.000 төгрөгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд 1.999.000 төгрөг төлөгдсөн дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, 4.000.000 болгож багасгахад татгалзах зүйлгүй болохыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч илэрхийлсэн байна.

Иймд Д.Наранчимэгээс 4.000.000 төгрөг гаргуулан Д.Цэвэлмаад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  110.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Д.Н 4.000.000 төгрөг гаргуулан Д.Ц олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ