Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1187

 

 “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00390 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Д, Э.Б, “Зээлийн батлан даалтын сан” нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 306 584 960 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ууганбаяр

Хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгч: Ж.Оюунболд

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Даваажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Д, Э.Б нар нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ХБтай 1090023081 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1090023081 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 210 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар жижиг бизнесийн зээл авсан. Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч Н.Д-, ХБ нартай 2015 оны 04 сарын 02-ны өдрийн Дугаар-БДГ 1090023081 тоот Батлан даалтын гэрээг байгуулан 210 000 000 төгрөгийн зээлийг 30.95 хувь буюу 64 995 000 төгрөгийг батлан даахаар болсон. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 00 тоот Ү-2206003704, ГД- 000030347, 29м.кв талбайтай, хоёр өрөө байр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж 37 барилгын байр, .... тоот хаягт байрлалтай 24.85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Зээлдэгч Н.Д, Э.Б нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 01 дүгээр сараас хойш төлөлт нь доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 205 500 000 төгрөг, хүү 51 276 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627 төгрөг, нийт 256 822 683 төгрөг байна. Зээлдэгч Н.Д, Э.Б, “Зээлийн батлан даалтын сан” нараас нийт зээлийн үлдэгдэл 256 822 683 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Гэрээний хүү 13 833 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 852 төгрөг, нийт 13 959 660 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 13 959 660 төгрөгөөр ихэсгэж байгаа тул хариуцагч нараас нийт 270 782 343 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний хооронд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Гэрээний хүү 34 996 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 805 686 төгрөг, нийт 35 802 617 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 306 584 960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч Н.Д, Э.Б нар нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө барьцаалж 210 000 000 төгрөгний зээл авсан. 2015 оны 04 дүгээр сарын 02-нд зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. 2015 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийн гэрээнд нэмэлт оруулж, хугацааг нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болгож дансны дугаарыг өөрчилсөн байна. Гэвч хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг байнга зөрчиж байсан учраас бид зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205 500 000 төгрөг, хүү 34 996 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 805 686 төгрөг, нийт 306 584 960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Д- нь хувцас үйлдвэрлэж өөрийн гэсэн бизнесийг 1996 оноос эхлүүлсэн бөгөөд өөрийн үйлдвэрлэсэн хувцасыг Нарантуул худалдааны төвд борлуулдаг байснаар 2008 онд Сандэй худалдааны төв нээгдсэнээр тус төвд үйлчилгээний талбай түрээслэн өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулсаар ирсэн. Дээрх 18 жилийн хугацаанд хуримтлуулсан мөнгөөрөө Сандэй төвд үйлчилгээний талбай худалдан авч түрээсэнд мөнгө төлөлгүйгээр өөрийн бизнесээ өргөжүүлэхээр 2015 оны 03 дугаар сард 4018 дугаар бүхий үйлчилгээний талбайг иргэн Мөнхбат гэгчтэй 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 90 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 210 000 000 төгрөгийг ХБнаас зээл авч өгөхөөр болсон. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн №1090023081 дугаар бүхий гэрээ байгуулж 210 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэйгээр авч зээлийн үндсэн төлбөр болон хүүг 1090023081 дугаар дансанд өгч байхаар тохиролцсон. Мөн дээрх зээлийн барьцаатай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Баталгаат ипотекийн гэрээ”-ийн №1090023081-01 дугаар бүхий гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 10 хороо, 7 дугаар байрны 00 тоот Ү-2206003704, ГЙ-000030347, 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 хороо, Намъяанжугийн гудамж Сандэй төв-37 барилгын 4018 дугаартай 24.85 м.кв талбайтай үйлчилгээний талбай, Ү-2204034022, ГД-000405303 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ХБ нь №1090023081 дугаар бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, зээлийн дансны дугаарыг 1090025458 болгон өөрчилсөн болно. Ингээд зээл төлөх хуваарийн дагуу хэвийн төлж байсан боловч Н.Д-гийн эрүүл мэндэд өөрчлөлт гарч 2015 оны 06 дугаар сараас уушиг, зүрх нь өвдөж онош тодорхойгүй, амьсгаадах, цэр гарах зэргээр ажил хөдөлмөр эрхлэх, өөрийн үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болсноор зээлийн төлөлт доголдож эхэлсэн хэдий ч сар болгон бага боловч тасралтгүй эргэн төлөлт хийсээр ирсэн. Н.Д-гийн хувьд өөрийн нөөц бололцоогоо ашиглан тухайн үйлчилгээний талбайг хүнд түрээслүүлэн олсон орлогоор зээлээ төлсөөр ирсэн.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан талаараа маргахгүй. Зээлийн гэрээний үүргийг зөрчсөн нь эрүүл мэндийн байдлаас нь болсон. Тиймээс нэхэмжлэгчийн гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-нд буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцласан гэж үзэж байгаа. Тиймээс зээлийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан, гэрээг цуцласан бол дараах үүргийг шаардах эрхгүй. Иймд хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205 500 000 төгрөгнөөс батлан даалтын сангийн төлөх 63 602 250 төгрөгийг хасаад 141 897 750 төгрөг, хүү 51 276 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627 төгрөг, нийт 193 220 432 төгрөг, үүнээс төлсөн 5 103 455 төгрөгийг хасаад үлдэх зээлийг хариуцахыг зөвшөөрч байгаа. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь уг шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байгаа гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь дараах байдлаар эвлэрсэн болно. Үүнд: Зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 байр 00 тоот дахь Ү-2206003704, ГД000030347 дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө байр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамж 37 барилгын байр .... тоот хаягт байрлалтай Ү-2204034022, ГД000405303 дугаартай 24.82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж хүрэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан батлан даалтын гэрээнд зааснаар батлан даалтын үүргийг гүйцэтгэх учиртай. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн батлан даалтын гэрээг байгуулсан нь үнэн. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар болон гэрээгээр 2 ач холбогдолтой нөхцөл үүсэж байгаа, энэ нь зээлдэгч эрсдэлд орсон бол хувь хэмжээгээр хариуцна, банкны эрсдлийг хамгаална. ХБ нь үндсэн зээлийг хариуцагч нар ашигласан учраас зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас бүхэлд нь шаардах ёстой. Зөвхөн боломжгүй нөхцөлд Зээлийн батлан даалтын сан хариуцна. Батлан даалтын гэрээнд үндсэн зээлийн үлдэгдлээс гэдэг нь 205 500 000 төгрөгнөөс гэж ойлгоно. Түүнээс хүү тооцогдохгүй. Гэхдээ бид 210 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд бид батлан даалтын гэрээ хийсэн, гэтэл дахин гэрээнд өөрчлөлт оруулсан байсан, үүнийгээ мэдэгдээгүй тул батлан даалтын гэрээ дуусгавар болсон гэж үзэж болно. Мөн нэхэмжлэгч нь Зээлийн батлан даалтын сангаас шууд шаардах үндэслэлгүй, эхлээд хариуцагч нар төлнө. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хасбанк” ХХК, хариуцагч Н.Д, Э.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Н.Д, Э.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 236 901 090 төгрөг, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-гаас 63 602 250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 081 621 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д, Э.Б нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 00 тоот Ү-2206003704, ГД-000030347, 29м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж 37 барилгын байр, .... тоот хаягт байрлалтай 24.85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 006 777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, Э.Б нараас 1 342 455 төгрөг, хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-гаас 475 961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх талуудын дунд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх санаачлагчаараа зээлийн гэрээг цуцалсан. Харин нэхэмжлэгч иргэний хууль болон гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, түүнээс үүдэн бий болсон үүргээ шаардсан байдаг гэвч шүүхээс энэхүү асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлгүй нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад шүүх гэрээний үүргийг буюу нэхэмжлэл гаргаснаас хойшхи хүүг гаргуулсан нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан үйлдлээрээ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг зээлийн гэрээ цуцалсан өдөр гэж тооцохоор байтал шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар буюу 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацааны хүүг хангаж шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх /нэхэмжлэл гаргасан үеэс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх/ мөн дуусгавар болно гэж үзэж байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн авч шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.

Миний үйлчлүүлэгч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагын дараах хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205 500 000 төгрөгөөс хариуцагч “Зээлийн батлан даалтын сан”-ийн хариуцах 63 602 250 хасч үлдэх үндсэн зээл 141 897 750 төгрөгийг, хүү 51 276 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627 төгрөгөөс нийт 51 322 682 төгрөгөөс төлөгдсөн хүү болох 5 103 455 төгрөгийг хасч, үлдэх 46 219 227 төгрөгийг, нийт 188 116 977 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдүүлсэн шаардлагаар энэхүү хэргийг шийдвэрлэж 236 901 090 төгрөгөөр хангаж шийдвэрлэж байгааг буюу 48 784 113 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн энэхүү хэрэг өмнө нь анхан шатны шүүхийн буруу шийдвэрээс болж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаж цаг хугацаа алдсан гэтэл энэхүү бусдын буруутай үйлдлээс болж цаг хугацаа алдсан хоног, сар тутам хариуцагч нар хүү төлөх шийдвэр гарч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд 3 шаардлага байдаг. Үүнд: хариуцагч нараас 256 822 683 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэсэн. Нэхэмжлэгч дээрх 3 төрлийн шаардлагад 1 442 064 төгрөг төлсөн байдаг нь зөвхөн 1 дэх шаардлага буюу мөнгөн дүнгийн хэмжээнд төлсөн тэмдэгтийн хураамж юм. 2 дахь шаардлагын хувьд хэргийн 12 дугаар хуудсан байх үнэлгээгээр буюу орон сууцны хувьд 65 000 000 төгрөг, үйлчилгээний талбайн хувьд 140 000 000 төгрөг, нийт 205 000 000 төгрөгт тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан боловч төлөөгүй байна. Энэ нь тус шаардлагыг шүүх хүлээн авахгүй хэлэлцэхгүй байх үндэслэл болж байгаа боловч шүүх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав давж заалдах гомдолдоо: Батлан даалтын гэрээнд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан заалт огт байхгүй тул нотлох баримтыг дутуу үнэлсэн. Иргэний хуулийн 460 дугаар 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан. Энэ нь Батлан даалтын гэрээний 1.4-д "Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 30.95 хувь байна.", 1.6-д "...Зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан байх тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж зааснаар нотлогдоно.

Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Үүнд батлан даалтын гэрээний 3.2.3 "Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээг авах", 3.2.4 "Энэхүү гэрээний 3.2.4-д зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаар нотолсон баримтуудаа батлан даагчид хүргүүлэх". Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад түүний шаардах эрхийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон болохыг нотолж байна.

Батлан даалтын гэрээний 1.1-д "...2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгэж чадахыг баталж, Зээлийн батлан даалтын сан батлан даахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийг төлж дуусгасан баримт хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан байна. Мөн 205 500 000 төгрөгийн зээлийг 2015 оны 09 дүгээр сарын 15-нд шинээр олгосон баримт хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан байна. Иймд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалт гаргасан зээл төлөгдөж дууссан тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй. Мөн Батлан даалтын гэрээний 3.2.5-д “Гэрээний хугацааг сунгах, зээлийн хэмжээ, барьцаа өөрчлөгдөх зэрээг батлан даагчид хохиролтой, сөрөг үр дагавартай байж болзошгүй өөрчлөлтийг зээлийн гэрээнд оруулахаар бол батлан даагчид урьдчилан бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авна" гэж заасан. Энэ урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул ХБ Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх гэрээгээр үүсээгүй. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болдог. Зээлдэгч зээлийг зөвхөн бизнесийн орлогоор бус зээлийн барьцаа хөрөнгөөр төлдөг. Зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Н.Д, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 306 584 960 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Зээлийн батлан даалтын санг татаж, батлан даалтын гэрээний үүрэгт дээрх төлбөрийн 30.95 хувь болох 63 602 250 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, Н.Д, Э.Б нар 188 116 977 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь “Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу төлбөрийг барагдуулна, гэрээ сунгагдсаныг манайхаас бичгээр зөвшөөрөл аваагүй” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК болон хариуцагч Н.Д, Э.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Н.Д, Э.Б нар нь 210 000 000 төгрөгийг жилийн 28.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, Н.Д- нь үүргийн гүйцэтгэлд Ү-2206003704 улсын бүртгэлийн дугаартай 000030347 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 10 дүгээр хороо, 7 дугаар байрны 00 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-2204034022 улсын бүртгэлийн дугаартай 000405303 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамжны 37 байр .... тоот хаягт байрлах 24.85 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №1090023081 дугаартай зээлийн гэрээ, №1090023081-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, зээл төлөх хуваарь, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрнөгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, №БДГ1090023081 дугаартай Батлан даалтын гэрээ зэргээр тогтоогдсон, зохигчдын хоорондын зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, “ХБ” ХХК, хариуцагч Н.Д- нарын хооронд байгуулсан ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, “ХБ” ХХК, Н.Д-, Зээлийн батлан даалтын сангийн хооронд байгуулсан батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх 4-6, 14-16, 18-20, 21/

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй зөрчсөнтэй холбоотойгоор нэмэлт хугацаа олгосон болох нь “ХБ” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн, мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шаардах хуудсаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч “ХБ” ХХК нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд хариуцагч Н.Д, Э.Б нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй юм. /хх 24, 29, 91/

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.7-д “Зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй” гэж заасан тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Н.Д, Э.Б нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. /хх 5/

 

Гэтэл шүүх хариуцагч Н.Д, Э.Б нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд шаардах хүүгийн зохицуулалт болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “ХБ” ХХК, Зээлийн батлан даалтын сан, Н.Д- нарын хооронд БГД1090023081 дугаартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, уг гэрээгээр мөн өдөр байгуулагдсан 1090023081 дугаартай 210 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр зээлдэгч Н.Д, Э.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч буюу Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, дээрх үүргийг батлан даагч гүйцэтгэсэн тохиолдолд хохирлыг зээлдэгч нар барагдуулахаар тус тус тохиролцжээ. /хх 14-16/

Хэргийн 30 дугаар талд авагдсан ХБ ХХК-ийн дансны хуулгаар 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №1090023081 дугаартай 210 000 000 төгрөгийн үндсэн зээл бүрэн төлөгдөж дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон байна. /14-16/

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 205 000 000 төгрөгийн №1090025458 дугаартай зээлийн гэрээний хувьд өмнөх 210 000 000 төгрөгийн №1090023081 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш буюу 5 сарын дараа нэхэмжлэгч “ХБ” ХХК-иас мөнгөн хөрөнгийг хариуцагч Н.Д- олгосон байх ба уг зээлийн гэрээний дугаар, зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ, зээлийн хүү зэрэг нь өөр өөр байх тул 2 тусдаа гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заажээ.

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 205 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Батлан даалтын сантай батлан даалтын гэрээ байгуулагдсан талаар бичгийн нотлох баримт авагдаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч “ХБ” ХХК нь Батлан даалтын гэрээний 3.2.5-д “Гэрээний хугацаа сунгах, зээлийн хэмжээ, барьцаа хөрөнгө өөрчлөгдөх... Батлан даагчид хохиролтой, сөрөг үр дагавартай байж болзошгүй өөрчлөлтүүдийг зээлийн гэрээнд оруулахаар бол Батлан даагчаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авах”, мөн гэрээний 3.5.7-д “Өөрийн санхүүгийн байдал болон төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн ноцтой баримт /үйл явдал, үйлдлийн/-ын талаар зээлдүүлэгч болон Батлан даагчид бичгээр мэдэгдэх” гэж тус тус заасныг зөрчиж зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар Батлан даалтын санд мэдэгдэх, урьдчилан бичгээр зөвшөөрөл авах үүргээ хэрэгжүүлсэн талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 63 602 250 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагч Н.Д, Э.Б нараас 306 584 960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч нар нэхэмжлэгч “ХБ” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй юм.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэг гаргуулах шаардлагын үндэслэл бөгөөд уг шаардлага нь бие даасан шаардлага биш тул нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагч Н.Д, Э.Б нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00390 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар 306 584 960 төгрөгийг Н.Д, Э.Б нараас гаргуулж “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2 006 777 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Д, Э.Б нараас 1 690 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБинд олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас төлсөн 475 961 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН