Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00327

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00327

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Ванганы Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 34 дүгээр байр, 28 тоотод оршин суух, регистрийн дугаар ЙЮ91031231/

 

Хариуцагч: Түвдэндорж овогтой, Түвдэндоржийн Тэмүүлэлд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол 59 дүгээр байр, 25 тоотод оршин суух, регистрийн дугаар ФМ84062314/

 

Тээврийн хэрэгслийн өмлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Тэмүүлэл нь миний эх н.Саранчимэгт 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мөнгө зээлдүүлж, түүний барьцаа болгож В.Чүлтэмсүрэн миний өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцож, амаар хэлцэл байгуулсан. Ээж н.Саранчимэг нь зээлсэн мөнгөө төлөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авах гэсэн боловч буцааж шилжүүлж өгөөгүй. Ээж н.Саранчимэг нь Т.Тэмүүлэлээс хэдэн төгрөг зээлсэн болохыг би мэдэхгүй. Миний машин одоог болтол миний гаражид байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Чүлтэмсүрэн, түүний ээж н.Саранчимэг нар Т.Тэмүүлэлээс 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг зээлж, барьцаанд нь В.Чүлтэмсүрэнгийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг Т.Тэмүүлэлийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан “Фидуци”-ийн гэрээ байгуулсан. В.Чүлтэмсүрэн нь 3.000.000 төгрөг зээлсэнээс 3.170.000 төгрөгийг буцааж төлсөн. Ингээд машинаа буцааж өөрийн өмчлөлд шилжүүлж авах гэсэн боловч буцааж өгөөгүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргээ гүйцэтгэсэн тул В.Чүлтэмсүрэнг 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хариуцагч Т.Тэмүүлэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжэлдээ: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Тэмүүлэл би В.Чүлтэмсүрэнгийн ээж Ц.Саранчимэгт 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12.800.000 төгрөг зээлдүүлж, зээлийг төлөх баталгаа болгож түүний хүү В.Чүлтэмсүрэнгийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг сайн дурын үндсэн дээр шилжүүлж авсан нь Иргэний хуульд заасан фидуци гэрээг байгуулсан гэж болно. Ц.Саранчимэг нь зээлээ төлөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн байгаа. Уг автомашины нэрийг миний нэр дээр шилжүүлсэн боловч биет байдлаар шилжүүлж өгөөгүй. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшилд байгаа 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй, Т.Тэмүүлэлд холбогдох, тээврийн хэрэгслийн өмлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           

Нэхэмжлэгч талын “...В.Чүлтэмсүрэн, Ц.Саранчимэг нар Т.Тэмүүлэлээс 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг зээлж, барьцаанд нь В.Чүлтэмсүрэнгийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг Т.Тэмүүлэлийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан “Фидуци”-ийн гэрээ байгуулсан.” гэсэн хариуцагч талын “...Т.Тэмүүлэл би В.Чүлтэмсүрэнгийн ээж Ц.Саранчимэгт 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөө 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12.800.000 төгрөг зээлдүүлж, зээлийг төлөх баталгаа болгож түүний хүү В.Чүлтэмсүрэнгийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг сайн дурын үндсэн дээр шилжүүлж авсан нь Иргэний хуульд заасан фидуци гэрээг байгуулсан гэж болно” гэсэн тайлбаруудыг үндэслэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуци гэрээг байгуулсан талаар маргаагүй болно.

 

            Харин зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээ”-ний талаар тодорхой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний зүйл болох 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашины өмчлөл, эзэмшлийн талаар маргажээ.

 

            Талууд “В.Чүлтэмсүрэн, Ц.Саранчимэг нар хамтран Т.Тэмүүлэлээс зээл авсан” гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасныг баримтлан В.Чүлтэмсүрэн нь Ц.Саранчимэгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй,Т.Тэмүүлэлд холбогдох, тээврийн хэрэгслийн өмлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Харин нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулан хариуцагч Т.Тэмүүлэлд олгох нь зүйтэй болно.

            Учир нь зохигчид Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” байгуулсан талаар маргаагүй бөгөөд мөн хуулийн 235.1-д “...үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ...” гэж заасны дагуу В.Чүлтэмсүрэн нь өөрийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашины өмчлөх эрхийг Т.Тэмүүлэлд шилжүүлсэн, өмчлөлийн зүйлийг биет байдлаар шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогджээ.

 

            Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн “...уг автомашин одоог болтол миний гаражид байгаа” гэсэн нэхэмжлэл, тайлбар, мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т “шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэсний дагуу талууд тохиролцоогүй байх тул маргааны зүйл болох уг автомашиныг В.Чүлтэмсүрэн нь хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэн түүний хууль бус эзэмшлээс 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулан хариуцагч Т.Тэмүүлэлд олгох нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6, 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцэж байна.

 

            Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй, Т.Тэмүүлэлд холбогдох, тээврийн хэрэгслийн өмлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашиныг гаргуулан хариуцагч Т.Тэмүүлэлд олгож, сөрөг нэхэмжлэлийг хангасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонцагаанаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас буцаан олгох, хариуцагч Т.Тэмүүлэлээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагч Т.Тэмүүлэлд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД