Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Дагвадорж,

шүүгдэгч С.А- өмгөөлөгч С.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А- өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлоор С.А-д холбогдох 1703000010142 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

С.А- нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 17-ын уулзварын хойд талын явган хүний гарцтай замд “Тоёота приус-10” загварын 05-74 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Г-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.А-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.А-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэргийг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан гэм хорын хохирол болох 369,200 төгрөгийг иргэний хариуцагч С.Б-с гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 21 дүгээр гудамжны 348 тоотод оршин суух Г- олгож, хохирогч Б.Г- нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.А-эс гаргуулах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч С.А*ийн №691617 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн С.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

С.А- анхан шатны шүүх хуралд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийг өөрөө дагуулан явж эмчлүүлж, эмчилгээний зардалд 1,212,000 төгрөгийг төлсөн байсан. Харин хохирогч Б.Г- шүүх хуралдаан дээр шинээр 368,200 төгрөгийн баримт гаргаж эмчилгээний зардалд нэхэмжилсэнг шүүгдэгч С.А- төлнө гэдгээ илэрхийлсэн юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар ял оногдуулах боломжтой байхад шүүх хэрэглэсэнгүй гэж үзэж байна. С.А- ар гэрээс шүүх хурлын дараа 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Б.Г-эд эмчилгээний зардалд 923,000 төгрөг, цалин, актны мөнгөний зөрүүд 377,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг төлсөн юм.

Хохирогч Б.Г- нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Хохиролд 1,300,000 төгрөг хүлээж авлаа. Надад одоо гомдол санал байхгүй, миний бие эдгэрч хэвийн байдалд орж байгаа. С.А- эхнэр нь жирэмсэн, 9 сартай нялх хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзэж түүний хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө” гэж бичгээр илэрхийлсэн. С.А-н ар гэрт жирэмсэн эхнэр, 9 сартай бага насны хүүхэд үлдсэн. Иймд дээрх нөхцөл байдлууд болон анх удаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэнг харгалзан С.А-д оногдуулсан хорих ялыг өөрчлөн тэнсэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх С.А-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч түүнээс үүсэх хор уршиг арилаагүй гэж дүгнэсэн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилаагүй гэдгийг өмгөөлөгч ойлгох ёстой. Эрүүл байсан хүнд гэмтэл учруулсан. Хохирол төлснөөр эрүүл болсон гэж ойлгож болохгүй. Шүүхийн дүгнэлт зөв, оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Хохирол арилсан, хохирогч Г-ийн тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болох юм. Гэхдээ хэргийн тухайд жолооч буруутай, хохирлоо өнөөдөр төлж дууссан гэхээр жаахан эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх С.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 23 цаг 30 минутын үед С.А- нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 17-ын уулзварын хойд талын явган хүний гарцтай замд “Тоёота приус-10” загварын 05-74 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Г-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Г-ийн “...2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр би ажлаа тараад хамт ажилладаг Мягмарсүрэн, Отгонжаргал нарын хамт 0.5 литрийн “Чингис” архи гурвуулаа уусан. Тэгээд би гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны 61-н буудал дээр машинаас буугаад МТ шатахуун түгээх станцын харалдаа явган хүний гарцаар замын зүүн талаас баруун зүгт чиглэлтэй хөндлөн гарах гээд алхаад явж байтал өөдөөс урагшаа чиглэлтэй орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлснээсээ хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би машин ирж байгааг анзаараагүй. Би бага зэрэг согтуу байсан. Баруун хөлний тахилзуур яс хугарсан. Жолооч ирж уулзаж эмчилгээний зардлыг төлж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар гаргаж өгнө...” /хх-ийн 22-23 тал/,

иргэний хариуцагч С.Б--ийн “...С.А- нь миний дунд хүү байгаа юм. Миний автомашиныг унаж хааяа таксинд явдаг байсан. Жолоочийн хариуцлагын даатгал дээр хүүгийн нэр бүртгэлтэй байдаг. Тэр өдөр миний машиныг хадмындаа очно гээд жолоодож гараад хүн мөргөсөн байсан. Бид явган зорчигчийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гээд 1,700,000 төгрөг зарцуулаад байгаа. Цаашид гарах зардлыг чадахаараа төлнө...” /хх-ийн 35 тал/,

шүүгдэгч С.А- “...2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 5 буудлаас 17-ны уулзвар орох замд 05-74 УБО улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашин жолоодож яваад 17-ын уулзварын хойд талын МТ шатахуун түгээх станцын зүүн талын гарцаар нэг хүн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй гэнэт гүйгээд ороод ирсэн тэгээд явган зорчигч автомашинд мөргүүлээд салхины шилэн дээр унах үед би тоормосоо гишгээд баруун гар тал руугаа дараад зогссон. Би машинаас буугаад харсан чинь явган зорчигч зам дээр хэвтэж байсан... ...Цаашид гарах хохирлыг төлж барагдуулна...” /хх-ийн 74-75 тал/ гэх мэдүүлгүүд,

“...дүрс бичлэг эхлэхэд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 17-ын уулзварын хойд зам харагдах ба бичлэгийн 00 минут 11 секундэд замын зүүн талаас 1 явган зорчигч явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гүйж явах үед 00 минут 16 секундэд цагаан өнгийн “Тоёота Приус-10” загварын автомашин ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй орж ирээд явган зорчигчийг мөргөөд зогсож байна. Явган зорчигч мөргүүлээд зам дээр шидэгдээд унах ба 00 минут 32 секунтэд бичлэг дуусахад автомашин хөдөлгөөнгүй зогсож байх ба явган зорчигч зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдана...” гэх Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12707 дугаар “...Б.Г-ийн биед дух ясны цөмөрсөн хугарал, дух яснаас зүүн нүдний ухархайн дээд хана, доод хана, хамар ясны зүүн хана руу, мөн зүүн нүдний ухархайн гадна хана, чамархай ясны зүүн талын суурь яс руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах дух, зулайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун талын тахилзуур ясны дээд 1/3-ийн хөндлөн зөрүүгүй далд хугарал, дух, зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, хамар, баруун зүүн сарвуу, зүүн бугуй, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн өвдөг, тахим, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 тал/,

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 197 дугаар “...Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд тэнхлэгний дугуйн тоормосны хүч, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Дуут дохио, шил арчигч зэрэг нь бүрэн ажиллагаатай байна. Автомашины зүүн, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй, бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай. Дугуйнуудын марк хэмжээс, хээ ижил, хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Автомашиныг суваг дээр өргөж үзлэг тос гоожилт байхгүй, тоормосны аппаратын битүүмжлэл, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл гэмтэлгүй байна.

Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: урд салхины шил зүүн гар талын хэсэгтээ цөмрөөд цацарч хагарсан, урд капот зүүн гар талын үзүүр хэсэгт бага зэрэг хонхойсон, зүүн гар талын хойд хаалга зурагдсан хуучин сэвтэй, баруун гар талын жолоочийн хаалганы бариул хугархай, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, ослын зогсолтын тэмдэг байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

Урд салхины шил зүүн гар талын хэсэгт цөмрөөд цацарч хагарсан, урд капот зүүн гар талын үзүүр хэсэгт бага зэрэг хонхойсон эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн. Зүүн гар талын хойд талын хаалга зурагдсан хуучин сэвтэй, баруун гар талын жолоочийн хаалганы бариул хугархай, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, ослын зогсолтын тэмдэг байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

Зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа боловч хот суурин газарт тээврийн хэрэгсэл ойрын гэрэлтэй явах шаардлагатай тул тухайн зам тээврийн осолд ач холбогдол болох зүйл болохгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 тал/,

Замын цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 620 дугаар “...“Тоёота приус” загварын 05-74 УБО дугаартай автомашины жолооч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойрхон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Асуултанд дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

С.А- явган хүний гарцтай замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Г-ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.А- үйлдлийг зөв зүйлчилсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэх...” ялын төрлүүдээс анхан шатны шүүх С.А-д хорих ялыг сонгон оногдуулсан нь, хорих ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосон нь, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус түүний явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг дайрч гэмтээсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгдэгч С.А- өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан “...хорих ялыг өөрчлөн тэнсэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А- өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ