Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01587

 

Б.Г, Б.А нар нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00181 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1280 дугаар магадлалтай,

Б.Г, Б.А нарын нэхэмжлэлтэй,

О.Б-д холбогдох,

Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюуны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун, өмгөөлөгч Ч.Ганболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г, Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганчимэг 1994 онд О.Б-тэй гэр бүл болж, 1995 онд охин Б.Амаржаргал төрсөн. 1994 оноос О.Ганчимэг, О.Б- нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 дугаар гудамжны 50 тоотод гэр барьж, 1996-1997 онд энэ газар дээрээ 4х5 хэмжээтэй байшин барьж амьдарсан. 2008 оны 08 дугаар сараас О.Б- хашаа, байшиндаа үлдэж, охин Б.Амаржаргал, Б.Ганчимэг нар тусдаа амьдрах болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 197 дугаар захирамжаар хамтран өмчлөх дундын өмчийн дээрх газраа хувьчилж авсан бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр захирамжаар дээрх 547 м.кв газраас охин Б.Амаржаргал, Б.Ганчимэг нарт мэдэгдэлгүй, гэрээ хэлцэл хийгээгүй байхад Б.Амаржаргал, Б.Ганчимэг нарын нэрийг хувьчлах захирамжаас хасч хураан авч ганцхан О.Б-гийн нэр дээр гэрчилгээ олгосныг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоож, 547 м.кв газар О.Б-, Б.Г, Б.А нарын хамтран өмчлөх дундын өмч гэж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх шийдвэрлэж чадахгүй удаж байгаа нь О.Б-гийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10 гудамжны 50 тоот хаягт байршилтай, 547 м.кв газрын ертөнцийн зүгээр хойд талаас 364.7 м.кв газрыг салгаж, охин Б.Амаржаргал, эх Б.Ганчимэг нарт олгож, өмчлүүлж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч О.Б- шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00181 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбэ 10 гудамж, 50 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18644313041159 дугаарт бүртгэлтэй 547 м.кв талбай бүхий газрыг 364.7 м.кв болон 182.3 м.кв-аар хувааж, ертөнцийн зүгээр хойд талаас нь 364.7 м.кв газар буюу 1/.X5313155.670 Y644028.840 Өндөр 1311.980 Урт 16.23 цэгүүд 1-2, 2/.X5313171.860 Y644027.670 Өндөр 1312.306 Урт 16.23 цэгүүд 2-3, 3/.X5313173.290 Y644049.508 Өндөр 1312.357 Урт 4.55 цэгүүд 3-4, 4/.X5313168.865 Y644050.549 Өндөр 1312.152 Урт 11.16 цэгүүд 4-5, 5/.X5313157.887 Y644052.529 Өндөр 1311.842 Урт 23.79 цэгүүд 5-1 координат бүхий газрыг хариуцагч О.Б-гөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Б.А нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1280 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: СБД-н шүүхийн 2018.04.20-ны өдрийн 181/Ш32018/04838-р шүүгчийн захирамжаар О.Б- болон гуравдагч этгээд Х.Ягаанцэцэгт шүүх хуралдааны товыг хүргэсэн гэж үзэх үндэсгүй нь тогтоогдсон байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.30-ны өдрийн 1280-р магадлалд шүүх хуралдааны товыг хүргүүлсэн байна гэж буруу дүгнэлт гаргажээ.

УБ хотын АДХГЗ-ны 1996.08.29-ний өдрийн 182-р шийдвэрээр О.Б-д анх газар эзэмших гэрчилгээ олгосон. Шүүх анх газар эзэмших гэрчилгээг хэнд олгосон тухайг анхаарч үзэхгүй байна. О.Б-н ээж Г.Оюун нь 2004.01.06-нд Б.Г, Б.А хоёрын өмнөөс баримт бүрдүүлж тэдний гарын үсгийг хадам эх нь зурж О.Б-н газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигчээр түүний эхнэр, ач охин хоёрын нэрийг бичүүлж бичилт хийлгэсэн байна. Харин өргөдөлд бичигдсэн гарын үсэг Б.Г, Б.А нарын мөн эсэхэд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах гэтэл бидэнд ийм бололцоо олгохгүй байна. Г.Оюун би О.Б-н газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн Б.Г, Б.А нарын нэрийг 2008.09.27-ны өдөр бүртгэлээс хасуулж О.Б-н нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням төлөөлүүлэгчийн гарын үсгийг өөрөө төлөөлөн зурж өөрөө нотариатч байхдаа итгэмжлэл үйлдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Маргаж буй газарт гуравдагч этгээд Х.Ягаанцэцэгийн үл хөдлөх, эд хөрөнгө байгааг шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Кадастрын зургийг ямар байгууллагын шийдвэрээр хэн гэдэг хүн үйлдсэн нь тодорхой бус учир дутагдалтай байгаа болно.

Иймээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.           

Нэхэмжлэгч Б.Г, Б.А нар нь 547 м.кв газрыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж, өөрсдөд ногдох 364.7 м.кв газрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Б-д холбогдуулан гаргажээ.

Маргааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-50 тоотын 547 м.кв газар нь нэхэмжлэгч Б.Г, Б.А, хариуцагч О.Б- нарын хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2065 дугаар шийдвэрээр тогтоогдсон, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан тул зохигч талуудыг маргааны зүйл болох газрын хамтран өмчлөгч гэж үзнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2.-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч О.Б-д 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, эрх, үүргийг тайлбарлан, өөрийнх нь тодорхойлсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүнсэлбэ 10-50 тоот хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзнэ. 

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00181 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1280 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюуны гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 79.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ