Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01550

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00390 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Д, “З”-д холбогдох,

Зээлийн төлбөрт 306.584.960 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Д нарын өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, хариуцагч Н.Д нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Д нар нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 210.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар жижиг бизнесийн зээл авсан. З нь зээлдэгч Н.Дашцэрэн, Х нартай 2015 оны 04 сарын 02-ны өдрийн Дугаар-БДГ 1090023081 тоот Батлан даалтын гэрээг байгуулан 210.000.000 төгрөгийн зээлийг 30.95 хувь буюу 64.995.000 төгрөгийг батлан даахаар болсон. Зээлдэгч Н.Д нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 01 дүгээр сараас хойш төлөлт нь доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 205.500.000 төгрөг, хүү 51.276.055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.627 төгрөг, нийт 256.822.683 төгрөг байна. Зээлдэгч Н.Д, З нараас нийт зээлийн үлдэгдэл 256.822.683 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Гэрээний хүү 13.833.808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125.852 төгрөг, нийт 13.959.660 төгрөг. Хариуцагч нараас нийт 270.782.343 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний хооронд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Гэрээний хүү 34.996.931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 805.686 төгрөг, нийт 35.802.617 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 306.584.960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Дашцэрэн хувцас үйлдвэрлэж өөрийн гэсэн бизнесийг 1996 оноос эхлүүлсэн бөгөөд 2015 оны 03 дугаар сард Сандэй төвийн 4018 дугаар бүхий үйлчилгээний талбайг иргэн Мөнхбат гэгчтэй 300.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 90.000.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 210.000.000 төгрөгийг Хнаас зээл авч өгөхөөр болсон. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 10 хороо, 7 дугаар байрны 21 тоот Ү-2206003704, ГЙ-000030347, 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 хороо, Намъяанжугийн гудамж Сандэй төв-37 барилгын 4018 дугаартай 24.85 м.кв талбайтай үйлчилгээний талбай, Ү-2204034022, ГД-000405303 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х нь №1090023081 дугаар бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, зээлийн дансны дугаарыг 1090025458 болгон өөрчилсөн болно. Ингээд зээл төлөх хуваарийн дагуу хэвийн төлж байсан боловч Н.Дашцэрэнгийн эрүүл мэндэд өөрчлөлт гарч 2015 оны 06 дугаар сараас уушиг, зүрх нь өвдөж онош тодорхойгүй, амьсгаадах, цэр гарах зэргээр ажил хөдөлмөр эрхлэх, өөрийн үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болсноор зээлийн төлөлт доголдож эхэлсэн хэдий ч сар болгон бага боловч тасралтгүй эргэн төлөлт хийсээр ирсэн. Тиймээс нэхэмжлэгчийн гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-нд буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцалсан гэж үзэж байна. Тиймээс зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан бол дараах үүргийг шаардах эрхгүй. Иймд хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205.500.000 төгрөгөөс батлан даалтын сангийн төлөх 63.602.250 төгрөгийг хасаад 141.897.750 төгрөг, хүү 51.276.055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.627 төгрөг, нийт 193.220.432 төгрөг, үүнээс төлсөн 5.103.455 төгрөгийг хасаад үлдэх зээлийг хариуцахыг зөвшөөрч байгаа гэжээ.

Хариуцагч “З” шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч З нь дараах байдлаар эвлэрсэн болно. Үүнд: Зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 байр 21 тоот дахь Ү-2206003704, ГД000030347 дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө байр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамж 37 барилгын байр 4018 тоот хаягт байрлалтай Ү-2204034022, ГД000405303 дугаартай 24.82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж хүрэхгүй тохиолдолд З батлан даалтын гэрээнд зааснаар батлан даалтын үүргийг гүйцэтгэх учиртай. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00390 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХХК, хариуцагч Н.Д нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Н.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 236.901.090 төгрөг, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З-гаас 63.602.250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.081.621 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 21 тоот Ү-2206003704, ГД-000030347, 29м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж 37 барилгын байр, 4018 тоот хаягт байрлалтай 24.85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.006.777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д нараас 1.342.455 төгрөг, хариуцагч З-гаас 475.961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00390 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар 306.584.960 төгрөгийг Н.Д нараас гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс Зд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2.006.777 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Д нараас 1.690.875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хинд олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Згаас төлсөн 475.961 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Д нарын өмгөөлөгч Ж.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00390 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаартай магадлалын зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 205.000.000 төгрөгийн №1090025458 дугаартай зээлийн гэрээ болон нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр 2 өөр зээл хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Н.Д нар нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1090023081 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас бус шинээр 205.000.000 төгрөгийн зээл нэмж авах хүсэл зориг шинээр байгуулагдсан гэх №1090025458 дугаартай зээлийн гэрээнд илэрхийлэгдээгүй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбараар нотлогдож зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан №1090025458 дугаартай зээлийн гэрээ нь өмнө буюу 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан №1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болж зээлийн гэрээний дугаарыг өөрчилснөөс шинэ гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн шүүхээс шинээр Н.Д “Х” ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №1090025458 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-д хамаарах юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан эрхийн дагуу зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг зээлийн гэрээ цуцалсан өдөр гэж тооцохоор байтал шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар буюу 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны хүүг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэлээ гэж үзэхэд хүргэсэн. Учир нь хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс дээрх зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхэд халдах гэсэн бус харин нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхой хэсэгт давж заалдах гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа 2017.05.18, 2018.02.01-ний өдрүүдэд тус тус нэмэгдүүлсэн үндэслэл нь шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс гэрээний үүрэг дуусгавар болсоор байхад шүүх ийнхүү байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Хариуцагч талаас дээр дурдсанчлан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно гэж үзэж миний үйлчлүүлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын дараах хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205.500.000 төгрөгөөс хариуцагч “З”-ийн хариуцах 63.602.250 хасч үлдэх үндсэн зээл 141.897.750 төгрөгийг хүү 51,276,055төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,627 төгрөгөөс нийт 51,322,682 төгрөгөөс төлөгдсөн хүү болох 5.103.455 төгрөгийг хасч үлдэх 46,219,227 төгрөгийг нийт 188.116.977 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00390 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.   

Нэхэмжлэгч “Хас  банк” ХХК нь хариуцагч Н.Д болон Зд холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 306.584.960 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээ цуцалсан гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг, З өөрт холбогдох шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 2-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, Н.Д нар нь 210.000.000 төгрөгийг жилийн 28.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлд  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 21 тоотын 29м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж 37 барилгын байр, 4018 тоот хаягт байрлалтай 24.85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.

Түүнчлэн зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол З нь түүний өмнөөс үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 30.95 хувийг төлөх үүргийг хүлээж, нэхэмжлэгчтэй батлан даалтын гэрээ байгуулжээ /хэргийн  4-19 дүгээр тал/.

Зээлийн болон барьцааны мөн батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1-т заасан шаардлагад нийцсэн ба  талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Иймд зээлдэгч гэрээгээр хүлээсэн эс биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Зээлдэгч нар зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд  банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардсан нь зээлийн гэрээний 5.1.1, Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1-т нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Зд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

З нь барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Згийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “зээлийн батлан даалт гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг хэлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ. 

Батлан даалтын гэрээний зорилгыг талууд  “зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг З баталж зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс зээл төлөх үүргийг гүйцэтгэж, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулах” гэж тодорхойлсны зэрэгцээ гэрээний 1.6-д “зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан байх тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж заажээ.

Хариуцагч Згийн батлан даасан хэмжээ нь Згийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1.-д заасан “Батлан даалтын сан нь ...зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана” гэснийг зөрчөөгүй байна.

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй 90 хоногоос дээш хугацаа өнгөрсөн, мөн нэхэмжлэгч зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам зааврын хүрээнд авсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Батлан даалтын гэрээний 3.2.5-д гэрээний хугацаа сунгах тохиолдолд батлан даагчаас бичгээр зөвшөөрөл авахаар заасан,  Х нь зээлдэгчтэй 2015 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 15 болгож, мөн зээлийн дансны дугаарыг өөрчилж, үндсэн гэрээний бусад заалтыг хэвээр мөрдөнө гэжээ /хэргийн 17 дугаар тал/.

Х зээлийн гэрээний хугацаа сунгахдаа батлан даагчаас бичгээр зөвшөөрөл аваагүй боловч энэ тохиолдолд батлан даалтын гэрээг дуусгавар болгохоор гэрээнд заагаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй  байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-т зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бол мөн зүйлийн 460.2.-т “үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.3-д зааснаар тэрээр зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээсэн, үүнээс үзвэл З нь хариуцлагыг зээлдэгчтэй хамтран хариуцахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т зааснаар үүргээ гүйцэтгэхийг зээлийн батлан  сангаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээгээр батлан даагчаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,  хариуцагч Н.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 236.901.090 төгрөг, хариуцагч Згаас 63.602.250 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэлээс 6.081.621 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо мөн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

З төлбөрийг зээлдэгчээс нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 750.290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ