Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0228/З |
Дугаар | 579 |
Огноо | 2018-09-19 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 579
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БЦ ХХК,
Хариуцагч: НХТЕТГ
Гуравдагч этгээд: “Ерөнхий боловсролын сс” БСБ
Нэхэмжлэлийн шаардлага: “2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, №125/2013 тоот зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Лн, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, А.О, гуравдагч этгээд “Ерөнхий боловсролын сс” БСБ-ын төлөөлөгч Д.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э, Г.Ц Р.Б, С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БЦ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” сургууль нь сургуулийнхаа өргөтгөлийн барилгыг барихаар 2013 оны 05
дугаар сарын 17-ны өдөр 125/2013 тоот “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх
зөвшөөрөл”-ийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байдаг ба 2013 оны 06 дугаар сард манай компанитай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Барилгын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэх явцад “С” сургууль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний тодорхой заалтуудыг удаа дараалан ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд манай компани “С” сургуулийн захиргаанд уг асуудлаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №13/117 тоот албан бичиг, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №13/120 тоот албан бичгээр тус тус шаардлага хүргүүлсэн боловч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “С” сургуулийн захирал Д.З биднийг ажлын талбайгаас хөөж, “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалсан төдийгүй манай компанийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй.
“С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга барих 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №125/2013 дугаартай, гүйцэтгэгч байгууллагаар БЦ ХХК-аар гарсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн хүчинтэй байх хугацаа 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Уг зөвшөөрлийн хугацааг нь сунгуулахаар “С” сургуулийн захирал Д.Згийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр “С” сургуулийн дэд захирал З.Энхмөнх хүсэлт гаргасан байдаг. Харин Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүсэлтийг хүлээн авч, тус хэлтсийн хяналтын инженер Ж.Мд цохолт хийж, 2016 оны 03 дугаар сарын 22-нд Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтыг зөрчиж, гүйцэтгэгч компаниар БЦ ХХК-ийн нэр дээр сунгалт хийсэн байна.
“С” сургуулийн захирал Д.З нь гэрээг цуцлаж, манай компанийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлын талбайгаас хөөж гаргасан атлаа 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч компаниар БЦ ХХК-ийн нэр дээр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-г гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үүний дараа хууль бусаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл байхгүй ГК-аар уг барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгүүлж дуусгаад Улсын комисст хүлээлгэн өгч, материалыг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн байна.
Үүнийг БЦ ХХК-аас “С” сургуулийн барилгын ажлыг хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан Улсын комиссын гишүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлыг Авилгатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр НХТЕТГт хүргүүлж, харин Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас манай компанид хаяглан явуулсан хариу бичгийг Улаанбаатар шуудан ХК-аас БЦ ХХК-ийн захирал Б.Б миний бие 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. Энэ үед уг бичиг баримт дотроос “С” сургуулиас манай компанийн нэрийг хууль бусаар ашиглан хүсэлт гаргаж Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө сунгуулсан байхыг олж мэдсэн.
Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалтыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт шилжүүлсэн ба Э.Анар нь судалж хариу хүргүүл гэж Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эд шилжүүлсэн. Харин Т.Э нь тус хэлтсийн инженер Ж.Мд хариу өг хэмээн хүргүүлсний эцэст 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 17/3599 тоот бүхий “С сургуулийн ашиглалтад орсон барилгын Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариу манайд компанид ирүүлсэн.
Ингээд манай компани 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба (хуучин нэрээр) болон түүний дарга Т.Эгийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга барих 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №125/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн сунгалтыг хууль зөрчиж, БЦ ХХК-ний нэр дээр гаргасны улмаас манай компанийн эрх, ашиг сонирхол нь дараах байдлаар зөрчигдөж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу арилгана” гэж заасан. “С” сургууль нь манай компанийн нэрийг хууль бусаар ашиглан сунгалтыг хийлгэхдээ худал мэдээлэл өгсөн ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба болон түүний дарга Т.Э нар нь албан үүрэгтээ хайнга хандаж /мэдсээр байж санаатайгаар хийсэн ч байж магадгүй/ шалгаж тодруулалгүй сунгалтыг хийснээс манай компанийн “Нэр” бусдад буюу “С” сургуулийн хууль бус үйлдэлд ашиглагдаж хохироод байна.
Сунгалт хийхдээ БЦ ХХК-ийн нэрийг хасалт хийж, шинээр гүйцэтгэгч компаниар оролцож буй компанийн нэрийг зааж өөрчлөлт оруулах ёстой байтал энэ өөрчлөлтийг хийлгүйгээр БЦ ХХК гүйцэтгэгч
компаниар үргэлжлүүлэн ажиллаж байгаагаар бүрдүүлсэн худал мэдээлэл дээр үндэслэн сунгалтаа хийсний улмаас цаашид ГК-ийн буруутай үүрэгтэй холбоотой үүссэн аливаа асуудал болон хохирлыг “Бүрэн цутгамал” ХХК хариуцах нөхцөл байдалд хүргэж байгаа бөгөөд улмаар компанийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах бодит нөхцөл байдлыг уг сунгалт нь бүрдүүлсэн.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба ( хуучин нэрээр) болон түүний дарга Т.Эгийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга барих 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №125/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн сунгалтыг хүчингүй болгосноор манай компанийн “Нэр” хууль бусаар ашиглагдахаас хамгаалагдаж, цаашид ГК-ийн буруутай үүрэгтэй холбоотой үүссэн аливаа асуудал болон хохирлыг БЦ ХХК хариуцах нөхцөл байдал үүсэхээс хамгаалагдаж, улмаар компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах бодит нөхцөл байдлыг бүрдүүлсэн нөхцөл байдал арилах юм.
Иймд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №125/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч НХТЕТГ нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:“...Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах” дүрэмд заасны дагуу Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг шинээр авах болон сунгуулдаг. “С” сургууль нь 2013 онд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа дээр дурьдсан Засгийн газрын 151 дүгээр тогтоолд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлэн 2013/125 дугаартай зөвшөөрлийг авсан байдаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд “С” сургуулийн барилгын ажпыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө сунгах хүсэлтээ өгсний дагуу хүсэлтийг судлан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар сунгаж өгсөн. Тус сунгасан зөвшөөрөл нь 2013/125 дугаартай зөвшөөрлөөр барьсан өргөтгөлийн 3 давхар барилгын дээр баригдах спорт заалыг барих зөвшөөрөл бөгөөд одоо тус спорт заалыг барьж эхлээгүй байгаа болно.
2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай улсын комиссын актаар 2013/125 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн өргөтгөлийн 3 давхар барилгыг хүлээн авсан.
125/2013 дугаартай зөвшөөрлийг тус байгууллага захиалагч тал буюу “С” сургуульд олгосон бөгөөд сунгалт хийлгэхдээ БЦ ХХК-ийн нэрийг ашиглаагүй. Үүнийг харин Бүрэн цутгамал ХХК нь манай компаний нэрийг ашиглаж зөвшөөрлөө сунгуулсан, БЦ ХХК-ний нэр байгаагүй бол сунгаж чадахгүй байсан зэргээр тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь тухайн нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд “С” сургуулийн захирал Д.З нэхэмжлэлийн шаардлагад өгсөн тайлбартаа: “...Тухайн захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тухай: Барилгын ажил гүйцэтгэгч хуулийн этгээдийн эрх, үүрэг хариуцлагыг Барилгын тухай хуульд зааснаар болон Иргэний хуулийн дагуу захиалагчтай байгуулсан гэрээгээр тодорхойлон зохицуулахаас биш барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл сунгаснаар гүйцэтгэгчид хариуцлага тооцохгүй юм. Мөн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн барилгын ажлын төсөл үйл ажиллагаанд бүхэлд нь олгож байгаа бөгөөд гүйцэтгэгчид тусгайлан олгоогүй гэдгийг Барилгын тухай хууль тогтоомжоос харж болно.
“С” сургууль болон БЦ ХХК-ний хооронд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэн түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэвч гүйцэтгэгч гэрээгээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлээд, ажил дуусаагүй байхад хаяж явсан бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол илэрсэн асуудлаар БЦ ХХК болон түүний гүйцэтгэх захирал Б.Бт холбогдуулан эрүүгийн, иргэний хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ.
Ийнхүү БЦ ХХК-тай байгууулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар цаашид барилгын ажлыг БЦ ХХК үргэлжлүүлэн гүйцэтгээгүй бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 06-аас 2013 оны 10 дугаар сарын 25-ыг хүртэл гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор хариуцлагыг тооцохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Барилгын ажлыг эхлүүлэн барьж байсан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ барилгын ажил бүрэн дуусаагүй байхад цуцлагдсан тул шинэ гүйцэтгэгчээр ГК-ийг сонгон 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Харин БЦ ХХК-ийн гаргасан цахилгааны ажлын чанарын доголдлыг “Монхорус” ХХК-тай гэрээ байгуулан шинээр засварласан. Ингээд “Голомт констракшн” ХХК нь гэрээний дагуу барилгын ажлуудыг стандартад нийцүүлэн хүлээн авч, барилга байгууламжийн чанарт баталгаа гарган зохигчдын нэгдсэн дүгнэлтийг гаргуулан ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2016/340 тоот комиссын актаар тус барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулсан болно. Цаашид тус гэрээний дагуу спорт заалны барилгыг барихаар төлөвлөж байна.
Ийнхүү барилга ашиглалтад оруулах явцад илрүүлсэн зөрчил, дутагдал, ажлын доголдолд тухайн зураг төсөл гүйцэтгэгч, барилгын ерөнхий болон туслан гүйцэтгэгч, бараа материал нийлүүлэгч нар захиалагчтай байгуулсан гэрээний дагуу өөрийн гүйцэтгэсэн ажилд ногдох хариуцлагыг хүлээхээр Иргэний болон Барилгын тухай хуульд зохицуулсан байна.
Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг анх 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авч, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сунгуулан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ашиглалатад авах үед Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах” дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус дүрэмд сунгалт хийхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй, гүйцэтгэгч компани солигдоход өөрчлөлтийг бүртгүүлэх одоогийн мөрдөгдөж байгаа дүрмийн зохицуулалт байхгүй байсан болно.
Тус дүрмээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн барилга, байгууламж баригдаж дуусах хүртэлх хугацаанд олгодог. Тодруулбал барилгын эзэмшигч, захиалагч, зөвлөх эрх бүхий этгээд барилгыг эхэлж барьж дуусах хугацаагаа барилгын ажлын график төлөвлөгөөтэйгээ уялдуулан тогтоож холбогдох баримт бичгийг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, ажлаа эхлэх зөвшөөрөл авна. Тус хугацаандаа багтаж барьж дуусгаагүй бол сунгуулах тухай хүсэлтийг мөн л барилга эзэмшигч, захиалагч эрх бүхий байгууллагад гарган журмын дагуу ажлын 3 хоногт шийдвэрлүүлдэг байна. Харин ашиглалтад оруулах үйл ажиллагаагаар барилгын нийт гүйцэтгэл, зураг төсөл норм стандартад нийцсэнийг эрх бүхий улсын комисс хянан дүгнэж, тухайн барилга стандартад нийцсэн тохиолдолд ашиглах зөвшөөрлийг эцэслэн олгодог билээ.
“С” сургуулийн зүгээс НХТЕТГт хандан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 136 тоот зөвшөөрлийг сунгуулахаар албан бичгээр хандсан бөгөөд тус зөвшөөрлийн хүсэлтийн маягтад барилгын ажлыг анх БЦ ХХК эхлүүлсэн тул эхлүүлсэн аж ахуйн нэгжийн нэр гэсэн хэсэгт тус компанийн нэрийг тэмдэглэсэн нь тухайн компанийн нэрийг хууль бусаар ашигласан явдал огтоос биш бөгөөд 125/2013 тоот Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтаар БЦ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно.
2. Тус 125/2013 тоот Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтын үйлчлэл дуусгавар болсон тухай: “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг анх 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авч түүний хүчинтэй хугацаанд барилгын 1-ээс 3 давхрын ажлыг гүйцэтгэн, үлдсэн 4-ээс 5 давхрын спорт заалны барилгыг барьж амжаагүй тул 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтыг хийлгэсэн. Гэвч БЦ ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас спорт заалыг нэмж үргэлжлүүлэн барих боломжгүй болсноор 1-3 давхрын хэсгийг ашиглалтад оруулсан.
Барилга нь 1-ээс 3 давхартаа хичээлийн танхим, 4-ээс 5 давхартаа спорт заал байрлахаар төлөвлөсөн хэдий ч БЦ ХХК барилгын цахилгааны эх үүсвэр, хуваарилалтын ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, 4-5 давхарлуу явсан цахилгааны монтажийг гаргаагүй зэрэг гэм буруутай үйлдлээс болж тус спорт заал баригдаагүй, барилгын ажил зогссон байдалтай өдий хүрсэн.
2016 онд батлагдсан Барилгын тухай хууль, 2017 онд батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрмийн дагуу тус спорт заалны барилга тодорхой шалтгааны улмаас зогссон байгаа тул тухайн хэсэгт холбогдох зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл дахин авахаар байгаа болно.
Иймд 125/2013 тоот Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, түүний 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтын хүчинтэй хугацаа нь 1-ээс 3 давхрын хувьд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2016/340 тоот Барилга байгууламж ашиглалтад оруулах тухай комиссын акт хүчин төгөлдөр болсноор болон спорт заалны барилгын ажил зогссоноор дуусгавар болсон бөгөөд нэгэнт үйлчлэл нь дуусгавар болсон актын хувьд түүнийг хүчингүй болгох тухай яригдахгүй юм.
3. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай: “... БЦ ХХК"нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтын талаар лавтай мэдэж байсан болно. Тус сунгалтын талаар БЦ ХХК-д мэдэгдэх үүрэг НХТЕТГт байгаагүй бөгөөд тухайн актын талаар хэдийнэ мэдсэн хэрнээ холбогдох байгууллагад гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт мөн гаргаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааСай нийцэхгүй байна.
“С” сургуулийн зүгээс боловсролын тухай хууль тогтоомж, стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, анги танхимаар хангах үүргээ зүй ёсоор биелүүлэх үүднээс хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх биеийн тамир, спортын хичээл ороход зайлшгүй шаардлагатай спорт заалыг сургуулийн дэргэдээ барихыг зорьсон боловч БЦ ХХК-ийн буруугаас одоог хүртэл барьж ашиглалтад оруулж чадалгүй түрээсийн зааланд хичээллэсээр, сурагчдын маань эрх ашиг хөндөгдсөөр байна. БЦ ХХК нь гүйцэтгэсэн ажлын дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй, стандартад нийцүүлэн ашиглалтад оруулсан өргөтгөлийн барилгыг ашиглалтаас гаргах, улмаар сургуулийн үйл ажиллагааг доголдуулах санаа зорилгоор сүүлийн 5 жилийн туршид өөрт хамаатай болон хамаагүй асуудлаар хэд хэдэн зарга мэдүүлж ирсэн. Тус компанитай байгуулсан гэрээнээс үүдэн бид их хэмжээний хохирол амссан боловч шударга үнэний төлөө тууштай явж ирсэн.
Иймд С сургуулийн өргөтгөл спорт заалын Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 125/2013 тоот зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалт нэхэмжлэгч БЦ ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй, үйлчлэл нь дуусгавар болсон акт бөгөөд тухайн актын талаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч БЦ ХХК-иас НХТЕТГт холбогдуулан “2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, 125/2013 тоот зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “.... БЦ ХХК-тай байгуулсан гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цуцлагдсан байхад тус компанийн нэр дээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 125/2013 тоот зөвшөөрлөөр сунгалт хийсэн нь манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна, ...барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн сунгалтыг хүчингүй болгосноор манай компанийн нэр хууль бусаар ашиглагдахаас хамгаалагдаж, цаашид ГК-ийн буруутай үүрэгтэй холбоотой үүссэн аливаа асуудал болон хохирлыг БЦ ХХК хариуцах нөхцөл байдал үүсэхээс хамгаалагдаж, улмаар компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах бодит нөхцөл байдал арилах юм...” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байна.
Хариуцагчаас уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...125/2013 дугаартай зөвшөөрлийг тус байгууллага захиалагч тал буюу “С”
сургуульд олгосон бөгөөд сунгалт хийлгэхдээ БЦ ХХК-ийн нэрийг ашиглаагүй, ...зөвшөөрлийн хүсэлтийн маягтад барилгын ажлыг анх БЦ ХХК эхлүүлсэн тул эхлүүлсэн аж ахуйн нэгжийн нэр гэсэн хэсэгт тус компанийн нэрийг тэмдэглэсэн нь тухайн компанийн нэрийг хууль бусаар ашигласан явдал огтоос биш бөгөөд 125/2013 тоот Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтаар БЦ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно” гэсэн агуулгаар маргаж байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг” ойлгоно гэж заасан байна.
Барилгын тухай 2008 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг; 12 дугаар зүйлийн 12.4-д “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэж заасан байна.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” 14.7-д “Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.” гэж заасан байна.
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан байна.
Харин 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дугаар 2016/340 тоот актаар С сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.
Уг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дугаар 2016/340 тоот актад ГК, ЯИ... зэрэг компаниуд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан гэж тусгагдсан байх ба харин уг актад БЦ ХХК-ийн нэр тусгагдаагүй байна.
2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №13/14 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш маргаан бүхий барилгын ажлыг ГК гүйцэтгэсэн болох нь нотлогддог бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан захиргааны актыг барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн доголдолыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан захирааны акт нь барилгын чанарын доголдлын улмаас бусдад учирсан хохирлыг БЦ ХХК хариуцах эрх зүйн үр дагаварыг үүсгэсэн захиргааны акт биш байна.
С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан захиргааны байгууллагын үйлдэл нь барилгын чанарын доголдлын улмаас үүсэх хариуцлагыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт биш юм.
Мөн хариуцагчаас олгосон С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтад БЦ ХХК-ийн нэр тусгагдаагүй болохыг тэмдэглэж байна.
Тодруулбал С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан захиргааны акт нь барилгын чанарын доголдлын улмаас бусдад учирсан хохирлыг хэн хариуцахтай холбоотой асуудал биш байна.
Үүнээс үзэхэд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дугаар 2016/340 тоот актад гүйцэтгэгч ГК, ЯИ... гэж тусгагдсан байх тул барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан сунгалт биш, харин ашиглалтанд оруулах комиссын акт нь барилгын чанарын доголдлыг хэн хариуцахыг илүү тодорхойлсон захиргааны акт гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч тал “С” сургуулийн буюу захиалагчийн гаргасан зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн хүсэлтэд БЦ ХХК-ийн нэр тусгагдсан нь манай эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж буй боловч захиалагчийн гаргасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн хүсэлт нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжтэй захиргааны акт биш тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.
Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг” ойлгоно гэж зааснаас үзэхэд барилгын ажлын зөвшөөрөл бол барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн захиргааны акт болохоос биш барилгын чанарын доголдлыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт биш юм.
Иймд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан сунгалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт биш байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байна.
С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалт нь дээрх хуульд заасан нэхэмжлэгч рүү чиглэсэн захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна.
Учир нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтад нэхэмжлэгчийн нэр тусгагдаагүй тул нэхэмжлэгч рүү шууд чиглэсэн захиргааны акт гэж үзэхээргүй, уг сунгалт нь барилгын чанарын доголдлыг хэн хариуцахтай холбоогүй тул эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй байна.
Түүнчлэн тухайн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт өгөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм болон түүний 5 дугаар хавсралтаас үзэхэд зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хавсаргах нь хүсэлт гаргагчийн үүрэг байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч өмгөөлөгчид нь Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг өгөх ёстой байсан гэтэл зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа сунгасан нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа хэдий ч уг маргаж буй үндэслэл нь зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн сүбъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг, зөрчигдөж болзошгүйг нотлох үндэслэл болж чадахгүй буюу нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх № 125/2013 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий БЦ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.Б