Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/00390

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,          

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:

Хариуцагч:

            Хариуцагч холбогдох,

 Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 306 584 960 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, хариуцагч “З”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагч Н.Д, Э.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Оюунболд /ШТЭҮ-1951/, нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

  

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х-ийн тусгай активийн хэлтсийн захирал М.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н.Д, Э.Бнар нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хас Банктай 1090023081 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1090023081 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 210,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар жижиг бизнесийн зээл авсан. З нь зээлдэгч Н.Д, Хас банк нартай 2015 оны 4 сарын 02-ны өдрийн Дугаар-БДГ 1090023081 тоот Батлан даалтын гэрээг байгуулан 210,000,000 төгрөгийн зээлийн 30,95% буюу 64,995,000 төгрөгийг батлан даахаар болсон. Н.Д, Э.Бнар нь 2015 оны 9 сарын 15-ны өдөр 1090023081 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оны 4 сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 9 сарын 15-ны өдөр болгож зээлийн гэрээний дугаарыг 1090025458 тоот болгон өөрчилсөн. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: ХУД 10 дугаар хороо 7 дугаар байрны 21 тоот Ү-2206003704, ГД- 000030347, 29м.кв талбайтай, хоёр өрөө байр, БЗД 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж 37 барилгын байр, 4018 тоот хаягт байрлалтай 24,85м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Зээлдэгч Н.Д, Э.Бнар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 1 дүгээр сараас хойш төлөлт нь доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлбөл зохих зээлийн төлбөр нь  үндсэн зээл 205,500,000 төгрөг, хүү 51,276,055.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,627.39 төгрөг, нийт 256,822,683 төгрөг байна. Зээлдэгч Н.Д, Э.Буян-Эрдэнэ, “З” нараас нийт зээлийн үлдэгдэл 256,822,683 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, М.Батмөнх нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагдаа:

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Гэрээний хүү 13 833 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 852 төгрөг, нийт 13 959 660 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 13 959 660 төгрөгөөр ихэсгэж байгаа тул хариуцагч нараас нийт 270 782 343 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний хооронд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах байдлаар нэмэгдсэн. Гэрээний хүү 34 996 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 805 686 төгрөг, нийт 35 802617 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 306 584 960 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Н.Д, Э.Бнар нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө барьцаалж  210 000 000 төгрөгний зээл авсан. 2015 оны 4 сарын 02-нд зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. 2015 оны 9 сарын 15-нд зээлийн гэрээнд нэмэлт оруулж, хугацааг нь 2020 оны 9 дүгээр сарын 15 болгож дансны дугаарыг өөрчилсөн байна. Гэвч хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг байнга зөрчиж байсан учраас бид зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205 500 000 төгрөг, хүү 34 996 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 805 686 төгрөг, нийт 306 584 960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Оюунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Н.Д нь хувцас үйлдвэрлэж өөрийн гэсэн бизнесыг 1996 оноос эхлүүлсэн бөгөөд өөрийн үйлдвэрлэсэн хувцасыг Нарантуул худалдааны төвд борлуулдаг байснаар 2008 онд Сандэй худалдааны төв нээгдэснээр тус төвд үйлчилгээний талбай түрээслэн өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулсаар ирсэн байна. Дээрх 18 жилийн хугацаанд хуримтлуулсан мөнгөөрөө Сандэй төвд үйлчилгээний талбай худалдан авч түрээсэнд мөнгө төлөлгүйгээр өөрийн бизнесээ өргөжүүлэхээр 2015 оны 3 дугаар сард 4018 дугаар бүхий үйлчилгээний талбайг иргэн Мөнхбат гэгчтэй 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 90,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 210,000,000 төгрөгийг Хас банкнаас зээл авч өгөхөөр болсон. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн №1090023081 дугаар бүхий гэрээ байгуулж 210,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 2,8 хувийн хүүтэйгээр авч зээлийн үндсэн төлбөр болон хүүг 1090023081 дугаар дансанд өгч байхаар тохиролцсон. Мөн дээрх зээлийн барьцаатай холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Баталгаат ипотекийн гэрээ”-ийн №1090023081-01 дугаар бүхий гэрээ байгуулан ХУД-ийн 10 хороо,7 дугаар байрны 21 тоот Ү-2206003704,ГД-000030347, 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, БЗД-ийн 14 хороо, Намъяанжугийн гудамж Сандэй төв-37 барилгын 4018 дугаартай 24,85 м.кв талбайтай үйлчилгээний талбай, Ү-2204034022, ГД-000405303 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хас банк нь №1090023081 дугаар бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, зээлийн дансны дугаарыг 1090025458 болгон өөрчилсөн болно. Ингээд зээлээ, зээл төлөх хувиарын дагуу хэвийн төлж байсан боловч Н.Дгийн эрүүл мэндэд өөрчлөлт гарч 2015 оны 6 дугаар сараас уушиг, зүрх нь өвдөж онош тодорхойгүй, амьсгаадах, цэр гарах зэргээр ажил хөдөлмөр эрхлэх, өөрийн  үйлдвэрлэлээ хэвийн явуулах боломжгүй болсоноор зээлийн төлөлт доголдож эхэлсэн хэдий боловч сар болгон бага боловч тасралтгүй эргэн төлөлт хийсээр ирсэн. Н.Дгийн хувьд өөрийн нөөц бололцоогоо ашиглан тухайн үйлчилгээний талбайг хүнд түрээслүүлэн олсон орлогоор зээлээ төлсөөр өнөөдрийг хүргэсэн байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан талаараа маргахгүй. Зээлийн гэрээний үүргийг зөрчсөн нь эрүүл мэндийн байдлаас нь болсон юм. Тиймээс нэхэмжлэгчийн гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 27-нд буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцласан гэж үзэж байгаа. Тиймээс зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан, гэрээг цуцласан бол дараах үүргийг шаардах эрхгүй. Иймд хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205 500 000 төгрөгнөөс батлан даалтын сангийн төлөх 63 602 250 төгрөгийг хасаад 141 897 750 төгрөг, хүү 51 276 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627 төгрөг, нийт 193 220 432 төгрөг, үүнээс төлсөн 5 103 455 төгрөгийг хасаад үлдэх зээлийг хариуцахыг зөвшөөрч байгаа гэв.

Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгч нь уг шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байдаг юм гэв.

 

Хариуцагч “З”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч болон хариуцагч З нь дараах байдлаар эвлэрсэн болно. Үүнд: Зээлийн барьцаа хөрөнгө болох ХУД-ийн 10 дугаар хороо, 7 байр 21 тоот дахь Ү-2206003704, ГД000030347 дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө байр, БЗД-ийн 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамж 37 барилгын байр 4018 тоот хаягт байрлалтай Ү-2204034022, ГД000405303 дугаартай 24,82 м,кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж хүрэхгүй тохиолдолд З батлан даалтын гэрээнд зааснаар батлан даалтын үүргийг гүйцэтгэх. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн батлан даалтын гэрээг байгуулсан нь үнэн. Згийн тухай хуулиар болон гэрээгээр 2 ач холбогдолтой нөхцөл үүсэж байгаа, энэ нь зээлдэгч эрсдэлд орсон бол хувь хэмжээгээр хариуцна, банкны эрсдлийг хамгаална. Хас банк нь үндсэн зээлийг хариуцагч нар ашигласан учраас зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас бүхэлд нь шаардах ёстой. Зөвхөн боломжгүй нөхцөлд З хариуцна. Батлан даалтын гэрээнд үндсэн зээлийн үлдэгдлээс гэдэг нь 205 500 000 төгрөгнөөс гэж ойлгоно. Түүнээс хүү тооцогдохгүй. Гэхдээ бид 210 000 000 төгрөгний зээлийн гэрээнд бид батлан даалтын гэрээ хийсэн, гэтэл дахин гэрээнд өөрчлөлт оруулсан байсан, үүнийгээ мэдэгдээгүй тул батлан даалтын гэрээ дуусгавар болсон гэж үзэж болно. Мөн нэхэмжлэгч нь Згаас шууд шаардах үндэслэлгүй, эхлээд хариуцагч нар төлнө. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

           

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                              

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Д, Э.Бболон “З”-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт 306 584 960 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Д, Э.Бнартай 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №1090023081 тоот зээлийн гэрээ байгуулж, 210 000 000 төгрөгийг 365 хоногт 28,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлж, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Н.Дтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны 21 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьяанжүгийн гудамж 37 дугаар барилгын байр 4018 тоот хаягт байрлах 24,85 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан болох нь №1090023081 тоот зээлийн гэрээ, 2015 оны 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, №1090023081-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, зээл төлөх хуваарь, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-6, 7-12, 18-20-р хуудас/

            Мөн нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Д, “З” нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд хохирлыг зээлдэгч барагдуулахаар, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 30,95 хувь байхаар харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №БДГ1090023081 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан байна. /хэргийн 14-16, 21-р хуудас/

            Зохигч талууд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн гэрээний дагуу олгосон 210 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 205 500 000 төгрөгийн зээлийг үндсэн гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болгож, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоож, зээлийн дансны дугаарыг 1090025458 болгож өөрчилжээ. /хэргийн 17-р хуудас/

 

Талууд зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээнүүд нь талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон тул “Хас банк” ХХК, Н.Д, Э.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Х, хариуцагч Н.Д нарын хооронд байгуулсан баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д, “Хас банк” ХХК, Н.Д, “З”-гийн хооронд байгуулсан батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Д, Э.Бнартай зээлийн гэрээ, хариуцагч Н.Дтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 2010 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, хугацаандаа төлөлт хийгээгүй тул гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөр буюу хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 306 584 960 төгрөгийг, хариуцагч “Зээлийн батлан даалт”-ын сангаас батлан даалтын гэрээнд зааснаар зээлийн үнийн дүнгийн 30,95 хувьд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч Н.Д, Э.Бнар нь зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээг цуцлахад татгалзахгүй, гэвч гэрээг 2017 оны 1 сарын 27-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцласан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, мөн 5 103 455 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцох ёстой гэж маргасан.

Хариуцагч “З” нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, батлан даалтын гэрээ нөхөх хариуцлага тул хариуцагч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй, мөн нэхэмжлэгч Х болон хариуцагч нар нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаа мэдэгдээгүй тул батлан даалтын гэрээ дуусгавар болсон гэж маргасан.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Д, Э.Бнарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан.       

            Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно”, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

Нэхэмжлэгч Х нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2016 оны  8 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч нар маргаагүй болно. /хэргийн 24-29-р хуудас/

            Талууд зээлийн гэрээнд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк өөрийн санаачлагаар гэрээг цуцлахаар” тус тус заасан байна.

            Иймд хариуцагч Н.Д, Э.Бнар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэрээний хугацаа хэтрэлттэй, нэхэмжлэгчээс үүргээ биелүүлэхийг  урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзах буюу цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нар гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

              

            Нэхэмжлэгч Х нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгөн хөрөнгө болох 210 000 000 төгрөгийг Н.Д, Э.Бнарт шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн 205 500 000 төгрөгнөөс Згийн төлөх 63 602 250 төгрөгийг хасаад 141 897 750 төгрөг, мөн гэрээ цуцлах хүртлэх хугацааны хүү 51 276 055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 627 төгрөг, нийт 193 220 433 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, гэрээ цуцласнаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй, гэрээг цуцласан байж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.

            Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах шаардлагыг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг цуцлаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүртлэх хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, харин зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцласан тул нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна гэж үзэв.

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 5 103 455 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Н.Дгийн дансны хуулгаар нотлогдоно гэсэн, нэхэмжлэгч нь уг 5 103 455 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон гэсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн гэрээний хүүгийн тооцоололд хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн гэх мөнгө нь тусгагдаагүй байх тул хариуцагчийн зээлийн эргэн төлөлтөд төлсөн 5 103 455 төгрөгийг /2015 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 4 750 622 төгрөг, 60 991 төгрөг, 10 198 төгрөг, мөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 281 643 төгрөг/  зээлийн гэрээний  хүүнээс хасч тооцох нь зүйтэй гэж байна гэж үзэв. /хэргийн 82-р хуудас/

            Иймд хариуцагч Н.Д, Э.Бнараас үндсэн зээл 205 500 000 төгрөгнөөс “З”-гийн хариуцах 63 602 250 төгрөгийг хасч 141 897 750 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 100 106 795 төгрөгнөөс 5 103 455 төгрөгийг хасч, 95 003 340 төгрөг, нийт 236 901 090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. / 205 500 000-63 602 250=141 897 750, 100 106 795- 5 103 445=95 003 340, 141 897 750+95 003 340= 236 901 090/

 

             Хариуцагч “З” нь үндсэн зээл 205 500 000 төгрөгнөөс 63 602 250 төгрөгийг төлөх үндэслэлгүй, батлан даалтын гэрээ нь нөхөх хариуцлага тул уг хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй, мөн талууд зээлийн гэрээг өөрчлөн байгуулсанаар батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Х, хариуцагч Н.Д, “Зээлийн батлан сан” нар нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №БДГ1090023081 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан талаараа маргаагүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 14-16-р хуудас/

            Уг батлан даалтын гэрээний 1.1-д “энэхүү гэрээний зорилго нь зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд хохирлыг зээлдэгч барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино”, 1.3-д “батлан даагч нь энэхүү гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө /төлөгдөөгүй зээлийг зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй/ хариуцлага хүлээнэ”, 1.6-д “батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан байх тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж тус тус харилцан тохиролцсон байна.

            Мөн батлан даалтын гэрээний 1.4-д “батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 30,95 хувь байна”, 3.1.2-т  “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 /ер/ хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээ авсан нөхцөлд батлан даасан хувиар уг үүргийн биелэлтийг батлан даагчаас шаардах”-аар, заасан байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн буюу 205 500 000 төгрөгний 30,95 хувь болох 63 602 250 төгрөгийг хариуцагч “З”-гаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан боловч талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 3.4.1-д “зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн банк энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээг авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-д заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөнөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж харилцан тохиролцжээ.

            Хариуцагч “З” нь нэхэмжлэгч Х, хариуцагч Н.Д нар нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа мэдэгдээгүй, батлан даалтын гэрээний 3.2.5-д заасныг зөрчсөн, урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, зээлийн дансны хуулгаар 210 000 000 төгрөгний зээл биш, 205 500 000 төгрөгний зээл олгов гэсэн байх тул 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1090023081 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж, батлан даалтын гэрээ ч дуусгавар болсон гэж мэтгэлцсэн.

            Нэхэмжлэгч Х, хариуцагч Н.Д, Э.Бнар нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн гэрээний дагуу олгосон 210 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 205 500 000 төгрөгийн зээлийн хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болгож, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоож, зээлийн дансны дугаарыг 1090025458 болгож өөрчилсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 1090023081 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тогтоогдож байна.  /хэргийн 17, 78, 220-р хуудас/

            Батлан даалтын гэрээний 3.2.5-д “гэрээний хугацаа сунгах, зээлийн хэмжээ, барьцаа хөрөнгө өөрчлөгдөх, барьцаа хөрөнгөний эзэмшигч өөрчлөгдөх, зээлдэгч солигдох зэрэг Батлан даагчид хохиролтой, эсхүл бусад сөрөг үр дагавартай байж болзошгүй өөрчлөлтүүдийг зээлийн гэрээнд оруулахаар бол батлан даагчаас урьдчилан бчигээр зөвшөөрөл авахаар” заасан боловч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэн аль нь гэрээнд өөрчлөлт оруулах талаараа мэдэгдсэн, холбоотой ажиллаж байсан гэж тайлбарласан, мөн зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан, уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн хариуцагч “З”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т “үүрэг гүйцэтгэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч  үүргийг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй”, мөн талуудын хооронд байгуулсан гэрээндээ зээлийн үлдэгдэл дүнгийн 30,95 хувийг хариуцахаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нарын төлөх үүрэгтэй үндсэн зээлийн 205 500 000 төгрөгнөөс 30,95 хувь болох 63 602 250 төгрөгийг хасч, уг 63 602 250 төгрөгийг хариуцагч “З”-гаас гаргуулж, нэхэмжлэгч Х-нд олгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд хариуцагч Н.Д, Э.Бнараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 205 500 000 төгрөгнөөс хариуцагч “З”-гийн хариуцах 63 602 250 төгрөгийг хасч 141 897 750 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 100 106 795 төгрөгнөөс 5 103 455 төгрөгийг хасч, 95 003 340 төгрөг, нийт 236 901 090 төгрөгийг, хариуцагч “З”-гаас 63 602 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Х нь хариуцагч Н.Дтэй 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №1090023081-01 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 хороо, 7 байрны 21 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамж 37 барилгын байр 4018 тоот 24,85 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалжээ. /хэргийн 9-12, 18-20-р хуудас/

Хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй боловч  нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Зохигчийн хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардаж, уг үүргийг гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, уг шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг төлж, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2017/01574 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх тул хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлыг зөвшөөрөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Х нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Дтэй байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээний 2.1, 4.1.7-д энэ талаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 15-р хуудас/

            Иймд хариуцагч Б.Д, Э.Бнар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

                

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Х, хариуцагч Н.Д, Э.Бнарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Н.Д, Э.Бнараас зээлийн гэрээний үүрэгт 236 901 090 төгрөг, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4-д зааснаар хариуцагч “З”-гаас 63 602 250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 081 621 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д, Э.Бнар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 21 тоот Ү-2206003704, ГД-000030347, 29м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж 37 барилгын байр, 4018 тоот хаягт байрлалтай 24,85м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 006 777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, Э.Бнараас 1 342 455 төгрөг, хариуцагч “З”-гаас 475 961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН