Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 25

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2016/00227/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                   С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Хариуцагч                                   *******

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 146 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох “6.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 04 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгө буюу хүү алдангаа төлөхгүй утасны дугаараа худлаа өгч намайг хохироож байна. Иймд *******ээс үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү алданги 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. ...Тухайн үед дэлгүүрээс бараа татаж байгаа мөнгөний хэрэг байна, хэд хоноод буцааж өгнө гэж хэлсэн. Гэрээнд гарын үсэг зураад, мөнгөө тоолж авсан хүн нь энэ. Одоо яагаад мэлзээд байгааг гайхаж байна. Тэрнээс хойш шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах шүүх хуралдаан дээр намайг ... энэ хүнийг танихгүй огт хараагүй, танихгүй одоо л харж байна гэж мэлзэж байсан. Үүнийг нь ******* энэ хоёрын хоорондоо хийсэн залилан гэж бодож байна. Иймд миний бие анх шүүхэд 6.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлөгдсөн 1.999.000 төгрөгийг хасч тооцоод одоо 4.000.000 төгрөгийг л гаргуулж авмаар байна. ******* надаас 6.000.000 төгрөг авсан юм чинь төлөх ёстой. ******* энд ямар ч хамаагүй гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 6.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг би аваагүй. ******* миний өмнөөс үйл ажиллагаа явуулж, мөнгөө өөрөө төлөгдөөд явж байгаа. Тухайн үед нөхөр бид хоёр гэр бүлээ цуцлуулж олон баримт дээр гарын үсэг зурдаг л байсан түүнийг л ******* ашигласан байх гэж бодож байна. Үүнийг шалгуулах гэж цагдаад хандсан боловч шүүхийн шийдвэр гарсан тул шинэ хуулиар шалгах эрх байхгүй гээд хүлээж аваагүй. Би мөнгө аваагүй учраас хариуцлага хүлээхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  хянан хэлэлцээд 146 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар *******ээс 4.000.000 төгрөг гаргуулан *******д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа : Анхан шатны шүүх надаас 6.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг  эс зөвшөөрч байна. Миний бие нь *******гаас зээлийн гэрээ байгуулж  4.000.000 төгрөгийг  аваагүй.  Нотариач Х.*******  энэ зээлийг авсан юм билээ.

 Цагаан сар болох гээд хүү маань надад 1 сая төгрөг шилжүүлсэн гэтэл тэр мөнгө нь дансанд ирэхгүй болохоор нь банкнаас асуусан. Гэтэл банк та шийдвэр гүйцэтгэлтэй уулз таны дансыг хаасан байна гэсэн. Гэтэл  Шүүхийн шийдвэр гарсан байсан. Нэхэмжлэгч ******* нь надаас мөнгө нэхээд шүүхэд өгөхөд ******* нь миний нэрийн өмнөөс шүүхэд тайлбар өгч шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Би хүнээс нэг ч төгрөг аваагүй байж яагаад төлөх ёстой гэж.  Эзэн нь өөрөө очоогүй байхад нотариат баталж, хүний гарын үсэн ашиглан мөнгө зээлсэн байхад би дунд нь хохирох ёсгүй гэж үзэж байна. Үнэн байдлаа хэлсээр байтал гэрээн дээрх гарын үсэг өөрийн чинь мөн гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон гэж надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж гомдлыг минь барагдуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг  хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн судлан үзвэл: *******, ******* нарын хооронд 2015 оны 06 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тойргийн нотариатч Х.******* гэрээний үнэн зөвийг гэрчилжээ.

Зээлийн гэрээний хугацаа дуусан үүргээ  биелүүлээгүй тул зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд  хариуцагч ******* нь 2016 оны 05 сарын 20-ны өдөр  шүүхэд өөрийгөө төлөөлүүлэн оролцох итгэмжлэлийг Х.*******д олгож, итгэмжлэлийн үнэн зөвийг тойргийн нотариатч Р.Төгсбаяр гэрчилжээ. Энэхүү итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн Х.******* оролцсоноор  нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага 6.000.000 төгрөгийг  бүрэн хэмжээгээр  хүлээн зөвшөөрсөн байна. 

 

*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг  шүүх хүлээн авч  шүүгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 295 дугаартай захирамжаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж улмаар  2016 оны 11 сарын 17-ны өдөр 887 дугаартай шүүхийн шийдвэр  гүйцэтгэх хуудас бичигдэн  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хэрэг үүсгэсэн байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж   *******ийн тэтгэвэрийн болон харилцах дансанд хориглолт  хийснээр ******* нь өөрт нь холбогдуулан ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан, нотаритач Х.******* нь хариуцагч *******ийн гарын үсгийг ашиглан *******тай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөг авч улмаар  түүний нэрийн өмнөөс итгэмжлэл хийлгэн шүүхэд өөрийг нь төлөөлөн хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцсон  болохыг мэдсэн байна.   

 

Ийнхүү  ******* мэдсэнээр  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянуулах тухай шүүхэд хүсэлт гаргасанаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 35 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлаас шийдвэр хянуулах тухай” шүүхийн тогтоол гарсан байна.  

Гэтэл анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн дээрх үйл баримтад огт  дүгнэлт хийлгүйгээр зөвхөн талуудын хооронд байгуулсан гэх  2015 оны 06 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зээлдэгч талыг төлөөлөн ******* нь гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгээ мэдээгүй өөрөөр хэлбэл түүнд гэрээ байгуулах шаардлага, хүсэл зориг  байгаагүй гэрээ нь хэлбэрийн хувьд байгуулагдсан болох нь нотариатч Х.*******ийн 2017 оны 02 сарын 09, 13-ны өдөр гаргасан тодорхойлолт, шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож  байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй” мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг  зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно. ” гэж заасан.

 

Тус  зээлийн гэрээнд хариуцагч ******* нь гарын үсэг зурсан боловч   нэхэмжлэгч ******* нь  зээл болох 4.000.000 төгрөгийг *******т бус харин нотариатч Х.*******д өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.******* нь зээлийн гэрээний үүрэгт *******д 1.999.000 төгрөг  буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

Учир нь зээлдүүлэгч ******* нь мөнгийг  *******т өгөөгүй бөгөөд тус гэрээний зээлдэгчийн  хариуцлага хүлээх сувьект биш байх тул   нэхэмжлэгч *******гийн зээлийн гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай *******т холбогдуулан  гаргасан  шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж залдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар “давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны  дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 146 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч *******гийн *******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг  6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН