Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 17

 

 

                                              Х.Бат-Оргилд холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар магадлалтай, 201616000160 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чонос овогт Хүүгийн Бат-Оргил нь нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бат-Оргилыг байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, уг ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар Х.Бат-Оргилоос 33,101,250 төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Бат-Оргилын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 500.000 төгрөгийн үнэ бүхий Супер Даюун маркийн мотоциклийг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бат-Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Бат-Оргилын өмгөөлөгч Н.Нармандах хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх мотоциклийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол гаргаж, шинжээч нарт эрх үүргийг танилцуулж, хүлээх хариуцлагын талаар урьдчилан сануулж гарын үсэг зуруулсан. Гэтэл шинжээч нар шинжээчийн дүгнэлт биш үнэлгээний тайлан гэх зүйлийг гаргасан. Энэхүү үнэлгээний тайланд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлтэд бичигдвэл зохих зарим зүйлүүдийг тусгаагүй. Тухайлбал шинжилгээ хийсэн шинжээчийн талаарх мэдээллийг тусгахаар хуульчилсан байхад үнэлгээний тайланд энэ мэдээлэл тусгагдаагүй. Шинжээчийн дүгнэлт биш үнэлгээний тайлан гэх нэртэй байгаа нь мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу гарсан шинжээчийн дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийж, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан зүйлүүдийн талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дүгнэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Х.Бат-Оргил нь 2016 оны 06 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд  Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Хоёр хайрханы хоолой гэх газраас 101.85 кг хэмжээтэй, нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн байгаль орчинд 6,620,250 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёоны үнэлгээг баримталж, 6,620,250 төгрөгөөр тогтоож, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу нэн ховор ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, байгаль орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.   

Өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдолд “... шинжээчийн дүгнэлт биш шинжилгээний тайлан гарсан, уг тайлан нь шинжээчийн дүгнэлтийн шаардлага хангаагүй...” гэх асуудал нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг хэрэглэхэд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл бодит байдлаар хураагдаж, улсын орлого болсон бөгөөд түүний үнэлгээ нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэхгүй, энэхүү үнэлгээг хийлгэсэн нь оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил биш бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал биш гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ