Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01484

 

О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00852 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

             2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дүгээр магадлалтай,               

    О ын нэхэмжлэлтэй,

             Б т холбогдох

      Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,662,280.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Б , нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч О ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие эхнэрийн хамтаар Баянгол дүүрэг 3 дугаар хороо 37 дугаар байрны өргөтгөлд байрлах лангууг 6 нэрийн хүнсний бараа худалдаалах зорилгоор 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс түрээсэлж эхэлсэн. 2017 оны 12 сард хүнсний дэлгүүрийг шинэ түрээслэгч болох Б т шилжүүлж өгсөн. Ингэхдээ дэлгүүрт тавин худалдаалж байсан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар буюу анх худалдаж авсан үнээр Б т худалдахаар тохирч 2017 оны 12 сарын 16-ны өдөр дэлгүүрт байсан нийт бараа, хүнсний бүтээгдэхүүнүүдийг Б , түүний найз гэх О.Эрдэнэчимэг, эхнэр Л.Ариунбилэгийн хамтаар нэг бүрчлэн тоолж, нийт 4,928,730 төгрөгийн үнэ бүхий бараа, кассанд бэлэн байсан 163,300 төгрөг, 300,000 төгрөгийн үнэ бүхий модон лангуу, бүгд 5,383,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэгдэхүүн, эд зүйлийг Б т хүлээлгэж өгсөн. Б  нь уг мөнгийг 2017 оны 12 сарын 23-ны өдөр төлөхөөр тохирч, тооллого хийсэн дэвтэрт гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэвч Б  нь дурдсан хугацаанд дээрх мөнгийг төлөөгүйгээс гадна түүнд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийг зарж, үрэн таран хийж бидэнд төлөлт хийхгүй байсан тул 2018 оны 01 сарын 20-ны өдөр бид дэлгүүрээ барааных нь хамт буцаан авч, тус өдрөө Б , О.Эрдэнэчимэг нарын хамтаар, мөн хөндлөнгийн гэрч болгож дэлгүүрийн түрээслүүлэгч н.Баясгалан, н.Энхмаа нарын хамт дахин тооллого хийхэд дэлгүүрт нийт 2,693,280 төгрөгийн үнэ бүхий бараа үлдсэн байсан. 2017 оны 12 сарын 16-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн модон лангууг би буцаан авсан тул нийт дүнгээс 300,000 төгрөгийг хасаад 5,083,000 төгрөг болно. Түүнчлэн Б  нь дээрх 5,083,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг кассанд бэлэн байсан мөнгө болох 163,000 төгрөг болон нийт барааны үнээс суутгаж, тэрээр надад 4,580,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй болсон бөгөөд 2018 оны 01 сарын 20-ны өдөр тооллогоор 2,693,280 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буцаан авсан буюу зөрүү 1,886,720 төгрөг болж байна. Мөн энэхүү дүнгээс Б  нь анх түрээслүүлэгчтэй түрээсийн гэрээ байгуулахдаа барьцаа 200,000 төгрөг, түрээсийн төлбөрт 300,000 түрээслүүлэгчид өгснөөс түрээслүүлэгч нь тог, цахилгаан зэрэг ашиглалтын зардлаа аваад үлдэгдэл 224,440 төгрөгийг бидэнд шилжүүлж өгснийг хасаад нийт 1,662,280 төгрөгийг Б аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд Б аас 2017 оны 12 сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн нийт бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1,662,280 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би анх зарын дагуу очиж дэлгүүрийг түрээслэсэн. Би 4,563,030 төгрөгийн бараа татсан байсан. Үүнийг бараа хүлээлгэж өгсөн падануудаар нотолж байгаа. Хэдийгээр би О тай анхлан тохиролцсон хугацаандаа тоолж авсан барааныхаа үнийг төлж дуусгаж чадаагүй нь жилийн эцэс болон эхний хүмүүсийн ажил амьдралд нөлөөлдөг эгзэгтэй үе таарсан, хувь хүмүүс, байгууллагууд болон өөр хоорондоо битүү өрийн сүлжээнд орчихсон байсан зэрэг шалтгаан нөлөөлсөн. Тэнд ажилласан нэг сарын хугацаанд нийт 68 удаа бүгд 4,563,030 төгрөгийн бараа татаж авсан байна. Үүнийг нотлох он, сар, өдөр, цагтайгаа тухайн бүтээгдэхүүнийг тоо ширхэг үнэлгээтэй нь бичиж ирүүлсэн барааны падаанууд болон дэлгүүрийн хар дэвтрүүдийг шаардлагатай бол нотлох баримтаар шүүхэд өгч болно. Ийм байхад намайг зарж үрэн таран хийж, идэж уусан гэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч О  өөртөө болон надад зохион байгуулалттай, зохиомлоор ийм хор хохирол учруулаад байна. Миний анх орохдоо өгсөн барьцааны 200,000 төгрөг хэвээрээ байсан, энэ сарын хугацаанд би хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 2 удаа, түрээсийн төлбөр анх орохдоо болон нэхэмжлэгч О ыг гэнэтхэн ирж бүх юмыг буруугаар эргүүлэн бужигнуулахаас 3 хоногийн өмнө 2 дахь сарын түрээсийн төлбөрөө урьдчилан төлсөн байсан зэргээс үзэхэд миний зүгээс нэхэмжлэгч болон дэлгүүрийн түрээслэгчтэй хуулийн хүрээнд зохистой хандаж байсныг илтгэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу нэхэмжлэгч О тай эвлэрч, маргаанаа эв зүйгээр дуусгах боломжгүй бол нэхэмжлэгч О  2018 оны 01 сарын 20-ны өдөр гэнэт дайрч орж ирээд миний ажиллуулж буй дэлгүүрийн бараа болон падаан баримтанд өөрийн дураар, хууль бусаар хүч хэрэглэн халдаж, хохирол учруулсныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалуулах болно. Нэхэмжлэгч О  бараагаа үнэнчээр тоолоод, борлуулагч нарт бараа өгч явуулаагүй авсан бол ийм хэмжээний хохирол, дутагдал гарахгүй байсан. Бас О  өөрийнхөө барааг анх өгөхдөө Барс захын бөөний үнээр тооцож өгсөн гэсэн боловч дэлгүүрийн үнээр өгсөн байсныг сүүлд мэдсэн. О  хохирсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                              

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00852 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Бямбын Тунгалагаас 1,662,280 төгрөг гаргуулан Адуучин овогт Оросоогийн Отгонбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,140 төгрөгөөс 41,546 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 3594  төгрөг, хариуцагч Б аас улсын тэмдэгтийн хураамжид 41,546 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О т олгож шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэжээ.

Хариуцагч Б ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх миний гаргаж өгсөн олон тооны гарын үсэг, утасны дугаар, он сар өдрөөр баталгаажсан нотлох баримтууд, мөн бүх процессыг харж гэрчилсэн гэрчийн мэдүүлгийг үл хэрэгсэн намайг хохироосон шийдвэрийг гаргасан ба давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг тэр чигээр нь баталсанд туйлын гомдолтой байна. Дээрх шийдвэр болон магадлалд намайг “өөрийн шаардлага болон татгалзах үндэслэлээ нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй” гэжээ. Гэтэл би уг лангууг ажиллуулсан хугацаанд хэд хичнээн төгрөгийн бараа авсныг нотлох 60 гаруй падаан, фото зураг зэргийг өгч байхад миний өгсөн нотлох баримтуудыг ямар үндэслэлээр нотлогдоогүй гээд байгаа нь тодорхойгүй, харин О ын эхнэртэйгээ өөрсдийн гараар бичсэн дэвтэр дээрх гар бичээсүүд нотлох баримт мөн болж байгаад гомдолтой байгаа тул эдгээрийг тодорхой үндэслэлээр тайлбарлуулмаар байна. О  нь 2018.01.19-ний өглөө гэнэт орж ирээд миний падаануудыг авч, бусдад өөрийнхөө санаачлагаар 1,662,280 төгрөгийн үнэ бүхий барааг өгч явуулсан гэдгийг би өөрөө болон гэрч н.Эрдэнэчимэг, нэхэмжлэгч О  2 тэрхүү бараануудыг бусдад тоолж өгч явуулахаас өмнө өгч явуулснаа баталсаар байхад надад тухайн үед 4,563,030 төгрөгийн бараа байсан нь тогтоогдоогүй гээд байгаад мөн гомдолтой байна. Хэрэв О ын нэхэмжилсэн мөнгийг надаас гаргуулах болвол би сард 50,000 төгрөг цувуулан төлж дуусгах боломжтой болохыг тусгуулахыг хүсч байна гэжээ.               

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч О  нь хариуцагч Б аас барааны үнэ 1,662,280.00 төгрөг гаргуулахаар шаарджээ.

2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б  нь нэхэмжлэгч О ын түрээслэн ажиллуулж байсан хүнсний 6 нэрийн барааны дэлгүүрийн бараа болон лангууг 5,383,000.00 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тохирч, барааг хүлээн авсан, энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Талууд 163,300.00 төгрөг бэлнээр, 300,000.00 төгрөгийн үнэтэй лангуу, нийт 4,928,730.00 төгрөгийн бараа, нийт 5,383,000.00 төгрөгийн эд зүйл хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийг  хийгдсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ. /хх-26/

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,383,000.00 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан нь хэрэгт авагдсан, хариуцагч нь энэ хэмжээний мөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн боловч энэ нь талуудын өмнө нь байгуулсан худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болохыг баталгаажуулсан баримт гэж талууд тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч О  дэлгүүрийн лангуу болон барааг буцаан авснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан тухайд зохигчид маргаагүй. Харин нэхэмжлэгчид буцаан өгсөн эд зүйлийн үнэ болон үнийг тооцсон хэмжээний талаар маргасан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “нийт 4,928,730.00 тоолов, 5,383,000.00 12/23-ны дотор төлнө” гэж 2017 оны 12 сарын 16-ны өдөр үйлдсэн дэвтрийн 6 хуудас бүхий гар бичмэл баримтад “хүлээлгэн өгсөн Л.Ариунбилэг, О , хүлээн авсан Б , О.Эрдэнэчимэг” гэсэн байх бөгөөд энэ нь худалдах-худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлсэн баримт гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

Харин дээрх баримтын үргэлжлэлд 6 хуудас бүхий 2018 оны 01 сарын 20-ны өдрийн тооллого хийсэн тухай тэмдэглэл үйлдэгджээ. Энэ тэмдэглэлд тооллого хийхэд хамт байлцсан хүмүүсд эзэн, Баясгалан, Энхмаа, Отгонбаяр, Ариунбилэг, Тунгалаг, Эрдэнэчимэг гэсэн боловч хариуцагчийн гарын үсэг зурагдсан гэж үзэх баримт байхгүй тул энэ тооцоог хариуцагчийг дээрх төлбөрийг зөвшөөрсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Түүнчлэн энэ  баримтад нийт бараа 2,693,280, зөрүү 1,886,720, авлага 4,580,000 гэсэн үнийн дүн тусгагдсан байна. /хх-20-31/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсанаас хойш 4,563,030.00 төгрөгийн бараа татсан гэж тайлбарлан, энэ талаарх зарлагын баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, мөн гэрч  асуулгасан байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар няцаасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. 

Хариуцагчийг зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзсанаар хариуцагч Б  нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 01 сарын 20-ны өдрийн тооллого хийсэн тухай тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Иймээс хариуцагчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, барааны үнэ 1,662,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00852 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б т холбогдох барааны үнэ 1,662,280.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 41,560 /дөчин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН